Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Хөдөөх Намжилдоржийн явдал
[ Нийтлэлч: Даваадаш ]
2011.05.10
Зураач Ц. Намжилдорж гэж Монголын хошин, шог зургийн “тогоонд ” чанагдаж тун сүрхий боловсрогдсон нөхөр бий. Уг гарал нь Дундговь аймгийн Хулд, Дэлгэрхангай хавийн ардын хүү бөгөөд орон хот газар бага залуугаасаа идээшин суусан гэх. Гэвч хотын энэ орчин ахуйд зураг урлал хийх нь бүү хэл удаан сууж чаддаггүй хөдөөгийн төрөлх араншингаараа нас ахиж  яваа нэгэн л дээ. Нүүдэлчин монголын энэ л зан чанараараа Намжилдорж хэдэн мал худалдаж аваад төмөр замын 24-р зөрлөгийн орчим суурьшжээ. Зуд зурхан, салхи шуурга, хуулгай дээрэм гээд элдэв эрсдэл хотын ойролцоо нутагтай малчдыг ямар зүгээр суулгах биш. Тун үгүйдээ л золбин нохой амар байлгахгүй. Ийм л хөдөлгөөнтэй бас ядаргаатай ахуйд Намжилдорж амьдравч хөдөөгийн эгэл бор амьдралаасаа үл уйдах бөгөөд бас нөгөө хошин шог зураг зурдаг багын “өвчин” -  өөсөө хөндийрсөнгүй. Сүргийн бэлчээр, голын хөвөө, хуучин муу сүүдрэвч … хаана л бол хаана тэр зургаа зурж хөхүүн хөгжүүн байдал, дотоод эмзэглэл, хөх инээд, цагаан хошгонол зэргээ элдэв явдлаар дүрслэн илэрхийлсээр сууна. Зураг зурахгүй өнжих өдөр түүнд бараг алга. Зурсан зургуудаасаа сонин хэвлэлд тавиад байх боломж хөдөөгийн эрд тэр болгон таарахгүй учир хавтаслан хадгална. Хаа нэг зорьж ирэх зураач нөхөд хийгээд урлаг соёл ойлгох ганц нэг хүнд үзүүлэн сэтгэлийн таашаал өгөх юмуу, өөрөө авна.
Ийм л маягаар зураач Ц. Намжилдоржийн уран бүтээлийн он жилүүд улирч байна. Түүний анхны шог зургууд 1977 онд “Тоншуул” сэтгүүлд хэвлэгдсэн цагаас хойш, “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Шинэ хөдөө”, “Хөдөлмөр ” гээд хуучны ном хэвлэлүүдэд тавигдсан нь цөөнгүй. Гэвч 2005 онд “Тоншуул” сэтгүүлийн 70 жилийн ойгоор хэвлэгдсэн “Монголын хошин шог зургийн дээж” номонд түүний шилдэг бүтээлүүд хэвлэгдсэнээс хойш хэвлэлд тавьсан зураггүй шахам сууна. Өөрөөр ч яах билээ.
