Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
[ Нийтлэлч: Даваадаш ]
2011.10.23
Сайн ноён ханы улс төрийн үйл хэргийн товч:
Сайн ноён хан Намнансүрэн нь Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хан нарын нэг бөгөөд Богд хааны Монгол улсын Ерөнхий сайдаар 1212 оны 7-р сард Богд хааны зарлигаар томилогдож 1919 он хүртэл ажилласан гэдэг. Хэдийгээр Намнансүрэн Ерөнхий сайдаар 7-р сард Богдын зарлигаар тодорсон боловч 1912 оны 10-р сарын 25 буюу хар хулгана жилийн намрын сүүл сарын 15-нд тамгаа гардан авчээ. Энэ үеэс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тогтоох, улмаар олон улсад зөвшөөрүүлэх хийгээд төрт ёсны уламжлал, бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэхэд онцгой идэвх зүтгэл гаргасан байна. Намнансүрэн хан "Улсын эрх" хэмээх номыг эрдэмтэн Ж.Цэвээнээр захиалан бичүүлж хэвлүүлснээс гадна "Монгол улсын хууль зүйлийн бичиг" хэмээх 65 дэвтэр хуулийг боловсруулж улсын дотоод гадаад хэргийг зохицуулж байжээ. Тэрээр 1914 онд дээд, доод танхим бүхий хурлыг байгуулсан нь парламенттай төрийн эхлэл болсон юм. Ерөнхий сайд Намнансүрэнгийн заавар, оролцоотойгоор төр засгийн байгууллага, яамдын тамга хийгдэж, улсын төр ёсны бэлгэдэл соёмбо үсгийг улсын сүлд болгож, тугийн өнгө дэвсгэрийг тогтоосон байна. Монгол улсын гадаад бодлогын асуудалд идэвхийлэн оролцож 1912 оны 11-р сарын 2-нд тогтоосон Монгол, Орос 2 улсын найрамдлын гэрээ, 1913 оны 2-р сарын 3-нд тогтоосон Монгол, Оросын хэлэлцээр, Монгол Цэргийг бэлтгэн сургах хэлэлцээр зэрэгт Ерөнхий Сайд Намнансүрэн гарын үсэг зуржээ. 1913 оны 10-р сарын 1-нээс 1914 оны 1-р сарын 24 хүртэлх хугацаанд  тэр үеийн Орос оронд айлчлан очиж 2-р Николай хаан болон Оросын төр засгийн удирдлагуудтай уулзаж  Богд хаант Монгол улсыг гадаад орнуудад хүлээн  зөвшөөрүүлэх улмаар дотоод гадаад Монголыг нийлүүлэн тусгаар улс байгуулах саналыг дэвшүүлж байсан байна.
Намнансүрэн хан Петербургт байх хугацаанд Франц, Америк, Хятадын элчин сайдууд нот бичгээ барьжээ. Зарим түүхийн мэдээгээр Намнансүрэн хан энд 10 орны элчин сайд нарт нот бичиг илгээсэн гэдэг. Хятадын элчинд барьсан нот бичигтээ Орос, Хятад, Монгол гурван этгээдийн хэлэлцээр хийхийг санал болгож Хятадын цэргийг өвөр Монголоос даруй гаргахыг шаардсан байсан нь элчинг ихээхэн сандралд оруулж нот бичгийг буцаахад хүргэсэн байна. Энд байх хугацаандаа Японы элчин сайдтай онцгойлон уулзахыг эрхэмлэж, нууцаар очиж Фүки гэдэг сэтгүүлчтэй уулзаж бичиг дамжуулж байсан мэдээ бий.
