Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Хүүхдээ гэдэггүй нийгэм
[ Нийтлэлч: Лувсандорж ]
2013.02.20
“Хүүхдийг золиослоно оо”  гэдэг энэ улсад цай уух лугаа адил их түгээмэл.  Эгэл томчууд нь тэднийг дорд үзэж тохуурхан золиослоно. Ноёд томчууд нь тэднээр мөнгө хийж золиослож тохуурхана. Хүүхдийн тохуурхал, золиос энэ нийгэмд ийм их түгээмэл. Энэ нийгэм тэгэхээр “хүүхдээ л” гэдэггүй нийгэм.
Хөдөөд морь аргамжуулах хүүхэд гэж байхад хотод хөлөө хучуулах хүүхэд гэж бий. Хайртайгаа нотлох хүүхэд гэж байхад өшөө авах хүүхэд гэж ч бас байна. Мөнгө хийх хүүхэд, мөнгө хийлгэх хүүхэд ч гэж мөн байх болж. Хурдан морины хүүхэд, хүүхдийн мөнгөний хүүхэд, шатрын хүүхэд, олимпиадын хүүхэд, уран нугаралтын хүүхэд, за тэгээд аав, ээжийнхээ карриегийг өсгөх, өнгөлөх хүүхэд ч гэж  бас байна.  Хөрөнгөтөн болгох хүүхэд, ерөнхийлөгч болох хүүхэд  гэж ч бүр төрсөөр. Дур хүрвэл олж тоглодог, дургүй хүрвэл алж тоглодог авортын хүүхэд гэж мөн байна, бүр олоон байна,тэд. Гаргаад хаячихдаг хүүхэд ч гэж бас дуулддаг боллоо. Эгэл томчууд хүүхдээр энэ нийгэмд ингэж их тохуурах, мөн золиослох.  Гунигтайяа.
“Хүүхдээр мөнгө хийнэ” гэж  хөөрхийлэлтэй нэг бизнес байна. Хэл ам дагуулахгүй хамгийн хялбар бизнес ч гэх. Хийхэд хамгийн хялбар авилга ч гэх. Хүүхэд одоохондоо тэмцэж үл чадах учраас  тэр гэнэ. Ийм л учраас ноёд томчууд тэднээр мөнгө хийж их тохуурхах. Бас их золиослох. Харамсалтайяа. 
Үдийн цайны бизнес аймаар бизнес дээ.  Эхлээд хогон хоол шахаж, шар түгээж тоглоно. Эцэстээ шарын вакцин шахаж, амь нас, амьдралаар нь тохуурхаж тоглоно. Энэ бизнес ийм л аймаар бизнес, аймаар золиос, аймаар тохуурхал. 
Сурах бичгийн бизнес  бурангуй бизнес болж. Эхлээд, юуг сурах бичиг гэдгээ ч үл мэдэх нэгнээр түүнийг бичүүлж,  сургах бичгийг мурих бичиг, бурангуй бичиг болгон тохуурхана. Авилгалын гай, шуналын гай л юм.  Монгол хэлний хичээлээр энгийн өгүүлбэр ч үзэж амжаагүй нялхасын математикийн сурах бичгийг хавсарсан нийлмэл өгүүлбэрээр, мэдэх мэдэхгүй шинэ үг, хэллэгээр бичиж, муриж бурангуйлна, бурангуйлна мурина.  Өөрөө  зүгээр л сурахчих сурах бичиг ингэж л энэ улсад өрөөлтэй нийлээд ч сурч үл болох муруй бичиг, бурангуй бичиг болох.  Ийм бичгийг судалсан нялхас бүр  буруу, муруй, бурангуйн дор гуниж суух, бүлтгэж суух. Гэмгүй мөртлөө гэмтэй юм шиг л тэд “би л муу, би л  сурч чадахгүй юм байна” гэж нялхаараа гуниж өтөлнө, өтөлж гунина. Сурах бичгийн бизнес ийм л  бурангуй бизнес, бурангуй тохуурхал, бурангуй золиос. 
