Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Улз голын алаг тэмдэглэл
[ Нийтлэлч: Даваадаш ]
2011.10.27
Зуны  эхэн сар гарсан ч хаврын араншинг хэвээр хадгалан, жихүүн хавсаргатай  цас бороотой ороо бусгаа энэ өдрүүдээр бидний хэдэн нөхөд Дорнодын баруун хойд нутаг Баян-Уул, Баяндун, Цагаан овоо, Улз голын хөндийгөөр яваад ирлээ.
Эдгээр нутаг нь Агын буриад зоны он удаан жилээр амьдран сууж ирсэн нутаг аж. Энэ нутагт Зүүн Хэнтий нурууны салбар болсон тэгш оройт намхавтар уул толгод, уудам хөндийнүүд голлоно. Сибирийн өмнөд хэсгийн нарс, хусан ой голлож,  голын хөвөө хөндий, бэлээр бургас торлог битүү ургадаг аж. Хөрс нь булхир зөөлний  дээр өвөлдөө цас, зундаа бороо их орох учир өвс ургамлыг гарц гойд сайн юм. Харин өнөө жилийн хувьд өвөлдөө цас бага унаж, одоогоор бороо ороогүй учир нилээд хуурайшиж, түймрийн аюул нүүрлэсээр байна. Биднийг явж байх үед Баян-Уул, Баяндун сумын нутагт 2 ч өдөр түймэр гарч уул хөндийг  дамжин оволзож багагүй гамшиг тарилаа. Харин ч нутгийн буриад олон түймрийг унтраах, цурманд оруулах талаараа нэлээд гаршсан шинжтэй. Баян-Уул сумын засаг дарга Амгалан хүмүүсээ дайчлан хонуут өнжүүтээр явж ууланд гарсан түймрийг арайхийн цурманд оруулаад ирж байхад нь бид уулзсан юм.
Засаг дарга: - Хуурайшилт ихтэй тун хүнд байна. Ялимгүй болгоомж алдахад л түймэр гараад байна. Бороо цас ахиухан орчихоосой гэж бүгд л  хүсэх боллоо. Нутгийн хүмүүс Баян-Уул хайрханаа тахья гэж санал тавьсан учир маргааш зуны эхэн сарын 15 –нд тахихаар шийдсэн. Хайрхан маань нэг үүл татах байгаа гэж ярьж суулаа. Агын буриадын шүтээн болсон Алхан хайрхныг хамт  жил бүр 6-р сард тахидаг байснаа өнөө жил эрт тахихаар шийдсэн  нь энэ  аж. Баян-Уул суманд хэдийгээр түймэртэй байсан ч биднийг очих үед даага, шүдлэн, хязаалан, соёолон морьдын уралдаан болж нэлээд хөлтэй байлаа. Энэ уралдаанд Баяндун, Цагаан овоо, Эрээнцав, Матад зэрэг сумдаас морь ирсэн бололтой. Бага насны морьдын байдлыг харахад өндөр зэгзгэр биетэй, дэл сүүл шингэн, гадны адууны цустай болов уу гэмээр ч  бярлаг, хурд сайтай шинжтэй. Нөгөө алдарт тогоруу халтрын угшил  гээд тоолбол Баян-Уул, Баяндунгийн нутагт хурдан буян арвин бололтой. Хурдны энэ гайхамшигтай угшилийг нь эрт мэдсэн алдар уяач Онон, Эрдэнэчулуун нар энэ нутгаар байнга явж хурдан удмын морь сонирхож улмаар худалдаж авдаг бололтой. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар хурдан сайн морь 18-20 сая хүрч байгаа аж. Бид дээрхи бага насны морьдын уралдааныг үзсний дээр соёолон морьдын түрүү, аман хүзүүг мялаагаарай гэж Улсын заан Батзоригийн явуулсан 500 мянган төгрөгийг зохих ёсоор нь гардуулсны дээр бидэнтэй хамт явсан  “Нутгийн буян” ХХК-ийн захирал Д. Давааноров, “Далай орших” ХХК-ний захирал Л. Бат-Орших, “Уянга итгэл” ХХК-ний захирал Л. Уламбаяр тус бүр нэг насны түрүү, аман хүзүүний морь байлж, нутгийн уяачдад халуун алгаа дэлгэлээ.
Энэ нутгаас улсад удаа дараа хурдан хөлгөө уралдуулдаг уяач төрөөгүй ч зүүн аймагтаа  алдартай Цолмон, Баттөмөр, Батхүү, Хүрэлчулуун, Төмөрхүлэг зэрэг уяачид байна. Энэ удаагийн уралдаанд уяач Цолмонгийн уясан 4 нас дөрвүүлээ айрагдаж нутгийн олноо бясгаж байв. Сумын уяачдын холбооны тэргүүнээр саяхан Төмөрхүлэг гэдэг залуу уяач сонгогджээ. Нутгийн уяачдаа улсын наадам болон бусад аймаг сумдын томоохон уралдаануудад оруулах зорилго тавьж байгаа  гэнэ.