Өнөөдрийн Монголын нийгмийн буйд хөдөөгийн буурай нэгнийг хичнээн ч авъяас, чадалтай байсан “00” –ын цаас шиг гээдэг хүнээсээ хөндийрсэн “гажиг” тогтолцоог залруулах бурхан алга даа. Намжилдорж маань хичнээн авъяастай ч хотын төвд өргөөтэй С. Цогтбаяр, овсгоо хөдөлгөөн сайтай А. Бат-Эрдэнэ нар шиг менежмент буюу арга ухаан байхгүй болохоор хэд зуугаар тоологдох түүний шог зургууд   хэрхэн уран сайхны эргэлтэд орохыг тайлах аргагүй юм. Хаа нэг төрсөн ах урлагийн гавъяа зүтгэлтэн зураач Ц. Байды нь ганц нэг зургийг  сонин дээр тавьж урмын үг хайрлах төдийгөөр дүүгээ халамжилна. Тэрээр Намжилдоржийг анх цаас харандаа барьж эхлэхэд нь Ц. Байды дүүгийнхээ авъяасын олж хараад “Онол номыг нь үзээгүй ч гэсэн оролдоод байвал тодрох юм байна, чамд” гэж хөхүүлэн дэмжиж явсныг мартах аргагүй. Даанч Намжилдоржийн ид ухаан сууж авъяас задрах үед цагийн явдал ороо босоо болж, шог зургийг нь тавьдаг “Тоншуул” сэтгүүл гарахтай үгүйтэй болсон хэрэг. Байнга шүтэж, холбоотой явсан ганц сэтгүүл нь”гал алдсан” учир Ц. Намжилдоржийн зургууд хавтсандаа “өтлөх”-өөс өөр замгүй болжээ. Тэглээ гээд Ц. Намжилдорж шог зургийн ажлаа орхилгүй өдий хүрсэн нь өөртөө үнэнч, бүтээлдээ хайртай амьдрахын утга чанарыг тодруулж байна. Ер нь Намжилдоржид хийж бүтээж, уран сайхны шинэ гаргалгаа гаргаж, хүнд үзүүлэх юмтай, үлдэх дурсгалтай байвал хэзээд нийгмийн мэлмийд өртөнө гэсэн нэгэн бодол байх шиг санагддаг. Магад ч үгүй Ц. Байды: “хийсэн бүтээсэн юмгүй хөндий цээж байж, том том гэж толгой өргөж болохгүй” гэдгийг дүүгийнхээ зүрх сэтгэлд шингээсэн байх. Ямартай ч Ц. Намжилдорж 60 насны даваан дээр морин тэрэг дүүрэн шог зурагтай гарч ирлээ. Тэгэхдээ тэр зурагнууд нь шог хошин нэр хэмээсэн тооноос цаашгүй зүйл байсангүй. Монголын хошин шог зургийн хөгжил, сэтгэлгээний онцлогийг баттай илэрхийлж чадах бүтээлүүд болж чаджээ. Ц. Намжилдорж улс төр, нийгэм ахуй, үндэсний зан заншил, ёс суртахуун, түүх шашин гээд олон чиглэлээр соргог мэдэрч, ухаан зарж бүтээсэн, өөрийн гэсэн уран сайхны онцлогтой  гүйцэтгэл сайтай  бүтээлүүдээрээ ялгарч байна. Түүний зураг бүхэн нь олон талт шог хошин өгүүлэмж, ховсдон татах далд “шид”-ээрээ гайхалтай юм. Би түүний дэлгэн тавьсан зургуудаас нэг зургийг авч үзтэл “Бэр минь Бээжингээс ирлээ” гэж хадам ээжийн өгүүлж байгаараа нэрлэсэн байв. Луу унасан бүсгүй газардах мөчид Монгол гэр хийсэн унаж, морь мал үргэн дайжиж, айл хотлоороо амь хаана, там цаана болж буйгаар Их гүрний гадаад бодлогыг сэрхийн буутал дүрсэлжээ. Дараагийн зургандаа нэгэн ардчлагч эр босоо тугныхаа намирсан үзүүрээр хучаад нам унтаж байгаагаар Монголын ардчилал зогсонги, унтаа байдал орсныг шоглож амжсан байв. Бас өөр нэг зурагт шилтэй архи тавганд засагдсан хэвийн боовонд агсарч: “идээний дээд нь би биш үү” гэж өшиглөн хөөж буй нь бас нэгийг хэлж байлаа. Энэ мэтээр нарийвчлан үзвэл түүний зураг бүхэн нэгийг хэлж хүнд, хөнгөн, хөх, цагаан инээдээр хөглөж, сэрж мэдрэхийн орон зай руу эерэг зөөлөн нэгэн урсгал болж түрэн дотоод ертөнцийг урин зөөлнөөр гэгээлэх юм.
Энэ нь Ц. Намжилдоржийн зураас, татлага бүхэндээ шингээж чадсан хошгонол, шоглол, эмзэглэлийн эс баригдах далд чанар л даа. Чухамдаа энэ нь авъяасаар л амилдаг уран бүтээлийн дотоод “хэл” юм. Ингэж бүтээлдээ “хэл” оруулдаг чадварыг авъяасаас ангид авч үзэх аргагүй бөгөөд бурханы хайрласан хишиг гэж болно.
