Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ
2017.10.26

Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос руу өгч байгаа нь буруу” гэх мэтээр шүүмжлэгчид ч энэ өдрүүдэд гарч ирэв. Өнгөцхөн харахад, тэдний зөв. Гэвч яг энэ сэдвийг хөндөх гэж “Имарт”-ын Гүйцэтгэх захирал Л.Жавзмаатай ярилцсаны дараа миний бодол лав өөрчлөгдсөн. Бизнесийн салбар тэр дундаа сүлжээ дэлгүүрийн зах зээлд өөрчлөлт авч ирсэн хөдөлмөрч хамт олны удирдаж буй бүсгүйтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

-III, IV хорооллын эцэст “Имарт” сүлжээ дэлгүүрийн хоёр дахь салбар нээгдээд сар ч болоогүй байгаа. Гэвч төлөвлөж байсан орлогоо 100 гаруй хувиар давуулан биелүүлсэн гэх мэдээлэл Солонгосын зарим хэвлэлээр гарсан. Үнэхээр ийм амжилт гаргачихав уу, эсвэл бүтэн жилийн орлоготой нь хольж солиод байна уу?

-Тийм ээ, бид дэлгүүрийнхээ хоёр дахь салбарыг нээгээд 20 хонож байна. Тэр мэдээллийг зөвхөн нээлтийн хоёр өдрийн орлогоор л бэлтгэсэн байсан. Тухайн үед хүн бүхэнд сонин байсан учраас манай дэлгүүрийг зорьж ирсэн хэрэг. Дэлгүүрт орсон хүн гар хоосон гарахгүй, багадаа л 1-2 төрлийн бараа худалдаж аваад гардаг. Мөн худалдан авалтад бэлэг өгч байсан нь нөлөөлсөн байх. Харин одоо тухайн бүс нутагт амьдардаг иргэд байнга үйлчлүүлж байна. Тэр хоёр хоногийн прогнозоор бүхэл бүтэн дэлгүүрийн үйл ажиллагааг дүгнэж болохгүй юм. Энд нэг тайлбар хийхэд, тэр материалыг бид албан ёсоор бэлтгэж өгөөгүй. Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ирж зураг авч, мэдээ мэдээлэл бэлтгэсэн байсан. Сүүлд тодруулахад, нээлтийн үеэр манай дэлгүүрийн менежерүүдээс яриа авсан гэнэ билээ.

Имарт Чингис салбар

Имарт Хороолол салбар

-Өмнө нь бас Солонгосын сүлжээ дэлгүүр Монголд нээгдсэнээр мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг мэдээлэл гарч байсан. Дэлгүүрт ажиллаж байгаа хэдхэн хүнийг урдаа барьчихаад “Бид ажлын байр нэмэгдүүлсэн. Энэ нь Монголын эдийн засагт нэмэртэй” гэж тархи угаагаад байх юм. Ашиг, орлого нь Солонгос руу явж байгаа гэдэг ойлголт нийгэмд байдаг юм билээ?

-Энэ хэтэрхий өрөөсгөл ойлголт л доо. “Номин”, “Оргил”, “Миний дэлгүүр” гээд жижиглэн худалдаа эрхэлж буй бүх сүлжээ дэлгүүрүүд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ гурван янзаар л хийдэг. Нэгдүгээрт, бүгдээрээ импортлогч. Хоёрдугаарт, дотоодын импортлогч болон янз бүрийн худалдааны компаниудаас бараа бүтээгдэхүүнээ авдаг. Гуравдугаарт, Монголын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнээ авч байгаа. Монгол өөрөө тэр чигээрээ импортлогч улс. Энэ нь жижиглэн худалдаа эрхэлж буй бидний буруу биш. Улсын хэмжээний асуудал болчихоод байгаа юм. Хүн болгон үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе, та нар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруул гэдэг асуудлыг хөнддөг. Гэтэл бодит байдал дээр гадаадын улс оронд үйлдвэрлэсэн, импортын барааг шүтэж, худалдан авдаг нь худал биш. Ам, ажил хоёр нь зөрдөг гэх үү дээ. Дахин хэлье, бид бүгдээрээ адилхан импортлогч. “Номин”, “Оргил”, “Миний дэлгүүр” гээд бүгд импортлогчид. Монгол Улс, Европ, АНУ, Солонгос, Хятад гээд л дэлхийн олон орноос барааг импортолж худалдаалдаг. Харин ч манай дэлгүүрийн худалдан авагчид “Солонгос бараа бага байна шүү дээ” гэж гомдоллодог юм. Нөгөөтэйгүүр, компанийн хөрөнгө оруулагчдын бүтцийн хувьд манай компанийн 90 хувь нь Монголын үндэсний компани болох “Алтай Холдинг” ХХК-ийн эзэмшилд байгаа бол 10 хувийг Солонгосын тал буюу “И-Март” эзэмшдэг.

