Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
2016.05.06

Өнөөдөр бид та бүхэндээ нэгэн залуухан удирдагчийг уулзуулж байна. Тэр бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд.

-Өдөр болгон шинэ шинэ үйл явдлууд ундарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг зочноороо урих гэсээр байтал огцруулах боллоо гэдэг мэдээ цацагдчихлаа. Та уучлаарай, эхлээд энэ асуудлыг асуухгүй бол болохгүй нь.

-За, яахав. “Open door” сонины зочноор уригдчихаад, тэр бүр нэг их ярилцлага өгөөд байдаггүй болохоор нэг сайхан ярья даа гээд баяртай байсан юм. Энэ сайхан ярилцлагыг жаахан таагүй сэдвээр эхэлж байгаа нь тиймхэн л байна.

-Танаас ахин уучлал хүсч байна. Дөнгөж өчигдрийн үйл явдал болохоор ингэж таарлаа.

-Манай нийслэл 152 хороотой юм. Манай 22 дугаар хороо ажлаараа сүүлийн гурван жил итгэл төгс 152 дугаар байранд орсон л доо.

-Та битгий инээд хүргээд бай л даа. Сүүлийн байранд гэж бас хэлж болно шүү дээ.

-Инээдэм биш л дээ. Тэгвэл би залруулъя, сүүлийн байранд орсон. Ядаж 151 дүгээрт байвал бас яахав. 152-т гурван жил дараалан орох чинь бас хэцүү биз дээ. Нөгөө нэг хороо нь болохоор ерөөсөө багаар ажилладаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч юм уу, янз бүрийн төвшний ажлуудыг явуулахгүй гэдэг. Э.Бат-Үүл юу юм. М.Чинболд юу юм, эдний хийдэг юм гэж юу юм. Ардчилсан намынхан юу юм гээд хөдөлдөггүй. Иргэдийг турхирдаг, ИТХ-тайгаа учраа олохгүй, ажил явуулахгүй. Ийм байдалтай байхад би ажлаа явуулахын тулд солихоос өөр арга байхгүй. Та бол намайг мэднэ. Би тэвчээртэй хүн, бас ч гэж тулхтай хүмүүжсэн. Улс төр болчих байх гэж бодоод, том зургаа хараад учраа олоод, хамтраад ажиллачих гэж их хичээсэн. Их хүлээсэн, харсан. Болдоггүй юм болдоггүй л юм байна. Тэгээд арга буюу ажлаа бодоод шийдвэр гаргасан.

-Тэр хорооны дарга нар нь МАН-ын хүмүүс юм уу?

-МАН, МАХН-ын хүмүүс л дээ. Миний хувьд бол бас намын байгууллагад дөрөв таван жил ажилласан. Намд ажиллаж байсан хүн ч айхтар улстөржөөд байх дургүй хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр тэвчээр гаргасан. Ая эвийг нь олох гэж ажилласан. Амандаа балгасан усыг пал хийтэл пийшин дээр цацчихмаар үе зөндөө байсан. Би тэгээгүй, залгиад л яваад байсан. Улсын ажлыг явуулмаар байна шүү дээ. Тэгээд яахав шийдвэр гаргалаа. Хариуд нь намайг огцруулах асуудал тавилаа. Ер нь бол сонгууль дөхсөний шинж биз дээ.

-Огцруулахдаа процессоо яаж явуулж байх юм?

-Иргэдийн хуралд МАН олонх байдаг юм. Олонхоороо шийдээд, огцруулна гэдэг шийдвэр гаргасан.

-Дээд шатны удирдлага хүлээж авахгүй бол хүчингүй биз дээ?

-Хүлээж авахгүй бол нэг жилийн дотор ахиж Засаг даргыг огцруулах асуудлыг оруулдаггүй. Нийслэлийн Засаг дарга надад “Ажлаа сайн хий. Ажил явуулахгүй байгаа улсуудтай хариуцлага тооцсоны хариуд сөрөг хүчин улстөржсөн шийдвэр гаргаж байна” гэж хэлсэн.

-Уучлаарай, та. Би нэлээн гайгүй төвшний мэдээлэлтэй байдаг. Энэ асуудал дээр танай намын зарим нөхөд багагүй турхирч, зохион байгуулалцаж ажилласан гэж сонссон. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Та ч олон төвшний л мэдээлэлтэй байдаг байх л даа. МАН санаачилга гаргаад, асуудлыг оруулсан. Манай намынхан оролцоогүй гэж би бодож байгаа. Бас яаж энэ хэцүү нөхцөл байдал дунд ажиллаж байгааг маань халуун нүүрээрээ л харж байсан улсууд шүү дээ. Тийм болохоор манай намынхан тийм худрагагүй юм хийхгүй л дээ. Бид энд цөөнх. МАН-ынхантай яаж ая эвийг нь олж ажиллах гэж чардайж байгааг цөмөөрөө мэдэж байгаа. Тийм болохоор итгэж байна. Та яагаад ингэж асууж байгааг сайн мэдэхгүй л байна.