Ц. Намжилдорж 1970-аад оны  дунд үеэс ахынхаа ивээл дор зураач М. Баянзул, Ж. Саруулбуян нартай “улаан” үзэл суртлын амаргүй улирлуудыг хамт туулж явахдаа авъяасын хоёр дахь “их сургуулиа” төгссөн гэдэг. Нэг ёсондоо тэр л үед бүтээлдээ далд “хэл” оруулах ухааныг ойлгосон хэрэг. Ингэж далд “хэл” суулгаж сурсан нь бүтээл бүрийнхээ өгүүлэмжийг гүнзгийрүүлж, бусдад илүү ихийг ойлгуулж мэдрүүлэх томоохон дэвсгэр болж байна. Түүний энгийнээс нарийн руу, илээс далд руу, бодитойгоос хийсвэрлэл рүү, гүехнээс гүнзгийрэл рүү, хөгжмөөр бол өнгө ахиулан дотогшуулж байгаа нь их эрлийн олз юм. Саяхан шог зураач А. Бат-Эрдэнэ “Намжилдорж ахын зургуудын “хэл” хурц, өгүүлэмж нь улам өргөжиж байна. Жинхэнэ ухаан зааж хийж байна шүү” гэж дуу алдан ярьж байлаа. Мөн зураач С. Цогтбяр хоёр жилийн өмнө уулзан ярилцахад Ц. Намжилдоржийн бүтээлийн талаар бас магтаал хэлж байсан. Харин Ц. Байды гуай: “Уг нь төрөлхийн авъяастай юм байгаа юм. Зургийн сургууль мургууль төгсөөгүй, элдвээр зурж бичих нь үзэгддэггүй байснаа гэнэт л баахан шог зураг бариад ирсэн. Би: “Чи яаж шог зураг, зурж чаддаг юм бэ. Өрөөлийг сүйдэлж, өөрийгөө ч алдаж мэдэх ажил шүү дээ” гэсхийгээд зургийг нь авч үзтэл бас чиг муугүй байсан. Юу гэж магтаал хэлэхэв дээ, хэдэн зураг авч үлдсэн. Ингэж шог зураг руу орж ирсэн нөхөр байгаа юм” гэж магтаалдаа харам ахын үгээ хэлнэ. Харин дүүгийнхээ бага насны амьдралын талаар сонин түүх ярина. Тэдний нутагт олноороо “Эмбээ” хэмээн авгайлдаг Цэвэлсүрэн гэдэг алдартай уртын дуучин эмэгтэй байж. Өөрийн үр хүүхэдгүй хүн учир хүүхэд өргөж авахын мөрөөсөл болж явжээ. Энэ үед Цэвэг гуайнд 2 ихэр хүү төрж гол усандаа  хөөрхөн хөл болцгоож. Энэ мэдээг сонссон Цэвэлсүрэн дуучин Цэвэг гуайнд ихрийн өрөөсөн Намжилдорж хүүг нь гуайн хадаг бариад буучихсан гэнэ. Байды гуай энэ үед арваад настай дүүдээ хайртай гэж жигтэйхэн амьтан байжээ. Тэр дүүдээ Намжилдорж гэдэг нэрийг хүртэл хайрласан аж. Цэвэг гуай Цэвэлсүрэн дуучны гуйлтанд тулгамдахдаа: “Манай Байды хүү л мэднэ” гэж хэлж орхижээ. Цэвэлсүрэн гуай худаг дээр мал услалцаж байсан Байды хүү дээр ирж: “Чи эгчдээ дүүгээ өргүүлчих” гэж гуйтал “Би хэнд ч дүүгээ өгөхгүй” гэж түс тасхан хариулж хүүхдийн мөрөөдөл болж явсан эмэгтэйг уйлуулж орхиж гэнэ. Тэр эмэгтэй хөөрхий: “дүүгий чинь өргөж авахгүй бол амьд явахад ч хэцүү байна. Би үр хүүхэдгүй хүн” гэж торгон дээлээ ч тоос болохыг тоолгүй өвдөг сөхрөн гуйхад нь арваад настай учир мэдэхгүй хүү гайхан балмагдсанаа “Чихэр авч өгвөл өгч болно” гэж ам алдсан гэдэг. Ингэж Байды гуай дүү Намжилдоржийгоо хүнд өргүүлсэн түүхтэй.  Намжилдоржийн нөгөө ихэр нь Дундговь аймагтаа дээд боловсрол эзэмшиж очоод Мандалговио цэцэрлэгжүүлэн он жилийг туулж яваа аж.