Мөн Оросын Засгийн газраас 3 сая рублийн зээл авч чадсаны дээр үхэр буу 6, пулемёнт  4, винтов 2 түмийг тус тусын сумын хамт авч хагас үнийг бэлнээр төлж, үлдсэнийг нэг жилийн дотор төлж дуусгахаар гэрээ бичиг үйлдсэн байна.Үүний зэрэгцээ Намнансүрэн хан Оросоос Монголд төмөр зам, цахилгаан мэдээний шугам тавих онц эрхийг олгох асуудлыг тохиролцож, 1915 онд Хиагтад гарын үсэг зурсан билээ. Үүний зэрэгцээ Намнансүрэн хан Монголд эн тэргүүнд хэрэгтэй гэж тогтоон мал эмнэлгийн сургууль, халуун усны газар, сонин бичгийн хороо, ном барлах газар, цаасны үйлдвэр, эмийн сан, мах хадгалах мөсөн зоорь, үхэр бууны сургууль зэргийг үзэж онцгой асууж лавлаж явсан мэдээ байдаг. Ерөнхий сайд Намнансүрэн хан Оросын эрдэмтэн B.Котвич, С.Козин нартай их ойр дотны нөхөрлөж байсан. Тэр ч чанараараа Козин, Винте, Лисовский зэрэг орос эрдэмтэн сэхээтнүүдийн оролцоотойгоор Монгол түшмэдүүдээр улс орны геологи, хөрс, ургамал, усны зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгаа зэргийг хийлгэж, байнга туслалцаа дэмжлэг үзүүлж байжээ. 1915 оны 1-р сард Ерөнхий сайдын санаачлагаар "Монголд хайгуул шинжилгээ явуулах дүрэм" сайшаагдан батлагдаж Монголыг шинжлэх хэргийг эрхлэх хороог байгуулсан гэдэг. Энэ нь Монголын анхны шинжлэх ухааны байгууллага байсан гэхэд үгүйсгэх аргагүй.
Үүнээс гадна Намнансүрэн хан 1914-1916 онд шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо байгуулах санал болон улсын орлого зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гааль хураах дүрэм, мөнгөний ханш тогтоох зэрэг асуудлыг дээрх шинжлэх хороогоор нарийвчлан боловсруулуулж өөрөө Улсын дээд доод хуралд оруулж байсан байна. Энэ бүх түүхэн баримт бол Ерөнхий сайд Сайн хан Намнансүрэнгийн туйлбайртай эх оронч, шинэтгэлийг гардан гүйцэтгэгч байсныг нотлон харуулдаг. Тэр 1911 оны хувьсгалыг гардан зохион байгуулсан Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай хамтран зүтгэгч, үйл хэргийг нь залгамжлагч байсан юм. Намнансүрэн хан эх оронч үзэл, туйлбартай нягт нямбай чанар, алс хэтийг боддог холч ухаан зэргээрээ бусдаас ялгарсан тухайн үеийн төр нийгмийн гарамгай зүтгэлтэн байжээ.

Сайн ноён ханы удам  угсааны товч
Намнансүрэн ханы дээд өвөг дээдэс хийгээд удам угсааг түүхийн сурвалж бичгүүдэд: "Намнансүрэнгийн өвөг дээдэс бол Монголын улс төрийн бүлэглэлүүдийн дотроос угсаа гарвалын хувьд Чингисийн шууд угсааны алтан ургийн бүлэглэлд багтдаг, Боржигон овгийн хияд ястай хан ноёд бөлгөө. Чингэвэл Намнансүрэнгийн өндөр өвөг нь Чингис хааны 15-р үеийн ач Батмөнх даян хааны 11-р хөвгүүн нь Гэрсэнз Жалайр хунтайж, Гэрсэнзийн гуттаар хөвгүүн Онохуй үйзэн ноён, Онохуй үйзэнгийн дөрөвдүгээр хөвгүүн Түмэнхэн хөндлөн цөхүр ноён буюу Намнансүрэнгийн 14 дэх дээд өвөг мөн" гэж тэмдэглэн үлдээсэн /Д.Дашбадрах нар/ гэж үздэг. Энэхүү алтан ургийн үе залгамжлалын нэрийн хэлхээсээр авч үзвэл үнэхээр Намнансүрэн хан нь Түмэнхэн ноёноос хойших 14 дэх хан аж. Намнансүрэн 1878 онд тухайн үедээ нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан Сайн хан Төгс-Очирын 2-р хүү болон төрсөн байна. Түүний төрсөн газрыг өнц Шилүүтэй гэж тогтоон гэрэлт хөшөө босгосон боловч зарим эрдэмтэд "Энд төрөөгүй. Харин Онгийн хүрээний их жанлов хурсан буянт дэнж дээр ноёныг өргөөлж байхад мэндэлсэн" гэж үздэг. Догшин цоохор ноён хүүгээ 5 нас хүрэнгүүт Доной бэйс хэмээгдэх Чимэддорж гэдэг бичиг эрдэмтэй хүнд шавь оруулсан байна. Чимэддорж багш нь хан хүүд Монгол манж бичиг зааж сургасан төдийгүй төр ёс, хууль зүй, зан заншил зэргийг сайтар судлуулж байгалийн үзэсгэлэнт болон түүхт газар нутгаар байнга дагуулан явж багаас нь билиг оюуныг нь нээсэн байна. Намнансүрэн хан Ерөнхий сайд болсон үедээ ч номын багшаа дэргэдээ авчирч Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу дэд сайдаар томилон ажиллуулж байжээ. Түүхийн ном бичгээс үзэхэд Намнансүрэн хан төрийн хэрэгт өөрийн багштайгаа 36 жил хамтран зүтгэсэн байдаг.