-Та хүнийхээ хувьд хар сэргүй хүн юм шиг байгаа юм. Ийм ч хариулт ирэх болов уу гэж бодож байсан. Гэхдээ болзошгүй зүйл юм л даа.

-Би ёстой хардаж сэрдээд, элдвийн юм хийж энд тэнд гүйгээд байхыг жигшдэг. Надад тийм зан ерөөсөө байдаггүй. Хартай сэртэй улс чинь зовлонтой шүү дээ. Хоёр хүн уулзаж байсан ч эд юу хийж байна гэж бодож тарчлаад л төвөгтэй харагддаг. Ажил хийж явахад янз янзын л юм тохиолддог. Ер нь тэгээд нэг юмыг сурчихлаа л даа. Шүүмжлүүлж сурлаа, гүтгүүлж сурлаа. Энэ хоёр бол өөр өөр ойлголтууд шүү дээ. Манайхан бүх эрүүл юмыг бүх галзуу юмтай хутгаж, утга учрыг нь алдуулах дээр гаршиж байна уу даа гэж боддог. Улаан цайм л гүтгэдэг юм байна.

-Ер нь бол Төрийн хүн байна гэдэг амьдралынхаа бүх хугацааг зориулахуйц зүйл байгаа биз?

-Тийм бололтой. Маш их тэвчээр, ухаан, ачаа даах тэнхэл, арга эвийг олж ажлаа явуулж сурах технологи гээд маш олон юманд суралцаж байна. Нэг л зүйлд би гайхаж байна. Хүмүүс улстөрчийг л хүсээд байдаг юм байна. Улстөржилтийг хүсдэг юм байна. Би бол Төрийн хүн байх гэж хичээж байна. Би хуулийн хүрээнд, төрийн хүний ноён нуруу гаргаж ажиллахыг л хичээсэн.

-Тийм үзэгдэл ажиглагддаг. Ов заль дүүрэн, гялтганасан хурд, энд тэнд гарсан сүүхээтэй, олон тонгороо мэх хийчихдэг улстөрчийн дүрийг их сонирхдог, автдаг болсон л доо. Та бол залуу хүн гэхэд нэлээн тийм буурьтай хүн харагдаад байдаг.

-Баярлалаа. Юм л болонгуут ухас ухас хийгээд л, савдаганаад л, ингэж байна тэгж байна гэж гүйхийг би үзэж чаддаггүй. Би улстөржилт хүсдэг, хутган үймүүлдэг, турхирдаг, төрийн ажлыг гацаадаг хүмүүст тэр хүссэн дүр нь байж чадахгүй. Ер нь ямар улсууд улстөржиж байна гэхээр ерөөсөө ажлаа хийж чаддаггүй улсууд л улстөржиж байна. Чадавхигүй, сэтгэлгүй, зүтгэлгүй байдлаа хаацайлах гэж намын хамгаалалт дор орж суудаг юм байна. Тэгээд та ажил явуулаа гэхээр “Би яг ажлаа сайхан хийх гэж байсан чинь энэ муу намын харьяаллаар намайг ингээд байгаа юм” гээд хээв нэг хэлж суудаг. Үнэн хэрэгтээ намдаа ямар их ичгүүр, гай авчирч байгаагаа бодож бодохгүй. Энэ үзэгдэл бол МАН-д ч байна, манай намд ч байна. Тэгэд л нэг газар багтахгүй болохоороо өөр нэг фракци дээр нь очдог, очоод тэрэн шиг муу хүн байхгүй, энэн шиг сайн хүн байхгүй гээд дэмий юм яриад явж байдаг.

-Ер нь бол Сонгинохайрхан дүүрэг ахуй амьдралын хувьд хэцүү, олон алаг масстай, сэхээтний төвлөрөл бараг байхгүй дүүрэг юм шиг л харагддаг. Та уучлаарай, таны сонгогчдыг гомдоох гээгүй юм шүү. Тийм бүтэцтэй ажиллах маш хэцүү л дээ. Ажил тань ер нь хэр явж чадав?

