Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Улаанбаатарын үнэр
[ Нийтлэлч: Даваадаш ]
2011.10.27
(фельетон)
Улаанбаатар бол маш их, бүр дээд зэргийн үнэрлэг хот. Ийм өөрийн гэсэн хурц үнэртэй хот орчлонд ховор төдийгүй ер нь байхгүй байх. Дэлхийд байхгүй зөвхөн Монголчууд л бүрэлдүүлэн буй болгож байгаа тэр ховор үнэр ганцхан Улаанбаатарт  бий  гэж болно.
Тийм ховор үнэрийг Монголчууд бид л таашаан хүлээн авч гүнд нь амьдран сууж чадахаас биш гадаад гүрний хүмүүс бол удаан сууж чадахгүй ухаан алдах юм уу,  уушги нь цоорч булай болно. Монголчуудын хэнэггүй, цүлх, тэвчээр хатуужилтай байгаа нь энэ үнэрээс л улбаатай хэрэг. Тэр дундаа Улаанбаатарчууд бол үнэрийн дээд зэргийн шалгарлыг давж уушги нь чулуужиж, элэг нь ширэм болсон хүмүүс юм. Тэд нүүрсний  утааг дээд зэргийн үнэртэн хэмээн үзэж, аргалын зөөлөн утааг үл  тоож байна.
“Аргалын утаа бургилсан малчны гэр төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог” хэмээн уншихад ихээхэн доогтой ширтэж “Жинхэнэ хөдөөгийн амьтан байна даа. Нүүрсний утааны дэргэд аргалын утаа юу юм бэ? Сонс чи,
Нүүрсний утаа баргилсан
Нүсэр хотод төрсөн би
Нүдээ нээсэн цагаас
Цээж минь багтарч өссөн би
Хотын соёл гэдэг энэ шүү дээ. “ гэж томорно. Үнэндээ хотынхоо үнэрт цээж нь ширэмжиж бие нь цул химижсэн  хүн ингэж пээдийхэд буруу нь юу байхав. Улаанбаатарын үнэрийн шалгарлыг туулж жинхэнэ нийслэлийн иргэн хүний биеийн чадавхи чанар суусан хүнд үхлээс өөр аюул бараг байхгүй болдог. Харин тэр үнэрийн шалгарлыг давж тэгтлээ бөхжинө гэдэг амаргүй даваа. Хотын босыг дөнгөж алхаж байгаа харийн хүн, хөдөөгийн иргэн зэрэг хүмүүс хотын үнэрийн аясыг даалгүй царай нь цонхийн цайж, үг нь цөөрсөөр ухаан алдаж унах юм уу, эсвэл цээжээ самардан гүйж “амь авар” гэж чангаар хашгирч нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн этгээд болж цагдаад баригдана. Цагдаагийн газарт үнэрийн мөн чанарыг гүнзгий мэдрүүлдэг вакуум маягийн лаборатор байдаг гэдэг. Тэнд авчирсан хүнийг “амин ус”-ны  үнэр, газрын үхсэн чийгний үнэр, сүрьеэ өвчний “хэлбэргүй” үнэр зэргээр нэвт жиндээн хот гээч айлын үнэрийн тогоонд чанадаг.
    Хүчний байгууллага гэлтгүй хотын үнэрт хүнийг ингэж хүмүүжүүлж байгаа нь нийслэлчүүдийн сайн сайхны төлөө хийж буй алхам мөн. Гэхдээ цагдаагийн үнэрийн энэ вакуумжуулсан орчин бол Улаанбаатарын нэрд гарсан үнэрийн гайхамшигт орчнуудын дэргэд юу ч биш. Зуны улиралд Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүрэг нь Улаанбаатарын үнэрийн гайхамшгийг харуулж утах нь байтугай умбуулж өгнө. Тэдгээр газарт баруун урд зүгээс салхитай өдөр шувуу хүртэл муужран унаж, ялаа, шумуул хэрнээ дэмийрэн тэнэж байдаг. Гэтэл Улаанбаатарчууд тэр үнэр дундуур  мөхөөлдөс долоож, хуушуур задгай идэж Туулын хөвөөнд зугаалах юмуу, “Морь үзнэ” гэж гүн амьсгаа татан “Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар” хэмээн дуулан давхих нь бахталтай. Энэ бол үнэрээс авсан дээд таашаал мөн.