Чимэддорж нь Богд хаант Монгол улсын үед Богдын зарлигаар бэйс цолыг хүртсэн бөгөөд Намнансүрэн ханыг таалал төгссөний дараа ч төрийн албанд зүтгэж байснаа Ардын Хувьсгалын эхний жилүүдэд МАХН-ын Төв Хорооны суртлын хэлтэст ажиллаж, 1922 онд анхны үндсэн хуулийг боловсруулах ажилд томилогдон ажиллаж байжээ. Энэ баримтаас үзэхэд Доной бэйс хэмээн алдаршсан Ж.Чимэддорж нь төр, хууль зүйн өндөр мэдлэгтэй, чадвар дадлага туршлагатай, нэр нөлөөтэй төрийн зүтгэлтэн байжээ" /Д.Төмөртогоо/
Намнансүрэн хан багшаараа ном заалгаж төрийн элдэв хэрэгт оролцон аавынхаа дэргэд сууж байгаад Төгс-Очир хан таалал төгссөн учир 1896 онд буюу Монгол тооллын 15-р жарны улаан бичин жил Сайн ноён цол, хошой Чин Ван хэргэм залгамжилж аймгийн Ноён суусан байна. Намнансүрэн хан энэ үед 18 настай байсан ч аливаа асуудалд ултай, төр түмний үйл хэргийн язгуур чанарыг сайн багшийн хүчээр нэвт ойлгож мэдэрсэн байсан учир аймгийн хэргийг нягт нямбай, цалгардуулалгүй явуулж эхэлжээ.
Үнэндээ түүний дээд алтан ургийн үеэс уламжлагдан ирсэн ёс жаяг, төрт ёсны уламжлал хатуу байв. 1725 онд Халхын Сайн ноён аймаг байгуулагдсан бөгөөд энэ нь хошой чин ван Дэчинжавын үе юм. үүний дараа Дэчинжавын ахмад хүү Норовжав 1762 онд үе залгаж 1766 онд дээд өвөг Түмэнхэний Сайн ноён цолыг залгамжилж хан тамгыг анх гардаж авсан аж. Ийм маягаар Цэдэнжав /1786/, Ринчиндорж/1793/, Пунцагдаш /1802/, Цэрэндорж/1817/, Дамчай /1853/, Цэрэндондов /1871/, Төгс-Очир /1883/ онд тус тус үе залгамж суусаар Намнансүрэн ханы үетэй залгасан аж. Намнансүрэн хан 1919 онд цаг бусаар амь насаа алдсаны дараа түүний хүү Батсүх 1923 он хүртэл үе залгамжилсан мэдээ байдаг. Батсүх нь Түшээт хан аймгийн мэргэн гүн Гомбожавын хошууны Түвдэн тайжийнхаас Намнансүрэн ханы үрчлэн авсан хүү аж.
