Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
АНУ яагаад Иракаас гарсан бэ?
[ Нийтлэлч: Одонтуяа ]
2012.01.20
НЕФТИЙГ ТОЙРСОН ТОМ УЛС ТӨР
Хүн ам өсөхийн хирээр эрчим хүчий хэрэглээ геометрийн прогрессоор өсдөг гэдэг. Жишээ нь: Хүн ам хоёр дахин өсөхөд эрчим хүчний хэрэглээ дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн үг. Иймээс дэлхийн эрчим хүчний том бодлогоруу анхаарлаа хандуулцгаая.  
Дэлхий ертөнц цоо шинэ эрчим хүчний нөөцтэй, шинэ технологитой болж, дэвшлийн эргэлтийн цэг дээр ирээд байна. 
Бид нүүрстэй болсон нь үүлэн чөлөөний нар шиг үзэгдэх аз, алдаж болохгүй атгаж авах үе юм. Гэвч шинэ технологи дэлхийн эрчим хүчний газрын зургийг дахин өөрөөр зурах боллоо.Норвегийн хойд хэсэг Арктикийн хүйтэн далайгаас Аргентины Патагони хүртэл, өрнөд Канадаас Анголын эрэг хүртэл нефть болон байгалийн хийн асар том шинэ ордуудыг шинэ технологиор ухаж, шахаж, өрөмдөж байна.
 
АНУ хөрш Канадаас нефть, байгалийн хийн ордын асар их нөөц олсон болохоор холын Ирак, Афганистанд тэнэгтэх хэрэггүй болж, цэргээ татаж дуусч байна.“Нефть олно гэдэг чухал, харин Канад шиг амгалан тайван, найдвартай хөрш нефтьтэй болно гэдэг шал өөр хэрэг” гэж АНУ-ын “Эксон Мобил”-ийн тэргүүн Колтон хэллээ. Канад 20 жилийн турш өдөр бүр 200,000 баррель нефть гаргах юм.
 
МАНАЙ ГОЛ ХЭРЭГЛЭГЧ
Өрөмдлөгийн шинэ технологийн ачаар АНУ өөрөө ч өмнө нь илрүүлээд олборлож чаддаггүй байсан асар их нөөцтэй болсон. Энэ хямдхан, эдийн засгийн үр өгөөжтэй өрөмдлөгийн шинэ технологийн хойноос хятадууд амиа өгөхөд бэлэн гүйж байна.Сэтгэл нь хөөрүү Обама 2009 онд хятадын дарга нартай уулзахдаа БНХАУ-д шинэ технологио өгөхөөр амлачихаж.
 
Хятадын “Синопек” 2017 онд Канадаас Хятадад импортлох нефтийг танкераар зөөхөд зориулж Альбертаас Китимат хүртэл нефть дамжуулах хоолой татах төслийг 5.5 тэрбум ам.доллараар санхүүжүүлж байна. Ойрын жилүүдэд 15-аас 20 тэрбум баррель газрын тосны хэрэгцээ тулчихаад байгаа Хятад Венесуэль улсын зүүн хойт нутагт Оринокогийн бүсийг эзлэхээр хөөцөлдөж байгаа. Хятад улс өөрөө ч баруун ба төв нутгаараа чулуужсан занарын хийн асар их нөөцтэй юм билээ.Удахгүй үүнийгээ олборлох технологитой болох гэж байна.
 
БНХАУ 2020 он гэхэд эрчим хүчний 10 хувийг занарын хийгээр хангах бөгөөд энэ оны 6 дугаар сард чулуужсан занарын хийн анхны дуудлага худалдааг хийх гэж байна. Хятадууд ч бас хүн болохоор нүүрсний утаанд хахаж байхыг хүсэхгүй, хотуудынхаа агаарыг цэвэршүүлэхийн тулд нүүрснээс татгалзаж, байгалийн хийгээр орлуулахаар төлөвлөн занарын хийн технологийг дэмжиж мөнгө хаяж байна. Тэд нефтээс илүү байгалийн хий олборлох технологид шунаж байна.
 