-Таны хэлсэнчлэн солонгос бараа байхгүй байгаа нь шүүмжлэх шалтгаан болоод байх шиг. Манай иргэдийн цөөнгүй нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Тэд энд ирээд “Имарт” сүлжээ дэлгүүрээс тэнд хэрэглэж байсан бараагаа хүсдэг?

-Манай “Имарт” монголчууддаа зориулсан дэлгүүр учраас монгол хүний амьдралын хэв маяг, аж төрөх байдал, эдэлж хэрэглэдэг зүйлс, өмсч зүйх байдал, хоол хүнсний хэрэглээ гээд бүхий л талаараа солонгосчуудаас өөр тул Солонгосын “Имарт”-ыг тэр чигээр нь хуулбарлаж авчрах нь утгагүй л дээ. Бид бизнесийн зарчмаараа л ажиллаж байна. Бусад сүлжээ дэлгүүрүүд ч яг адилхан ийм зарчмаар ажилладаг. Бид Европын хэд хэдэн орон болон Солонгосоос бараа импортолж байгаа. БНСУ-аас оруулж ирдэг бараа дотоодын импортлогч компаниудын оруулж ирж буй бараануудаас хамаагүй бага байгаа л даа. Бид одоо 500 орчим дотоодын харилцагчтай. Дотоодын импортлогч компани, хувь хүн, аж ахуйн нэгж гээд янз бүр. Бид “Оргил”-оос чихэр, “Everyday”, “Наран”-гаас ч бараа авч байгаа. Жижиглэн худалдааны компаниуд хоорондоо бараагаа солилцдог. Манай шинээр хийж буй зүйл бол үндэсний үйлдвэрлэгчидтэй шинэ төвшинд харилцаж, хамтарч ажиллах явдал. Өмнө нь бүх дэлгүүр үндэсний үйлдвэрлэгчдийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад үнийг нь бичээд дэлгүүртээ тавьдаг байлаа. Харин одоо шал өөр стандартыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, солонгосчуудаас олж авсан ноу хау. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, мах, сүү, жимс, хүнсний ногоо гээд бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнс хамгийн аюулгүй, эрүүл, шинэ байх ёстой. Мөн дэлгүүртээ зарж буй бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, тээвэрлэлтийн горим, бодит өртөг нь ямар байна, үнэ өртгийг яаж бууруулах, хэрхэн амжилттай худалдаалах вэ гэдэгт олон талын судалгаа хийн гаргалгаа гаргаж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрүүдтэйгээ маш сайн хамтарч ажилладаг.

Мах бэлтгэн нийлүүлэхийг “Дэнжийн мянга”-аар төсөөлдөг

-Хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн зардаг гэж үү. Гэхдээ манай нөхцөлд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ямар билээ дээ. Сонгодог жишээ нь мах байна. Харин танайх махны үнийг унагаж чадсаныг хэрэглэгчид мартаагүй байгаа?