-Энэ тал дээр бол тантай санал нийлэхгүй байна. Сэхээтнүүд, сайхан эрдэм чадалтай мэргэд, авьяаслаг бизнесмэнүүд олноороо суурьшсан. Яахав, гэр хороолол ихтэй болохоор хүмүүс тэгж хардаг байх. Сүүлийн үед сонгогддог албан тушаалтнууд маань нэг амны уншлагатай болсон нь ажиглагддаг. Тэдний хувьд иргэдийн буруу гэж ерөөсөө байдаггүй. Иргэд та нар минь буруугүй ээ л гэдэг. Би бол иргэдтэйгээ уулзаад хэлдэг. Жишээ нь, одоо танай хороон дээр байгаа энэ хогны чинь асуудал яригдаж байна. Энэ хогийг би авчраад асгачихсан юм уу, Их Хурлын гишүүд авчраад асгачихсан юм уу. Танай гадаа байгаа, танай хорооны нутаг дэвсгэр дээр байгаа хогийг та нар өөрсдөө л тарьж байгаа. Тийм учраас та нар үүнээс ангижранаа. Өөрсдөө цэвэрлэнээ гэж. Хашаагаа давуулаад хогоо шидчихдэг. Буцаад та нар хогтой гудамжинд амьдарсаар байна. Ийм орчинд амьдарч байх гоё юм уу. Ядахдаа та нар халаасандаа байгаа хогийг хогийн саванд хийгээд сурчих. Шөнө орой хогоо битгий айлын гадаа аваачиж хая л даа гээд хэлдэг. Хэлэхээр хүлээж авдаг. Иргэд маань бас ухамсраа дээшлүүлмээр байна. Улстөрчид ч зөв нүүрээр, тэдэнтэйгээ үнэн уулзаж сурмаар байна шүү дээ.

-Баянзүрхийн Засаг дарга ярьж байсан. Засаг дарга бол айлын эзэгтэй шиг л ажил хийдэг улс. Хог шороо, тоос тийм юмтай л ноцолдож байна гэж.

-Засаг даргад ерөөсөө оролцохгүй салбар гэж алга. Өвчлөл нэмэгдсэн ч Засаг дарга, гэмт хэрэг гарсан ч Засаг дарга, нохой галзуурсан ч Засаг дарга, хог шороо Засаг дарга. Ер нь бол хутгалдахгүй ажил гэж байхгүй л дээ. Хөхүүл хүүхэдтэй юм шиг тэндээс салж болдоггүй. Хүмүүс чинь ажлаа хаячихаад долоо хоногоор нь, сараар ч алга болчихдог. Засаг даргад тийм юм байхгүй. Бас тэвчээртэйгээр загнуулдаг хүн байх ёстой. Би ихэнхдээ дуугүй сууж байгаад л, загнуулаад гаргадаг. Манай иргэд чинь тэгээд ааг омогтой орж ирнэ шүү дээ. (инээв) Бүр боломжгүйд тултал нь гарц, шийдлээ хайж, асуудлыг дундаа хийж ярьж учраа олохыг би хичээдэг. Манай туслах гайхдаг юм. Та юу гэж хэлээд гаргачихав аа, аймаар ууртай орсон ш дээ, инээгээд гараад ирэх юм гэж. Учраа олж л явна ш дээ. Манай иргэд ч тийм ухамсрын бүр доройтолд орчихсон иргэд биш.

-Бүх хүний доторх өнө мөнхийн хүсэл нь сайхан амьдрах л хүсэл. Тэрэн дээр нэгддэг байх л даа.

-Ерөөсөө л тэр.

-Танайд томоохон татвар төлөгч компаниуд байгаа биз дээ. Бизнесийн орчны талаар сонирхмоор байна.

-Манай дүүрэг дээр маш хүнд нэг зовлон байдаг юм. Төвийн зургаан дүүргээс ганцаарханаа татаастай. Нийслэлээс санхүүгийн дэмжлэг авдаг. Томоохон аж ахуйн нэгжүүд бол манай дүүрэгт байна. Талх чихэр, Мах импекс, Алтан тариа, Сүү хувьцаат компани гээд л томоохон компаниуд байдаг. Гэвч борлуулалтын орлого нь тэрбумаас давчихаар улс, нийслэлийн татварын газрууд татаад авчихдаг. Тэгээд манай дүүргийн орлого юугаар амьдарч байна вэ гэхээр найман нэрийн хүнсний дэлгүүр, лангууны татвар, бууны татвар гэсэн иймэрхүү юмаар л төсвийн орлогоо бүрдүүлж байгаа. Намайг ажил авахад 2,8 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлдэг байсан. 2014 онд бид нар найман тэрбумын татварын орлого бүрдүүлсэн. 2015 онд 7,6 тэрбум төгрөг бүрдүүлсэн. Ер нь манай татварын бааз суурь бол нэлээн өргөжиж байгаа. Түүхэндээ гурван тэрбум төгрөг бүрдүүлж үзээгүй байсан дүүрэг байхгүй юу.

-Танайх загвар гудамжууд байгуулж байсан. Тэр ажил хэр явж байна вэ?

-Их сайхан явж байгаа. Хилчин хотхон гэж нэрлэдэг юм. Нэгдүгээр хорооллын ар. Тэр хороолол руугаа халуун хүйтний шугамыг нь явуулчихлаа. Бохирынх нь шугамуудыг тавьчихсан. Бүгдээрэнд нь замыг нь тавьчихсан. Гэрэлтүүлгийг нь шийдчихсэн. Цэвэр бохирынх нь шугамуудыг хийчихсэн. Одоо холбоод л болно. Иргэд маань маш их сэтгэл өндөртэй байгаа.

