Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Өвөрхангайчуудын аман билгээс өнгөц шүүрдэхүй дор
[ Нийтлэлч: Даваадаш ]
2011.10.20

Өвөрхангайчууд бол өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, үг хэл, үйл хөдлөл, ухааны сэлгээ уламжлалаараа ялгарч харагдах төв халхын томоохон төлөөлөл. “Увс хүний модуль” гаргана гэж дүрвэдүүдийн цөсийг хөөргөж байгаа доктор Дэмбэрэлийн “хагаралтай” алхмын дагуу “төв халхын хэв шинж тодорхойлно” гэвэл Өвөрхангайчууд Увсынхнаас дутахгүй томоохон хүрээтэй хэв шинжийг илэрхийлж чадна гэдгийг үгүйсгэх аргагүй.
Өвөрхангайчуудын хэв шинж, тогтсон араншин, зан заншлын илэрхийлэл болсон гол шалгуур үзүүлэлтийн нэг нь тэдний дунд дэлгэрсэн аман билиг зүй ёсоор орно. Энэ томоохон “олонлог”-ийн дунд уртын дуу, ерөөл магтаал, ёгтлол, егөөдөл, явган үлгэр, домог, хууч, ихэд дэлгэрч улмаар уламжлагдан шинэчлэгдсээр 21-р зуунтай золгоод байна. Зөвхөн уртын дууны төрлөөр гэхэд 100 гаруй дуучид төрсний дотроос Д.Янжинлхам, С.Цоодол, Г.Очирбат, С.Сумъяа, Д.Түвшинжаргал, Д.Базарабат, Ё.Нямлхагва зэрэг алдартнууд шалгаран гарч ирсэн түүхтэй.
Аман билгийн чиглэлээр Өвөрхангайчуудын дунд хэд хэдэн судалгаа хийгдсэн бөгөөд хамгийн сүүлд доктор Л.Хүрэлбаатар тэргүүнтэй судлаачид томоохон судалгаа явуулж “Халхын аман билиг” хэмээх эрдэм шинжилгээний тайлан бүтээлийг бичиж “Дуун утгын яруу зохист” номдоо хэвлүүлсэн билээ. Эдгээр судалгаанд төдий л өргөн хамрагдалгүй хоцорсон төрөл бол явган шог, егөөдөл, хошгонол болно. Эдгээр нь үгээр наадах урлагийн онцгой төрөл бөгөөд оюун ухааны хөгжлийн илэрхийлэл, уран сайхны сэтгэлгээний төлөв байдлыг тодорхойлогч болдог. Миний бие Өвөрхангайчуудын дунд дэлгэрсэн аман билгийн онцгой төрөл болсон явган шог егөөдөл, хошгонолын талаар ном хэвлэлд орсон, бусдаас сонсож дуулсан, өөрөө олж авсан материал зэргээр баримтжуулан цөөн зүйлийг бичихийг зорив.