Намнансүрэн ханы дээд өвгүүдийн дотроос Халх Ойрадыг нэгтгэж, улмаар 1585 онд Эрдэнэ-Зуу хийдийг байгуулж, 1586 онд Далай лам Содномжамцтай уулзан Гомбогүр бурхныг залж ирж байсан Абтай сайн хан болон Ламын гэгээний анхдугаар дүр, Монгол маарамбын оройн чимэг гэж алдаршсан Түмэнхэн ноёны хүү Эрдэнэбандида хутагт, мөн хамба номун хан, Ханчин чойжил Лувсанданзанжанцан, билгүүн номч Ялгуусан бандида Лувсанпэрэнлэй нарын номтой мэргэдүүд төрөн гарчээ. Мөн "Асрагч нэртийн түүх" хэмээх номыг бичиж халх даяар Шамба лам хэмээн алдаршсан Бямба нь Намнансүрэн ханы дээд өвгийн нэг бөгөөд 1667 онд засаг ноёныг залгамжилж "эрх дайчин" цол хүртэж байсан түүх бий. Энэ бүх түүхт хүмүүсийн ном эрдэм, төр барих ухаан, алтан ургийн уламжлал Сайн хан Намнансүрэнд ямар нэг хэмжээгээр өвлөгдөж уламжлагдсан байна. Мэдээж Сайн ханы ураг удмын түүх, үе дамжсан дэрний ном, төрийн үйл хэргийн "Цагаан бичиг" зэрэг олон судар ирсэн нь тодорхой. Нэгэнт манж, Монгол бичиг үсгийн өндөр мэдлэг чадвартай төр ёсны дадал хэвшлийг нарийн мэддэг хүн байсан учраас тэр бүхнийг судалж байсны дээр өөрөө шинээр бичиж туурвиж баяжуулсан нь буй биз ээ.

Сайн ноён ханы  хувь чанарын товч
Сайн хан Намнансүрэн нь хувь хүнийхээ хувьд аливаа үйл хэрэгт тууштай, шийдвэрээ тун нухацтай эргэцүүлэн бодож,алсын ашиг тус хийгээд хор уршгийг нарийн тооцон гаргадаг, өгүүлэн хэлэх нь цөөн боловч цагийг олж бодол санаагаа илэрхийлдэг онцгой чанартайг байсныг илэрхийлэх түүхэн баримт олон юм. 1911 оны 12-р сарын 29-нд Манжийн Чин гүрнээс Монгол орноо салган тусгаарлах үйл хэрэгт Богд Жавзандамба, Чин Ван Хандцорж гээд тэр үеийн дэвшилтэт үзэлтэй хан вангууд бүгд оролцсон байдаг.Тэдгээр хошуучлагчдын ихэнх нь Чингис хааны алтан ургийн удмын ноёд, тайж нар байсан учир төр засгийн эрх булаацалдаж мэдэх хандлага байжээ. Энэ бүхнийг төрт ёсны холч ухаанаар зохицуулж ямар нэг эвдрэл тэмцэлгүйгээр зохицуулах ажлыг Намнансүрэн хан гардан гүйцэтгэсэн байдаг. Түшээт хан Дашням ихэд толгой өргөж "Би бол энэ түвд гаралтай Жавзандамбыг бодвол их Чингис Богдын угсааны хаадын дотроос ахлах нь билээ" гэж хааны суудалд өрсөлдөх санаа гаргаж байсныг Намнансүрэн хан Халхын үзэл санааны нэгдэл нягтралын билиг тэмдэг нь хүссэн хүсээгүй Богд Жавзандамба хутагт мөн бөгөөд анхны дүр нь алтан ургийнхнаас төрж байсныг мартаж болохгүй зэргийг тайвнаар ухуулан сэнхрүүлжээ.Ингэж тухайн үеийн Монголын улстөр, эдийн засаг, оюун санааны тэнцвэртэй чанарыг сайтар олгосон төрийн хүний холч ухаанаар Намнансүрэн хан Богд Жавзандамба хутагтыг Улсын хаанаар өргөмжлөх саналыг оруулж бусад ноёд, лам нар дэмжсэн байна. Энэ үед Богд хааны эрх хүчинд дулдуйдаж лам нар төрийн хэрэг явдалд хэтийдэн оролцох болсон нь Чин ван Ханддорж тэргүүнтэй ноёдын дургүйцлийг төрүүлж байжээ. Шинээр буй болсон төр засгийн энэ дотоод хямралыг эвтэйхэн зохицуулж чадах хүн нь Намнансүрэн хан гэдгийг лам, ноёдын аль аль нь хүлээн зөвшөөрч байсан учир Ерөнхийлөн захирах сайдаар томилсон аж. Ингэж Намнансүрэн хан Ерөнхий сайдаар томилогдсоноор тухайн үеийн эрх баригчдын дотоод хямрал, өрсөлдөөн бүрэн шийдвэрлэгдсэн гэдэг. Энэ үед Намнансүрэн хан 34 настай байжээ. Тэр хэдийгээр ийм залуухан байсан ч 2-р Николай хаанд бараалхаж, Оросын бусад сайд нартай Барга, өвөр Мон Хөх нуурын Монгол зэрэг Монгол туургатныг багтаасан Монгол улс байгуулахыг зөвшөөрүүлэх Орос Хятадын 1913 оны Бээжингийн тунхаглалыг эсэргүүцэж гурван этгээдийн хэлэлцээр хийх санал зэргийг тавьж байсан нь төрт ёсны асар өргөн мэдлэгтэй, туйлбартай, эх оронч гэдгийг харуулж байв. Намнансүрэн ханы тууштай, зоримог санал нь 2-р Николай хаанд нэгийг бодогдуулж "Би танай Монголд тусал гэж Засгийн газартаа заавал хэлнэ. Харин та нар их улс болох гэж битгий яар. Гурван улсын хэлэлцээрийн үед ч Оросын төлөөлөгчид танайд ашигтай бодлого баримтална" гэж амлалт өгсөн байдаг. Гэсэн ч Намнансүрэн хан энэ удаагийн айлчлалаа дуусгах үед Оросын дипломатич: "Би та нарын хэргийг бүтээх гэж их чармайв" гэж нэгийг тандахад тэрээр "Бидний зорьсон хэргийн ихэнх нь бүтсэнгүй" гэж хариулжээ. Эндээс Намнансүрэн хан төр засгийнхаа төлөө ямар их зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө яаж тууштай, зоримог зогсож байсан хувь чанар нь харагддаг.
Намнансүрэн хантай уулзаж учирч явсан хүмүүс ямагт түүнийг гэгээн сайнаар дурсаж эгэл чанарыг нь өгүүлэн бичсэн нь олон байна. Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэв Намнансүрэн ханы дэргэд олон жил хар бор ажил хийж явсан өөрийн эцэг "Бөхөн" хэмээх Жамба гуайн ярианаас оруулсан дурсамждаа "Миний аав Жамба нь миний эх Хандтай дэр нийлүүлж, орон гэртэй болох гэж байх үедээ ... "гаргүй" Содов гэгчтэй хамтран эзнийхээ адуун сүргийг.....хурааж байгаад......баахан адуу барьж дэллэн .... гурван шуудай хялгас аваад .........хаданд нууж орхижээ. Хэдхэн хоноод байтал ноён тэднийг
дуудуулсан байна.   ... өргөөнд орвол ноён нь хэзээ ч байдаггүйгээр .... аягүй царай гарган тэднийг харж байснаа.....- Та нар яах гэж адуу дэллэсэн хэрэг вэ? Хятадын пүүсэнд худалдсан юм уу? Гэж асуужээ. Жамба хормой дэвсэн газарт сөхрөн тонгойж байснаа толгой өндийлгөж: - Боол нь жижиг гэр барих санаатай, оосор хошлон томж хийх гэсэн юм гэж хоолой чичрүүлэн айлтгажээ.
-Уухай, хүний юмыг эзэнд нь хэлэлгүй авбал хулгай болдог гэж та хоёр мэднэ биздээ. Та нар чинь хулгайч нар болчихоод байна гэж На ноён өндөр дуугаар хэлэхэд мань хоёр хүлцэнгүй номхноор нусаа татан сууж гэнэ. Ноён хоёр адуучнаа харж байснаа:
-Босоцгоо та нар! ... Та хоёр байтлаа Гончиг гуайд хоёрхон үг хэлэхдээ залхуураа юу. Дахиад хүний юмыг ингэж хэлэлгүй авбал базаахгүй хэрэгт холбогддог гэдгийг ойлгоорой. Явцгаа гэж явуулсан" гэж бичсэн нь бий.
Намнансүрэн хан ядуу доодост ингэж зөөлөн хандаж байсан баримт цөөнгүй. Ядуу нэгэн бүсгүй амьдралын эрхээр манцуйтай нялх үрээ хөнөөхийг завдаж байхад нь Намнансүрэн хан тааралдаж өргөөнд авчруулж хүүхдийг нь өөрийн үр болгож Авьдынгэрэл нэр хайрлан асарч, эхийг нь масан эцэслэтэл нь ивээлдээ байлгасан гэдэг. Авьдынгэрэл 1914 онд Намнансүрэн ханы хамт Орос оронд очиж байсан нь тэр үеийн гэрэл зурагт тодоор тусаж үлджээ. Тэр сэрүүн тунгалаг амьдарч байгаад 1920-иод оны эхэн үед Лхас хот руу бурхны ном үзэхээр яваад сураггүй болсон гэдэг.
