Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Төгсөгчийн гоморхол
[ Нийтлэлч: Лувсандорж ]
2015.06.08

“Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа мартахгүй” хэмээн эгшиглүүлэн дуулж явсан тэр цагийн залуу сэхээтний энэ цагийн үргэлжлэл хөөрхий төгсөгч хонхны баяргүй болсондоо хорсож гомдоогүй ч,  төгссөн ч төгсдөггүй шалгалтын их эргүүлэгт орчихсондоо гоморхон  суух.  Итгэж өгдөггүй төртэй, эдлэж болдоггүй дипломтой байгаадаа гуниж явах, тэд.

Энэ цагийн гоморхсон энэ төгсөгч тэр жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын золиос юм, хөөрхий. Арван хоёр жилийн турш дуслуулсан  хүүхдийн хөлсийн хэмжээ, багшийн зүтгэлийн илэрхийлэл болох явцын үнэлгээ, дүнгийн дундажийг төр элсэлтийн ерөнхий  шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр  хоёрхон цагийн дотор л үгүй хийдэг юм. Бодит байдлын хуурмаг энэ үгүйсгэлээр төгсөгч хүүхэд бүр их хохирч үлддэг,золиослодог.

Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө энэ шалгалтын босгоор чөдөрлүүлж, нэг насаараа хохирсон нь цөөнгүй, хөөрхий. Арван хоёр  жилийн сурлагын амжилтаа энэ шалгалтын алдаатай бодлогоор баллуулж ард үлдэж ард болсон нь олон, хөөрхий. Арван хоёр жилийн турш амжилт олоогүй нэгэн элсэлтийн ерөнхий шалгалтаар гэнэт их тодорч гаргах нь бас их элбэг. Аз таарсан л гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт гэгч энэ хийрхсэн бодлого нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхалын дүнд нэг хэсэг нь долоохон хоногт тэрбум тэрбумаар мөнгө хийж хөлжих байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч дуулах  тэнхээгүй урвайж суух. Ийм даамжирсан урвайлт, бас энэ талын бүх  дарамтыг дааж үл чадсан  нь   энэ амьдралаас өөрсдөө яваад өгдөг бодит тохиолдол энд тэнд элбэг.  Өмнөд солонгос улсад ийм залуус үсэрч амиа золиослодог гүүр байхад Энэтхэг улсад ийм залуус боож амиа егүүтгэдэг уул бий. Тэдний үлдээсэн зурвас дотор “биднийг хайрлаж бай” гэсэн үг бас бий. Энэ байдал энэ улсад ингэж даамжирвал үр дүнд тиймэрхүү нэг газар удахгүй бий болох юм байгаа биз.

Мэргэжлийн багшийнхаа арван хоёр жилийн турш хийсэн мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт,шалгалтын дүнд итгэж өгдөггүй яасан ч хартай төр вэ, энэ засаг. Арван хоёр жилийн турш боловсорсон хүүхдийн урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний цэнэ болсон энэ гэрчилгээ нь яасан ч үнэгүй, жингүй  цаас вэ?

Энэ цагт гомдсон тэр төгсөгч ирэх намрын ажлын эрх олгох шалгалтын золиос юм, хөөрхий. Цэл залуу хүний дөрвөн жилийн турш дуслуулсан хөлс, хөдөлмөрийнх нь хэмжээ, профессор багшийн их зүтгэлийн илэрхийлэл хийгээд сургалтын төлбөрийн төлөөс нь болох голч дүнгийн цэнг төр ажлын эрх олгох шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр ганцхан өдөр л үгүй хийдэг юм. Бодит үнэлгээний хуурмаг энэ үгүйсгэлээр дөрвөн жилийн турш профессороор шалгуулж сая нэг төгссөн төгсөгч бүр  их  хохирч үлддэг, золиослодог.

Төгссөн  ч төгсгөдөггүй шалгалтын ээлжит энэ давааг даваагүй нь ажиллах эрхгүй, хэзээ ч ажиллахгүй гэж бодохоор тэр төгсөгч хөмсгөө зангидан хүрлийж суух нь аргагүй юм, хөөрхий. Гоморхож суух нь ч зөв юм, эвий. Бас аргаа ядан найман мянган сорил бүхий номыг сураглаж явах ч  буруу бус, хөөрхий. Ажлын эрх олгох шалгалтыг алийгаа алдаад ч болов давах тухай буруу бодол өөртөө ургуулахыг нь буруутгаад юухэв, хөөрхий.  Бас өөрийгөө төдийгүй өрөөлийг бодон ерөөсөө нэгдэн тэмцэх гэж зорьж буйг нь нухчин дараад ч юухэв,  хөөрхий. Дөрвөн жилийн турш сурлагадаа амжилт олоогүй нэгэн ажлын эрхийн шалгалтаар гэнэт тодорч гаргах  бас бий. Аз таарсан л гэх.  Ажлын эрх олгох шалгалт гэх хүнийссэн энэ бодлого нь багш мэргэжлээр төгсөгчдөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхлын дүнд нэг хэсэг нь нэг өдөрт  сая саяар  мөнгө хийж хөлжиж байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч аялах тэнхээгүй урвайж явах.

