Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт туйлширч намчирхдаг хүн Ерөнхийлөгч болох нь тун халгаатай
2017.07.05
УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.

-Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийг хэн хүнгүй анхааралтай ажиглаж, үр дүнг нь хүлээж байна. Гурван нэр дэвшигчдээс хэн нь ч 50 хувиас илүү санал авч чадалгүй түүхэндээ анх удаа хоёр дахь шатны сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг урьд хожид байгаагүй хар сонгууль боллоо гэх юм. Та энэ сонгуулийг хэрхэн харж байгаа бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа бүхэлдээ нэг тиймэрхүү болсон нь үнэн. Уг нь нэр дэвшигчид өөрсдийн хөтөлбөрийг л ярьж, хэвлэл мэдээллийн байгууллагынхан мөрийн хөтөлбөрийг сурталчилж өгөх ёстой юм. Тэгж байж сонгогчид “энэ илүү юм байна” гэдэг сонголт хийдэг. Нэг үгээр хэлбэл сонгогчдод туслах ёстой юм л даа. Сонгуулийн сурталчилгааны хэд хоногийг харахад мөрийн хөтөлбөрийг сурталчлахаасаа илүү ойр зуурын хэнд ч хэрэггүй асуудлаар шуурсаар байгаад сонгуульд орсон.

Газрын наймаа, 60 тэрбум, орос эхнэр, оффшор, хуурамч диплом гээд байгаа нь ард түмэнд үнэхээр хэрэгтэй сэдэв мөн үү. Мөрийн хөтөлбөртөө юуг багтаав, энэ хүн Төрийн тэргүүн болох хүний хувьд төрийн нурууг хэрхэн зөв авч явах вэ гэдэг бодлогыг нь харах ёстой. Би ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд сэтгэл дундуур байгаа. Баг, сум, аймгийн ИТХ, УИХ-ын гишүүнийг сонгох гэж байгаа сонгууль биш. Тусгаар тогтносон Монгол Улсын Төрийн тэргүүн, улсынхаа эцгийг сонгох гэж байгаа энэ сонгуулийн кампанит ажил ингэж өрнөсөн нь тун харамсалтай.

-Янз бүрийн хэл аманд ямар нэг байдлаар холбогдохоор нэр дэвшигчдийг сонгосон намын алдаа юу. Эсвэл тухай хүмүүс нь үнэхээр өөрсдөө итгэл хүлээж чадахааргүй байв уу?
-Ер нь биш л болоод байгаагийн жишээ л дээ. Түүнээс биш ганцхан тэрнээс боллоо гээд дүгнэх нь өрөөсгөл. Бүхэлдээ нэг тийм сонин болоод байгаа. Юутай холбоотой юм бол гээд гайхаж л байна. Сошиал гэж айхтар юм гараад ирж. Ямар зүс царайтай хүн цаана нь сууж байдаг юм бүү мэд. Эх захгүй л балбаж, хар мэдээлэл түгээдэг. Сошиал нь нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ илүү нөлөөтэй болж байх шиг байна. Энэ зөвхөн манай оронд ч байгаа юм биш. Дэлхий нийтийн хандлага ийм болчихлоо.

Ялангуяа залуус сонин уншихаасаа илүү сошиалд цагийг өнгөрүүлдэг болж. Сошиалаас авсан мэдээллээ үнэн гэж итгээд цааш нь түгээдэг. Болж буй үйл явдлын мөн чанарыг, учиг зангилааг ойлгохоосоо илүү хэлбэр төдий ойр зуурын зүйлсийн араас хөөцөлдөж, түүндээ автах маягтай болчхож байна. Үүнийгээ даван туулж чадахааргүй болчихлоо.

Мөн улс төрийн намууд, нэр дэвшигчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ямар нэг байдлаар холбоотой. Энэ мэтчилэн бүхэлдээ бохир зүгт л яваад байна даа. Гажиг тогтолцоог засч авахгүй бол цаашид сонгуулиа хийж чадах юм уу гэсэн эргэлзээ төрөх боллоо. Сонгуулиа зохион байгууллаа гэхэд ялалт байгуулсан нэгнээ хүлээн зөвшөөрч баталгаажуулж чадах юм уу, үгүй юм уу. Баталгаажуулмаар боллоо гэхэд дараа нь ажил болох юм уу, үгүй юм уу. Ганцхан Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой юм биш. Бүхэлдээ л нэг сонин болчхоод байна.

Заримдаа ч цөвүүн цаг нь ирж байгаа юм болов уу ч гэж бодогдох юм. Намайг багад өвөө, эмээ маань үнэн, худал хоёр байраа сольчихвол цөвүүн цаг ирнэ гэдэг байлаа. Үнэн нь үүдэндээ оччихсон, худал нь хоймортоо заларчихаж байгаа юм биш биз гэж хүртэл боддог боллоо. Үүнийгээ эмхэлж цэгцлэх ёстой. Ялангуяа 65 суудал авсан намын хувьд маш том хариуцлага ноогдож байна.

-Нэг жилийн өмнө Монгол ард түмэн танай намд итгэл үзүүлж 65 суудал өгсөн. Гэвч Ерөнхийлөгчийн. Сонгуулийн харж байхад эрс эргэсэн байна. Иргэдийн сонголт ингэж савлах гол шалтгаан нь юу байсан юм бол. Та бүхэн алдаа гаргачхав уу. Сонгогчдын боловсрол ч үүнд хамаатай байх?
-Сонгогчдын боловсролын талаар Р.Бурмаа л их ярьдаг байсан. Гэхдээ энэ талаар хэсэг хүн ярьдаг л болохоос хийж байгаа зүйл алга. Сонгогчдын боловсрол маш чухал. Сонгогчид авч буй мэдээллийнхээ хэмжээгээр улам боловсорч, хөгжөөд явах ёстой. Гэтэл эргээд харахад өмнөхөөсөө ч дордоод байх шиг. Уг нь цаад утга учир нь юу юм бэ, миний амьдралд аль нь тустай вэ, төр улсад, миний үр хүүхдэд юу нь өгөөжтэй вэ гэдгийг бодох ёстой юм. Харамсалтай нь сонгогдчын нэг хэсэг нь ерөөсөө тэгж бодохгүй байна. Зүгээр л дагаад намирчих юм.

Ойр зуурын мэдээлэлдээ бат итгэчхээд цааш нь ухаж ойлгохоо байчихсан. Эсвэл хэн хэдэн төгрөг өгчих бол гэсэн сэтгэхүйтэйгээ XXI зуундаа орчихсон явна. Энэ тал дээр үнэхээр ахиц алга. Гэхдээ зөвхөн сонгогчдын буруу гэхээсээ илүү улс төрийн намууд, төр засгийн буруу ч бий. Энэ тал дээр дорвитой ажил хийхгүй байна л даа. Засгийн эрхийн төлөө өрсөлдөхдөө бие биенийхээ дээр гарахын тулд юу ч хамаагүй ярьж, юу ч хамаагүй хийдэг нь сонгогчдоо “алаад” байна. Үнэнийг хэлэх үү?

-За...

-Ард түмэндээ хэрэгтэй нам нь Ардын нам л байгаа юм. Би Монгол ардын намын дарга байсан болохоор ч тэгээд байгаа юм биш. 100 шахам жил ард түмэнтэйгээ хамт явахдаа ард түмнээ гэсэн ганц нам нь Ардын нам. Ядарсан үед хэрэг болдог нам нь энэ нам. Харамсалтай нь зарим үед манай сонгогчдын нилээд хэсэг нь хатуу хандах юм. Хүнд байдалд орохоороо Ардын намыг сонгоод байдал дээрдээд ирэхээр мартчихдаг. Жилийн өмнө ажил авахад Монгол Улс үнэнийг хэлэхэд дампуурчихсан байсан.

Энэ Засгийн газар муу, сайн хэлүүлэн зүтгэж байгаад олон улсад Монгол Улсыг дампуурлаа зарлахаас аварлаа. Өр ширнийхээ асуудлыг цэгцлээд явчихлаа. Төсвийн орлого нь даван биелж, эдийн засаг нь эхний улиралд хасахтай гарна гэж байсан чинь 4,2 хувьтай гараад ирлээ. Гадна талдаа итгэл сэргэж, валютын ханш буурна гээд уг нь есөн сарын хугацаанд нааштай зүйл гарч байгаа ч үүнийгээ бид ард түмэнд чадахгүй байх шиг байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хаашаа эргэдэг юм бол доо. Ард түмэнд л хэрэгтэй сонголт байх учиртай юм. Дээрээ бужигнахгүйгээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь бодлогын томоохон асуудал дээрээ нэгдэж, бие биенийхээ дутууг нөхчихдөг, нэг чигтээ хараад ажиллах нь ард түмэнд л хэрэгтэй. Дээрээ маргаад, сөргөлдөөд, бие биенийхээ дээр гарах гэж зүтгээд унавал буруутдаг.

Их хурлаас гарах шийдвэрүүд дээр хориг ярьж, хориг тавьсаар байх юм бол энэ гурван жил дэндүү харамсалтай болно. Сонгууль хийж байгаагийн утга нь энэ л дээ. Одоо ард түмэн ямар сонголт хийхийг л харж байя. Сонгууль дуусчхаагүй байна. Сонгуулийг спортын тэмцээнтэй зүйрлэх юм бол буухиа уралдаан гэж ойлгоё. Нэг хэсэг зайнд Х.Баттулга гэдэг хүн арай урд нь явна. Яг бариан дээр хэн нь түрүүлэх вэ гэдэг нь чухал. Зарим нь өөрийгөө ялчихсан гээд байна лээ. Дуусаагүй байгаа л даа. Ард түмэн ухаантай. Буурьтай сонголт хийх байх, хийгээсэй ч гэж хүсч байна.