Эдгээр түүхэн баримтууд нь Намнансүрэн ханы хичнээн эгэл жирийн зан араншинтай, ардач үзэлтэн байсныг гэрчилнэ. Төрийн үйлсэд тууштай үнэнч, түмний хэрэгт эгэл жирийн нэгэн байсан учраас Намнансүрэн ханы талаар ямар нэг муу мэдээ бидний үед уламжлагдаагүй байна.

Сайн ноён ханы элдэв учрал, хувь тавилангийн товч

Намнансүрэн хан нь Монголын 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн хан вангуудаас хувийн амьдралын хувьд нэлээд ээдрээтэй бэрх замыг туулсан хүн юм. Түүхэн бичиг, баримтад бичсэнээр Намнансүрэн зэрэг залгаж хорь гаруй нас хүрсэн үедээ Түшээт хан аймгийн Түдэв гүний хошууны нэгэн угсаатны охин, өөрөөсөө 7 нас дүү Магсаржавыг хатан болгон авчээ". Хатныг нутгийн олон "Магсар хатан" хэмээн авгайлан дууддаг байсан бөгөөд олон үггүй, тайван тогтвортой, элдэв муу явдалгүй, тунгалаг алаг нүдтэй бүсгүй байжээ. Гэрлээд нэг, хоёр жилийн нүүр үзтэл Магсар хатан үе залгамжлах хан хүү төрүүлж аймгийнханд баяр жаргал авчирчээ. Энэ үед Намнансүрэн ханы хойт эх буюу Төгс-Очир ханы бага хатан Цогтдар амьд сэрүүн байв. Цогтдар хатан атгаг муу санаатай, элдэвт сувдаг сэтгэлээр хандаж сурсан, ааш араншин сайнгүй хүн байсан аж. Иймдээ ч тэр "Намнансүрэнг аль нэг аргаар хөнөөж үгүй хийх, түүний үр үндсийг тасалж голомтыг хусан, өөрийн төрсөн хүү Ринчинсашийг хан ширээнд суулгаж, харъяат аймаг, хошууг захирсан эзэн болгох эрмэлзэл тавьж явах болжээ" /А.Дашням "Өлзийнарангийн өчил", 45-р нүүр/

А.Дашням, Ж.Пүрэв нарын өгүүлэн бичсэнээр Цогтдар хатан өөрийн бусармаг бодлоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ноцтой хэргийг үйлдсэн байна. Юуны урьд шинэ төрсөн ханы нялх үрийн амь насыг бүрэлгэх аймшигтай аллагыг хийхээр Балбар тавнан, Гэнпил хиа нартай үгсэн хуйвалдаж хүүхдийн зулай руу тэвнээр хатган егүүтгэжээ. Энэ хэрэг маш нууц, онцгой нөхцөлд хийгдсэн учраас ямар ч ажиг сэжиггүй өнгөрч, дараагийн хүүг төрөхөд дахин давтан үйлдэцгээсэн аж. Намнансүрэн хан өөрийн төрсөн хоёр хүүхдээ ингэж хорон муу санаатны гарт алдсан байна. Энэ нь түүний амьдралд тохиолдсон хамгийн уй гунигт хар өдрүүд байлаа.
