Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Д.Нямхүү захирлын унацтай бизнес ба хуулиар халхавчилсан орон сууцны луйвар
[ Нийтлэлч: Энхжавхлан ]
2011.10.22
Гаднаас нь харахад энэ хэрэгт бусдыг хачирхуулахаар зүйл үгүй. 2006 оны 10-р сард иргэн Д.Батдэлгэр банкны барьцаанд тавьсан аавынхаа байрыг иргэн Д.Нямхүүгээр чөлөөлүүлжээ. Уг нь банкнаас 20 сая төгрөг авсан, чөлөөлүүлэхэд Нямхүү 26 саяыг төлсөн, харин гэрээн дээр 28.5 сая төгрөг өгөхөөр зурж.
Ердөө сар гаруйн дараа Д.Нямхүү “Англи явлаа, мөнгө хэрэгтэй. Байрыг чинь чөлөөлөх өөр хүн оллоо” гэснээр иргэн Ц.Алимаатай Д.Батдэлгэрийн ээж, дүү нар гэрээ байгуулсан байна. Өгсөн хүн гэдийж, авсан хүн бөхийдөг хойно доо. “Энэ хүнтэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хий. Өрөө өгөнгүүтээ буцаагаад байраа авчих юм чинь” гэж Д.Нямхүү заавардсан байж. Ер нь танилцсанаасаа хойш Д.Батдэлгэр Д.Нямхүүгийн хэлснээр л байж, тэдэн төгрөг өг гэвэл өгч, энд ир гэвэл очиж, “Удаа дараа тавь, зуу, хоёр зуун мянган төгрөг өгч байхад Нямхүү “Би чамд мөнгө авсан гарын үсэг хийж өгөхгүй” гэдэг, үгийг нь ч дагасан” гэдгээ хүлээдэг.   
Ингээд Д.Нямхүүгийн олж ирсэн, түүнд 33 сая төгрөг өгсөн гэх иргэн Ц.Алимаатай гэрээ хийхдээ Д.Батдэлгэрийн ээж, дүү нар “зээлсэн мөнгөө төлмөгц гэрээ хүчингүй болно” гэж ойлгосноос байраа зарах гэсэнгүй. Гэтэл 2007 оны 2-р сарын  26-нд иргэн Ц.Алимаа уг байранд эзэмшигчийн гэрчилгээ авчихаад эздийг нь хөөх болжээ.
Үүнээс үүдэн хуурамч эзэн болон хууль ёсны эзэмшигчдийн хооронд маргаан дэгдэж, 2008 оны 12-р сарын 12-нд Баянгол дүүргийн шүүхээр, 2009 оны 2-р сарын  13-нд Нийслэлийн шүүхээр, 2009 оны 3-р сарын 26-нд Дээд шүүхийн хуралдаанаар энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Эцсийн дүнд нь иргэн Ч.Бор 30 жил амьдарсан гэрээсээ хөөгдөж, хэзээ мөдгүй гудамжинд гарахад хүрээд буй. Харахад бүх зүйл хуулийн дагуу. Харин арай өнгийж гэмээнэ шүүхийг шударга ажиллахад саад тотгор болж буй булхай луйврын үзүүрээс атгана. Учрыг өгүүлсү.   
 
Овоо босгогсод буюу Д.Батдэлгэр, Д.Нямхүү нар
Д.Батдэлгэр хувиараа бизнес эрхэлж, ах дүү, анд нөхдөө түшиж тулж явсан нэгэн. Арилжаа наймаанд олз омогтой үе байхад алдах, шатах цаг ч байх. Д.Батдэлгэрийн бизнес бүтэлгүйтэж, багагүй мөнгө хэрэгтэй болжээ. Тиймээс тэр ээж, дүү нараасаа гуйсаар эхлээд Солонгос явсан дүүгийнхээ 1-р хороолол дахь 2 өрөө байрыг, дараа нь ээжийнхээ амьдардаг 3-р хорооллын 3 өрөө байрыг “Good life” ХЗХ, ХААН банкинд барьцаалжээ. Авсан зээлээ утаагүй түлшний төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт хайж байсан “Би Эс И” ХХК-ийн захирал Б.Баяртогтоход өгөөд ганц ч төгрөг авч чадалгүй залилуулсан байна.
Д.Батдэлгэр банкны зээлээ чөлөөлүүлэхээр хөөцөлдөж явахдаа Д.Нямхүүтэй танилцсан гэдэг. “Анод” банкны ажилтны зөвлөсөн “зээл чөлөөлдөг хүн” нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү. Д.Нямхүү дарга албан ажлынхаа хажуугаар ийм унацтай бизнес эрхэлдэг, түүнийг нь тодорхой хүрээнд мэддэг байж.