-Гэхдээ унтаад босоод ирэхэд нь Энхболд нь Ганбаатарыгаа “идчихлээ” гэх юм. Нөгөө нэр дэвшигч нь “Энхболд нь Ганбаатарыгаа энэ шөнө “идээд” хоночих юм байна” гээд ярьсан нь олон хүнд эргэлзээ төрүүлчих шиг боллоо. Баян-Өлгий аймагт “маапаан” орчихсон юм уу. Хар машиныг асуудалгүй гэх хүмүүс байна бас итгэхгүй байгаа нь ч байх юм.
-Бид ч гэсэн 2012 онд хар машиныг хардаж л байсан. Хар машинд одоо эргэлзэх зүйл байхгүй болсон. Энэ ертөнц дээр хамгийн үнэн зүйл юу байна гэвэл хар машин л болох юм шиг байна. Санал тоолох автомат машин дээр ямар ч зөрүү гарахгүй байна.

Ялагдсан тал буруугаа бусдаас хайдаг. Тэр нь хар машин болчихсон Ядаж байхад нэр нь хүртэл “хар” юм. Тэр шөнө Энхболдын санал яагаад Ганбаатараас илүү гарчихсан юм бэ гэдэг нь Баян-Өлгийн саналтай л холбоотой.

Бид сонгуулийн үр дүнг аймгуудаас авч байсан. Тэр нь телевизээр гараад л байсан. Гэтэл телевизээр Баян-Өлгийн дүн орж ирдэггүй. Бид Баян-Өлгийд 2500 саналын илүүтэй байхад яагаад телевизээр явуулахгүй байна вэ. Зарим хэсгийн хорооны дүнг яагаад мэдээлэхгүй байгаа юм бэ гээд Сонгуулийн Ерөнхий хороонд хандахад “Эхнээсээ холбогдоод явж байна. Баян-Өлгий аймгийн сүлжээнд холбогдоогүй алслагдсан хэсгүүдийн дүн ирээгүй байна. Тэд саналын дүнгээ аваад аймгийн төв рүү машинтай ирж байна” гэж хэлсэн.

Тэрийг нь хүлээсээр байгаад үүрээр дөрвөн цагт дүн ирж дууссан. Холын хэсгүүдийн дүн ингэж оройтдог нь ганц энэ удаа тохиолдсон зүйл биш. 2016 оны сонгуулиар холын дүн мэдээнүүд мөн л үүрээр ирж байсан. Үүнийг харьцуулаад нэг харчихаарай. Хар машин луйвардчихав уу, Ард нам луйвардчихав уу гэдэг яриа тэндээс үүссэн л дээ.

Саналын дүнд итгэхгүй бол бүх ажиглагч нараа байлцуулаад гар аргаар тоолъё гэсэн шүү дээ. Техникийн тооллого дууссан байна. Тэр мэдээллээ олон нийтэд хүргэх байх. Юмыг мушгих гэж мушгиж байгаа хүмүүс “Унтахын өмнө өөр байсан дүн, сэрэхэд өөр болчихсон байна” гээд ярихаар зарим нь итгээд байх шиг байна.

Сонгуулийн дүн 2000 битгий хэл 10-20 хүний илүүгээр ялдаг шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. “Баян-Өлгийд саналын зөрүү гарч, сонгуулийн хороо нь будлиантуулж, тэнд нь Ардын намынхан оролцсон нь нотлогдох юм бол Ганбаатарт өгнө” гээд хэлчих гэж М.Энхболд даргад би хэлсэн. Тийм ч утгатай хэвлэлийн бага хурал хийсэн байх.

-Гэхдээ СЕХ, хууль хяналт, хүчний байгууллагыг эрх баригчдын талд ажилласан гээд байгаа. Ер нь бол аль ч сонгуулийн үед гардаг яриа л даа. Гэхдээ таны бодол ямар байна?
-Бид ч гэсэн СЕХ, цагдаа, шүүх, прокурор, Цэц бүгд Ардчилсан намд үйлчилж байна гэж ярьдаг байсан. Тэр үед тэгж ч байсан. Одоо бол Сонгуулийн Ерөнхий хорооны дарга чинь угшлаараа Ардчилсан намын хүн. Ардчилсан намаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан нам тэр хүнийг СЕХ-ны дарга болгож байсан. Тэгвэл АН-ынхан өөрийнхөө хүнд итгэхээ байчихсан юм уу. Одоо энэ янз бүрийн яриаг хараад байхад ийм л бодол төрж байна. Сонгуулийн өмнө тэр хүнийг нь халаад манайхан өөр хүн тавьчихсан бол тийм яриа гаргаж болно. Шал дэмий л юм ярьж байгаа байхгүй юу.

