Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Ногоон бодлогын хэрэгжилт ба "Хурдны зам"
[ Нийтлэлч: Оюунчимэг ]
2013.09.02
Монголын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөгчид ӨМӨЗО-нд зочлохдоо Хөх хотоос гадна Бугат, Ордос хотуудтай танилцахаар хурдны замаар аялсан юм. Мэддэг юм шиг атлаа огт мэддэггүй Өвөрмонголд хийсэн бидний аялал шинэ содон бүхнээр дүүрэн байсан билээ.

Хөх хотоос гарч, хурдны замаар давхиж явах зуур замын хажуу талаар жирийтэл тарьсан 50 см-аас нэг метр орчим өндөртэй модны суулгацууд сул газар нэгийг ч үлдээлгүй ургасан харагдах нь гайхмаар. Хурдны зам барихаар төлөвлөгдсөн газруудад суулгац тарих ажлыг зам тавихаас гурван жилийн өмнө эхэлдэг гэсэн нь үнэн бололтой. Ийнхүү тариа, ногооны талбайгаас бусад бүх газрыг ногоон бодлогод хамруулж, цөлжилтийн эсрэг тэмцлийн талбар болгожээ. Хааяа нэг сул хөрс харагдахад нь ажиглавал бүхэлдээ элс байх агаад, үзвэл цөлжилттэй ийнхүү тэмцэхээс өөр аргагүй хэмжээнд хүрсэн бололтой. 

Замын дагуу таарах хот, сууринд амьдрагсдын өдөр тутмын амьдрал ажил хөдөлмөрөөр нэн баялаг. Замын хашлага, төмөр замын дэрийг хүртэл хийгээд нийлүүлэхээр бэлдэн жирийтэл өрсөн байхыг хэд хэдэн удаа харав. Түүнчлэн хурдны замд тээвэр хийж буй жолооч нарт зориулсан хоол, жимс ногоо зарах үйлчилгээ эрхлэгчид ажлаа дугуйгаар болон гурван дугуйтай ердийн хөсгөөрөө амжуулж байх нь элбэг тааралдана. Хүлэмжтэй нь хүлэмжиндээ мод, цэцэг, ногоогоо тариад хэрэгцээт газар нь нийлүүлдэг болов уу гэмээр тэр чигээрээ хүлэмжнээс бүрдсэн хороолол ч харагдав.

Байгалиас элс, хайрга олборлож буй үйл явцыг нь харахад, олборлолт хийж буй газрынхаа ерөнхий тогтцыг эвдэхгүйгээр бага зэрэг дутуу үлдээгээд, олборлолт хийснийхээ дараа сул газар үлдээлгүй модны суулгац тарьж орхидог уламжлал тогтсон нь ажиглагдлаа. Уйгагүй хөдөлмөрлөснийг нь харвал бахархмаар, удаан хараад байвал бачуурмаар тэр их моддыг тарьж ургуулахад ямархуу хэмжээний ажил явагдаж, хичнээн хүн хөдөлмөр зүтгэлээ зориулсан бол оо гэж бодогдоно.

Хурдны замын 100 км тутамд амралтын бүс байгуулжээ
 Хот хоорондын хурдны замыг хоёр урсгалтайгаар байгуулсан байх ба нэг урсгал нь гурван эгнээтэй аж. Хурдны зам дээр 80-100, 100-120 км/цаг хурдалж болох бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор автобус, том ачааны машинууд хүртэл нэгэн зэрэг зорчдог ажээ. Хурдны замын гадаргуу дээр тод ногоон, улаан, цагаан өнгөөр ялган зурсан тэмдэглэгээ нь шулуун явах болон эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох, хурдаа сааруулах, хурдаа нэмэх газруудыг зааж өгсөн байх ба хааяа нэг таарах замын хажуугийн том самбарт үйлчилгээний цэгт хүрэхэд хэдэн километр дутуу байгааг, мөн жолооч нарт үүрэглэхгүй байхыг анхааруулсан, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан тэмдэглэгээнүүдийг энгийн ойлгомжтой зураг дүрс, тоо, товч мэдээлэл хэлбэрээр байршуулсан харагдана.

Аюулгүй байдлын үзүүлэлт хурдны замд нэн чухал учир зам дагуух уул толгод, жалга довны зам руу харсан ханан хэсгүүдийг нь нэгд нэгэнгүй барилгын материал болох цемент чулуун шигтгэмэлээр бэхжүүлэн хатууруулж, хурдны зам руу санамсаргүй байдлаар шороо чулуу өнхрөн орох болон усанд идэгдэхээс нь хамгаалсан харагдана. Хурдны замын дагуу 100 километр тутамд амралтын нэгдсэн төвүүдийг зорчигчдод зориулан байгуулжээ. Замын хоёр талын урсгалд зориулан яг ижил хэмжээнд байгуулагдсан энэ төвүүдэд ойрын хэрэгцээний бараатай жижиг дэлгүүр, кафе, хоолны газар, нийтийн бие засах газар, эмнэлгийн үйлчилгээний цэг, авто засварын үйлчилгээ, цагдаагийн пост зэргийг байршуулсны зэрэгцээ бүх төрлийн тээврийн хэрэгслүүд зогсож, бүр хонож болохуйц хангалттай том зай бүхий авто зогсоолыг замын тэмдэглэгээ, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг чимэглэлийн хамт байгуулсан нь зөв шийдэл болсон ажээ.