Эртнээс нааш Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, Агь үйдэн внгийн хошуу, Илдэн, бэйлийн хошуу, Түшээт хан аймгийн Далай гүний /Бүрд, Баян-Өндөр/ хошууныхны болон Говийн Эрдэнэ Мэргэн хутагтын шавь нарын дунд ерөөл магтаал хэлдэг, хоромхон зуур шог хошин холбоо шүлэг мэтийг зохиодог, цэцэн цэлмэг, адтай шооч хүмүүс олон байжээ. Сайн ноён хошууны “өвчит” Манибадар, Ёдрон Хэлгий, Тов Цэцэн Эрдэнэ Мэргэн хутагтын шавь Оршихын Дэмчиг, “Орилоо” Шагдар мөн сүүлхэн үед амьдарч байсан Сайн ноёны хошууны Дөмбөө тайж /Төмөрбат/, ерөөлч Дагвадорж, “бан” Найдан, Илдэн бэйлийн ерөөлч Гомбо гээд тоочвол 19-р зуун 20-р зууны эхэн үед амьдарч байсан цэцэн цэлмэг үгтэй ерөөлч, шооч, хоч хүмүүс тоймгүй аж. Эдгээрийн дотроос олон түмний дотор нэр алдар нь түгэж, цэц билиг нь уламжлагдсан хүн бол Сайн ноёны хошууны хохь тайж Төмөрбат буюу Дөмбөө юм. Тэр 1950 он гартал сэрүүн тунгалаг байсан аж. Төмөрбат гуайн нэг охин Хас хэмээх лам хүнтэй сууж Уянгын хүрээг бараадснаас гадна хүү Шийлэг нь хүчингийн хэргээр аймгийн шүүхэд мөрдөгдөн ял авчээ. Энэ үедээ Дөмбөө:
    Гайгүй ганц хүүхнийг минь
    Хас нь аваад Даший шог
Галтай ганц хүүг минь
    Шүүх байцаагаад Даший шог
    Бороотой бороогүй хоёр морийг минь
    Фронтод дайчлаад Даший шог
    Бяруутай тугалтай таван үнээг минь
    Заводод саалгаад Даший шог
хэмээн гоморхон суусан гэдэг.
Аймгийн шүүгч ирж хүчингийн хэргээр байцаагдаж байгаа хүүгий нь талаар мэдүүлэг авч “хүүгээ муу хүмүүжүүлсэн байна” хэмээн Дөмбөө тайжийг учиргүй зандрахад нь:
“Би уг нь сургаж л байдаг. Сул үг гээлгүй хэлдэг л юм. Даанч,
    Хулгайч болно гэж хурууг нь огтлоогүй
    Хуульч болно гэж гуурын нь тасдаагүй минь үнэн” гэж хээв нэг хариулж суужээ.
1950 оны зуны ойролцоо нутагтай Дүгэрийн Лхагва гэдэг залуутай тааралдаж Ар байшинт хэмээх газрын бэлээр шогшуулж явснаа: “Хүний хувь тавилан гэдэг сонин юм. Хүүр болчихоогүй цагт олон юм үзэх юм даа. Тэр олон малтай цагаан гэрийг хардаа” гэж Ар байшинтад зусаж байгаа Давааны хүү гэдэг айлыг заагаад “Бид хоёр дош дов сахиж, тарвага зурам агнасан тарчиг амьдралтай хоёр юм байлаа. Гэтэл одоо Давааныхүү маань
    Овгор цагаан гэр бариад
    Огторгуйд тулсан яндан гаргаад
    Онхын охиныг эхнэрээ болгоод
    Олон мал багшруулаад
    Ойр холд харагдахаар баян боллоо.
    Гэтэл би явган нүүж, нүцгэн жаргасан хэвээрээ шахам явна” гэж нэг муу мушилзаж явсан гэдэг. Энэ мэтээр Дөмбөө тайжийн ярьсан хэлсэн егөөдсөн ёгтолсон үг хэллэг Өвөрхангайн баруун сумдаар өргөн тархжээ. Мөн Дөмбөө тайжийн зээ хүү Хасын Загар гэж нэгэн цэцэн цэлмэг эр өвөөгийнхээ ширийг хатааж еөрөөл магтаал, шог шүлэг зэргийг бичиж явсаар өнөө жил таалал төгссөн байна. Нэг удаа Х.Загар Цамба хэмээх нэлээн баян айлын гадна халамцуухан давхиж ирснээ:
    Хасын хүү халчгар Загар
    Халхын баян Цамбын гадна
    Харваж ирлээ
    Хатавчинд морио уялаа
    Орлоо: суулаа гэсээр гэрт оржээ: Тэгснээ:
    Эргэнд асгаад элээ эргэхгүй
    Идүүрэнд хийгээд нохой долоохгүй
    Гашилсан хар уснаасаа
    Гар таталгүй хийгээд аль гэж томорсон гэдэг. Загарын аав Хас гэж төвд ном сайтай лам хүн байлаа. Загар их согтсон үедээ “Тарнитай хүний тархитай банди би” гэж агсрах нь ойрхны хэрэг байв. Х.Загарын энэ мэт цэцэрхсэн үг яриа Уянга, Нарийнтээл сумдын ард иргэдийн дунд хэлцэгдсээр байдаг.