-МАХН-аас тэр дундаа С.Ганбаатар нэр дэвшигч тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчийн хэнийг ч битгий дэмж гээд цагаан хуудас явуулах ёстой хэмээн уриалж байна. Ялсан ч бай, ялагдсан ч бай улстөрч хүн Төрийн тэргүүнийхээ сонгуульд ингэж хандаж болохгүй гэх хүмүүс байна. Таныхаар энэ зөв үү?
-Буруу. Тэд эрх нь байгаа гэж ярих байх. Том эрх ашгийнхаа үүднээс тун буруу зүйл хийж байгаа юм. Сонгууль хурдан дуусах ёстой. Харин ч сонгуульд ямар дүнтэй оролцсоноосоо үл хамааран зөв зүйлд уриалах ёстой. Гэтэл яав. Үндсэндээ хүчингүй болго гэдэг зүйл яриад байгаа биз дээ. Дахин хэлье. Энэ буруу. Ядаж ард түмнээ бодох хэрэгтэй. Зунжингаа сонгууль гээд явах юм уу. Дэлгэр цагт хүмүүс амардаг, жилдээ ганц удаа наадмаа хийдэг. Амралтаа зохицуулаад төлөвлөсөн хүмүүсийг дахиж дуудаад саналаа өг гээд, дахин тэрбум тэрбумаар нь зардал гаргаад сүйтгэх юм уу. МАХН тэгж уриаллаа гээд яг тэрүүгээр нь явах ч юм уу, мэдэхгүй юм.

Сонгогчид маань сонгуульдаа саналаа өгөөд энэ сонгуулийг түргэн дуусгах хэрэгтэй. Энэ бүхэн нийгмийг улам тогтворгүй байдал руу түлхээд байна шүү дээ. Сонгууль болдгоороо болоод дуусна. Иргэдийн амьдрал цаашаа хэвийн үргэлжлэх ёстой. Гэтэл үүнийг заавал сунжруулаад, иргэдийн бухимдлыг ужигруулах шаардлага байн уу. Энэ нь ард түмнээ, улсаа бодсон хэрэг яав ч биш.

-Дахин сонгууль явуулж Н.Энхбаяр нэр дэвших гээд л энэ бүхнийг зохион байгуулж байгаа гэлцэж байна. Өмнө нь ингэж хоёр дахь шатны сонгууль цаашлаад дахин сонгууль болж байгаагүй болохоор зардал дээр хүмүүст төсөөлөл байхгүй байх шиг байна...
-Өмнө нь зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр дахь удаагаа санал хураах ийм зүйл гарч байсангүй. Энэ жилийн хувьд байдал жаахан түвэгтэй болчихлоо. Тийм болохоор үүнийгээ даруйхан засах хэрэгтэй. Цаашаа сунжирч, ужгирч болохгүй. Улсын том эрх ашиг энэ л байна.

-Санал хураалтын эхний дүн гарснаас хойш гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж, Хонгконг, Сингапурын бирж дээрх монгол компаниудын хувьцааны ханш унаж эхэллээ гэдэг үнэн юм уу?
-Гадны хөрөнгө оруулагч, гадны улс орнууд Монголд болж буй сонгуулийг сонирхдог үнэхээр үнэн. Гарцаагүй. Учир нь хамтран ажиллах гэж буй хүмүүс, хөрөнгөө оруулахаар зэхэж буй бизнесийнхэн төр нь тогтвортой байх нь уу гэдгийг хамгийн эхэнд хардаг юм билээ. 2012-2016 онуудад Монголын төр тогтворгүй байсан болохоор хөрөнгө оруулалт “0” болсон. Одоо хөрөнгө оруулах боломжгүй болсон гээд 2016 оны сонгуулийн дүнг харна гээд шууд мэдэгдэж байсан. Сонгуулийн дараа хөрөнгө оруулалт овоо нааштай явж байтал Ерөнхийлөгчийн сонгууль боллоо.

Дахиад монголчууд дотроо толхилцоод эхлэх нь үү, миний оруулсан хөрөнгө хэр найдвартай орчинд байх вэ гээд ажиглаад эхэлсэн. Сонгуулийн санал хураалтын шөнө буюу 26-ны орой Блүүмберг телевизээр Монголын компаниудын хувьцааны ханш буурлаа гэдгийг зарласан. Засгийн газрын бонд, Чингис, Самурай, Хөгжлийн банкны бонд унаж эхэллээ гэдгийг бид Блүүмбергийн мэдээгээр л мэдсэн.