-Анх “Имарт” Монголд нээгдэхдээ хамгийн хямд үнээр эрүүл, аюулгүй мах зарна гэж амласан. Түүндээ ч хүрсэн. Манай улс 61 сая толгой малтай, гуравхан сая хүнтэй байж, дэлхийн өндөр өртөгтэй хотуудын хэмжээнд өндөр үнэтэй мах идэж байна гэж шүүмжилдэг. Энэ худал биш. Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнд хямд үнэ тогтооход тийм ч амархан байгаагүй. “Имарт”-аа нээхээс өмнө гурван жил гаруйн хугацаанд 40 гаруй залууг жижиглэн худалдааны салбар, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрүүдийн судалгааны ажилд суулгаж, тэднийг сурган ажиллуулсан. Жижиглэн худалдааны ямар ч компани дэлгүүр, хайпермаркетаа нээхдээ ингэж ажилладаггүй. Барилгаа барьж байна гээд 2-3 сар бужигнуулчихаад дуусангуут нь шууд дэлгүүрээ нээгээд орчихдог. Гэтэл манай ажилтнууд махны үйлдвэр бүрээр орж, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцтай газар дээр нь танилцсан. Хаанаас яаж бэлтгэдэг, зах зээл, гадаад, дотоод үнэ чанар гээд бүх талаас нь судалсан юм. Хоёрдугаарт, малчид, малын тооллого, баруун, зүүн, говийн аймгийн махны онцлог, малын өвчин хаана гардаг юм бэ гээд бүр нарийвчилсан судалгаа хүртэл хийсэн байдаг. Түүнчлэн, бүх нядалгааны газраар явж үзсэн. Манай нөхцөлд саравчинд гялгар уут дэвсээд нядалгаа хийдэг, махаа газар дэвссэн шуудайн дээрээ дэлгэж тавьдаг гээд ямар ч ариун цэврийн шаардлага хангахгүй газар олон байдаг юм билээ. Наад зах нь гадуур өмсч явсан гутлаараа махныхаа хажуугаар гишгээд л өнгөрч байгаа юм. Энэ бүхнийг харж судалж яваад “Манайх ерөөсөө болохгүй юм байна” гэдгийг ойлгосон. Махны үйлдвэрүүд болохоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зардаг. Гэтэл бидэнд шинэ, цэвэр мах хэрэгтэй. Манай нөхцөлд шинэ мах, махан бүтээгдэхүүнийг ченжээс эсвэл захаас авна. Энэ нь Солонгосын “Имарт”-ын тавьж буй шаардлага, стандарттай огт нийцэхгүй байсан юм. Манай улсад өнөөдөр мах нийлүүлэлтийн суваг малчдаас малын ченж, малын ченжээс махны ченж, бөөний төв, худалдан авагч гэсэн дамжлагаар явж байгаа. Бид үүнийг багасгах үүднээс “Тогостойн” үхрийн хагас эрчимжүүлсэн фермтэй хамтран ажиллаж байна. Фермийн ойролцоо жилийн дөрвөн улирлын турш ажиллах мах эхлэн боловсруулах үйлдвэрийг “Баяндэлгэр хүнс” компанитай хамтран 2016 онд ашиглалтад оруулсан. Малын махыг ариун цэврийн шаардлага хангасан орчинд бэлтгэж, зохих горимын дагуу хөргөлт, сэрвээлтийг хийн нийслэлийн хэрэглэгчдээ өдөр бүр шинэ, баталгаатай махаар хангаж байгаа. Бид ашиг олоход бус урт хугацаандаа зөв бодлого, системтэй үйл ажиллагаа явуулж, цаашдын хөгжил дэвшилдээ илүүтэйгээр анхаарч байгаа юм.

Имарт-ын Мах эхлэн боловсруулах гэрээт үйлдвэр. “Баяндэлгэр Хүнс” ХХК-ийн Монголын анхны жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой мах эхлэн боловсруулах үйлдвэр. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудаас нийлүүлэгдсэн махыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг Имартын хэрэглэгчдийн гарт хүргэдэг.

Эрүүл баталгаат махны тасаг

-Гэхдээ та нар мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжээ яаж олсон юм бэ. Цонжинболдог явах замд танайд махаа нийлүүлдэг үйлдвэр байдаг юм билээ. Үүнээс өөр “Имарт”-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дотоодын ямар аж ахуйн нэгж, компани байна вэ?