 Их сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, үнэлгээ, дүгнэлт, шалгалт, дүнд итгэж өгддөггүй яасан ч харлаган төр вэ, энэ засаг. Дөрвөн жилийн турш мэргэшсэн цэл залуу хүний урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн төлөөс болсон энэ диплом яасан ч үнэгүй, цэнэгүй цаас вэ?

Энэ цагт гундсан энэ төгсөгч ирэх хаврын багшлах эрх шалгалтын эзэд юм, хөөрхий. Аз таарч ажлын эрхийн шалгалтыг давах нь арав хүрэхгүй хувь, тэднээс ажилд орох нь үндсэндээ нэг хүрэхгүй хувь. Ажил олсон энэ нэг хувьд үнэндээ алдарт шалгалтуудын дүн их бага, харин арын хаалга, авилга л их нөлөөлсөн байх. “Шалгалтын эргүүлгийг давлаа ч,  яг ажилд ороход, эцэстээ, дор хаяж 2-3 сарын цалингаа захиралдаа барьцаа болгож барьдаг жишиг зэм биш бүр зам болчихсон байна, багшаа”  гэхийг гоморхсон төгсөгчдөөс сонсох нь тун энүүхэнд, бас элбэг, энэ цагт.

 Багшлах эрхийн шалгалтыг давсан нь дахиад дахиад л шалгуулна. Энэ бол журам.  Нэг нь “шалгана, шалгана, шалгана”  гэж айлгасаар, нөгөө  нь “шалгуулна, шалгуулна, шалгуулна”гэж сандарсаар аль нь ч угтаа ажлаа онож хийхгүй хийрхэж байх. Дүнд нь монголоороо муу сурдаг.Улсаараа улсын шалгалтандаа унадаг угшилтай болчихсон байх (Математик, монгол хэл хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын  сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л 30 хувьд ч хүрэхгүй байгаа биз дээ, жишээ нь). Энэ нь бодлогын дэмийрэл боловсролын дампуурлын нэгэн гэрч юм.

Хүүхдийн арван хоёр жилийн турш дуслуулсан хөлснийх нь үр, зүтгэлийнх нь бодит жин болсон явцын үнэлгээ, дүнгийн дундаж, багшийн тодорхойлолтыг үндэслэн эссэ төдийхнийг нэмж түүнийг их дээд сургуульд элсүүлэх эсэхийг шийддэг нь дэлхийн нийтийн жишиг юм даа, уг нь. Гэвч доройтлын үеийн монгол төгсөгч дэргэдэх сургуульдаа ч элсэж чадахгүй, элсэх бүү хэл, элсэх өргөдөл ч гаргаж чадахгүй болтлоо тохуурхагдаж байх. 

Цэл залуу хүний дөрвөн жилийн хөдөлмөрийнх нь хэмжээ, цэнэ нь болсон сурлагын амжилтын голч дүн, профессор багшийнх нь тодорхойлолтыг үндэслэн ярилцлага төдийхнийг нэмж төгсөгчийг ажилд авах эсэхийг шийдэж болдог нь соёлт хүмүүний нийтлэг соёл юм даа, үнэн нь. Гэвч доройтлын үеийн монгол сэхээтэн дэргэд байгууллагаасаа  ажил асуучих боломж үгүй болтлоо тохуурхагдаж байх. Энэ бүхэн хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн үнэн шинж огт биш. Харин төрийн алба,  түүний эрх мэдлийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглах нь гэм биш, харин зан, зарчим болчихсон энэ нийгмийн алийгаа алдсных нь бодит нэгэн авир.

Ийм нэгэн цагийн хөөрхий төгсөгчийн гоморхолыг эргэцүүлж  нэг сайн үз. Хүүхдийн арван хоёрын жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний үнэ болсон энэ гэрчилгээгээ цэнэтэйд тооцоод нэг үз. Мэргэжлийн багшийн арван  хоёр жилийн турш  хийсэн ажиглалт, шинжилт, оноошлогооны үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг үз. Ерөнхий боловсролын сургуульдаа ер нь найдаад нэг үз.

Цэл залуу хүний дөрвөн жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн  төлөөс болсон энэ дипломоо үнэтэйд нэг тооцоод хар. Их дээд сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, оношилсон оношлогооний үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг хар.  Их, дээд сургуульдаа бас найдаад нэг үз.

Төрийн бодлогыг төгрөг мөнгөний төлөө бус, харин төгсөгчийн сайн сайхны төлөө ашиглаад нэг үз.

Төгсөгчийг итгэж болдог төртэй, эдлэж хэрэглэдэг дипломтой болго. Тэднийг төгссөн ч төгсдөггүй шалгалтын тэр эргүүлгээс салгаж нэг өг. 

Залуус гоморхож суух бус, харин төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа дуулж яваг.

Ц.Лувсандорж
2015 оны 6 дугаарын 7-ны өдөр
 

“Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа мартахгүй” хэмэ...

Уншсан: 63923 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч...
2015.01.26
Би хэн бэ?
2013.10.28
Диваажин бодит
2013.09.30
Хийрхлийн өдөр
2013.09.02
Залуухан хөгшид
2013.08.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011