НЕФТИЙГ ТОЙРСОН ЖИЖИГ УЛС ТӨР
Манай нүүрс хэдийгээр төмөрлөгийн үйлдвэрт зориулагдсан өндөр чанарын коксжсон нүүрс боловч тайвширч сууж болохгүй, түүхий эдүүдээ аль болох боловсруулж гарган дэлхийн зах зээл дээр үнэ цэнийг нь нэмэгдүүлэх тал дээр шаргуу ажиллахгүй бол ядуугаасаа хэзээ ч салахгүй.
Энэ сонгуулиар АН ялна гэж бодож байна. МАХН,ИЗН шинэ парламентад эрэлттэй, үнэтэй зочид байх болов уу. Гэхдээ шуурга зөвхөн цайны аяганд болоод битгий өнгөрөөсэй. Өнөөдөр эдийн засаг, иргэд  нь элгээрээ хэвтсэн манайд тогтвортой улс төр, эдийн засаг, том зураг харсан бодлого л хэрэгтэй. 
Бид Өмнөговиос нүүрс, Дорнодын Матадаас нефть олборлож гадагш нь экспортолж, оронд нь нефть импортолж, машиндаа бензин авдаг. Яг л кофе ургуулж тариад 5 ам доллараар экспортлоод дэлгүүрээс “Нескафе” 15 ам доллараар авч уудаг Кеничүүд шиг чөтгөрийн тойрогт амьдарч байна. Нэг, хоёр агентлагийн дарга солиод ч бид энэ тойргоос гарахгүй нь бүр тодорхой. Ард түмний бухимдалыг түрхэн зуур дарсан заль юм уу? Эсвэл аргаа ядарсан арга юм уу? Ядаж салбарын сайдад нь хариуцлага тооцчихгүй дээ.  Манай нефтийн бодлого дэндүү жижиг. 
 
ӨРӨМДЛӨГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ
Энэхүү шинээр илэрсэн хэдэн зуун сая баррель нөөц ирэх арван жилд зах зээлд нэвтэрч байгаа нь дэлхийн геополитикийн болон эдийн засгийн тооцоог өөрчилж байна. Түлшний хэрэглээний өсөлт АНУ, Европоос Хятад, Энэтхэгт болон бусад хөгжиж байгаа улсуудад шилжиж байгаатай адил өрөмдлөгийн шинэ буум нь Ойрхи Дорнодоос эрчим хүчний глобал нөөц гэсэн тодорхойлолтоос холдуулж байна.
 
АНУ хагас зууны турш гинжлэгдсэн Ойрхи Дорнодоос хамаарах хэрэггүй болов. Хятад, Энэтхэг улсууд өргөжиж байгаа дунд ангиа цэнэглэх түлштэй болов. Япон, Европын улсууд цөмийн эрчим хүчнээс татгалзах боломжтой болов. Түлшний үнэ өсөхөөс хэн хэн нь айх хэрэггүй боллоо. Энэ боломжийг өрөмдлөгийн шинэ технологи өгчээ. Чулуужсан занараас гидрокарбон олж үйлдвэрлэдэг болж, Пенсилвань, Техас, Луизана болон зарим мужууд сүүлийн таван жилд өөрсдийгөө байгалийн хийгээр хангаж ирсэн нь АНУ-ын Засгийн газар болон корпорациудын үзэл бодлыг огцом өөрчилжээ.
 
Энэхүү шинэ өрөмдлөгийн технологи нь шинэ ба хуучин технологийн холимог юм. Өндөр даралттай ус, элс, химийн бодисоор чулууг буудаж зүсдэг байсан хуучин аргыг газрын гүн рүү босоо өрөмдөөд зогсохгүй хөндлөн өрөмдлөгийн аргатай хослуулж хэрэглэх болжээ. Гүнд байгаа нефть хийн ордод нэвтрэхийн тулд олон босоо нүх өрөмдөж шахаж гаргадаг байсан хуучин аргын дэргэд нэг нүх босоо өрөмдөөд, түүнээсээ нефть хийн судлаа дагаж хөндлөн өрөмдөх болсон нь эдийн засгийн хувьд тун хэмнэлттэй юм. Нэг хөндлөнгөөр зогсохгүй олон нүх чанх хөндлөн салбарлан өрөмдөж олборлох болжээ. Энэ арга газрын гүний халуун, хатуу чулуулгийг нэвтлэхийн сацуу жижиг болохоор эдийн засгийн ашиггүй гэж харагдаж орхигддог байсан олон ордуудыг олборлох боломжийг нефтийн компаниудад олгов.
 
ЭТГЭЭД ЧУЛУУЖСАН ТҮЛШНИЙ ШИНЭ ҮЕ
Шинэ технологи ашигласнаар чулуужсан занарын хий олборлолт 2006 оноос тав дахин өсч, АНУ байгалийн хий олборлолтоороо дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч ОХУ-ыг 2009 онд гүйцэж түрүүлжээ.
 
Харин бусад улсууд энэ дэвшлийг чимээгүй харж байна. Франц, Герман, Өмнөд Африк, Британи, Украйн улсууд энэ талын технологийг зогсолтгүй судалж байна. 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний 14 хувийг занарын хийгээр хангаж, 32 улс үүнд тэргүүлж оролцох болно гэж америкчууд тооцоолж байна. Польш, Герман, Швед, Франц, Украйнд занарын нөөц байгаа юм. Европ хийн 60 хувийг импортолдог бөгөөд үүнийхээ тал хувийг ОХУ-аас авч байна. 
 
Түүнчлэн АНУ сүүлийн үеийн инженерийн дэвшилтэт технологиор занарын хийгээс (shale gas) гадна газрын тос (oil) гаргаж авч байна. Хойт Дакота, Монтана мужуудын Баккены ордоос 400,000 баррель ийм газрын тос олборлож байгаа бөгөөд 2015 он гэхэд сая баррель хүргэнэ гэжээ.Эдгээртэй төстэй ахиад 20 орд бэлэн байгаа юм байна. 
 