Нэгдсэн шалгалтын бизнес үнэнхүү улайрсан бизнес дээ. Их дээд сургуулийн хийх ёстой ажлыг төрийн том ноёд нь булаан авч хүүхдийн сурах хүсэл тэмүүлэл бүрийг мөнгө болгож авилгажина. Шалгалт бүрийг мөнгө болгоно. Мөнгөжихийг тулд шалгана. Шалгахдаа нэгдсэн шалгана. Зөвхөн нэг долоо хоногт гэхэд хэдэн арван тэрбум төгрөг улсын ч юм шиг, хувийн ч юм шиг  (Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв)  байгууллагын дансанд цугларах. Энэ мөнгө хайчдаг бол оо.  Мөнгөнд улайрсан энэ бизнесийн улайрсан шуналд гэмгүй хүүхэд эцэстээ хүслээрээ, тэмүүллээрээ, мөнгөөрөө, хөлсөөрөө их хохирч золиослогдон тохуурхагдах нь, тохуурхагдаж золиослогдох нь мөн ч олон доо. 11 жил хөлсөө ургаж сурсан хүүхэд нэгдсэн шалгалтын тэр нэгэн гайтай мөчид очиж амжиж чадаагүй л бол насаараа хохирч үлддэг. Хүүхдийн 11 жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлийн дүн авилгажсан нэгдсэн шалгалтын нэг цагийн ч цэнэгүй болж буй нэгэн бодит жишээ энэ. Нэгдсэн шалгалт ийм улайрсан бизнес, улайрсан тохуурхал, улайрсан золиос.
Сурагчийн дүрэмт хувцасны бизнес ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес дээ.  Коммунизмийн сургуульд сурагч гэдэг хүүхэд гэхээсээ илүү цэрэг. Тэдний үзэл нэг, үйл нэг, хувцас нэг, үг нэг. Ийм учраас  сурагч бүр ижил хувцастай, дүрэмт хувцастай байх нь тэнд жам. Харин “хүүхдийн эрх, эрх чөлөөг адил тэгш хүндэтгэх, хангана”  гэх ардчилсан сургуульд хүүхэд цэрэг гэхээсээ илүү хүн, хүмүн юм. Тийм учраас тэд идэх хоолоо төдийгүй өмсөх хувцсаа том ноёдоор бус харин өөрийн бүлээрээ шийдэж байх нь ардчилал, үнэт соёл, чин зам. Гэвч авилгалжсан ардчилалын үеийн сургуульд сурагчийн дүрэмт хувьцас гэдэг сайхан ашиг, амархаан авилга аж. Авилгажсан ардчилалын үед сурагчийн дүрэмт хувцсыг коммунд нийлүүлэх бизнес нь ингэж ардчилсан коммунист, коммунист ардчилсан бизнес болж хувирна. Дүнд нь гэмгүй хүүхэд дэмгүй хувцас нөмрөн тохуурхагдан золиослогдоно, золиослогдож тохуурхагдана. 
Вакцинжуулалтын бизнес үнэхээр балайр бизнес дээ.  Баталгаатай вакцин гэж үнэндээ байхгүй. “Яахав, 1000 хүнд туршихад 10 үхэж магадгүй” гэх итгэл, зүйрлэл байх. Туршаад үзэхэд иймэрхүү байсан л гэх.  Гэвч хорвоогийн аль нэг газрын ямар нэгэн хүнд туршсан тэр бодис монгол хүүхэд яг таарна гэдэг нь даанч баталгаагүй. Харин түүнийг хэдэн зуун мянган ширхэгээр нь бөөнөөр нийлүүлэх бизнес  ашигтай нь болох  даанч баталгаатай. Хүүхдийн ванцинжуулалт энд ингэж л баталгаатай ашигтай балайр бизнес болдог. Дүнд нь гэмгүй хүүхэд амиараа, эрүүл мэндээрээ дэнчин тавьж золиослогдоно тохуурхагдана.
Хүүхдээрээ тохуурхдаг, тэднийг золиослодог нийгэм хүмүүнлэг нийгэм биш. Хүүхдээ гэсэн нийгэм бүр ч биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм хүний нийгэм огт биш. Хүүхдээ гэдэггүй нийгэм ер нь нийгэм биш, харин чонон сүрэг шиг хүн сүрэг, дарвинжсан  сүрэг.

Ц.Лувсандорж
2013 оны 2 дугаар сарын 19-ны өдөр

“Хүүхдийг золиослоно оо”  гэдэг энэ улсад цай уух лугаа адил их...

Уншсан: 1047 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Төгсөгчийн гоморхол
2015.06.08
Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч...
2015.01.26
Би хэн бэ?
2013.10.28
Диваажин бодит
2013.09.30
Хийрхлийн өдөр
2013.09.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011