-Одоо сонгууль болох гэж байна. Танай дүүрэг дээр чинь ноднингоос л зарим хүмүүс нүүрс түлээ тараалаа гэх мэдээллүүд цацагдаад эхэлсэн. Баахан нөхдүүд л ирж “үзэлцэх” байх. Та өөрөө ямар бодолтой байна вэ. аль төвшинд нь өрсөлдөх гэж байна?

-Миний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх бодол байна. Манай нам ямар шийдвэр гаргахыг гэхдээ мэдэхгүй байна. Хэрэв дэвшвэл хийсэн ажлаа л ярих байх, хийх ажлаа ярих байх, хийснээ дүгнүүлэх байх. Бусдаар бол надад тэгж тараагаад байх элдэв юм нь байх биш. Танихгүй, мэдэхгүй газар биш болохоор ийм л бодолтой байна. Дүүргийнхээ 300 мянган иргэнийг бүгдийг нь таних нь хаашаа юм. Ер нь л зүс үзсэн хүмүүс л байдаг.

-АН-ын зарим залуучууд аймаг толгойлж ажиллалаа. Дүүрэг толгойлж ажиллалаа. Сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэвч дээрээ учраа олохгүй дайтаж байгаагаас болоод улам их төрийн сүүдэр ирж тусаад байна гэх ажиглагчдын үг сонсогдох юм. Үнэхээр тийм юм байна уу?

-Тийм зүйл мэдрэгддэггүй дээ. Манай нам асуудлуудаа ил хэлэлцдэг учраас л тэгж харагддаг байх. Гол нь ажил явж байдаг. Энэ л чухал. Бид энд завсаргүй л ажиллаж байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд маш их ажлууд хийлээ. Бид 20 жил хийх ажлыг дөрвөн жилд хийлээ. 2008-2012 оны хооронд манай Сонгинохайрхан дүүрэгт 12 км зам тавьсан байдаг юм. Тэгвэл бид өнгөрсөн дөрвөн жилд 60 км зам тавьчихсан. Өмнө нь дөрвөн жилд 12 км зам гэхээр жилдээ гурван км зам тавьж байсэн гэсэн үг шүү дээ. Яг энэ байдлаар нь явбал бидний тавьсан энэ 60 км замыг 20 жил барина даа.Тэгвэл бид дөрвөн жилд л хийчихлээ. Манай дүүрэг чинь Баянгол, Хан-Уул гээд хоёр их мөнгөтэй дүүргийн дунд байдаг. Газар нутаг ч том юм даа, таруу. Шөнө харахад нөгөө дүүргүүдтэй харьцуулахад Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэдэг шиг нэг хэсэг нь гэрэлтэй нэг хэсэг нь харанхуй ийм байдал харагддаг юм. Нуугаад яахав, тэгж л харагддаг байсан. Энэ жил бид таван тэрбум төгрөгөөр гэрэлтүүлгийнхээ ажлыг бүрэн шийдвэрлэж байгаа. Татварынхаа орлогыг нэмэгдүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 168 айлын байр ашиглалтад орлоо. Энэ төсөл маань гудамжуудаар нэлээн ажил хийсэн. Ингээд яриад байвал хийсэн бүтээсэн ажил их байна. Манай дүүрэг хоггүй дүүрэг болсон

-Хог ч нүсэр ажил даа.

-Энэ ёстой хойноос нь гар салгахгүй дагаж байж л хийхгүй бол аюултай ажил. Хог гэдэг чинь дийлдэхгүй эд байдаг юм байна.

-Хог боловсруулах үйлдвэрийн талаар ер нь ямар төвшний яриа хөөрөө явж байна вэ?

-Яригдаад л байгаа. Нийслэлийн төвшинд л тэр ажил шийдэгдэнэ л дээ. Би анх ажлаа авсныхаа дараа сэтгүүлчдэд хэлж байсан. Та нар хогны зураг авах, муу муухай орчны  дүрс авах болохоороо л Сонгинохайрхан дүүрэг дээр хүрээд ирдэг.

-Та хөгжилтэй юм аа. Үнэхээр инээд хүрээд байна.

-Үнэн юм чинь. Тэгээд энэ зангаа больчихоочээ гэж. Эрсээр байгаад нэг хог олоод зураг авдаг байхгүй юу, тэгээд тэрийгээ Сонгинохайрхан дүүрэг ийм байна гээд цацдаг. Бусад дүүрэгт ч гэсэн тийм газар байгаа ш дээ. Тэгэхэд манай руу л давхиад ирнэ. Тэгээд би “Та нарт би тэр хогийг чинь байхгүй болгож үзүүлнээ” гэж хэлсэн. Одоо манай дүүрэгт хур болон үүсмэл хогийн цэг нэг ч байхгүй болсон. Манай Партизаны САА гэхэд сүүлийн 30 жил цэвэрлээгүй байсан. Манайхан цэвэрлэсэн. Тэр ажлаа ямар мөнгөөр хийсэн гэж бодож байна. Өөрсдийнхөө хэмнэлтийн мөнгөөр хийсэн. Ер нь бол бүтээлч сэтгэлгээтэй хэсгийн ажил урагшилж байдаг. Бүтээлч биш шүүмжлэгч сэтгэхүйтэй хүмүүс юу ч хийдэггүй юм байна.