АРКТИК
Өрөмдлөгийн шинэ технологи өмнө нь хүрэх боломжгүй, хэтэрхий үнэтэй байсан далайн гүнээс нефть, байгалийн хий олборлох болов. АНУ-ын геологийн судалгаагаар хойт туйлын Арктикт дэлхийн газрын тос, байгалийн хийн дөрөвний нэг байгаагаас 80 хувь нь далайн эрэг хавьд байна гэж зарлажээ. Жараад онд Орос ба Аляскад маш том ордууд нээснээс хойш одоо Орос, Аляска, Канад, Норвегид 40 гаруй ордуудыг олборлож байна.
 
ДАЛАЙН ГҮНИЙ НЕФТЬ БА ХИЙН НӨӨЦ
2000 онд далайн гүнээс нефть олборлож байсан 20 байгууламж л дэлхий дээр байсан бол одоо 200 хүрч, тоо нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эдгээр цооногууд дэлхийн газрын тосны нөөцийн 8 хувийг хангаж байгаа бөгөөд ирэх 2020 он гэхэд олборлолтын хэмжээ хоёр дахин өсөх болно. Мексикийн булан, Бразилийн эрэг, Австрали, Энэтхэг ба Африкийн баруун эргийн дагуу эдгээр цооногууд байрлаж байна.
 
Сүүлийн жилүүдэд геологичид хүчирхэг компьютер технологийн тусламжтайгаар сейсмик тооцоонд үндэслэж далайн ёроолоос доош 15 мянган футын гүнд нефть олж байна. Зузаан давсан давхаргын доорх ашиглаагүй ордуудыг гурван эзэлхүүнт дүрслэлээр сейсмик зураглалыг гаргаж чаддаг болсон.
 
ХҮЧНИЙ ТЭНЦВЭР ШИЛЖИВ
Шинэ эрчим хүчний эх үүсвэрээс хамгийн их хожиж байгаа улс нь АНУ юм.1960 оноос өмнө Персийн булан болон Хойт Африкийн ордуудыг америкийн компаниуд эзэмшиж автократ эрх баригчидтай эвсэж байсан боловч 1970 оноос ОПЕК дэлхийн газрын тосны удирдлагыг авч АНУ бараг л дайсан болсон билээ. Одоо байдал эсрэгээр эргэж байна. АНУ нь Канад, Бразил ба хойт Африкийн нөхөрсөг улсуудаас эрчим хүчний эх үүсвэрээ бүрэн хангаж эхэлж байгаа болохоор Ойрхи Дорнод өөрийнх нь эсрэг газрын тосыг зэвсэг болгон хэрэглэхээс нэгэнт айхгүй болжээ.Иймээс л АНУ Афганистан, Иракаас цэргээ гаргаж, Ойрхи Дорнодыг орхиж байна.
 
Гэтэл нөгөө талд БНХАУ Энэтхэгийн газрын тос олборлодог улсын компаниудыг Өмнөд Хятадын тэнгист өрөмдөхийг хориглож, шинэ ордуудаас болж сөргөлдөх болов. Яг адил шалтгаанаар Турк Киприйг дарамтлах болжээ. 2035 онд дэлхийн эрчим хүчний эрэлт 50 хувь өсөх бөгөөд үүний ихэнх нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж байгаа улсуудад оногдох юм.
 
Харин Европт нефть, байгалийн хий экспортолдог гол улс ОХУ-ын хувьд шинэ технологийн улмаас ихээхэн алдагдал амсч, ирээдүй нь бүүдийгээд байна. Саяхан Казахстан, Туркменистанд нефть байгалийн хийн маш том ордууд илэрч, шинэ өрсөлдөгчид тодорчээ.
 
Харин энэ шинэ ертөнцөд бидний эзлэх байр суурь хаана байх вэ? Бидний өмнөөс Монголын ямар компани тоглох вэ? Монголд томдож, дэлхийд жижигдэхийн зовлонг яаж гэтлэх вэ? Дээрх асуултууд эдийн засагч миний толгойд хариулт нэхэж байгааг та бүхэнтэй хуваалцлаа.

Эдийн засагч С.ОДОНТУЯА
 

    Хүн ам өсөхийн хирээр эрчим хүчий хэрэглээ геометрийн прогрессоо...

Уншсан: 1615 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Бидэнд итгэл хэрэгтэй
2012.06.27
Тамхи татдаггүй, архи уудаггүй иргэнд Эрүүл мэндийн даатгалаас урамшуулал өгье
2012.06.27
Гэр бүлээ хайрлая
2012.05.14
Эрдэс биш эрүүл монгол хүн баялаг
2012.05.02
Эдийн засгийн алуурчин
2012.04.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011