 Өвлийн цагт бол Улаанбаатарчууд ардчилллын хуулийн дагуу их бага, эцэг хүүхэд, дарга цэрэг гэж ялгарахгүйгээр жинхэнэ цэвэр нүүрсний “оргиналь” хэмээгдэх утаагаар амьсгална. Энэ нь Улаанбаатарын үнэрийн оргил үе буюу нийслэлийн иргэн мөн бишээ үзэх жинхэнэ шалгарлын мөчлөг мөн. Ер нь хатуугаар хэлэхэд үхэх сэхэхээ үзэх мөч л дөө. Харин энэ онцгой үеийг төр засгийнхан болоод бизнесийн зарим бүлэглэлийнхэн мөнгө хормойлох үе гэж үзнэ. Учир нь хавраас эхлэн утаагүй зуух, утаагүй түлш, коксожсон нүүр, ийм халаагуур, тийм түгээгүүр хэрэглэнэ гээд хэдэн тэрбум төгрөг төлөвлөснийхөө хувийг энэ үед л хормойлно. Иймд Монголын эрх баригчид бизнесменүүд нүүрсний утаанд маш их  хайртай. Тэд аливаа утааг мөнгө хайрлагч “хар бурхан” гэж үзнэ. Энэ үүднээс “Утаанаас мөнгө л үнэртэж байдгаас биш өөр хортой зүйл үнэртэхгүй” гэж  онолдох хүн ч бий. Тэгэхэээр Улаанбаатар бол мөнгөний хурц үнэртэй хот юм. Харин “муу нохойд шар тос зохихгүй” гэгчээр “Утаанаас болж өвчиллөө. Утаа бол тахал мөн” гэж ярьж янгуучлаад байгаа хүмүүс бол мөнгөний үнэрийг танихгүй байгаа хэрэг.
Улаанбаатарт мөнгөний гэгдэх утааны энэ үнэрээс гадна “амин ус”-ны буюу шээсний үнэр болон задгай бохирын үнэр зуны бүгчим халууныг хөгжөөх нь аатай. Нэг ёсондоо Улаанбаатар маань хавар зуны сардаа ийм эхүүн хурц “сүрчиг” –тэй хот юм. Энэ “сүрчиг” нь намрын сардаа шарилжны үнэртэй хослон сэнгэнэж харшил гээчийн далд салхийг сэвэлзүүлэн хотын ихэнх иргэдийг гэрт нь суулгаж  жаргаана. Энэ бол хотын үнэрийн нэг талын “өглөг буян” юм. Нөгөө талаар үнэрлэг хотын иргэд өөрсдөө бас үнэрлэг болдог нь хууль бололтой. Нийтийн унаанд болон хүн олон цугласан газар дуугаар бол жинхэнэ үнэрийн ”найрал дуу” эгшиглэнэ. Хөлсний эхүүн үнэр цоргихын зэрэгцээ, шиврийн хүнд үнэр ягуухан эзлэн түрэмгийлж, хуламсны үнэртэй хослон саармагших маягтай дэгдэнэ. Дээр нь өөхөн тосны бүг үнэр, хуушуур, сармисны хурц үнэртэй нийлж нэгэн “ гоцлол” маягийн юм үүсгэж хамар гашилгана. Бохь зажилдаггүй амны жинхэнэ аагтай үнэр “ модерни” хэв маягийг үзүүлэн бичил орчинд нянгийн “бүжиг” –ийг цацахад өөрийн  эрхгүй дуу алдмаар …  Ийм л маягаар Улаанбаатарын улирлууд үргэлжлэхэд зөөлөн бороотой зун, намрын өдрүүдийг хүсэмжилж, уулын орой дээр майхан босгон хэдэн өдрөөр хэвтмээр санагдах нь хачин.  Юутай хайран, юутай хачин.

Н. Даваадаш


Улаанбаатар бол маш их, бүр дээд зэргийн үнэрлэг хот. Ийм өөрийн гэсэн хурц үнэр...

Уншсан: 2230 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
2011.10.23
Хөдөөх Намжилдоржийн явдал
2011.05.10
Улз голын алаг тэмдэглэл
2011.10.27
Өвөрхангайчуудын аман билгээс өнгөц шүүрдэхүй дор
2011.10.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011