Нэг л их шүүмжилсэн хүмүүс энэ улс орноор дүүрчээ. Хаа сайгүй. Монголд хамгийн түгээмэл хоёр мэргэшил үүсчихлээ. Нэг нь улстөрч, нөгөө нь уул уурхайчин. Уул уурхайг мэдэхгүй хүн алгаа. Улс төрийг мөн адил. Хогондоо ч гарч ирдэггүй байж л уулзалт дээр энэ Ерөнхийлөгч болохгүй байна, энэ Ерөнхий сайд бүтэхгүй байна, энэ дүүргийн дарга хаа байна гээд л. Ялангуяа залуучууд. Хамгийн харамсмаар нь ажил хийхгүй байж ийм дон шүгэлсэн орилж яваа залуучууд.

Ямар ч ажил хийхгүй. Тэгээд яг халуун амьдралдаа тулсан асуудлуудаа огт ярихгүй, тэнд байгаа уул уурхай, улс төрийг л барьж авч шүүмжилнэ.(инээв) Иргэдтэй уулзалт хийхээр Их Хурлын төвшинд шийдэгдэх сэдвүүдийг л асууна, загнана. Би хэлдэг. Тэрийгээ надаас битгий асуу, миний үүрэг өөр шүү дээ гэж. Хогоо, утаа тортогоо, өөрсдөөс шалтгаалах зүйлсээ ядаж өөрсдөө хийхээ ярьцгаая л даа гэж.

-Сургууль цэцэрлэг гэх мэт боловсролын салбарын орчинд танай дүүрэгт ямар шинэчлэл хийгдэв. Шинээр юм юм нэмж хийв?

-Манай дүүрэгт 2008-2012 оны хооронд хоёр сургууль, нэг цэцэрлэг баригдсан байдаг юм. Өнгөрсөн дөрвөн жилд бид сургууль цэцэрлэг нийлээд 10-ыг барьчихаад байж байна.  Хүүхдүүд маань дөрвөн ээлжээр хүртэл хичээллэж байлаа шүү дээ. Энэ нөхцөл тэр хүүхдүүдэд ямар хүнд байх нь тодорхой. Одоо бол манай дүүрэгт гурван ээлжтэй ганц хоёрхон газар л байна. Одоо гурван ээлж гэдэг асуудлыг байхгүй болгоно гэж зорьж байна. Хэдийгээр эдийн засгийн хямрал тохиож байгаа ч манай дүүрэгт хөдөлмөр эрхлэлт бас гайгүй төвшинд байгаа. Түр болон байнгын ажлын байрууд нэлээд гаргасан. Хог цэвэрлэгээнд өдрийн 20 мянган төгрөг гэхэд манай дүүргийнхэн тэр ажлыг хийдэг болсон. Яахав бид зүтгэлээ. Олон жилийн хур хог, новшноос саллаа.

Харин хүнийг сэтгэлд байгаа хогноос нь салгах бол ганцхан Чинболдын ажил биш юм байна. Энийг би ясандаа тултал мэдэрлээ. “Хотын соёл” гэдэг хөтөлбөр хийлээ. Өөрөө хүртэл хичээл заагаад явлаа. Олны танил, нэр хүндтэй жүжигчин, дуучин, зохиолч хүмүүсийг урьж хичээл заалгалаа. Орчиндоо хогоо хаяхгүй байх хэвшлийг яаж өөртөө суулгах вэ гэдэг сэдвээс эхэлж байх жишээтэй. Байрнуудынхаа хаягжилтыг бас тодорхой хэмжээнд шинэчилж, тодорхой болгож хийлээ. Манайхан тэр нэг хүрэн байр байгаа, тэрний араар тойроод зүүн тийшээ эргээд гэх мэтээр л ярьдаг. Ядахдаа нэгдүгээр хорооллынхоо байшингуудыг олон улсын стандартад нийцэхээр хийж авлаа. “Хотын соёл” гэдэг ойлголт өргөн ойлголт. Манай дүүрэг хэдийгээр гоё сайхан хорооллууд байхгүй ч Нэгдүгээр хорооллоо өөд нь татах гэж ноцолдсон хэрэг. Тагтнуудыг нь хүртэл жигдэлчихье гэх мэтээр санасан зорьсон, эхлүүлсэн ажлууд зөндөө.

-Бид дандаа ажил ярилаа.

-Өөр юу ярих юм бэ. Уул уурхай ярилтай нь биш.