-Тэр манай үйлдвэр биш. Би сая Цонжинболдогт байдаг үйлдвэр, фермийнхээ талаар ярьсан юм. Бид эхлээд үхрийн аж ахуйтай хүмүүст хамтран ажиллах санал тавьж үзсэн. Тэр үед бидэнд итгээгүй л дээ. Хаанаас хэн орж ирээд юу яриад байна гэсэн үл итгэх байдлаар хандсан. Яагаад гэвэл, өмнө нь худалдааны ямар ч компани ийм үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тэд гайхахаас ч аргагүй. Ингээд судлаад үзтэл монгол болон барууны аргыг хослуулсан жижиг фермер байсныг олж уулзан зөвлөгөө өгч, бүр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мах бэлтгэлийн өрөөний стандартыг сайжруулж шинээр барьж өгч байлаа. Явган хүний зам, хашаа хороог тохижуулж янзлах гээд нэлээд ажил болсон. Одоо тэр аж ахуйгаас өглөө болгон шинэ мах авч байна. Бид тэр махны үйлдвэрт ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Зүгээр л дэмжиж ажилласан. Одоо тэд малынхаа чанар, эрүүл аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Фермер болон махны үйлдвэр маань бас олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байгаа. “Хүчит шонхор”-оос, эсвэл хэн нэгний танил малчнаас авна гэсэн ойлголт байхгүй. Зарчим бол зарчим. Гэрээ бол гэрээ. Тухайн аж ахуй нэгж ч “Маргааш махаа яаж борлуулах билээ”, “Хэн нэг нь урдуур орж махаа өгчих болов уу” гэх айдасгүйгээр өмнөх ажлаа л хийнэ. Бид ч тэднийг “Өнөөдөр өөр хүнд өгчих вий дээ” гэж сандрахгүйгээр өглөө бүхэн махаа тэндээс авна. Ойлгомжтой, цэгцтэй, төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу л явж байгаа. Энэ чинь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж буй хэрэг. Үр дүнд нь манай дэлгүүрийн нээлтээр махны үнэ 7000-9000 төгрөг болж буурсан түүхтэй. Ер нь үүнийг дагаад бусад дэлгүүрт ч махны үнэ буурсан. Тухайн үед нэг кг үхрийн мах ангиллаараа 11000-14000 төгрөгийн үнэтэй байсан юм. Та мах гэж асуусан учраас мах л яриад байна. Махнаас гадна сүү, жимс, хүнсний ногоо гээд манай дэлгүүрээр зарагдаж буй бүхий л бараанд “Имарт”-ын стандартыг мөрддөг. Тухайлбал, навчит ногоо тариалдаг дотоодын фермерүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Ногоон сор”, “Мөнх ногоон тэнгэр”, “Мөнх ногоон тал” зэрэг хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эх орныхоо шим тэжээлд хөрсөнд ургуулсан нарийн ногоог тариаланчдаас хэрэглэгчдийн гарт хүргэх нь бидний зорилго. БНСУ-ын хөдөө аж ахуйн туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран зөвлөгөө аван Солонгосын ногооны үрийг тэдний технологи, аргачлалын дагуу тариулж байгаа. Харин сүүний тухайд уламжлалт аргаар гар дээрээс худалдаалдаг байсан түүхий сүүг орчин үеийн стандартад нийцүүлэн, бэлтгэн нийлүүлэлтийн сувгийг хөгжүүлэн “Хишигтэн нүүдэлчин” фермтэй хамтран ажиллаж, өглөө бүр үнээний түүхий сүүг зориулалтын танк ашиглан тээвэрлэн авчирч, автомат төхөөрөмжөөр савлан хэрэглэгчдэд хүргэж байгаа.

Мөнх ногоон тэнгэр ХХК-ийн 4 улирлын хүлэмж

Шинэ жимс ногооны тасаг

Шинэхэн сүүний байшин

-Зах зээлээ сайн судалдаг гэдгийг чинь таны ярианаас ойлголоо. Тэгвэл эрүүл, аюулгүй стандартыг бий болгосон монгол малын махыг гадагш экспортлох талаар та бүхэн судалж үзэв үү?

