Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Он солигдох мөчид олигтой нэвтрүүлэг үзсэнгүй
[ Нийтлэлч: Шаабар ]
2013.01.04
Ингэж дүгнэвэл арай ч дэгсдүүлсэн болох биз. Гэхдээ цөөнгүй хүний амнаас ийм үг сонссон болохоор төлөөнөөс нь дугарвал ирэх жил гайгүй нэвтрүүлгүүд үзэх байх гэж бодогдоод. Урьд өмнөх жилүүдэд шинэ жилийн шөнө унтах боломж олдохооргүй л үүр цайтал хөгжилтэй, сонирхолтой нэвтрүүлгүүд үздэгсэн. Гучаас хол давсан олон телевизтэйн хэрэг юу билээ алийг нь үзэхээ мэдэхгүй бөөн юм болох л ухааны төсөөлж байснаас ч тэрүү “их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг шиг л урам хугарсан шүү. Телевиз болгон л өнгөрсөн оны онцлох үйл явдал гэж бие биенээ дуурайсан адилхан нуршилтаар хамаг цагаа барав. Үзсээр, сонссоор байгаад залхахдаа тулсан нөгөө л “Энхбаярын шандан оймс”, “Арвин гишүүний нам солилт”, “Ертөнцийн сүйрэл” сонгууль энэ тэрхэнээс хэтэрсэнгүй. Арай гэгээтэй нь Түвшинбаярын хос ялалт юм даа. Оросын сувгууд байгаагүй бол ч телевизээ унтраагаад өөрсдөө онигоо ярьсан нь бараг дээр байлаа гэхээр. Суваг бүрээр л аль нэг компани, хэн нэг хүний реклам, хөөргөсөн магтаал, нуршуу ярилцлага. Сувгаа солиод ч нэмэргүй яг л адилхан. Шинэ содон нэвтрүүлэг үндсэндээ олдсонгүй. Оны өмнө баахан алдартнууд тодруулсан бололтой юм. Тэр ч аргагүй, жам ёсны ёслол. Гэхдээ тэр болгоныг яг он солигдох үеэр гол нэвтрүүлгээ болгон хамаг цагаа зориулсан нь оновчтой шийдэл биш болов уу. Оны дараа ч юм уу өмнө нь явуулчихсан бол аштай юу. Жишээ нь сэтгүүлчдэд “болор үзэг”, машин гардуулсан ажиллагааг хэдхэн хоногийн өмнө бүх телевизүүд шууд, шууд бусаар хэд хэд гаргачихсан болохоор баярын үдэш дахин үзэх сонирхол олон хүнд байгаагүй нь лавтай. Уг нь анх удаа зохион байгуулсан том арга хэмжээ л дээ. Цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй. Харин шинэ оны гол нэвтрүүлэг мөн эсэх нь эргэлзээтэй л юм. Манай МҮОНРТ л гэхэд шинэ зүйл олдохгүй бол, ядаж Оросын телевизээр жил бүр уламжлал болон явагддаг шинэ жилийн нэвтрүүлгийг дууриалгаад, урлагийн, тэр дотроо хошин шогийн одуудыг нэг дор цуглуулж, хөтөлбөр бэлдсэн бол үзэгчдэд таалагдах л байсан даа. Мэдээж бүхнийг хараар будаж болохгүй л дээ. Ганц нэг гайгүй нэвтрүүлэг, бүтээл үзсэнээ хүлээн зөвшөөрч талархал илэрхийлэх нь зүй. Жишээ нь Батаа, Алтаншагай нарын тоглосон жүжиг \ эхэлчихсэн хойно нь үзсэн болохоор нэрийг нь мэдсэнгүй \ дажгүй болсон байна лээ. Харин нилээд хэд хоногийн өмнөөс л рекламдаад байсан “Миний ахын эхнэр” гэдэг кино тийм ч сайн болоогүй санагдсан шүү. Сэтгэл хөдөлгөсөн, сургамжтай эсвэл хөгжилтэй аль аль нь дулимагхан л, дуураймал \ савангийн дуурь ч билүү, нэг тиймэрхүү \  санаа. Хөрөнгө мөнгөндөө хавчигдаад “халтуурдсан” л болов уу. Жүжигчид нь мэдээж сайн тоглосон байлгүй яахав. Миний л хувийн бодол юм даа. Зарим хүмүүст таалагдсан л байлгүй яав гэж. За тэгээд өнгөрсөн жил гарч байсан хоёр “гомо” залуугийн тухай кино. Хөөрхөн кино л доо. Аа тийм. “МАСК”-ийнхан шинэ тоглолт бэлдсэн байна лээ. Өмнө нь сайн сайн хошин шог үзүүлдэгтэй нь харьцуулвал сэтгэлд хүрсэнгүй. Жаахан болхидуухан л төсөөлөгдсөнийг нуух юун. Асуудлын гол нь Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баярмагнайдаа биш л дээ. Тэд бол яалт ч үгүй хүлээн зөвшөөрөгдсөн сайн хошин шогчид. Гагцхүү шинэлэг, сайн санаа л ялимгүй дутсан гэсэн үг. Энэ жилийн хувьд Аглуу, Бооёо, Алтанцэцэг, Баатархүү, Одноо, Онон нар л үгүйлэгдээд байлаа.  Нөгөө элэглэгчид \ ганц нэг гарсныг эс тооцвол \ бол бүр ч үгүйлэгдсэн. Ерөнхийдөө л нэг иймэрхүү л дүр зурагтай шинэ оноо угтлаа. Магад ч үгүй уран бүтээлчид маань энэ жил \ 12 дугаар сарын 21-нийг хэлж байна \ ертөнц мөхнө гэж итгээд доривтой уран бүтээлд шимтээгүй ч юм билүү, хэн мэдлээ. Дам сураг сонсохнээ гайгүй бүтээл хийдэг зарим уран бүтээлчид дарга, даамал болсон, гавьяа шагнал хүртсэн учир угаах мугаах гээд зав зай муутай болсон дуулдах. Бас зарим нь энд тэнд төлбөртэй ёолк, цэнгүүн хөтлөөд боломж гараагүй байх. Телевизүүд түүнээс нь давахаар мөнгө амлаагүй бол жүжигчдийг буруутгах аргагүй. Үзэгчид өөрсдөө л баясахыг бодохоос биш, тэдэнд сарын хураамжаасаа илүүг нэмэж өгөх биш. Болдогсон бол шинэ он солигдох мөчийг бүх телевизүүд нэгдэж байгаад хамтын том бүтээл гаргадагсан бол ч догь болно доо. Ирэх жил Балхжав, Наранбаатар, Алтай, Бат-оргил, Энхбат  энэ тэр нэгийг бодох бизээ.  Гэхдээ яахав ээ. Шинэ оноо аз хиймортой, инээд хөөртэй сайхан л угтлаа. Он солигдох мөч нэгээр дуусах биш. Энэ жилээ үдэх дараа жилээ угтах мөч удахгүй давтагдана шүү дээ.

Олхонууд ШААБАР

Ингэж дүгнэвэл арай ч дэгсдүүлсэн болох биз. Гэхдээ цөөнгүй хүний амнаас ийм үг...

Уншсан: 1642 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Нэг өдөр бүгдээрээ хөл нүцгэн явцгаая л даа
2013.01.29
Шинэ эргэлтийн бодлого буюу “сахлаа будах”ын үлгэр
2013.01.04
“Буузан дотор булхай, хуушууран дотор хулгай бий”
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011