Уянга сумын уугуул “Ягаан толгойт” Янжиндолгорын Төмөр-Очир гэж таггүй шооч эр Арвайхээр хотод амьдарч байна. Уг нь тэр цагдаагийн ажилтан мөрдөстэй хувцас өмсөж, мөрдөж мөшгиж явсан эр л дээ. Нэг удаа цагдаагийн ажилтнууд арьс өнгөний үзлэгт орж эрчүүд л болсон хойно эмнэлгийн коридорт бөөн л чимээ, шуугиантай байж. Энэ үед Төмөр-Очир үзлэгт ороод гарч ирж гэнэ. Түүнээс нэг саваагүй нөхөр “Ямар янзтай үзлэг хийж байна вэ?” гэж асуутал:
    Нямбуу гэдэг эмч
    Тэмбүү гэдгийг эрж
    Бомбоо гэдэг эрхтэнг
    Нямбай гэгч нь үзэж байна гэж хөгжөөсөн гэдэг. Төмөр-Очиртой аймгийн НАХХ-т /хуучин нэрээр/ Чимэгбаяр гэж англи хэлтэй, яруу найраг сонирхдог залуу хамт ажиллажээ.  Тэр залуу нь шинэхэн амрагтай болж, үе үе ажил хийдүүлж орхидог байжээ. Гэтэл нэг өдөр Төмөр-Очирт “Таныг овоо шооч гэх юм. Надад нэг магтаал хайрлаач” гэхэд нь:
    Аав ээжийн хайрласан нэр нь Чимэгбаяр
    Аягүй урт хөлтэй Чөмөгбаяр
    Англи хэлний Цэнэгбаяр
    Ажил хийдүүлдэг Тэнэгбаяр
    Авгайгаасаа салдаггүй Мунагбаяр
    Албанаасаа хусагдвал Гунигбаяр гэж шүлэглэжээ. Чимэгбаяр нь учиргүй санаа зовж “Та битгий хүмүүст тараагаарай” гэж гуйсан гэдэг.
Төмөр-Очирын толгойн магтаал гэж нэг шог шүлэг хэдийгээр 1970-аад онд зохиогдсон боловч өнөө хэрнээ Өвөрхангайчуудын дунд хэлцэгдсээр байна. Уул шүлгийг хүмүүс Төмөр-Очирыг “Ягаан толгойт”, “Шар толгойт”, “Зэс толгойт” гэж янз бүрээр дамшиглаж эхлэхэд нь өөрөө зохиосон хэрэг. Тэр:
    Зайлуул, энэ муу толгойгоо
    Зам дээрээс олоогүй
    Зах дээрээс аваагүй
    Зальдаж булаагаагүй
    Засаж янзалж өнгөлөөгүй
    Засгаас авч тавиагүй
    Заяаны л ийм юм.
    Шоолсон хүнээс нууж болохгүй
    Шохоорхсон хүнд бэлэглэж болохгүй
    Сургуульд явбал цэнэгжих толгой
    Суугаад байвал тэнэгжих “олгой”
    Идэр залуудаа алтан шаргал
    Элж хөгшрөхөөрөө мөнгөн буурал
    Ийм л нэг толгой
    Энэ биеийн тэргүүн
    Өнгө харж солихгүй ээ
    Үнэ хүргэж зарахгүй ээ… хэмээн хаана л бол хаана муу шар толгойгоо магтаж иржээ. Я.Төмөр-Очирын хэлсэн энэ мэт явган шогуудыг цуглуулбал аман билгийн дурсгал болон үлдэх нь дамжиггүй.