-Нээрээ таныг Японд гейша авлаа ч бил үү тайлбартай, зураг хөрөгтэй хөгжилтэй шүүмжлэл яваад байсан. Тэр яг юу болсон юм бэ?

-Тийм. Тэр зургийг чинь би намайг бас танигдаагүй олонлогт маань таниулсан зураг гэж боддог ш дээ. Манай МАН-ынхан маань миний пиарыг бас үнэгүй хийж өгч байгаад баярлаад байгаа.

-Та үнэхээр хөгжилтэй хүн юм. Үнэхээр инээд хүргээд байх юм аа.

-“Төсвийн мөнгөөр эхнэртэйгээ зугаалав” гэдэг тайлбартай шүү дээ, тэр чинь. Тэр нь ямар учиртай гэхээр би Монголын Сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг юм. Сүмо бөхийн холбооныхон маань нэг яваад ирье гэсэн. Тэгээд эхнэрээ аваад явсан юм. Тэрэнд манай дүүргийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Цэвэр хувийн зардлаар явсан. Би тийм өчүүхэн юм хийхгүй ээ. Намайг бүр АТГ-д өгсөн байна лээ. Тэд шалгасан. Юу гарах юм, юу ч гараагүй. Харин ч ажил бүтээх гэж давхар зорилготой явсан юм ш дээ. Бид Японтой харилцаа тогтоосон юм. Манай Осоко консул Куланда эгч холбоо тогтоож өгөөд бид Изүникони гэдэг хоттой харилцаа үүсгэсэн. Гадаад харилцаа гэхээр л хэдэн хүн ирж очдог нэг жишиг байдаг.

Тэрийг өөрчилсөн. Нэлээн хэдэн ажил бүтээсэн юм. Хүүхэд солилцооны асуудал, бас бус хэдэн ажил байсан. Бас дүүрэгтэй хоёр гурван машин шийдүүлэх гэх мэт ажил байсан юм. Тэрийгээ эмхэлсэн. Хүлээж авч байгаа хот нь үндэснийхээ хувцсыг өмсөж үзэхийг санал болгодог юм байна. Үгүй, үгүй гэлтэй нь биш. Манайх ч гэсэн хаан хатны хувцас өмсгөдөг биз дээ.  Манай өмсгөдөг Жанжин малгай, Мандухайн малгай өмссөн зургаа хотын захиргаан дээрээ өлгөөд тавьчихсан байдаг юм байна.

Тэгээд намайг та манай үндэсний баатрын энэ хувцсыг өмсөөд дурсгалын зураг авахуулна уу гэсэн. Ийм л юм болсон. Цайны ёслолоо үзүүлээд, дурсгалын зураг авахуулсан. Хоёр гейша хувцастай хүн ирж хамт  зураг авахуулсан. Тэгсэн чинь л төсвийн мөнгөөр гейша авсан байна гээд л сошилоор цуурсан. Нөгөө зургийг чинь манай МАН-ын найзууд цацаад л, дор нь тайлбар бичээд л явж өгсөн дөө. (инээв)

-Тэгэхээр би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өрөөнд сууж байна. Өмнө нь бас олон жилийн өмнө ирж байсан. Гэхдээ ийм залуухан дарга байгаагүй. Таны энэ өрөөний хананд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зураг анхаарал татаж байна. Ийм зурагтай холбоотой асуудал сенсаац болж бас гарч байсан. Энийг яагаад тавьсан юм бэ, бас яагаад авахгүй байгаа юм бэ гэж асуувал та юу гэж хариулах бол?

-Ер нь хүн болгон л төр лүүгээ дайрсан, давшилсан байдал газар авчихлаа шүү дээ. Бид уг нь төрийн минь сүлд гэж уулга алддаг түмэн байсан. Төрийн сүлдэндээ залбирдаг. Одоо тэр алга болсон. Энэ үзэгдэлд би жаахан эмзэглэдэг юм. Бид төрийн тэргүүнээ хүндэтгэх ёстой. Тахин шүтэх асуудал биш. Зүгээр тавьтар сануулсан, юм болгонд шуурсан хараал хэрүүл үерлүүлж байхыг эсэргүүцсэн миний эсэргүүцэл юм л даа. Албан ёсоор цаанаас тараасан ч зураг биш. Хийморьтой сайхан хүлэг уначихсан төрийн тэргүүний маань зураг. Би энэ зургийг би өөрөө олж өрөөндөө тавьсан. Энэ бол долигонол биш. Би энэ зургийг авч хаяхгүй. Ав ч гэж хэлсэн авахгүй. Намайг тавь гэж хэлээгүй байхад би тавьсан юм чинь ав гэхэд бол би хүнээс асууж тавиагүй учраас авахгүй. Ийм л байна.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэг бол хааяа нэг хүрд эргүүлээд гарчих, Гандан хийдэд очоод ном уншуулаад гарчих хэмжээний. Тэгээд л сэтгэл аяндаа сайхан болчих шиг мэдрэмж төрдөг дөө. Тэр л хэмжээнд дээ.

