Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Хачин юм их байх юм доо, дамшиг гэж..
[ Нийтлэлч: Туяа ]
2012.03.15
МАН-ын дарга С.Батболд Олигархийн засаглалаас ард түмний засаглалд шилжүүлж олигархуудаас ядарсан олноо салгаж өгөхийг туйлаас хүсч байгаагаа, бүр  өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаагаа тун саяхан зүрх шимшрүүлэн мэдэгдэв. Олон хүнд үнэндээ юу ч ойлгогдсонгүй. С.Батболд танхимдаа байгаа тэрбумтнуудаа дагуулаад огцрох өргөдлөө өгөөд бизнесээ хийх гэж байгаа ч юм шиг. Хорин жилийн дараа 4 хүүхэдтэй айлд байр өгнө гээд яриад унахаар 20 жилийн дараа  дарга хэвээрээ байх ч юм шиг.  
Сүүлийн үед хөрөнгөлөг мөнгөлөг болгоныг хажуудаа цуглуулаад байгааг нь бодоход Батболдоос, бас хайртай найз нараас нь салахгүй зовоогоод байгаа олигархи гэх харь гаригийн амьтадтай оддын дайн зарлах гээд ч байгаа юм шиг, эсвэл өөрөө өөрөөсөө салах гээд ч байгаа юм шиг.  Салж өгдөггүй тэр нөхөд ер нь хэн юм болоо.  Монголчууд МАН-ын мантгар дарга нарыг даргаар нь удаан байлгахын төлөө ядуугаараа байгаад ч байгаа юм шиг, МАН-ынхан маниусыг байртай болгохын төлөө даргын хүчир ажилд хүзүүгээ хугартал зүтгээд ч байгаа юм шиг. Ер нь их л ухаан шаардсан, философийн асуудал байх, мань мэтийн толгой хүрэхгүй нь.  
Гайхах юм олон байна доо. Монгол улсын эдийн засаг жил бүр бараг 20 хувь өсч тун удахгүй монголчууд арабын баячууд шиг гадныхныг зарчихаад л боссдоод явах юм яриад байсан чинь  дөрвөн хүүхэдтэй дунд насны гэр бүл 20 жилийн дараа Батболдоос байр горьдоод сууж байна гэсэн төлөг буулгаж байгааг бас олон хүн гайхаж учраа олохгүй төөрөлдөж орхив. Хүүхдүүд маань биднээс сайхан амьдарна гэж итгэж явсан чинь харин хүүхэд олныг төрүүлвэл байр өгнө, төрүүлэхгүй бол овоохойд амьдар  гэж гол харлуулдаг байна ш дээ. Тэр өсөлт мөсөлт, баялаг маялаг бидэнд хүртээлгүй юм уу гэж олон хүн уурсаж байна.
Үгүй ээ, Батболд гуай өөрөөсөө бусад олигархуудыг хөөж явуулаад , бүх айл дөрвөөс дээш хүүхэдтэй байх хууль гаргачихаад байр тарааж бидний үр хүүхдүүдийг жаргаах шинэ арга олсон  байх. Тэр үед хөөрхий бараг 80 дөхнө,  буян хийх нас яах аргагүй мөн.  За мань ч дуусч, одоо хүүхэд гаргана ч гэж юу байхав. Муусайн хүүхдүүд минь байртай болж байвал яамай гэх нь ч байна. Цаана чинь бөөн маргаан, бөөн будлиан.