Улс төр, сонгууль гэдэг зүйл эдийн засагт ингэж нөлөөлдөг юм байна. Үүнийг бид ойлгох ёстой. Эцсийн дүндээ энэ улсыг хэн удирдах нь хамаагүй. Монголчуудын амьдрал л дээшилж байх ёстой. Яриад байгаа шигээ үүнийг ухамсарлаж чадаж байгаа бол тэр нь зөв. Гэхдээ ярих, хийх нь өөр байгаад байна.

-Долдугаар сарын 7-нд ирц хүрэх болов уу. Цагаан хуудас гэсэн давалгаа нэлээд зохион байгуулалттай явж байна...
-Цагаан хуудас гэдгийг нэг хэсэг бүлэг хүмүүс л явуулж байгаа. Үүнийг МАН огт дэмжихгүй, дэмжиж ч болохгүй.

-Гэхдээ хэнийг нь ч дэмжихгүй гээд саналын хуудсаа уншуулах иргэдийн тоо нэмэгдсэн. Саяын санал хураалтаар 18 мянгад хүрсэн...
-Цагаан хуудас уншуулсан хүмүүсийн саналын тоо 18 мянгад хүрсэн гэж байсан. Монголын ард түмэн энэ сонгуулийг түргэн дуусгая гэж бодож байгаа байлгүй дээ. Хэнийг дэмжихгүй цагаан хуудас уншуулъя гэсэн хүмүүс байгаа л байх. Гэхдээ сонгуулиа түргэн дуусгая гэсэн хүмүүс нь олон байгаа гэж бодож байна. Ард түмэндээ л найдахгүй бол юунд найдах вэ дээ. Жаахан эвгүй нь наадам дөхсөн үед хоёр дахь санал хураалт болох гээд байгаа юм. Хурдан морь, бөх яриад эхлэхээр үүнийг дагаад хүмүүсийн сэтгэл гэгэлзчихдэг. Гэхдээ сонгуулиа дуусгах байх.

-С.Ганбаатарт өгсөн 409 мянган хүний санал нь аль намд түлхүү очих бол. М.Энхболд, Х.Баттулга нар Н.Энхбаяртай уулзлаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ?
-МАХН, түүнийг дэмжигчид энэ тоонд хамаарч байгаа. Тиймээс МАХН, түүнийг дэмжигчид гэдэг чинь МАН-ын нэг хэсэг. Нэг “угшилтай” хүмүүс. Тэр утгаараа М.Энхболдыг дэмжих магадлал өндөр байх болов уу. Сонгогчдын саналд нөлөөлөх гэж янз бүрээр оролдох байх. Гэхдээ ард түмэн ухаантай. Улсынхаа эрх ашгийг бодоод сонголтоо тэгж хийх байх гэж бодож байна. Тэгж ч хийгээсэй гэж хүсч байгаа. Улсаа бод, ард түмнээ бод, үр хүүхдээ бодъё.

Сөргөлдөөнийг биш эвсэг амьдралыг бид бодох хэрэгтэй. Маргалдааныг биш ажил хэргийг, донсолгоог биш тогтвортой байдлыг бид эрхэмлэх ёстой.

-Эрх баригчид мөнгөөр санал худалдаж авлаа гэх юм. АН-ынхныг ч бас мөнгөөр санал худалдаж авч байгаа гэсэн яриа гарсан. Мөнгөнөөс ангид сонгуулийг хэзээ бид хийдэг болох юм бэ?
-Мөнгө тараасан гээд байгаа. Тараагаад баригдсан нь хаана байна гэдгээр л тодорхойлно. Яриа, хардлага байдаг л юм. Өмнө нь ч байсан нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан ганц тохиолдлыг л барьж чадлаа шүү дээ. Дорноговьд 90 сая Дундговьд 100 сая төгрөг ачиж явсан машин баригдлаа гэсэн. Хаанахын мөнгө байсныг тогтоочихсон шүү дээ. Ардчилсан намын штабаас л тарааж явсан мөнгө. Тодорхой болсон баримт нь л энэ байна. Хэн нь мөнгө тараагаад байгаа нь тодорхой болсон зүйлээр нь нотлогдоно. Бид баримттай л ярих ёстой.

-Ардчилсан намынхан ухуулагч нарын хоол, цалингийн мөнгө байсан гэсэн л дээ…
-Ухуулагч нарын цалин, хоолны мөнгийг тэр өдрөө өгнө гэж юу байхав дээ, аль эрт өгчихдөг юм. Тайлбараа ингэж хэлж асуудлаас гарах гэж оролдох байх. Цаашид мөнгө, сонгууль хоёры эрс зааглах ёстой юм. Зааглаагүй тохиолдолд сонгууль, улс төр цэвэр байх бараг л боломжгүй дээ. Цаашид улам хүнд болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүн зайрмаг, ундаа тараалаа. Сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан байна гээд уулзалт дээр Монгол ардын нам гэсэн бичигтэй футболк өмссөн охиныг барьж аваад түүгээр нь шүүхийн шийдвэр гаргуулаад нэрийг нь татаж л байсан. Ерөнхийлөгчийн сонгууль дээр энэ талын хариуцлагыг нь сул хийсэн юм байна.