-Өөрийг тань нутаг усаа их шүтдэг, хайрладаг хүн гэдгийг мэднэ. Олон жилийн өмнө сонины редакц дээр нэг сумын тухай нийтлэл бичээд орж ирж байсан залууг санаж  байна. Сүхбаатарын Мөнххаан сум байх, тийм үү?

-Тийм. Би одоо боддог юм. Ямар ч зоригтой байж вэ, Ганаа эгч дээр сумынхаа тухай биччихээд, халтайсан хэдэн хуудас цаас бариад очиж чадаж байдаг. (инээв)  Сүүлд бодохоор санаа зовоод байдаг юм. Тэр жил манай нутгийн ой болж байсан юм. Би чинь нутгийн зөвлөлд сонгуульт ажилтай. Ерөөсөө ийм нэг “Эх орон сумаас эхэлдэг” гэсэн булан байна. Үүн дээр нэг юм бичүүлчихвэл хэрэгтэй юм уу гээд ярилцаж байгаад надад бараг даалгавар өгөх шахуу юм болсон. Тэгээд  л би бичсэн юм. Тухайн үедээ та тэгж байсан байхгүй юу. Залуу хүн эхэлж бичиж байгаа гэхэд мундаг бичсэн байна. Тэрнээс миний хувьд засч залруулах юм маш их байна. Гэхдээ залуу хүний бичиж байгаа  урмыг хүндэтгээд би цэг, таслал ч солихгүй гаргаж өгье гэж. Тухайн үед би танд үнэхээр их баярлаж байсан. Одоо ч гэсэн хааяа юм бичихэд таны хэлсэн үг орж ирээд урам ордог шүү. Одоо бол би яг суугаад юм бичих зав зай их муутай ажиллаж байна. Гэхдээ бас өөрийнхөө хэмжээнд сонирхсон сэдвээрээ нийтлэл бичдэг. Бичих бол ярихаас огт өөр, илүү хүчирхэг ойлголт.

-Бид нутаг орноо хайрлалгүй л яахав. Ялангуяа нас тогтохоор нутаг орон руугаа олон удаа явмаар санагдах, нутгийн хүнтэй таарахаар сайхан санагдах, нутгийн хүмүүс шагнуулах, сайн малчин төрөх зэрэг тохиовол баярладаг болдог юм шиг. Гэхдээ бид нэг л хавтгай дээр, нэг л зорилгын төлөө явж байгаа улсууд. Нутаг орны үзэл том юмаа нураах ёсгүй. Жишээ нь, одоо энэ байшин дотор Мөнххаанаас авчирсан улсууд байна уу?

-Байхгүй.

-Сайн байна.

-Ер нь гүтгэлгийн чанартай юмнууд их гарна шүү дээ. М.Чинболд  хамаатнуудаараа дүүргэчихсэн гэнэ гээд л. Азаар би ямар цөөхөн хамаатантай юм бэ.

-Та тийм цөөхүүлээ юм уу?

-Би эхээс тавуулаа, ганц хүү нь би. Манай хамаатнууд надаас шалтгаалаад байхааргүй өөрсдийгөө аваад явчихдаг л даа. Тийм болохоор хамаатан садны асуудлаар хэл аманд ороод байх юм надад байхгүй.

-Та сургуулиа төгсөөд хөдөө сумандаа ажиллаж байсан юм билээ. Юу хийж байв, яагаад сум руу явдаг байна аа. Хүн болгон хотод шигдье гэдэг дээ?

-Төгсөөд би нутагтаа нэг жил багшилсан. Хөдөөгийн, гэр хорооллын зовлонг над шиг сайн мэддэг миний үеийн хүн ховор доо. Би саяхныг хүртэл гэр хороололд амьдарч байлаа. Болсон болоогүй бизнес хийж ч үзэж байлаа. Одоо лизингийн байртай. Өрөө арай төлж дуусаагүй л байна. Энэ бол хүн төрөлхтөний л амьдралын жишиг юм байна лээ шүү дээ. Бид нар өртэй байхаас айгаад ерөөсөө алхам хийж чаддаггүй. Гэхдээ одоо иргэдийн ярьдаг асуудал шал өөр болж байгаа. Хуучин бол гурил будаа амин зуулга л ярьдаг байсан. Би дүүргийнхээ иргэдийг дугаарладаггүй, ялгаварладаггүй. Их том том төслүүд барьчихсан, би энэ гудамжийг ингээд цэгцэлчихмээр байна гэх ч юм уу. Дандаа ажил орж ирнэ. Үнэхээр гоё санагддаг. Ер нь бол хаалгаа хаачихаад байгаа хүн амжилтад хүрдэггүй.