Хурдны зам дагуух гэрэлтүүлгийг нар, салхины эх үүсвэрээр бүрэн шийдсэн байх бөгөөд замыг бүрэн хяналтад байлгахуйц хэмжээнд, тодорхой зай бүрт замын хөдөлгөөн бүрэн харагдахуйц хэмжээнд хяналтын камеруудыг байршуулжээ. Камерууд тодорхой цаг бүрт тээврийн хэрэгслүүдийн зургийг авч баримтжуулдаг болох нь ажиглагдсан. Байсхийгээд л таарах шалган нэвтрүүлэх цэгүүдэд замын хураамж болох 20-40 гаруй юань-ийг төлөх бөгөөд энэ нь хурдны замыг арчилж тордоход зарцуулагддаг гэнэ. Түүнчлэн замын цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд үе үе таарч, тээврийн хэрэгсэл бүрийг бүртгэн авч, автобусны зорчигчид суудлын бүсээ бүсэлсэн эсэхийг шалгаад, ямар чиглэлд явж байгааг нь тэмдэглэн авч байлаа.

Хурдны зам дээр ямар нэгэн осол болоход богино хугацаанд зам чөлөөлж, тээврийн хэрэгслийг зохих байршилд нь хүргэх үүрэгтэй тусгай компаниуд ажилладаг гэнэ. Ачааны машины нэг ийм осол, түүнийг замаас зайлуулж буй дүр зурагтай бид таарахад, орчуулагч маань бидэнд ийнхүү тайлбарласан юм.

Урд хөршийнхөн цахилгаан станцын нүүрсээ зөөж байна
Монголоос урагш нь нүүрс зөөж, тал нутгийн хөрсийг орвонгоор нь эргүүллээ хэмээн ад үзэгддэг том ачааны машинууд цуваа цуваагаараа нүүрс зөөгөөд явж байхтай таарав. Хичнээн километр үргэлжилж байгаа нь үл мэдэгдэх, зах хязгаар нь үл харагдах нэгэн ийм цувааг бид Бугатаас Ордос явах замд харсан билээ.
Манай монголчууд өвлийн улиралтай өрсөлдөн цахилгаан станцынхаа нүүрсийг зөөж сүйд болдог бол, нүүрсний орд газраар баялаг өвөрмонголчууд энэ ажлаа улирлын дулаанд амжуулдаг ажээ. Нүүрс зөөж буй машинууд ачаагаа хучиж, тэвшээ бүрэн хааж бэхэлсэн битүү бүтээлэгтэй харагдана. Ачаагаа хэтрүүлэн дүүргэж, овойтол нь ачсан нэг ч машин байсангүй. Бүх машин жигд ачилттайн дээр, нэг цуваагаар, хурдны замын хамгийн хөл хөдөлгөөн багатай урсгалаар тээвэрлэлт хийж байгаагаас нь үзвэл, төлөвлөлттэйгээр явагдаж буй ажил болох нь илт.

Замын туршид бүтээн байгуулалтынх нь цар хүрээг ажиглаж, зөвхөн хурдны зам төдийгүй гүүрэн зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамыг хаана л бол хаана, тэр ч байтугай уулын орой дамнуулаад барьж байгуулчихсаныг нь харахад гайхалтай санагдсаныг нуух юун. Хамгийн хариуцлагатай бөгөөд ажилсаг хүмүүс бол цагдаа, байцаагч нар нь юм байна хэмээн бид ярилцаж явлаа. Хүн нэг бүр хичээж чадваас, зорьсон бүхнээ бүтээх боломж нь хорвоо дэлхийн хаана ч нээлттэй байдаг ажээ.    

Ц.ОЮУНЧИМЭГ

Монголын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөгчид ӨМӨЗО-нд зочлох...

Уншсан: 2186 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Үндэсний соёлын хэрэглээ ба "Ухаалаг" хот
2013.09.02
21 дүгээр зууны асуудал эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байна
2013.09.02
Эрчимжсэн мал аж ахуйн ирээдүйн дүр төрх ийм ажээ
2013.09.02
Эмэгтэйчүүд улс төрд байх таван шалтгаан
2012.04.12
Би өөрөө гар бие оролцъё
2012.02.28
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011