Д.Батдэлгэр Д.Нямхүүгийн хэлснээр дүүгийнхээ 2 өрөө байрыг найз Дарьбазараар нь чөлөөлүүлж. Өрөө дарсны дараа дүүгийнхээ байрыг буцааж авахаар тохирсон ч Дарьбазарын хэлсэн хугацаанд мөнгийг нь өгч чадаагүй тул алджээ. Тэгээд ч Д.Нямхүү ээжтэйгээ хамт гэрт нь ирж, үй зайгүй шаардсаар байрыг суллуулжээ. Нэгэнт өөрөө буруутай болохоор Д.Батдэлгэр хэл үг ч хийсэнгүй. “Яах вэ, өрөө дараад босоод ирэхээрээ дүүдээ заавал байр авч өгнө өө” гэж өөртөө амлаад л өнгөрчээ.
Харин эцгийнхээ голомтыг алдах зүрх түүнд байсангүй. Д.Батдэлгэр энэ байрыг хууль ёсоор эзэмшдэг ээж Ч.Бор, дүү Д.Батцэрэн, Д.Бат-Очир нараасаа “Надад туслаач, би шархаа нөхөхөөр энэ зээлийг төлчихнө. Аавынхаа байрыг яасан ч алдахгүй. Энэ бол байр зарах биш зээл чөлөөлөх гэрээ” гэж гуйж байгаад Д.Нямхүүтэй, дараа нь Ц.Алимаатай гэрээ хийлгэжээ. Ах дүүсээ залж, тэтгэж явдаг хүнээ ингэж гуйхад ээж нь ч, дүү нар нь ч үгүй гэсэнгүй.  Ямартаа л дүү Д.Бат-Очир нь “би гэрээг нь уншиж ч үзээгүй, Батдэлгэр эгч “сарын дараа өгчихнө”, мөн ээж намайг зурчих гээд ятгаад байхаар нь гэрээнд гарын үсгээ зурчихсан юм. Бүхнийг ээж, эгч хоёр мэднэ” гэж шүүхэд мэдүүлэх вэ.
Охиндоо итгээд л оч гэсэн газарт нь очиж, “энд” гэсэн газар нь мутраа үлдээсэн иргэн Ч.Бор “Бид энэ байрыг зарна гэж гэрээ байгуулаагүй ээ. Охин маань л энэ хүнд өглөгтэй, баталгаанд нь гэрээ хийж байгаа юм гэсэн болохоор нотариат дээр очиж, зур гэсэн газар нь гарын үсгээ зурсан. Түүнээс Ц.Алимаагаас бид сохор зоос ч аваагүй. Гэтэл энэ үнэнийг хэрэгсдэг газар алга” гэж гасалж сууна. Ийн гаслахын үндэслэл буй.  
О.Номуулин шүүгч ба хариултгүй олон асуулт
2008 оны 8-р сард Баянгол дүүргийн шүүхэд Хан-Уул дүүргийн 1-р хороо, Жаргалан хотхоны 5-р байрны 23 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, Харнууд овогт Цэндийн Алимаа нэхэмжлэл гаргав.  Утга нь: 33 сая төгрөгөөр худалдан авсан 3 өрөө байраас минь Ч.Бор, Д.Батдэлгэр, Д.Бат-Очир нарыг гаргаж өгнө үү.