-Тийм шүү. Хаалга гэснээс ингэхэд танай өөрийн чинь төрсөн нутаг бас аялал жуулчлал хөгжиж байгаа газрын нэг. Шилийн богдыг үзнэ гээд дотоодын аялагчид их очдог байх, гаднынхан ч их очдог байх. Бас хунгийн чуулган үзнэ гээд л. Та бол бүгдийг нь үзэж байсан байх л даа?

-Та болиулчихсан биз дээ.

-Би яаж болиулсан юм бэ?

-Миний яг төрсөн нутаг Сүхбаатар аймгийн наад талын сум л даа. Хунгийн чуулганд очиж үзнэ гэж би их мөрөөддөг байсан юм. Тэгсэн чинь таны бичсэн “Хунгийн чуулган” нийтлэлийг уншаад больчихсон ш дээ. Яг очно гэж байсан юм. Нийтлэлээс чинь болоод би больчихсон. Нэг л үзмээргүй санагдаад явчихсан.

-Сонин юм даа.

-Миний хобби гадагшаа явахаас илүү дотоодын аялал. Манай Монгол оронд үзээд үзээд ханахгүй гайхамшгууд байна шүү дээ. Би жил болгон хүүхдүүдээ дагуулаад гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ очиж үзээгүй нэг газраа очиж үзье гэж боддог юм. Монгол орны ариун дагшин байгаль бол гайхамшиг. Та бол бичиж илэрхийлж чадна. Миний хувьд үгээр илэрхийлж чадамгүй.

-Морь мал уях уу?

-Би чинь Сүхбаатар аймгийн хүүхэд. Тэнд төрж, өссөн учраас эрхгүй хурдан морийг хар багаасаа сонирхсон. Миний цусанд байгаа юм чинь яалтай билээ. Тийм болохоор морио танихгүй байж алдарт уяач болчихсон тууж явдаг нөхдүүдээс өөр. Өөрөө бас хэдэн адуутай. Засаг даргынхаа ажлыг сайхан нэр төртэй хийчихээд, нөгөө Ерөнхийлөгчийн хэлдгээр амьдарна даа. Би Ерөнхийлөгчийн хэлсэн нэг үгэнд их дуртай. Ерөнхийлөгчийн ажлаа өгчихөөд иргэдтэйгээ гар бариад, гудмаар сайхан ямар ч асуудалгүй, сэтгэл тэнэгэр алхана даа гэсэн. Тэр үг надад их таалагдсан. Залуу насандаа зүтгэсэн шиг зүтгээд, дараа нь хэдэн адуун дээрээ, морио уяад амьдарна даа.

-Та ямар гэр бүлд төрж өссөн бэ. Хүний төрж өссөн орчин гэж бас чухал нөлөөтэй ойлголт байна?

-Би ээжээрээ овоглодог юм. Миний ээж эмч хүн. Залуудаа тахимаа шүргэсэн сайхан урт үстэй, сайхан хүүхэн байсан юм билээ. Сайхан хүүхэн хуримгүй гэдэг юм болсон юм уу даа… Би  ээжээрээ овоглож  явдаг юм. Миний аав сайхан хүн байдаг. Хамт өсөөгүй ч хүн эцгээ мэдэлгүй яахав дээ. Манай дээдэс бол нутаг усандаа нэртэй төртэй улсууд. Манай өвөө гэж сайхан хүн байсан. Мах их чанана. Орсон гарсанд байдгаа дэлгэсэн ийм л нэг монгол гэр бүлд төрсөн. Манай ээж насаараа эмч хийсэн. Нутаг усныхан надаас илүүтэйгээр ээжийг  минь илүү хүндэлдэг. Эх барьсан хүйний ээж минь гэдэг залуус дүүрэн. Одоо тэтгэвэртээ сууж байна даа. Би гурван охинтой. Миний хань бид хоёр хар багаасаа үерхэж яваад ханилсан хоёр. Оюутан цагаасаа эхэлж үерхсэн, нутгийн маань бүсгүй байдаг. Ерөөсөө миний энэ биений нөгөө тал л гэсэн үг. Би өрөөсөн дугуйгаа олчихсон хүн.

М.Чинболд гэдэг энэ залуугийн ертөнцөөр ийнхүү аялалаа. Зарим үед уулзаж байгаа хүний маань цаанаас өөр нэг хүн харагдаад, наад хүн нь өөрийг яриад, өөрийг үзүүлээд байх тохиолдол гардаг. Харин тэр бол ил хүн. Шулуун шударга, чигч, тулхтай, ажил хийдэг ийм залуус илүү олон байгаасай гэж би хүсдэг. Уншигч танд ч гэсэн тэгж санагдсан байх аа.

Эх сурвалж: http://ganchimeg.niitlelch.mn/

Өнөөдөр бид та бүхэндээ нэгэн залуухан удирдагчийг уулзуулж байна. Тэр бол нийс...

Уншсан: 70 | Түгээх |
Холбоотой мэдээ
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
2017.11.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг...
2017.11.24
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд и...
2017.11.28
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011