Шуум.мн | Мэдээ | Мэдээлэл | Олон өнцгөөс
  Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Дөнгө болсон дөчин сая мал
[ Нийтлэлч: Оюунцэцэг ]
2012.02.10
“Хөдөө тал нь малаар дүүрэн, Хөвчийн ой нь ангаар бүрэн, Хөрсөн дороо эрдэнээр арвин” Монгол орны хөдөө ах дүү тааруутай нийслэлийн өрхийн зоогийн ширээн дээрхийг өнгийгөөд нэг харъя. Цаасан хайрцагтай солонгос Сөүл сүү, оросын Шар сүүгээр цайгаа сүлж,  америк тахиа, хятад гахайн махаар хоол зууш бэлтгэж, өндөг идэж, ажлын завсар чөлөөнд хангүүг бэлэн хоол шурдхийлгэн ходоодоо дүүргэж байна. Тал дүүрэн бэлчих олон сая малаас наалдах зүйл хотынхонд хомс. Олон бүлтэй нь бол хэдийнэ дэлхийн зах зээлийн үнэд тулсан малын махаар амт оруулсхийгээд л ногоо, гурилаар булдчихаж байгаа. Дэлгүүрийн лангуунд ярайх дотоодын Шинэ сүү, Биеэ бодоорой, Өөлүн тэргүүтэй савлагаатай сүү Өвөрмонголоос татан авчирдаг хуурай сүүний хольцтой. Тараг, цөцгий ч ялгаагүй дийлэнх нь Өвөрмонголын тарлан үнээний сүүнээс гаргаж авсан бүтээгдэхүүн. Хот дүүрэн малтайгаа гайхах ч дэлэнг нь шувтраад сүүгээр нь хот орныхныг цалгиулах анхиа хөдөөгийнхөнд байхгүй.  Ааруул, аарцандаа гурил хольж буяндаа бузар оруулна.
Сар шинийн баяр болоод ирэхээр тааруухан цалинтай хүний сарын дундаж хөлснөөс давсан өртөгтэй ууц зах зээл дээр данхайна. Дэргэд нь дэлэм нударгатай эзэн нь үнэрхэж таахалзана. Ёсыг бодож түүнийг нь авч гурав хонуулаад ходоод, хогийн сав хоёр дамжуулаад даший шог. Ёстой гучин хэдэн сая толгой малтай орны нийслэлийн иргэд мөн байгаа биз.
Уг нь Монголын малын тоо толгой жил гаруйхны өмнө дөчин сая даваад байв. Хөдөөгүүр элбэг дээл хэлхэгнүүлж, энгэр заамаа задгайлж, бөднийн өндөгний дайтай мөнгөн товч санжигануулж, эмээл дээрээ хөндлөн суун тэнзэн ташуур гозгонуулсан цээж баячууд дүүрэн. Болоогүй, хотынхныг гуйлгачин түүлгэчнээр нь дайруулна. Дөчин сая малтай байлаа гээд тэд улсын төсөвт нэмэрлэх татвар төлөхгүй. Хүүхдээ оюутан болголоо гээд мөнөөх хотын гуйлгачдын татварын мөнгөөр үнэгүй сургана. “Малчин” гэдэг нэр маш их хөнгөлөлтийн нэрийн хуудас болж өгнө. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй. Тийм их малтай атал хамаг халамжийг цуглуулж хүртэж, цуглаж баярхана. Хотынхон ядарлаа гэхэд балга сүү, үмх мах хялайлгахгүй мөртлөө “Мал төрийн хамгаалалтад шүү” гэдэг үгийг Үндсэн хуулиас хамгийн сайн мэднэ.
Тэгж бялуурч явтал шарагчин шороон үхэр жилийн сүүлэн дээр төмөр зуд нүүрлэв ээ. Дөчин сая мал дөнгө болж монголчуудын хүзүүн дээр буув. Сая саяараа хорогдож, баялаг биш хог болов. “Ахан дүүсээ биднийгээ бод” хэмээн аархуу малчид маань хотын гуйлгачид тийш сарвайв. Дөчин сая малын буянаас цалингаа шавхан байж үнэрлэх төдий хүртдэг нийслэлийнхэн цэцэрлэгийн багачуудаасаа өвгөд өтгөсөө хүртэл хэр боломжоороо тусламж илгээв. Хавар болоход хангай дэлхийг бүрхсэн 10 гаруй сая малын сэг зэмийг булах гэж гуу жалга болгоныг дүүргэсэн дээ. Тэгтэл малчдыг баярлуулсан нэг үйл явдал болов. “Үхүүлсэн малынхаа сэгийг бул” гэж гадаад, дотоодын байгууллага, тэрний дотор мөнөөх л хотынхны татварын мөнгөөр эздийг нь хөлсөллөө. Малчдын баярлаж байх гэж тоймгүй. “Үхсэн хойноо ч буянаа хайрлах хэдэн мал минь” гээд л. Уг нь үнэр танар орохоос нь өмнө сэг зэмийг нь далд хий гэж л хотын гуйлгачдын хөлсөө дуслуулж олсон мөнгөнөөс татсан татвараас тэднийг хөлсөлсөн нь тэр шүү дээ. Зудаар гул барьж махны үнэ тэнгэрт хадаж магнаг болсон. Мал аж ахуйн орны нийслэлийн иргэд махнаас холдож мацаг барих нь элбэгшсэн.