Хамгийн сүүлийн үеийн статистик тоонууд гарчээ.  Бас л бөөн маапаан.  2010 оны эцэст өрхийн орлого 420 мянган төгрөг байсан бол ганцхан жилийн дараа 550 мянган төгрөг болж 31 хувиар өссөн байна гэжээ.  Тоон үзүүлэлт өсчээ. Уг нь сайн үзүүлэлт юм шиг. Гэхдээ тэнд бас ийм  мэдээлэл байх юм. Энэ өсөлтийн 20 хувийг цалингийн орлого, үлдэх 80 хувийг халамжийн орлого эзэлжээ гэж. Ирэх сонгуулийн маргааш халамж таг зогсох гээд байдаг. Тэгэхээр нөгөө орлого маань шалдаа буухнээ дээ. Бас дээр нь өнөө гайтай инфляци байдаг.   Статистикаа гэж. Бас л дамшигтай эд юм аа. Гаднаас нь харахаар цалин өсөөд ч байгаа юм шиг, өнгийгөөд харахаар буураад ч байгаа юм шиг, бас л төөрөгдүүлж орхих.  Харин өдөр тутмын сонин дээр цалин 31 хувиар өсчээ гээд томоос томоор, уншсан харсан хүн баярлахаас аргагүй бичсэн байна лээ шүү. Азаар жирийн хүмүүс тэр дамшигтай тооны гэдэс дотрыг нээж үзэхгүй, дарга нар хайртай ард түмэндээ дандаа гоогоо гоогоог нь дуулгадаг нь яамай даа.
Бас нэг тоо тэр дамшигтай статистикаас олж үзэв.  Ажил хайж бүртгүүлсэн хүний тоо 58 мянга болж жилийн өмнөхөөс 50 хувиар өссөн байна гэнэ. Ашгүй дээ, ажил хайх нь ихэсч дээ.  Харин ажилд орсон хүний тоо жилийн өмнөхөөс 20 гаран хувиар буурсан байх юм. Сонин юм. Тэгэхээр ажлын байр нэмэгдээд байна гээд байсан чинь харин эрчтэй буурсан ч юм шиг. Өмнө нь ажил хайсан 1,7 хүн тутмын нэг нь ажилтай болсон байхад энэ онд  2,1 хүн тутмын нэг нь ажилд оржээ. Хар үгээр бол ажилд орох шаанс багасаад байгаа юм байна. Саяхан ажил хариуцсан дарга нар өнгөрсөн жил  бөөн бөөнөөр нь ажилд оруулсан юм яриад байсан даг. Гэтэл ажилд орж байгаа хүний тоо өсөөд ч байгаа юм шиг, буураад ч байгаа юм шиг.   Статистикаа гэж  маапаантай л эд юм байна доо. 
Хачин юм бас дуусахгүй нь ээ.  Өнгөрсөн сонгуулиар маапаан гарсан гэж сонгогчид жагссан. Жагсахаар барахгүй, луйвардсан гэж үзсэн намын байрны өмнө жагссан,  эсэргүүцсэн, тэр байр шатсан.  Сонгуулийн луйвар булхай ганц манайд биш хаа сайгүй гардаг юм шиг байгаа юм. Гэхдээ ардчилсан гэх оронд харин жагслаа гэж буудаж алдаггүй гэнэ лээ. Бас луйврыг эрх баригчид л хийх боломжтой гэдэг юм билээ.  Гэтэл өнгөрсөн сонгуулийн үр дүнг луйвардаж төрийн эрхийг хууль бусаар авсан гэж, наад зах нь хардагдаад байгаа нам  “Шударга сонгууль” явуулахыг өөрсдийг нь булхайцна гэж хардаад байгаа бусад намуудад уриалав. Уриалав ч гэж дээ, бараг шаардав.  Хүмүүс бас л юу ч ойлгосонгүй гэцгээж байна лээ. Зарим нь,  “хулгайчийг бариарай”  гэж хулгайч л хамгийн чанга хашгирдаг гэлцэх юм. Хачин юм их байх юм доо.  
Н.ТУЯА 
2012.03.14 Улаанбаатар хот.
 

МАН-ын дарга С.Батболд Олигархийн засаглалаас ард түмний засаглалд шилжүүлж олиг...

Уншсан: 3162 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Чөлөөлье, Чөлөөлөгдье
2012.05.01
Манлайлал
2012.01.05
Хайрлаач тэднийг, эрхэм гишүүд ээ
2011.11.24
Эдийн засгийн өсөлт сонгуульд зориулагдах ёстой гэж үү, эсвэл “Дүүрсэн хэрэг” гээд яваад л байх уу?
2011.10.27
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 6
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011