Тэр дагуу Д.Батцэрэн, Д.Бат-Очир нарт шүүхийн зарлан иржээ. Гэтэл тэд “бид ажилтай, очиж амжихгүй. Та оч” гэж ээждээ хэлжээ. Ингээд Ч.Бор гуайн шүүх рүү зорьсон жим зурайж эхлэв. Ч.Бор гуайн өгүүлснээр “Баянгол дүүргийн шүүхийн О.Номуулин шүүгч  “Тантай харьцахгүй ээ. Танд хамаагүй” гэж хэлсэн. Би “Яахаараа надад хамаагүй байдаг билээ. Энэ байрны эзэн гэвэл би. Манай охин энд амьдардаггүй, тусдаа байдаг” гэсэн. Тэгтэл ер тоохгүй, дандаа хүү, охин хоёрыг л дуудуулаад байв. Би арга буюу өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр хүсэлт гаргаж, шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцсон. Хурлын явцаас харахад О.Номуулин шүүгч, нэхэмжлэгч Ц.Алимаа, түүний өмгөөлөгч Ц.Борхүү нарыг сайн таньдаг санагдсан. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн хаягийг асуухад өмгөөлөгч нь “Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1-р 40 мянгат, 12-21 тоот” гэж хэлсэн чинь Номуулин шүүгч “Борхүү, чи нөгөө Хан-Уулынх нь хаягийг хэлээч дээ” гээд өөрөө гүйцээж хэлсэн. Бидэнтэй харьцахдаа “Та нар хамаагүй дуугарч болохгүй, босч ярь” гэх мөртлөө нөгөө талын өмгөөлөгч Борхүү суудал дээрээсээ шүүгчтэй харьцаж байв. Уг нь шүүх, маргалдагч талуудтай тэгш харьцах ёстой биз дээ…”
Ч.Бор гуай шүүх хуралд гэрчүүдийг, тодруулбал уг маргааны эхийг тавьсан Д.Нямхүү, Ц.Алимаа, эгчийнхээ зээлсэн мөнгөний хүүг авч байсан түүний дүү Гантулга нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Өнөө “алдартай” гэрээг хийсний дараа Д.Батдэлгэр Ц.Алимаагийн дүү Гантулгатай тогтмол харьцаатай байсан ба түүнд зээлийн хүү гэж эхлээд 1 сая төгрөгийг, дараа нь 150 мянган төгрөгийг өгч байж. Гэтэл шүүгч О.Номуулин шүүх хуралд гэрчүүдийг дуудсангүй.
Хариуцагчдын баталж буйгаар Номуулин шүүгч тэднээс нотлох баримт бишгүй шаардсан атлаа нөгөө талаас юу ч нэхээгүй гэнэ. Энэ мэтээр тоочоод байвал анхан шатны шүүхийн процесст багагүй алдаа гарсан, О.Номуулин шүүгч мэргэжлийн болон ёсзүйн алдаа гаргасан гэж Ч.Бор гуай хүүхдүүдтэйгээ үзэж байгаа юм.
Хариуцагчдын гомдлын мөрөөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч О.Номуулинтай уулзахад “Бид ачаалал ихтэй ажилладаг болохоор тэр болгон хэргийг санахгүй байна. Манай Тамгын газрын даргатай уулз. Энэ хэргийн тухайд бүх шатны шүүхээр ороод эцсийн шийдвэр гарсан, нэлээд хугацаа өнгөрсөн хэрэг” гэсээр угтлаа.
- Тамгын газрын даргатай чинь уулзсаны дараа өөрөөс чинь энэ хэргийн талаар тодруулж болох уу?
- Бид хэргийн талаар ямар нэг тодруулга өгөхгүй. Гар дээр зуун хэрэг байхад бид тэр болгон хэргийг санахгүй шүү дээ.
- Танаас нэг л зүйлийг тодруулах гэсэн юм. Анхан шатны шүүх дээр процессийн алдаа их гарсан. Жишээлэхэд гэрчүүдийг оролцуулах хүсэлт тавиад байхад шүүгч авч хэрэгсээгүй гэж Ч.Бор гуай гомдоллоод байгаа…  
- Хэрвээ тийм асуудал байсан бол Дээд шатны шүүх “та анхан шатны шүүхэд нөхцлийг нь хангаагүй байна” гээд хүчингүй болгох байсан. Тэгээгүй байхыг бодвол тийм хандлага байгаагүй.
 
О.Номуулин шүүгч ийн хариулсан. Хэргийн ээдрээг тайлахад гол үүрэгтэй Д.Нямхүү, Гантулга нарыг яагаад шүүх хуралд оролцуулаагүй, нотлох баримтыг яагаад хоёр талаас адилхан нэхээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй юуны улмаас анд нөхөд шиг харьцаж байсан… гээд олон асуулт хариултгүй үлдлээ. Хамгаас ойлгомжгүй зүйл нь нэхэмжлэгч Ц.Алимаа гэрээ байгуулахдаа энэ байрыг авна гэж тохирсон л юм бол яагаад зээлийн хүү гэж 1150 000 төгрөгийг дүүгээ явуулж авч байсан юм бол? Байр худалдаж авсан хүн зарсан хүмүүсээс нь эргэж хүү, мөнгө нэхдэг гэж үү Номуулин шүүгч ээ! Яагаад байраа бусдад луйвардуулсан нэг биш хүн таныг нэр зааж, гомдоллодог юм бол?
 
Хэрвээ анхан шатны шүүх алдаа гаргасан юм бол Дээд шатны шүүх түүнийг нь засахгүй яасан юм?