-Байнга л бид энэ талаар хөндөж ярьдаг. Энэ нь ганц компанийн биш улсын хэмжээнд ярьж буй бодлогын асуудал юм. Гадаадынхан мах авъя гээд судалгаа хийхээр ирдэг. Ингэхдээ миний дээр хэлсэнчлэн хэдэн махны үйлдвэр, мах нядалгааны газар, малчид, “Хүчит шонхор”-оор ороод л зорилгоосоо ухардаг. Нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал нь малын өвчин. Гэтэл бид дэргэдээ байгаа сайн сайхан зүйлийг анзаарах ч үгүй, мэдэх ч үгүй байна шүү дээ. Үүний нэг жишээ нь шүлхий. Хөвсгөл аймаг болон Булганы зарим суманд энэ өвчин хэзээ ч гардаггүй. Өөрөөр хэлбэл, ийм өвчний голомт байдаггүй гэсэн үг. Ургамал, усандаа байдаг юм уу, нарийн учрыг нь өнөөдрийг хүртэл мэдэхгүй сууж байна шүү дээ. Гэтэл үүнийг гадныхан судалж мэдээд ирж байх жишээний. Манайх саяхан хэсэг хүмүүсээ Казахстан улс руу явуулж малын ферм, махны үйлдвэртэй танилцуулсан. Ингэж хүмүүсээ хөгжүүлэхгүй бол махны бэлтгэн нийлүүлэгч гэдэг нь Дэнжийн мянга гэсэн сэтгэхүйгээр яваад байвал хөгжихгүй шүү дээ.

Хямралын эсрэг үнэ унагахаас өөр арга байхгүй

-Стандарт гэж та маш их ярьж байна. Энэ нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд хамаатай байна уу. Эсвэл “Имарт” барилга байгууламж, зогсоол, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүх зүйлдээ энэ стандартаа мөрдөж байна уу?

-Нүдэнд харагдаж, гарт баригддаг бүх зүйл стандарттай. Заримыг нь хэрэглэгчид өөрийн биеэр мэдэрдэг л байх. Манай дэлгүүрийн лангуу хоорондын зай, барааны өрөлт, гэрэл гээд бүгд өөрийн гэсэн стандарттай. Барааны өнгийг хувиргадаг, бүтээгдэхүүний чанарыг муутгадаг гэрлийг огт хэрэглэдэггүй. Барилга байшин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, аюулгүй ажиллагаа гээд бүгд заавал мөрдөх ёстой дүрэм горим, стандарттай. Тиймээс стандартыг бүхий л зүйл, бүх шат дамжлага дээрээ мөрддөг юм. Барилгын дотоод засал харахад цэвэр, өнгө үзэмжтэй, гоё гэхээсээ илүү ашиглахад тохиромжтой, цэвэрлэхэд хялбар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, материал нь байгаль, хүнд, цаашлаад хажууд нь байгаа бараа бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх жишээтэй. Үүнийг л олон улсын стандарт гээд байгаа юм.

-Тэр хэрээрээ жижиглэн худалдааны зах зээлд ширүүн өрсөлдөөн болж байгаа юм шиг байна. Тухайлбал, зарим сүлжээ дэлгүүрийн салбар татан буугдчихлаа. Энэ нь “Имарт”-тай холбоотой гэх мэтээр тайлбарлаж, дотоодын сүлжээ дэлгүүрүүд ч өөр хоорондоо өрсөлдөөд эхэллээ?

-Манайх “Имарт”-аа нээхээс өмнө 15 жил “Sky” их дэлгүүр ажиллуулж байсан туршлагатай. Ашигтай ч ажиллаж байсан үе бий. Алдагдалтай ч ажиллаж байсан. Бусдын байрыг түрээсэлж хачин сайхан засвар хийж хоёр дахь салбараа III хороололд нээсэн ч амжилтгүй болж байсан түүхтэй. Дараа нь Хан-Уул дүүрэгт бас л адилхан агуулахын зориулалтаар ашиглаж байсан обьектыг маш сайн засч янзлан өнгө үзэмжтэй, зогсоолтой болгож хэрэглэгчиддээ ая тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байсан. Бидэнд ч бас асуудал байсан. Аливаа зүйлийг уг үндсээр нь стандартын дагуу бэлтгэж хийвэл болохгүй зүйл байхгүй юм байна. Өнгөцхөн хараад, таван цаасаа хэмнээд хийхэд бас болдоггүй. Бид чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгээд сайхан дэлгүүр ажиллуулах гэж хичээсэн. Гэсэн ч бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, эсвэл өөр зүйлд стандарт алдсан учраас амжилтгүй болсон хэрэг. Энэ дашрамд хэлэхэд бид, ганцхан “Имарт”-тай харьцаагүй. Европын хэд хэдэн компанид, тухайлбал, “Walmart”, ”Aldi”-д хандаж үзсэн. Орос руу явж, “Титан”-ыг манайд орж ирээч. Бидэнтэй хамтарч ажиллаач, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хамтаръя гэдэг хүсэлт тавьж байлаа. Тэд “Уучлаарай, Монгол гуравхан сая хүнтэй. Бид сонирхохгүй байна” гэсэн хариулт өгсөн. Ямартай ч энэ янзаараа цааш явбал болохгүй юм байна гэдгийг ойлгож мэдэрчихсэн, дүгнэлтээ ч хийчихсэн байлаа. Тийм учраас ноу хау-тай, олон улсын стандартын шаардлага хангасан мэргэжлийн компани оруулж ирэхээр шийдсэн хэрэг. Харин азаар Солонгосын “Имарт” бидэнд нааштай хариу өгсөн юм.