Тэрбум тэрбумаар нь мөнгө тараагаад явж байгаа нь баригдлаа. Үүн дээр ч гэсэн хатуу хариуцлага тооцож, нэрийг нь татуулах ёстой. Үгүй ядаж нэрийг нь татуулдаггүй юм аа гэхэд нэр дэвшигчийг нь, намыг нь оцойтол торгох ёстой шүү дээ. Ерөнхийлөгчдийн сонгуульд энэ нь байдаггүй юм байна. УИХ, аймаг, орон нутгийн сонгуулиар болохоор Далай ламтай зураг авахуулсан чиг л нэрийг нь татаад байдаг. Тэрбумыг тараах гэж байсныг нь бариад, түүнийг нь зурагтаар үзүүлээд өнгөрлөө.
Хариуцлага хүлээж байгаа байна уу. Төрийн тэргүүнийхээ сонгуулийг ийм бохир аргаар явуулах м бол ард түмэн итгэхгүй. Мөнгөний нөхөр авилгаар гарсан л гэнэ. Энэ чинь авлига. Их хурлын сонгуулиар энэ талыг нь чангалчхаад Ерөнхийлөгчийн сонгуулийнхийг сул орхисон байна. Үүнийг ч бас чангалах хэрэгтэй.

-Та дээр яриандаа мөрийн хөтөлбөр, бодлого яригдсан гэсэн. МАН “Монгол гэр-монгол төр” гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон. Танай намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр юугаараа давуу байсан юм бэ?
-Сайн мөрийн хөтөлбөр, бүх юмыг хамж шимээгүй хөтөлбөр, “Монгол гэр-монгол төр” мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш. Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон үүрэг нь тийм ч их биш. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд бүх салбарт хийгдэх ажлууд багтдаг.

Харин Ерөнхийлөгчдийн хувьд Төрийн тэргүүн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлно. Үндэсний эв нэгдлийг илэрхийлнэ. Засгийн газарт чиглэл өгнө, хориг тавина. Мөн гадаад харилцаанд улсаа төлөөлнө. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Ингээд л болоо. Энэ хүрээнд хөтөлбөр боловсрогдсон байх ёстой.

Тэр дундаа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг энэ хүн хэрхэн хангаж ажиллах юм гэдэг л асуудал. Гуравхан сая монгол хүний эв эеийг хэрхэн бататгах юм. Намаараа, үзэл бодлоороо, нутаг усаараа, бизнесийн бүлэглэлээрээ талцаж хуваагдаж байгааг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь чухал. Энэ утгаараа МАН-ын мөрийн хөтөлбөр давуу.

М.Энхболдын мөрийн хөтөлбөр Засгийн зарын мөрийн хөтөлбөртэйгөө сайн уялдсан. Засгийн газраа дэмжиж ажиллана гэсэн байгаа шүү дээ. Ноднин МАН ард түмэнд амласан зүйл Засгийн газрын мөрийн хөтөлбөр болсон. Үүнийг хэрэгжүүлж ажиллана гэсэн байгаа нь хоёр дахь том зүйл нь. Хэрэв Засгийн газраа дэмждэггүй гацаадаг хүн гараад ирвэл ард түмэн л хохирно.

Гуравдахь давуу тал нь эрдэмтэдтэй хамтарч маш сайн нарийн тооцоо судалгаа хийснээр шинжлэх ухаанд тулгуурласан хөтөлбөр болж чадсан. Энэ утгаараа нөгөө хоёрын мөрийн хөтөлбөрөөс хол илүү сайн хөтөлбөр болсон гэж үздэг. Харамсалтай нь үүнийг сурталчлах ажил тун бага байлаа. Нэгдүгээр санал хураалтын дүн ингэж гарсан нь мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа хүргэж чадсангүй дээ л гэж бодох юм. Бохир гүтгэлэгт нь няцаалт өгөх гэж явсаар байгаад гол ажлаа хийж чадсангүй. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг ч гэсэн эргэн харахгүй бол болохгүй нь. Телевизийн эфирээр гарах сонгуулийн сурталчилгааны 60 хувьд нь мөрийн хөтөлбөрийг сурталчлах хэрэгтэй гэж оруулж өгөх ёстой гэх мэтчилэн олон зүйл харагдлаа. Яах гэж мөрийн хөтөлбөрөө бага хурлаараа батлуулж, ард түмэнд танилцуулсан юм. 18 хоногийн дотор бүү мэд, бужигнасаар байгаад л дууслаа.