Уншигч та анзаарсан бол О.Номуулин шүүгчийн хэлсэн сүүлийн өгүүлбэр ийм утгатай. Үнэхээр ч тийм. Ажил хийж байхад, тэр тусмаа гар дээрээ зуун хэрэгтэй шүүгч хүн алдаа гаргахыг үгүйсгэшгүй. Хэрвээ анхан шатны шүүх алдаа гаргасан бол дээд шатны шүүх түүнийг нь засч залруулах үүрэгтэй, тэгэх ч эрхтэй. Энэ л эрх, үүргийнхээ дагуу Нийслэлийн шүүх иргэн Ч.Борын гомдлыг авч хэлэлцээд Анхан шатны шүүх алдаа гаргасныг илчилжээ.
“Хэргийн баримтаас үзэхэд бодит байдал дээр зээл чөлөөлөх тухай хэлцэл хийгдсэнээс бус орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар,  “…35.680.000 төгрөг Д.Батдэлгэрт өгч, байрыг зээлээс чөлөөлүүлнэ” гэсэн Б.Баяртогтохын бичсэн баримт /хэргийн 30-р хуудас/, хариуцагч нарын Д.Нямхүүтэй хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. Талуудын хүсэл зоригийн агуулгаас үзэхэд худалдах- худалдан авах хэлцлийн хууль зүйн үр дагаврыг бий болгох зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байжээ”. Нийслэлийн шүүх ингэж үзээд Ц.Алимаагийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хариуцагчдын эрхийг сэргээжээ.
Мэдээж энэ шийдвэрийг хатагтай Ц.Алимаа эсэргүүцэж, өнөөх “алдарт” гэрээгээ орон сууц худалдах- худалдан авах гэрээ болохоос зээл чөлөөлөхтэй ямар ч холбоогүй гэж маргасан. Хичнээн мэрийж мэтгэлээ ч хатагтай Ц.Алимаа ганц баримтыг яаж ч үгүйсгэж чадаагүй. Тэр нь “Бид өөрөөс чинь нэг ч төгрөг аваагүй шүү дээ. Д.Нямхүүд өгч байхыг чинь ч хараагүй” гэж өчиж байгаа Ч.Бор гуайн тайлбар.
Гэтэл түүнийг үгүйсгэх гэж зүтгэхийн хэрэг үгүй байжээ. Яагаад гэвэл гэрээг байгуулах явцад гарсан хууль бус үйлдлүүд өөрийг нь шүүх дээр хуулийн дагуу хамгаалахыг хатагтай Ц.Алимаа сайн тооцсон байна.
 
Хатагтай Ц.Алимаа ба хашир анжгай Д.Нямхүү нарын тактик
Ноён Д.Нямхүү, хатагтай Ц.Алимаа нарын Ч.Бор гуай болон түүний хүүхдүүдтэй гэрээ байгуулсан явцыг задалж дүгнэвэл дараахь зураг тодордог.
1.    Д.Нямхүүгээр өрийг даруулахын өмнө ХААН банк барьцаандаа байсан байранд худалдах –худалдан авах гэрээг хийлгэсэн байдаг. Ямар ч аргаар хамаагүй зээлээ төлүүлэх гэсэн ХААН банкийг ойлгож болох ч барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдах тухай гэрээг хийсэн үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Хэрэглэгчээ дээдэлсэн банк ийм байж болох уу даа.
2.    Д.Нямхүү, Ц.Алимаа нартай хийсэн гэрээг нэг л нотариат гэрчилсэн байдаг. Д.Нямхүүгийн заавал энэ хүнээр л гэрчлүүлнэ хэмээн зүтгэсэн 25-р эмийн сангийн хажууд байрладаг нотариатч Дуламцоо  гэрээний мөрийг дутуу орхисон зэргээс харахад ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж дүгнэх, басхүү яагаад заавал тэгэв гэж хардах үндэслэл ч бий.
3.    Хамгийн хачирхмаар нь Ц.Алимаатай гэрээ байгуулж, түүнээс мөнгөө авсан гэж Д.Нямхүү ярьдаг боловч тэдний хооронд 33 сая төгрөг өгч, авалцсан ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч Ц.Алимаагийн өгсөн гээд байгаа 33 сая төгрөгийг хариуцагч Ч.Бор, Д.Батцэрэн, Д.Бат-Очир нар барих нь байтугай хараагүй. Тэд нэхэмжлэгч Ц.Алимаад ч, түүнийг зуучилж авчирсан Д.Нямхүүд ч нэг ч төгрөгийн өргүй шүү дээ.
 
Дээд шүүх?