-Амжилтын цаана зөндөө олон амжилтгүй алхам байдаг гэдэг. Шантралгүй урагшилж чадсан нь чухал юм даа?

-Үнэхээр тийм шүү. Бидэнд ч бас хүнд үе байсан. Гэхдээ хэзээ ч зүгээр суугаагүй. “Имарт” бидэнтэй хамтарч ажиллаж байгаад талархаж байгаа. Тэднээс маш их зүйлийг сурч ажиллаж байна. Үүнийхээ хүчинд 15 жилийн дараа буюу 2016 онд Монголын жижиглэн худалдааны салбарын хөгжлийг шинэ төвшинд гаргалаа. Шударгаар хэлэхэд, манай худалдааны салбарынхан бид бусдын юмыг өнгөцхөн харж, гаднаас нь дуурайхыг оролдож байсан үе бий. Бүгд гадагшаа явсан уу, явсан. Юм үзэж, нүд тайлсан уу, тайлсан. Тэгээд л хүний юмыг гаднаас нь харж дуурайх гэж оролдож байсан хэрэг. Бид бусдаас суралцаж, түүнийгээ ном ёсны дагуу шийдэж хийдэг болох ёстой.

-Бусдын сайн туршлага, мэдлэгээс суралцаж, ноу хау импортолсны нэг жишээ нь танай дэлгүүрийн барилга байгууламжийн стандарт, машины зогсоол байх. Мөн дэлгүүр дотроо ч үйлчлүүлэгчид бие биенийхээ урсгал хөдөлгөөнд саад болохгүйгээр тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм билээ?

-Бид өнөөдөр нэг ам.метр талбайд бараа тавихын тулд 3-4 дахин үржүүлж барилга байгууламжаа барьсан. Нэгдүгээрх нь гэвэл, хоёр давхар граш, хоёр давхар дэлгүүр байгаа. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжаа 100 хувь дэлгүүр болгочихоогүй. 50 хувьд нь дэлгүүр, 50 хувьд нь хэрэглэгчийн машины зогсоолыг гаргаж өгсөн. Нөгөө 50 хувьд нь байгаа дэлгүүрт маань янз бүрээр урсдаг шат, цахилгаан шат болон үйлчлүүлэгчид чөлөөтэй зорчих нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн ОО, хүүхэд хуурайлах өрөөтэй. Дэлгүүрийн ард олон янзын градусаар ажилладаг хөргөлтийн өрөөнүүд, агуулах, бараа бэлтгэлийн өрөөнүүд байдаг. Мөн ажилчдын хувцас солих болон амрах, усанд орох өрөө, хоолны заал, сургалтын анги танхимуудтай. Монголчууд маань олон улсын стандартын шаардлагыг хангасан, соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлдэг дэлгүүр байхгүй байсан учраас бид зориг гарган, эрсдэлээ үүрч, банкнаас өндөр хэмжээний зээл авч байгаад энэ ажлыг эхлүүлсэн. Хоёр дахь салбараа нээхдээ ч энэ стандарт, мөрдөх ёстой дүрэм журмынхаа дагуу л бүгдийг нь хийсэн. Манай дэлгүүрийн ажилтан, албан хаагчид, удирдлагууд хэзээ ч хэрэглэгчийн зогсоолд машинаа тавьдаггүй.

Имарт Чингис болон Имарт Хороолол салбар нь тус бүр 2 давхар авто машины зогсоолтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, зогсоол, ариун цэврийн өрөө, тэргэнцэр бүгдийг шийдвэрлэсэн.

Дэлгүүр бүрт хүүхэд хуурайлах, хооллох зориулалтын өрөөтэй

-Үнэ унагалаа гэдэг асуудлыг өрсөлдөгчид чинь хөнддөг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэлд тань дургүй байдаг?

