Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Шинэ эргэлтийн бодлого буюу “сахлаа будах”ын үлгэр
[ Нийтлэлч: Шаабар ]
2013.01.04
Коммунист засаглал ид эрчимжиж байх үед буюу гучаад онд байх “Шинэ эргэлтийн бодлого” гэж том “хэлмэгдүүлэлт” улс орон даяар эхэлсэн байдаг. Хойно \ Орос улсыг хэлж байна \ өрнөсөн  тэр бодлого л манай улсад үргэлжилсэн гэдэг юм. Туйлын харгис ч гэлээ энэ бодлого хэрэгжээгүй бол олон зуун мянган жирийн иргэд өлбөрч үхэх байсан хэмээн цөөнгүй судлаачид тайлбарладаг болохоор тийм ч муу бодлого биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс яахав. Хувьдаа тариа будаагаа нөөцөлсөн дундчуудын амбаар савыг эвдэлж, гурил, талхыг нь хурааж аваад улсын санд төвлөрүүлж ядууст тараасан үйл ажиллагааг л ингэж нэрлэсэн гэж ойлгож болно. Хувийн өмчөө өгөхгүй гэж эсэргүүцэгчдийг шоронд хорихоос эхлээд газар дээр буудан хороох эрхийг онцгой комиссоос өгч байсан баримт зөндөө. Мэдээж оросын олон сая ядуусын хувьд ингэхээс өөр арга олоогүй биз. Харин Монголчуудын хувьд хэрхэн нөлөөлснийг бүү мэд. Нэгдэл, коммун гэж байгуулаад малчдын мал хөрөнгийг хүчээр хурааж нийтийн өмч болгосон шүү дээ. Ерэн оны ардчилсан хувьсгал хүртэл хувин хувингаар сүү саах мөртлөө өөрсдөө хар цай ууж, хот дүүрэн мал хариулдаг ч хоосон хонох энүүхэнд байсан тэр цаг үеийг хэлж байна. Дашрамд дуулгахад нэгдэл, хоршоолол тарах үед дарга нар нь хамаг хөрөнгө хогшлийг нь хувааж аваад жирийн гишүүд нь хоосон хоцорсон баримт аймаг, сум бүрт л бий дээ. Төр бодлогоор хурааж авсан, дараа нь бодлогоор тараасан юм чинь жирийн нэгдэлчдийн хохиролыг нөхөн барагдуулах л учиртай болов уу. Энэ бол жич яригдах сэдэв юм даа. Цагийн юм цагтаа л үйлчлээд өнгөрдөг юм хойно нөлөөлсөн л байлгүй яав гэж. “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэх зарчмыг л хүчээр тулган хэрэгжүүлсэн гэх нь ч бий. Өнөөдөр ч гэсэн манай нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоо яг энэ зарчмаар хуульчлагдсан байдаг. “Эв хамтын” гэж нэрлэдэг л дээ. За энэ бүхэн ч яахав өнгөрсөн цаг дээр бичигдэн түүх болсон сэдэв. Харин өдгөө дээрхтэй төсөөтэй зарим бодлого “шинэчлэл” гэсэн нэрийн дор хэрэгжиж буй нь цөөнгүй иргэдийн сэтгэлд нийцэн, талархалын үг унагааж байгаа ч бас түүнээс дутуугүй олон иргэдэд тийм ч таатай санагдаагүй гэдгийг дуулгах нь зүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн улс орнууд иргэдээ аж амьдралынх нь түвшин буюу сар, жилийнх нь орлогоос хамааруулан гурван зэрэглэлд ангилдаг. Дээд, дунд, доод гэж. Хар үгээр бол баян, ядуу, дундчууд гэсэнтэй адил утгатай юм. Тэгээд төрийн бодлогоор дундчууддаа гол анхаарлаа төвлөрүүлдэг. Яагаад гэхээр дундчууд хэдийгээр их хэмжээний татвар, орлого