-Танай нам дотор “Шударга ёс-Шинэчлэл” гээд жигүүр байгуулагдлаа гэх юм. Хариуцлага тооцно гэх гэж мэдэгдсэн харагдсан. Мөн МАН-ын Удирдах зөвлөл, бүлэглэлтэйгээ хамтарч хуралдсан, хурлын үеэр Ерөнхий сайд, Шадар сайд нь ам мурийсан гэв үү?
-Нам дотор жигүүр байгуулагдсан гэдэг шал худлаа. Гаднаас турхирч байх шиг байна лээ. Үнэхээр жигүүр байгуулсан бол гараад ирдэг. Бид гэхэд л жигүүр байгуулж байсан хүн шүү дээ. 2014 онд жигүүр байгуулснаа зарлах хэвлэлийн хурал хийгээд ажилдаа орж байсан. Үүн шиг байдаг байхгүй юу. Гэтэл нэр ус ч байхгүй жигүүр байгуулагдлаа гэсэн битүү хатуу юм л явж байна.

Энэ гаднаас зориудаар шидэж байгаа чулуу юм даа. Сонгуулийн маргааш манай намын Удирдах зөвлөл, бүлэг өргөтгөсөн хурал хийсэн. Гол ярьсан зүйл хоёр дахь санал хураалтад хэрхэн анхаарах вэ гэдгийг л ярьсан. Эхний санал хураалтын үеэр юун дээр алдав, ямар сургамж авсан бэ. Нэр дэвшигчээ ялуулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр л ярилцсан. Хэвлэлээр гараад байгаа шиг хэрүүл болоогүй. Ер нь сонгууль дуусаагүй байхад хариуцлага тооцно гээд дотроо тэнэгтээд эхэлбэл ялагдана. Үүнийгээ бид мэдэлгүй яахав.

-Та намаасаа нэр дэвшсэн М.Энхболд даргын талаар ямар байр суурьтай явдаг вэ? Эрлийз, хурлийз гээд янз бүрийн л хар цагаан мэдээлэл гарах юм. Таныг намын дарга байхад танаас тамга гардаж авсан хүн шүү дээ?
-Манайхан хэн нэгнийг гутаах гэхээрээ эрлийз гэдэг болж. Энэ нь анх удаа ч бол байгаа юм биш. П.Очирбат гуайг 1993 онд анх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад бас гүтгэж дайрцгаасан. Тэр үед би сэтгүүлч байлаа. Завханд нутагт нь очиж хаана төрсөн, ээж нь ямар хүн байдаг вэ гээд ах дүү нарыг нь хүртэл сурвалжилж байсан. Р.Гончигдорж, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг нэр дэвшихэд хүртэл Хятадын эрлийз гээд цоллож байсан юм шүү.

Хятадын эрлийз гэдэг яриа өрсөлдөгчдөө тавьж өгдөг тамга болчхоод байгаа юм. Энэ явцгүй. М.Энхболд даргын намтар түүх нь гарсан байна лээ. Малчин хүмүүс байсан гээд гарчихсан шүү дээ. М.Энхболд даргын хувьд нэгдүгээрт, арга байхгүй төрд бэлтгэгдсэн хүн. М.Энхболд төрд бэлтгэгдээгүй гэх юм бол өөр хэнийг хэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Төрийн ажлыг мэддэг хүн Ерөнхийлөгч болох ёстой. Өөр нэг гол зүйл нь хүлээцтэй хүн Төрийн тэргүүн болохгүй бол болдоггүй юм. Юмны сүүлд дуугардаг хүн байхгүй бол юу юуны туханд хүрэлгүй хазааргүй морь шиг аваад давхичихдаг хүн болчихвол ард түмэн дагаад намирчихна. Түргэн, хуйсгануур хүн Төрийн тэргүүн улсын эцэг болчихвол яах вэ. Хардаг хүлээдэг, долоо хэмжиж нэг огтолдог хүн байх ёстой. Бид Бага хурал дээр энэ бүгдийг нь ярьсан. Ерөнхийлөгчийн алба бол хүн чанар дээр түшиж хийх ажил шүү. Хүн чанаргүй хүн гарч ирвэл ард түмнийг баллана.

Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт туйлширч намчирхдаг хүн Ерөнхийлөгч байж болохгүй. Ярихаасаа илүү ажилладаг, ажилла гэж шахдаг хүн хэрэгтэй. Гоё үг ярих гэхээсээ илүү хийх гэж чармайдаг хүн хэрэгтэй. Тэр утгаараа М.Энхболд даргыг манай нам нэр дэвшүүлсэн. Үүнийг харж ард түмэн сонголтоо хийх боловуу л гэж бодоо байгаа юм.