-Энэ чинь эх орон ч бус сэтгэлгээний илрэл. Хямралын эсрэг үнэ унагахаас өөр аргагүй. Бид гоё, зогсоолтой байшин барьсан, эсвэл цахилгаан, дулааны үнэ өндөр байна гээд барааныхаа үнийг нэмж болохгүй шүү дээ. Манайх сар бүр үл хөдлөх хөрөнгийн татварт 41 сая төгрөг төлдөг. Энэ мэтээр бүх зардлаа тооцоолж үзвэл зардал өндөр байгаа. Гэхдээ тэгэх тусмаа хямралын эсрэг хямд үнийг санал болгодог. Эх оронч үзэл гэж үүнийг л хэлдэг байх. Нөгөөтэйгүүр, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулахын төлөө ажиллаж байна. Мөн зарим бараа тэг ашигтай, зарим нь бүр алдагдалтай ч байдаг. Заримд нь 1-2-хон хувийн ашиг нэмэх жишээний. Тухайлбал, 310 төгрөгөөр авсан өндгөө 290 төгрөгөөр зардаг.

-Ямар ч ашиггүйгээр бизнес хийж болдог юм уу?

-Хэрэглэгчээ бодоод л ингэж зарж байгаа юм. Ийм бараа манайд маш олон бий. Тухайлбал, сүү бараг ашиггүй. Мах, өндөг, сүү, гурил, талх, ногоо чинь үндсэн хэрэглээ шүү дээ. Ер нь гол нэрийн бараа олон улсын стандартаараа ингэж л худалдаалагддаг. Алдагдалтай зарж, эрсдэлээ үүрэх, эсэх нь тухайн компанийн л хэрэг. Ашиг авчирдаг бараа, ашиг авчирдаггүй бараа гэж байдаг. Бид хэрэглэгчиддээ нэн тэргүүнд шим тэжээлтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэх үүрэгтэй. Тийм учраас ашигтай, алдагдалтай байсан ч үндсэн хэрэглээний барааг дэлгүүртээ заавал байлгах хэрэгтэй байдаг юм. Ийм нөхцөлд бид үйлдвэрлэгчээс бараагаа шууд авдаг, дундын зуучлагчгүй, олон ченжгүй байх шаардлагатай.

14 хоног бүр 300 орчим нэр төрлийн барааг хямдралтай үнээр хэрэглэгчдэдээ хүргэдэг. Хямдрал гэхээр чанаргүй, хугацааг нь дуусах дөхсөн бараа байна гэсэн ойлголтыг халсан.

-Энэ жилийн хувьд цоо шинээр ямар бараа, бүтээгдэхүүн орж ирсэн бэ?

-Барааны судалгааг олон янзаар хийж байгаа. Монголд ямар бараа дутагдалтай, юу хэрэгцээтэй байна, хямралын үед амин чухал хэрэгцээгээ хангахын тулд юу хийх ёстой вэ гэсэн судалгааг хийж байна. Өөрөөр хэлбэл, бараагаа зах зээлдээ тохируулж судлаад, тэр бараагаа үйлдвэрлэгчдэд санал болгодог. Бид өргөн хэрэглээний хямд үнийн дэлгүүр. Бид хэрэглэгчийн хүсч байгаа барааг тавихын төлөө ажилладаг. Манай дэлгүүр 30 мянган нэр төрлийн барааг худалдан авагчиддаа санал болгож байна. Үүн дотор олон цоо шинэ бараа байгаа. Тухайлбал, III, IV хороолол дахь салбартаа хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй нэг бараа авчирч тавьсан. III, IV, I хороолол, төмөр зам гээд тэр хавийн орон сууцны суултуурууд бүгд ардаа дөрвөлжин почкитой. Түүний дээд талын зайг бараг ашигладаггүй. Үүнийг судалгааны явцад манай менежер соргогоор мэдэрч шинэ дэлгүүртээ тэр зайд багтах тавиурыг авчирч тавьсан чинь хамгийн эрэлттэй, сайн зарагддаг бараа болсон. Орчин тойрныхоо оршин суугчдын нөхцөл байдал, амьдарч буй хэв маяг, тэдний орлогын эх үүсвэрийг судлах хэрэгтэй. Дээрээс нь манай мэргэжилтнүүдийн мэдрэмжээр боломжийн үнэтэй, эдэлгээ даах чанартай, шинэ бараа сонгогдож ирдэг.