Харамсалтай нь эдгээр баримтыг Дээд шүүхийн эрхэм шүүгчид тоосонгүй. Харин ч анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасныг илчилсэн Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, процессын болон мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүгээр үл барам энэ маргааны тухай хэлэлцэхдээ эздэд нь сураг ч дуулгасангүй. Ч.Бор гуай энэ тухай сүүлд л мэджээ. Өнчин ишгийг хүртэл өгөхдөө эзнээс нь асуудаг байтал хүний гал голомтыг авахаар шийдвэрлэж байж эздэд нь хэлж болоогүй гэж үү хэмээн асууж байгаа Ч.Бор гуайн гомдол үндэстэй.
Дээд шүүх бол шударга үнэний эрэлд хатаж, шаналсан хэн бүхний эцсийн найдвар. Дээд шүүхийн шүүгчид бол мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээрээ улсдаа тэргүүлэх хуульчид байх учиртай.
Уг нь энэ хэрэг номыг нь сурч, ямбыг нь эдэлж яваа мэргэжлийн шүүгч битгий хэл хэрийн шударга, ноён нуруутай хүн сонсоод төвөггүйхэн шийдчихээр хэрэг сэн. Гэтэл…
Дээд шүүхийн тухайн өдрийн хуралдааны зард иргэн Ц.Алимаагийн нэхэмжлэлтэй хэрэг байгаагүй гэдгийг гэрчлэх өмгөөлөгч бий. Цахим хуудсан дахь зарын мэдээлэлд ч байгаагүй гэдгийг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэвлэж авсан баримт нотолно. Яагаад заавал Ч.Бор гуайн байрын асуудлыг нийтэд мэдээлэх зараас хассаныг мөрөөр нь яваад, шалгаагаад эхэлтэл Дээд шүүхийнхэн үгүйсгэснээр барахгүй, нөхөөд оруулсан дараалал харуулдаг байгаа.  
Юм үнэнээрээ сайхан. Өнөөдөр бусдыг луйвардах ажиллагаанд хуульчид, шүүгчид оролцдог болсны зөвхөн нэг жишээ энэ. Хууль зөрчигчдийн бусдын амыг тагладаг үг нь “Гаргасан шийдвэрийнхээ талаар шүүгч тайлбарлах ёсгүй”. “Энэ талаар тайлбар өгөхгүй”.
Шүүхэд очсон бүхэн талархаад инээгээд гардаггүй нь ойлгомжтой хэрэг. Шүүхийн маргаанд ялсан нь хүртэл сэтгэл дундуур үлддэг. Тэгвэл гаргасан шийдвэрт нь гонсойн үлдэж байгаа иргэн хүнд хэн тайлбар өгөх юм бэ?
“Монголд шударга шүүх гэж алга” хэмээн найдлага тасарсан иргэн Ч.Бор өгүүлж байна.  Түүний энэ гомдлыг хэн үгүйсгэх вэ?
“Яадаг юм, би Англид байдаг эхнэрийнхээ явуулсан мөнгийг хүүтэй зээлдэг байсан. Ажлынхаа хажуугаар бизнес эрхэлж болдоггүй юм уу” гэж даналзаж, “Чамд энэ хүмүүс хэдийг төлсөн бэ? Чи хэний захиалгаар бичээд байна?” гэж хардсан Д.Нямхүү захирлыг шалгасан юм болов уу энэ шүүгчид? Мөрөөрөө явсан иргэн Ц.Алимаа, Ч.Бор нарыг тангараг тасрахад хүргэх эх шижмийг нь энэ хүн тавьсан шүү дээ.
Энэ мэт олон асуулт ургаж байна. Эцэслэж хариулах хүн л олдохгүй нь.
Ээж шигээ хүнийг залилж, өрөөл бусдын амьдралаар тоглож байгаа хүмүүсийг хэн шударгаар шийтгэх бол. Уг нь бид мөнгөтэй, албан тушаалтай, танил талтай нь ялдаг биш хууль иргэн бүхэнд тэгш үйлчилдэг нийгмийг байгуулахаар зорьж байгаа юм сан. Тэр цагийг энэ насандаа л үзмээр байна. Түүний төлөө л шүүхийн үүдээр эргэлдэж яваа нэгэн иргэнтэй уулзсан минь энэ.  
2010 он
Нийтлэлч О.Энхжавхлан
 


 

Гаднаас нь харахад энэ хэрэгт бусдыг хачирхуулахаар зүйл үгүй. 2006 оны 10-р сар...

Уншсан: 2471 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
"Шуналтай" иргэний шударга гомдол
2011.05.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011