оруулдаггүй ч, төр засгаас элдэв зүйл нэхэж зовоодоггүй, нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө болгоод явдаг хүмүүс гэсэн үг л дээ. Хамгийн их гуйж гувшдаг, тэгсэн мөртлөө нийгэмд үгүй юм гэхэд ядаж өөрийнхөө төлөө ч гэсэн гар хөдөлгөх хүсэлгүй бүлэг хүмүүс аль ч улс оронд байдаг нь доод буюу ядуу гэгдэх давхрагынхны яамгүй хувийг эзэлдэг. Манайхаар бол “өвгөнтийнхөн”, “хогчид”, “ траншейныхан”, “тэнүүлчид” гэхчлэн янз бүрээр нэрлэдэг шүү дээ. Эдгээр хүмүүст юу ч өгөөд бараг л нэмэргүй. Тэд өгснийг идэж, ууж дуусгаад дахиад л нэхнэ. Тиймээс улс орнууд тэдгээр хүмүүсийг өөрийн орны иргэн, бас хүн гэдэг талаас нь хүндэтгэж өлсөж, хөлдөж, өвдөж үхэхээс хамгаалсан хүмүүнлэгийн арга хэмжээ авдаг юм билээ. Тухайлбал буяны байгууллагуудаар дамжуулан үнэгүй хооллох, хуучин хувцас тараах, түр хоноглох нийтийн байр гаргах, энэрэлийн эмнэлэг ажиллуулах гэхчлэн. Харин манайд бол арай өөрөөр ханддаг. Тэднийг Монголын ард түмэн хэмээн нэрлэнэ \ уг нь ард түмний хэсэг мөн л дөө \ . Сонгуулийн өмнөх жилд бол бүр ч илүү анхаарч УИХ-аар хэлэлцэн хууль гаргах ч энүүхэнд. Гэр мэр тараагаад л. Нөгөөдүүл нь гэрээ хүлээж аваа ч үгүй байхдаа л урьдчилаад зарчихсан байдаг гэсэн. Харин хүн амын гуравны хоёроос ч илүүг эзэлдэг дундчуудаа болохоор дэмжих нь байтугай амьдрал ахуйгаа дээшлүүлэх алхам тутамд нь саад тээг тавихыг яана. Элдэв лиценз, зөвшөөрөл нэхэж нэг зовооно. ТҮЦ, мухлагийг нь нурааж, хөөж бас тарчлаана. За тэгээд лангууных нь түрээсийг нэмэх, ачаа тээврийн хөлс, зээлийн хүү, гаалийн татварыг нь нэмэхээс авхуулан шахсаар байгаад нэг л өдөр доод давхрага буюу траншейныхны эгнээнд орохоос өөр гарцгүй болгоно.  Дээд давхрагад багтагсадын хувьд бол их өөр. Сайд дарга нар бүгд тэр давхрагад багтдаг болоод тэр биз ээ. Үндсэндээ бүх зүйл ногоон гэрлээр шийдэгдэнэ. Улсад их татвар төлдөг болохоор арга ч үгүй байх л даа. Ийм олон зовлон нуршсаны учир нь дээр цухас дурдсан “шинэ эргэлтийн” бодлоготой л холбоотой юм. Бүгдийг нь буруутгах гэсэнгүй. Мэдээж аливаа шинэ ажил бүр ямар нэг саадгүй шуудхан хэрэгжих нь үгүй. Жишээ нь хүний хувийн машинуудыг долоо хоног бүрийн нэг өдөр явуулахгүй байх шийдвэр байна. Гудмаар явган явж буй хүмүүсээс уг шийдвэр зөв бурууг асуувал бүгд л зөв гэх нь ойлгомжтой. Бас хэд хэдэн машинтай хүмүүс ч гэсэн буруутгахгүй толгой дохих нь тодорхой. Харин ганц машин арай гэж авсан, тэр дотроо нөгөө ганцаараа ажил амьдралаа залгуулдаг иргэдийн хувьд бол айхтар хүнд биш юм гэхэд чамгүй саад учруулдаг болохыг олон хүн хэлнэ дээ. Ялангуяа өвлийн энэ хүйтнээр дулаан гараажгүй хүмүүс нэг өдөр, хоёр шөнө дамнуулан гадаа машинаа зогсоож хөлдөөхөөс эхлээд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ хамар хацрыг нь хайруулан гүйлэх гээд зовлон их. Нийтийн тээвэр нь хүрэлцээтэй, тухтай бол ч бас яая гэхэв. Ядаж байхад явган хүний зам гэж авах юм байхгүй. Бөөн шороо, чулуун дундуур, хальтарч унан бэртэж гэмтэх, утаанд хахаж цацан алхах ямар олигтой байхав. Түр зуур юм даа л гэж тэсэхээс яалтай. Тэгсэн чинь ойрноос бүр ноцтой нэг “шинэ эргэлтийн бодлого” хэрэгжих сурагтай. Нийслэлийн гудамжаар долоо хоног бүрийн ням гаригт буруу талдаа жолоодлоготой машинуудыг явуулахгүй болох юм гэнэ. Ямар гээчийн хавчлага вэ. Нийслэлд бүртгэлтэй нийт машинуудын тал хувь нь буруу талдаа жолоодлоготой байдаг гэсэн судалгаа гарч. Мэдээж хэрэг тэдний ихэнх нь нөгөө л ганц машинтнууд, машинаараа ажил амьдралаа залгуулагчид байж таарна. Өөрөөр хэлбэл дундаж амьдралтай иргэд гэсэн үг. Зам түгжрэлгүй сайхан болох байх л даа. Сайд дарга нар хотын төвөөр 100 миллийн хурдтай давхиж, төр улсын ажлаа бүтээгээд л. Хөөрхий дундчууд яахав лангууныхаа бараа материалыг үүрч дүүрээд, хүүхэд, хөгшдөө ганц амралтын өдрөөр хүзүүн дээрээ мордуулаад ч юм уу эрүүл агаарт гаргана л биз. Уг нь хотын бохир агаараас холдоно гэвэл наад зах нь 30 км давхиж байж цагаан цас, цэвэр агаарын бараа хардаг гэсэн. Явган хүмүүс хаа холдохов. Цонх хаалгаа сайн хаагаад гэртээ нүүрсээ өрдөөд сууж таарна. Буруу талдаа жолоодлоготой машиныг цаашдаа хориглох гэж байгаа бол эхлээд хилээр ийм төрлийн машин оруулахыг хязгаарлах хэрэгтэй баймаар. Шийдвэр гаргагчид маань хүн амынх нь ихэнх бүр дор орчихоогүй ч дундаас доош түвшинд амьдардаг гэдгийг бодмоор л юм. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад” байна уу, эсвэл “будаач будаач гэхээр сахлаа будах ” гэгч болоод байгаа юм уу. Уг нь иргэдээ хохироож, “хэлмэгдүүлж” биш, тав тухтай амьдруулах талаас нь харж “шинэчлэл”-ийн бодлогоо хэрэгжүүлдэг бол зүгээрсэн. Одоо чинь машин тансаг хэрэглээ биш шүү дээ, ихэнх иргэдийн хувьд. Буруу жолоодлоготой машиныг нь бодлогоор хурааж аваад оронд нь нөхөн төлбөр болгож зөв жолоодлоготой машин тараах гэж байгаа бол ч өөр хэрэг. Хүний хувийн өмч хөрөнгийг төрийн нэрээр хурааж, хэрэглэхийг хязгаарлах нь хуучин коммунистуудын л хэрэглэдэг үндсэн арга биз дээ. Хойт Солонгос болон Хятадад л үе үе иймэрхүү арга хэрэглэдэг гэсэн. Манайх чинь ардчилсан улс биз дээ. 

Олхонууд ШААБАР

Коммунист засаглал ид эрчимжиж байх үед буюу гучаад онд байх “Шинэ эргэлт...

Уншсан: 1658 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Нэг өдөр бүгдээрээ хөл нүцгэн явцгаая л даа
2013.01.29
Он солигдох мөчид олигтой нэвтрүүлэг үзсэнгүй
2013.01.04
“Буузан дотор булхай, хуушууран дотор хулгай бий”
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011