Цогтдар хатны аюулт бусармаг үйлдэл үүгээр зогссонгүй. Намнансүрэн ханы амь насыг бусниулах элдэв аргыг нойр хоолоо хугаслан эрж сүвэгчлэн хайж байсан нь сүүлд илэрсэн нь түүхийн баримт болон ард олны аман ярианд үлджээ. Энэ аймшигт явдлын тухай хэл мэдээ тэр үед Дээрхийн Гэгээний сонорт хүрсэн байна. Өвгөн Жамбал гуай, А.Дашням гуай нарын бичиж үлдээснээр Богд Жавзандамба хутагтын зараалаар Нийслэл хүрээнээс "Хачин" -гуудын нэг болсон "Доль" Дэмбэрэл хэмээх лам Сайн ноёны хүрээнд морилон ирж, Цогтдар, Балбар тавнан нарын элдэвлэн хийсэн хараал жатгын үүр уурхайг илрүүлж, Намнансүрэн ханыг тойрсон муу муухай үндсийг тасалсан аж. Хүрээний дөрвөн талын хадан хошуу болон Сайхан хан Намнансүрэнгийн өөрийн өргөөний голомтын дор бузар муухай зүйлтэй хамт ханы зураг хөргийг толгойг нь уруу харуулан хийж, элдэв хорыг найруулан тавьж, завсар чөлөө гарах үед уулгахаар зэхсэн байсан нь Дэмбэрэл лам, Доной бээс нарын тэргүүлсэн хүмүүсийн шалгалтаар илэрчээ. Энэ үед Цогтдар хатны хараал биежсэн байгаад ханы өргөөг буулгах үед усан гахай болж Онгийн хүрээ рүү зугтахад Доной бээс устгасан тухай домог олон түмний дунд бий.
Ийм аюул заналын дундуур төв шударга сэтгэлийг барьж төр улсын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж явсан Намнансүрэн хан бол Монголын түүхэнд бараанаар орох мөр үлдээгээгүй цөөн эх орончдын нэг. Тэр сэтгэлийн асар их гэгээтэй хүн байснаараа тулгарч буй аюул хийгэээд авралыг байнга ариусал гэгээрлийн эрх чөлөөт сэтгэлгээгээр угтдаг байжээ. Нэг удаа Цогтдар хатан ямар нэг буруу санаа өвөрлөөд байгааг мэдсэн Ринчинсаш гүнгийн хатан Нинсэндэн хан ахдаа бараалхаж: Хүмүүсийн санаа буруудаад .... ноён ах танд хал бал болох вий гэж зовох боллоо" гэж айлтгахад Намнансүрэн хан олныг ч бодолгүй "Хоорондоо ам муруйгаад сэтгэл нь эмзэглэж дээ, хөөрхий" гэж нэгйг бодоод "Ах нь айлтгаж хэлнэ ээ. Нутаг усандаа ойрд очсон билүү дүү" гэх мэтийг ярьж тайвшруулан гаргасан гэдэг. Энэ нь үнэхээр түүхийн үнэн баримт болж Намнансүрэн ханы эсрэг хуйвалдаан илэрч ялт хэрэг хийсэн Цогтдар, Балбар тавнан, Гэмпил хиа, Ринчинсаш гүн нар хуулийн дээд хэмжээ авсан байхад Нинсэндэн хатан "ариун сэтгэлийг барьж ханд аюулын дохио өгч байсан" гэдгээр цагаадан үлдсэн байна. Харин Намнансүрэн хан: "Хатан Цогтдар хэдийгээр тийм муухай хэрэг үйлдсэн нь үзтэл илэрхий боловч, нэгэнт миний хойд эх болж явсан хүн тул түүний амийг гэтэлгэж өөр шийтгэл үзүүлнэ үү" /А.Дашням/ гэж энэрэнгүй сэтгэлийг барьж хэрэг шийтгэгч нараас хүссэн байдаг. Гэвч хийсэн хэрэг нь хэтэрхий хүнд учир, амь уучлах аргагүй гэж хэрэг шийтгэгч нар ёсоор болгожээ.
Энэ мэт явдал нь Намнансүрэн ханы дотоод билиг чанар, ариусах нигүүлсэхүй хийгээд төв шударга шинжийг илтгэн харуулж байна. Ийм ахуйн амьдрал, ажил үйлсийн түмэн нугачааг туулсан, оюунлаг, гэгээлэг Намнансүрэн "Богд хаанаас "Хаан" цол авсан тул Ерөнхий сайдынхаа хувьд улсын хаан", аймгийн ноёны хувьд хан байжээ" /түүхч Д.Төмөртогоо/

Н.Даваадаш



Сайн ноён хан Намнансүрэн нь Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хан нарын нэг бө...

Уншсан: 4785 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Улаанбаатарын үнэр
2011.10.27
Хөдөөх Намжилдоржийн явдал
2011.05.10
Улз голын алаг тэмдэглэл
2011.10.27
Өвөрхангайчуудын аман билгээс өнгөц шүүрдэхүй дор
2011.10.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011