Бидний хамт Өвөрхангай аймгийн алдарт уяач,  Уянга сумын уяачдын холбооны дарга Д. Давааноров явсан учир цаашид хамтран ажиллах талаар Төмөрхүлэг тэргүүн санал тавьж байлаа. Энэ саналыг Д. Давааноров тэргүүн баяртай хүлээн авч 7-р сарын 15-16 - нд болох сумынхаа 80 жилийн ойн морьдын уралдаанд хурдан хүлэгүүдтэйгээ очиж хөгжөөхийг хүсэн урилга,     заллага ирүүлнэ гэж амлав.
Үнэндээ төв халхын уяачид энэ нутгаас хурдан угшлийн адуу худалдан авахаас гадна адуулан  маллах, угшлийг сайжруулах, шинжиж таних гээд яривал суралцах зүйл их байх шиг санагдсан. Энд тэмдэглэхэд Баян-Уул сум нь адуугаар “амьсгалдаг” нутаг юм. Сумын төвд хашаандаа адуугүй айл бараг алга. Морь унасан хүүхэд залуучууд давхилдах нь монголын ахуйн амьдралын зургийг илтгэж нүд баясгана.  Уяж сойсон хүлэг морьдыг нь харахад угаас адууны дэргэд өссөн бидний сэтгэлийг хөвсөлзүүлэх нь хачин. Хөдөөгийн малчин айлуудын адууны хашаа, өвс тэжээл нь  фермерийн аж ахуйн шинжтэй. Адуугаа 4 цагийн эргэлтэнд арчилж хамгаалж, хүч шандас суулгадаг “холцоогүй” монгол эрдэм энд л байна. Ер нь хөдөөдөө дан ганц адуундаа төдийгүй үхэр малдаа гойд сайн хашаа саравч, өвс тэжээл бэлтгэдэг нь нүдэнд илхэн. Энэ нутагт харин хонь ямаа ховор, тэмээ бараг байхгүй бололтой. Бид хэд хэдэн залуу малчдынхаар орж хашаа саравчийг нь сонирхсон юм. Хашаа саравчны туурга зэргийг нойтон мөчир, бургас зэргийг арай бүдүүвтэр 4-5 дэр модонд дэвхдэн хийж үхрийн нойтон баасаар завсаргүй шавж, салхи шуурга орох зай завсар, нүх сүвгүй болгожээ.
Саравчны дээврийг намхан хийж, мөн л битүү хучиж хийсэн байлаа. Өдийд хашаа саравчныхаа бүх бууц, малын баасыг нэгд нэгэнгүй хусаж цэвэрлэн мал хотлуулдаг гэмээргүй болгож газрын хөрсийг нь гаргажээ. Ингэж байнга цэвэрлэдэг учраас газрын хөрс нь эрүүл, хотон дундаас нь нялх ногоо цухуйж харагдана. 30 орчим насны малчин залуу Баяраа бидэнд аж амьдралынхаа тухай ярьж хашаа саравчаа үзүүлж явснаа “хотын улс махны мал авч магадгүй”  гэж бодсон уу “би хязаалан, бүдүүн нийлсэн 13 үхрийг 8.5 сая төгрөгөөр худалдмаар байна” гэж ярилаа. Тэр залуу 100 орчим үхэртэй гэнэ. Тэр өөрийгөө “би цөөхөн үхэртэй. Манай суманд 500-600 үхэртэй айлууд бий” гэж ярилаа. Баяраагийн ярьснаас энд идэшний үхэр 600-700 төгрөгний үнэтэй бололтой. Тэднийх 20 гаруй үнээ саадаг бөгөөд өдөрт 200 гаруй литр сүү авч машиндан цөцгийг авах юм уу, алтны уурхайнханд нийлүүлдэг аж. Баяраа гаднаа шинэвтэр “портер” машин тавьсны дээр мотоцикл  хөлөглөн давхиж байгаа зэргээс харахад амьдралаа тун  давгүй авч  явуу залуу шиг санагдсан. Баяраагийнхаас ойрын холд Ханан, Өвөлжөөт, Баянгол, Цагаан чулуут, Нэмнэ зэрэг нутагт алтны хэд хэдэн уурхай ажилладаг аж. “Монгол газар”ХХК-ний ашиглаж байсан уурхай, “Жамт” болон монгол улсын гавьяат геологич Лхагвасүрэн нарын одоо ашиглаж байгаа уурхай гээд тоочвол тэнд 10 гаруй жижиг том уурхай ажилладаг бололтой. Алтны илэрцтэй нутаг нь хилийн зурваст буюу зурвастай ойрхон учир тэр болгон лиценз олгодоггүй  бөгөөд олдож гэмээ нь 27-28 албан бичиг, зөвшөөрөл гүйцэлдүүлсэн байх учиртай аж. Хил