Хаврын урь орж, зун болж, намар налайж байтал зүүн аймгуудыг шүлхий нэрвэв. Дахиад л мах магнаг боллоо. Үнэ нь мал аж ахуйгүй дэлхийн орнуудын дээд жишигт хэдийнэ хүрэв. Улсын төсвийн мөнгөний дийлэнх зуд турхны гамшиг арилгах, малчдын хохирол барагдуулах, шүлхий, боомтой тэмцэхэд, ариутгал тарилга хийхэд явдаг боллоо. Ядарсан орны эдийн засагт дөчин сая малтай холбоотой зарлага дөнгө болон зүүгдэв. Ёстой лайтай. Малын толгой ч гучин хэдэн сая дээр буув. Өнгөрсөн өвөл тэнгэр хангай таатай ээлтэй л байлаа. Гэсэн ч малын хорогдол нэг сая толгой дөхчихөж. Бас л “улс минь, засаг минь харж үзээч” гэсэн үг хөдөө талаас хангинаастай. Одоо цаг тавирах бас болоогүй. Хэдийгээ ч цааш харуулах юм билээ, бүү үзэгд.
Малаа барсан сайн эрст нутагт хийх ажил байхгүй. “Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог газар” гэж Улаанбатарыг чиглэсэн их нүүдэл дахиад л хөвөрнө. Ирээд буух газаргүй тул чимээгүй хот бараадаад төвхнөчихнө. Амьд үхсэн хоёрыг эрх биш зааглах гээд дүүргээс дундуур нь хашаа босгохоор “Гэрийн маань нэг талыг нөмөртэй болгож өгсөнд гялайлаа” гэж мангартана. “Мал дагасан хүн мал болдог” гэж манай нэг нэрт сэтгүүлчийн хэлсний үнэн төрх энэ. Ажил хийе авах газаргүй болохоор хулгай, дээрмээр амь зогооно. Дөчин сая мал хүний ухаан санааг дөнгөлсний гай.  Малаа л дагахгүй бол гэдэс тэжээх өөр аргагүй бологсод нийслэлийг эгээтэй л эртний Эсгий хотын зиндаанд буулгах дөхөж байна. Мөнөөх гуйлгачнаар нь дууддаг хотынхондоо бөөн тээр болж байна. Тэвдэж явахад нь тэвнээр тусалсан тэдэнд төвөг удаж, цахилгаан, дулааны хангамжийг доголдуулж, угаадас, үнс, утаанд “хандив” өргөж байна. Тэнхрээд ирэхээр нь хотынхон тэднээс балга сүү гуйвал өөдөөс угаадас цацах байлгүй, бараг.
Гэтэл гадаад орнууд малгүй байж маниас хямд мах идэж байгааг яалтай. Манайхны хоёр дахь эх орон болсон БНСУ-д Улаанбаатарын зах зээлийн ханштай дүйх мөнгөөр амттай, зөөлөн үхрийн мах авч идэж болж байна. Тэд Австрали, Шинэ Зеландаас махаа усан онгоцоор аваад ирнэ. Өөрсдөө мал маллаж үйлээ эдлэхгүй. Тэгсэн атлаа боломжийн үнээр зөөлөн мах аваад идчихнэ.
Япон, Тайвань, Сингапур малгүйдээ өдий зэрэгт хүрч хөгжсөн. Тал дүүрэн мал, газар дүүрэн баялаг тэдэнд байхгүйн ачаар тархиа дөнгөлөлгүй хөгжилд хүрчээ. Гурван сая хүрэхгүй хүн амтай монголчууд гучин сая малынхаа балгаар тархиа түгжүүлчихсэн. Нэг сая илүү хүн нийслэл, Дархан, Эрдэнэтэд төвлөрсөн гээд бодохоор ганцхан сая хүнд л тэр гучаад сая мал хамаатай. Бодоод үзэхээр аймаар тоо. Нэг хүнд дунджаар 30 толгой мал ногдоно. Хүний нэг толгойн ухаан ердөө л гучин толгой малыг бэлчээж, хариулж, арчилж тордоход зориулагдана. Ингээд хуучин хүүгийн үлгэрээр амьдарсаар хорвоог барна. Үүнийг дөнгө гэхгүй юу гэлтэй билээ. Сайхан амьдарч үзэлгүй нэгэн довыг тойрон хэдэн малын араас гэлдэрсээр шар нар, бор хоногийг үднэ гэдэг гунигтай. Малаа барахгүй л бол нийслэл бүү хэл аймгийнхаа төвийн барааг харахгүй тэд бөөн дөнгөтэй.
Хорин хэдэн сая малтай байхдаа монголчууд үйлдвэрээ хөгжүүлээд, барилгаа бариад, сурч боловсроод, нийслэл нь нийслэл шиг байсан юм байна. Харин одоо мал өсөхийн хэрээр дөнгө хүндэрч, хотынхон хоолны мах, цайны сүүнд олсон орлогынхоо 70-80 хувийг зардаг болжээ. Малаа цөөлж, эрчимжсэн аж ахуй хөгжүүлж, хөдөөгийн залуусын тархийг дөнгөнөөс чөлөөлж болохгүй юм болов уу, монголчууд аа.
Д.ОЮУНЦЭЦЭГ

“Хөдөө тал нь малаар дүүрэн, Хөвчийн ой нь ангаар бүрэн, Хөрсөн дороо эрд...

Уншсан: 1196 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
"Тринозавор Батаар" нь баялгаа буцаан авч болдгийг харуулсан анхны тохиолдол”
2012.07.20
Сонгогчдод ч хатуу хяналт тавих сонгууль болно
2012.06.27
Шүүх шүүх шиг ажиллаж эхэллээ
2012.06.27
Хос тэргүүнт бүргэдийн “эзэн”
2012.02.14
Кимийн шинэ эрин
2012.02.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011