-Манайханд бас нэг дутагдал бий. Энэ нь бизнесийн салбарт ч ажиглагддаг. Тухайлбал, нэгийгээ талх барихаар бүгдээрээ талхны цех нээгээд зэрэг дампуурдаг?

-Яг үнэн. Борооны дараах мөөг шиг л яг ижилхэн бараа зах зээлд дүүрчихдэг. Тэгээд бие биеэ татаж унагадаг. Энэ сэдвээр яривал ярих зүйл их бий. Наад зах нь мэргэжлийн хэмжээнд судлахгүй, бусдыг дуурайж бизнес хийнэ гэдэг бол байж болшгүй зүйл. Уг нь Монгол Улсын гуравхан сая хүнд бүх юм тоотой байх ёстой байсан юм. Бүх бизнес хэмжээ хязгаартай, зах зээлийнхээ багтаамждаа тохирсон, шударга өрсөлдөөнийг хангахуйц баймаар байна.

-Гадаадын зарим улс оронд ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллагууд өөр хоорондоо тэдэн метрийн зайд байрлана гэдэг журам байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлдөж, тайван ажиллах нөхцлийг бүрдүүлсэн хамгаалалт нь юм уу даа. Манайд иймэрхүү зохицуулалт байдаггүй байх?

-Болж өгвөл бие биенээ татаж унагахгүй байх зарчим хамгийн зөв. Би өмнө нь ноолуурын үйлдвэр, үнэт цаасны компанид олон жил ажилласан хүн. Өмч хувьчлалаар буюу 1990 онд 33 брокерийн пүүс байгуулж байлаа. Энэ тоо чинь их судалгаатай гарч ирсэн байхгүй юу. Аймаг болгонд нэг компани, Дархан, Эрдэнэт хотод нэг, Улаанбаатарт дүүрэг болгонд нэг гээд 33 гэдэг тоог гаргаж ирсэн юм. Одоо 100 гаруй брокерийн компани байна. Энэ олон компани жижиг зах зээл дээр юу хийх юм бэ. Өнөөдөр ч ноолуурын салбарт маш олон жижиг үйлдвэр байна. Их олон жижиг , чадвар муутай үйлдвэр өсч, хөгжих боломжгүй. Ингэхээр чинь өрсөлдөх чадвар муутай яг адилхан үйлдвэрүүдтэй болчихдог. Иймэрхүү үзэгдэл худалдаа үйлчилгээ, барилга гээд бүхий л салбарт яг адилхан байна. Одоо энэ алдаагаа засах цаг нь болсон. Жижиглэн худалдааны салбарт бол тухайн байршил, зах зээлээ судлаад дараа нь эрсдэлээ тооцоолдог. Ер нь өрх болгон долоо хоногт 1-1.5 удаа дэлгүүрээр үйлчлүүлдэг гэдэг судалгаа бий. Иймэрхүү багтаамж, хүний орж гарах давтамжаа даах уу, манай өрсөлдөгч хэн байна вэ гээд бүгдийг нь судалж үзнэ. Тэгээд бидэнд орон зай байна уу гэдгийг судална. Түүнээс биш өрсөлдөгчийнхөө үүд болгон дээр байшин бариад байвал манайд ч хохиролтой.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Бизнест тань амжилт хүсье!

-Баярлалаа, биднийг сайхнаар итгэж хүлээж авсан худалдан авагчид, монголчууддаа байнга чанартай бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэж, тухтай орчинд соёлтой үйлчилгээг үзүүлсээр байхын төлөө хичээн ажиллана. Мөн тасралтгүй гэнэтийн бэлэг барьсаар байх болно.

Имарт Чингис болон Имарт Хороолол салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг БЗД, БГД-ийн ХХҮХ-тэй хамтра зохион байгуулж нийт 700 орчим ажил горилогчийн анкет хүлээн авсан.

Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монгол...

Уншсан: 5972 | Түгээх |
Холбоотой мэдээ
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцлоо
2017.10.31
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгө...
2017.01.30
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
2017.11.20
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011