бол онцгой хамгаалалтын бүс учир хараа хяналт хатуу байхаас ч яахав. Баян-Уул сумын төвд хил хамгаалах газрын 275-р анги гэж нилээд тохижсон, харуул хамгаалалт сайтай газар байна. Байгуулагдаад 20 гаруй жил  болж байгаа ч хил хамгаалах газрынхаа хэмжээнд сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээрээ нилээд дээгүүр ордог анги аж. Ангийн захирагч нь хурандаа Б. Батхүү, штабын дарга нь дэд хурандаа Д. Хүрэлчулуун гэж жинхэнэ жагсаж гүйцсэн идэр насны эрчүүд байна. Монгол улсын зүүн хойд хил хамгаалах албанд энэ ангийн бие бүрэлдэхүүн зогсож үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа аж. Энд хугацааны цэрэг байхгүй бөгөөд дан офицер ахлагч гэрээт албан хаагчид ажилладаг гэнэ. Гэрээт албан хаагчид нь хилийн цэрэгт 1 жил алба хаасны дээр өөрсдийн хүсэл сонирхлоор гэрээ байгуулж ирсэн залуучууд аж. Тэдний байр сууц, хоол унд, унааны зардлыг улсын төсвөөс гаргахаас гадна сард 300 орчим төгрөгний цалин олгоно. Гэрээний алба дуусгасан үед хилийн дээд сургуульд суралцах юм уу, хилдээ  улиран суух, эсвэл өөрсдийн хүсэлтийн дагуу энгийн амьдралд шилжих боломж олгодог аж. Бид тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр хилийн торгон зурвас дээр очиж сүлдэт баганаас адис авч,  овоонд чулуу нэмлээ.
Хилийн газар юм бүхэн хэмжээтэй, эмзэг нарийн байдаг нь илт. Хилийн харуулынхан ойр ойрхон холбоо барьж мэдээлэл солилцоно. Тэрхэн зуур хил дээр амьсгал даран, нарсан ой зөөлөн шуугиж, өнжмөл өвс халиуран хээрийн болжмор шулгана жиргэхийг сонсон униар хөшиглөсөн  эх нутгийнхаа уул хээр талыг ажиглан хараад эмзэг бүлээхэн урсгал цээж нэвтлэн түрэхэд “ эх орон минь” гэж өөрийн эрхгүй амандаа шивнэж билээ.
Улз гол зөв зөөлөн шуурайлан урсаж Эрээнцавын зүг туналзан одох аж.  Нөгөө л Данзангийн Нямсүрэнгийн амьд ахуй цагийн араншингаараа туульс  хүүрнэн товолцох нь энэ. Тиймээ, энэ газар хил амгалан байна. Бидний сэтгэл ийнхүү ихэд догодлон 0275-р ангийн захирагч Б. Батхүүд зориулан:
Дорнын хилийн харуул дээр
Хурандаа болж томорсон
Дотоод сэтгэлийн эрдмээрээ
Монголоо дээдэлж тодорсон
Тогтуун зөөлөн зангаараа  
Тойрсон олноо толгойлсон
Довтлох хурдан хөлгөөрөө
Дорнод нутагтаа товойсон
    Ай хө Бөхбилиг аавын Батхүү
    Андгай тангарагтаа үнэнч Цэргийн хүү
    Хилийн ном дагаж хий салхи нь арилсан байна.
    Хүний ном дагаж дотоод гэгээ нь тодорсон байна хэмээн шүлэглэн бичиж хилийн дэвтэрт үлдээв. Энэ мэт нь жижиг зүйл боловч хилийн тэнгэрт өргөсөн сэтгэлийн ариун сүү болж хилийнхний урам зорийг нэмээсэй гэж бодном. Он цаг улиран өнгөрч, буриад зоны амьдрал хөдөлмөр буцалсаар, Улз гол мөнхийн голдирлоороо наран зүг урссаар байна.
Н. Даваадаш




Зуны  эхэн сар гарсан ч хаврын араншинг хэвээр хадгалан, жихүүн хавсаргатай...

Уншсан: 1174 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Улаанбаатарын үнэр
2011.10.27
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
2011.10.23
Хөдөөх Намжилдоржийн явдал
2011.05.10
Өвөрхангайчуудын аман билгээс өнгөц шүүрдэхүй дор
2011.10.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011