-М.Энхболд даргыг Улаанбаатарын бүх газрыг зарчихсан газрын наймаачин гэх юм л даа. Х.Баттулга бизнес хийж мөнгөтэй болсон, М.Энхболд газар зарж мөнгөтэй болсон гэнэ. Таны бодол ямар байдаг юм бол?
-1998 онд М.Энхболд хотын дарга болсон. Хотын даргаар зургаан жил ажилласан байх. Тэр үед газрын наймаа гэдэг зүйл байгаагүй юм. Хотод сул чөлөөтэй газар зөндөө байсан. Иргэд өргөдлөө өгөөд авчихдаг байлаа. Газрын наймаа гэдэг зүйл сүүлийн хэдэн жилд л гарч ирсэн үг. Тэр үед үнэ хаялцуулж, даргынхаа халаасанд хэдэн төгрөг хийдэг явдал байгаагүй нэгдүгээрт.

Хоёрдугаарт, газар олгосон шийдвэрүүдийг нэг харчхаарай. Дөрвөн жил хотын даргаар ажилласан Э.Бат-Үүлийн олгосон газар шийдвэр М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр нарын газар олгосон шийдвэрээс олон байгаа. Үүнийг зориуд үзэх хэрэгтэй. Тэгсэн атлаа Э.Бат-Үүлд энэ үг нь наалддаггүй л дээ. Тухайлбал, ордны ард газар авъя гэсэн 100 хүн өргөдөл өглөө гэхэд нэгэнд л зөвшөөрөл өгч шийднэ. Үлдсэн 99 хүн гомдолтой, хардлагатай үлдэнэ. Мөнгө аваад авсан байх гэсэн хардлага нь ийм яриа болдог.

-МАН-ынхан төрийн албыг 60 тэрбумаар наймаалцлаа гэх юм. Бичлэг нь ил боллоо гээд байгаа. Эвлүүлэг мөн үзэж байх шиг байна. Монгол төрийн түүхийг 96 жил бичиж буй нам мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахаа байчихсан юм уу?
-Тэр 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гээд прокурор нь тогтоочихсон. Олон улсын байгууллагад хандана гээд АН-ынхан ярьцгааж байна. Шинжээчдийг нь авч ирээд шалгуулна биз. За бүр энэ үнэн байлаа гэхэд 60 тэрбумыг босгох ажлыг Ц.Сандуй шиг нөхөр хийхгүй л дээ. Хийе гэсэн бол өөр хүмүүсээр босгуулах байсан биз. 60 тэрбум шүү дээ.

Сандуй шиг хүүхэд босгоод байдаг ч мөнгө биш. Би Хотын намын хорооны дарга байсан хүн. Хотын намын хорооны дарга ийм хэмжээний мөнгө босгож чадахгүй л дээ, үнэндээ бол. Хэн ч мэдэхгүй Ганбаатар ч билүү хувьд ажилладаг хүн, Хотын намын хорооны дарга залуу хоёр тэр мөнгийг босгоно гээд л, тэд нарт мөнгөө өгөөд сууж байх хэн байхав.

Аль ч талаас нь бодсон надад үнэмшилгүй л санагдаад байгаа юм. Эцсийн бүлэгт худал, үнэнийг хууль хяналтын байгууллага л тогтооно. Яаж ч гүрийгээд нэмэр байхгүй. Сонгууль дууссан ч гэсэн энэ асуудлыг эцэслээд цэг тавиасай гэж бодоод байгаа юм. Хууль хяналтынхны гаргасан дүгнэлтэд итгэхгүй байгаа бол дахин хүч нэмээд дүгнэлтийг нь дахиад гаргуулах ёстой.

Одоо тэгээд юмыг сайхан эвлүүлдэг болчхож дээ. С.Ганбаатарын 50 сая вон гээд байгаа зүйл ч гэсэн эвлүүлэг байх л гэж бодоод байгаа юм. Өөр юу ч байж магадгүй. Юм улам л бохир болж байна. Тиймээс энэ бохир, худал гүтгэлгийг салгаж ялган саналаа өгөөсэй гэж бодож байна даа.

Ярилцсан Э.Энхболд
Өдрийн сонин

УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.

Уншсан: 6414 | Түгээх |
Холбоотой мэдээ
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
2017.07.06
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 19
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Миеэгомбын ЭНХБОЛД: Энэ жилийн сонгууль эдийн заса...
2017.06.26
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төг...
2017.06.17
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ...
2017.05.30
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаарт...
2011.11.18
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа
2017.05.26
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
Улс төрд сайн жишиг тогтоож, мартагдсан соёлыг сан...
2017.06.01
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
Үндэсний хүчирхэг байдлыг хангахад боловсролын төв...
2017.05.22
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хямралын тодорхой хув...
2017.06.01
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзна...
2011.07.02
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
Ч.ХҮРЭЛБААТАР: “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” ГЭДЭГ ХОЁР Ү...
2017.05.29
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээ...
2011.10.01
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011