Цэвэлсүрэн дуучин үртэй хүний жаргал эдэлж явсаар насан өндөр болсон үедээ нэг л өдөр Байды гуай дээр  ирж: “Эгч нь насан өндөр боллоо. Олон жилийн өмнө өргөж авсан дүүг чинь чамд буцааж өгье” гэж дүүг нь түшүүлсэн гэдэг. Цэвэлсүрэн гуай настай хүний холч ухаанаар өргөмөл хүүгийнхээ алсын хувь заяаг бодсон нь энэ. Тийм сайхан ууч сэтгэлтэй дуучин ээжийн дэргэд, говь нутагтаа өссөн Намжилдоржийн бийр нь уран, ухаан нь уужим байхаас аргагүй юм.
Байды, Намжилдорж нарын аав Цэвэг гэж гүндүүгүй нэгэн Монгол эр явсныг Дундговийнхон андахгүй. Цэвэг гуай нутаг усандаа цагаан паян ихтэй, инээд наадам, дуу хуур дагуулсан эр явсан гэдэг. Түүний наргиантай, хөхүүн шооч чанар нь зураач хүүхдүүдийнх нь авъяасын дэвсгэр болсон хэрэг. Ер нь зураач ах дүү хоёр говь нутгийнхаа зон олны олон үггүй гүндүүгүй чанар, сэтгэлийн торгон өнгө айзам, эхэлсэн ажилдаа эзэн байх итгэл тэмүүллийг цогцоор нь өвлөсөн хүмүүс.
Дунговийн Хулд сумын нутагт, юмуудаа, Улаан жирэмийн худаг гэж нэг ундрага сайтай худаг байдаг аж. Тэр худгийн усаар ундалж өссөн хүүхдүүдээс хэдэн гайгүй зураач, бас бус урлагийн хүмүүс төрсөн юм байх. Зарим нь “Улаан жирэмийн худгаар ундаалсан хүн болгон урлаг, уран зурагт нугасгүй болдог юм” гэж ханхалзсан удаа бий. Үнэндээ  ус гэдэг амьд байгалийн төрөл зүйл болгоны язгуур чанарыг илтгэн харуулдаг увидас нууцтай учир дээрх үгийг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч шог зураач Ц. Байды, Ц. Намжилдорж, Э. Бат-Эрдэнэ нар л лав Улаан жирэмийн худгийн хүүхдүүд. Тэгэхээр Ц. Намжилдоржийн шог зургийн зурлага хийгээд “хэл” бүхэнд нүүдэлчдийн аж амьдралын хөг аяс, эмзэглэл, ариун сэтгэл, хэрсүү чанар шингэсэн байхын зэрэгцээ Улаан жирэмийн худгийн усны мяндаслаг зөөлөн рашаан шинж төгсөөр нэвчсэн байгаа. Үүнд л Намжилдоржийн шог зургийн сэтгэл эзэмдэх “хэл”-ний нууц оршдог байх магадтай бөлгөө.  
Н. Даваадаш
 


Зураач Ц. Намжилдорж гэж Монголын хошин, шог зургийн “тогоонд ” чана...

Уншсан: 2608 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Улаанбаатарын үнэр
2011.10.27
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
2011.10.23
Улз голын алаг тэмдэглэл
2011.10.27
Өвөрхангайчуудын аман билгээс өнгөц шүүрдэхүй дор
2011.10.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011