Миний бие энэ зун албан, амины хэргээр Өвөрхангайн хэд хэдэн сумдаар явсан юм. Очсон сум бүхэнд дээрхийн ижил задгай шог хүмүүстэй ярилцах болгонд тохиолдож байлаа. Нарийнтээл суманд очтол таньдаг хэдэн залуус ам халснаа:
    Дэнжийн Соль цагдаад нугасгүй
    Динозавр пацаан намдаа нугасгүй
    Дэлгүүрийн хүүхнүүд мөнгөнд нугасгүй
    Тэртээ гуанзныхан жолоочид нугасгүй… гээд урт шог урсгаж байх юм. Тус суманд Сэлэнгээс нэг эр шилжиж ирж ногоо тариад завгүй ажиллаж байгаа юм байх “Пад пад” трактороос буудаггүй тэр эрд зориулж:
    Нүүр гэж радиатор
    Нүд гэж паржоктар
    Хуруу гэж бахь
    Хумс гэж автоверка
    Бөөр гэж чулуу
    Бөлдөг гэж гадас гэж магтаал хайрлажээ. Үнэндээ тэр эр хэдэн ямаагаа эргүүлэхдээ хүртэл голын довон дотор “пад пад”-аа уначихсан пэжигнүүлж явдаг учир бөөр гэж чулуу байх нь тодорхой. Бас хүүхнүүдтэй дотно харьцаатай шуугиулж явдаг толгой гэнэ.
Аймгийн төв буюу Арвайхээр сум бол хошин шогоор бөөтсөн газар аж. Эндхийн шогчдын манлайд Бөмбөөлөй, Бамбаалай хоёр буюу Их эмч Биндэръя, Нямхүү гэж инээд дагуулсан хоёр эр байна. Тэд шогийн ажлаа өөрсдөөсөө эхэлнэ.
    Эмчийн мэргэжлээр Их сургууль дүүргэсэн
    Идэж уусны буянаар илүү мяраа суусан
Илдэн бэйлийн хошууны
    Рэгжийбуугийн хүү
    Элбэг Биндэръя гэж би байна
    Инээд хөгжөөн наргиж чадна
    Элбэг үгээр шоглож чадна
    Эгшиг дуу хангинуулж чадна
    Спиртэн ундаагаар дайлж чадна.
Гэх мэтээр аман билгийн эрдмээрээ гайхуулна. Тэгснээ хамт ажилладаг нөхөд, хашаа гудамжныхаа айлуудыг шоглосноо, аймгийн хаа дарга цэрэгрүү хүртэл орно.
    Багш байсан Баатар
    Музей сахин банхайж байна
    Баруун Жаргалантын Баасанжав
    Даатгал даргалан данхайж байна
    Бараан зүсний Пүрвээ
    Балгас тэргүлэн баяжиж байна
    Багс брьсан Батнасан
    Баахан зарлалтай сагсайж байна
    Бараан тарлан Мөнхдалай
    Насаа мартан зүтгэж байна
Бараадсан намгүй Дангаа
    Батгана ниссэн ч бичиж байна хэмээн хүмүүсийг танилцуулан урсгах юм. Мөн сүүлийн үед Өвөрхангайд ажиллаж амьдарч байсан Самдангуудын тухай нэлээд шог холбоог ч урсгаж байлаа. Энэ хооронд өөрсдийгээ зүгээр байлгана гэж байхгүй юм. Нэг сувилагч бүсгүй Нямхүү эмчийг:
    Өглөө хөөрхий Нямхүү
    Үд дунд Амхүү
    Үдшийн шөнөдөө Намхүү
    Өвөрт орохоороо Тамхүү гэсэн юм гэнэлээ гэж Биндэръя нь бурахад
    Өндөрлөгийн өвөрт Өцөнцөр
    Өцөнцөрийн дотор Өөхөнцөр
    Өөхөнцөрийн өвөрт Ясанцар… энэ юу вэ? Гэж Нямхүү нь оньсого маягийн юм таалгав. Оньсогын тайлал нь Даваажав буюу Биндэръягийн эхнэр аж. Иймэрхүү маягаар өрнөх дайралцаан Өвөрхангайд арвин байна. Айраг чангарсан намар цагт энэ нутгийн шогийн далайд умбахад нэн таатай юм.
Аймгийн төвөөс нааш хуучин Агь Үйзэн вангийн хошуу улмаар Илдэн бэйлийн болон Далай гүний хошуу дараалан залгана. Эдгээр нутаг хошууныхан нь хошин шог, аман билгийн уламжлаараа алдартай. Даанч миний бие энэ удаад унаа цуцааны явдал суудлаас болоод эдгээр нутагт бууж тухалсангүй. Харин Бүрд сумын нутгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдрж агсны ээжийн талынхан гайхамшигтай цэцэн цэлмэг хүмүүс байсан гэж хууч сонслоо. Д.Пүрэвдорж гуайн нагац ах нэгэн өвгөн 1940-өөд оны сүүлчээр Өвөрхангайд ажлаар явж байсан зохиолч Д.Сэнгээ агсантай уулзаж Улаанбаатар руу дайгдан явахаар тохиролцоод буцаад ирэхэд нь бэлтгэл муутай байсан учир нэлээд хүлээлгэжээ. Энэ байдалд нь ундууцсан зохиолч Д.Сэнгээ хоёр гурван ширүүн үг хэлтэл өвгөн: Хүү минь замын унаа хайснаас биш, Загнуулах хүн эрээгүй юм сан гэж амыг нь таглаж орхижээ. Д.Пүрэвдорж агсны ээж  нь мөн л бузгай хэлэмгий хүн байсан гэнэ. Нэг удаа хүүтэй нь хамт “Үнэн” сонины нэг томоохон албаны нөхөр очжээ. Маань эр найрагчийн ээжээс та намайг таньж байна уу гэтэл:
    Ажил дөнгөж таруут
    Албаны машин унаад
    Айл хэсэж явааг бодоход
    Аюулын нь том дарга байх… гэж улайлгасан аж.
Аливаа нутаг оронд түгэн дэлгэрсэн хошин шог, аман билиг нь оршин суугаа ард олны сэтгэлгээний хэв маяг, оюун сэтгэхүйн чадамж, зэргийг ямар нэр хэмжээгээр илэрхийлж байдаг. Хэл сэтгэхүйн диалектик нэгдлийн тухай сургаал номлол ч бий. Иймд аман билгийн онцгой төрөл болсон хошин шогийг нутаг усаар нь авч судалж, түүвэрлэн цуглуулж судалгааны эргэлтэд оруулахад буруу зүйлгүй. 1980-аад оны сүүлчээр Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Л.Хүрэлбаатар тэргүүнтэй судалгааны хэсэг Өвөрхангай аймагт аман билгийн судалгаа явуулж “Халх аман билиг” гэсэн томоохон бүтээл хэвлүүлсэн тухай дээр өгүүлсэн. Энэ бүтээл нь Халхын аман билгийн төрөл зүйл, хөгжил хөдөлгөөн, хэтийн төлөвийг тогтооход томоохон тулгуур баримт болох нь тодорхой. Энэ мэтээр үг гэж гээлгүй, дуу гэж дутуу бодолгүй аман билгийн төрөл зүйлийг судлан сурвалжлах нь зүйтэй мэт.

Н.Даваадаш

 


Өвөрхангайчууд бол өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, үг хэл, үйл хөдлөл, ухааны с...

Уншсан: 2160 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Улаанбаатарын үнэр
2011.10.27
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
2011.10.23
Хөдөөх Намжилдоржийн явдал
2011.05.10
Улз голын алаг тэмдэглэл
2011.10.27
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011