Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Гэр бүлээ хайрлая
[ Нийтлэлч: Одонтуяа ]
2012.05.14
Миний байнга оролцдог TV9 телевизийн “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д .Энхжаргалыг урьж оролцуулан төвийнх нь талаар ярилцаж байтал нэгэн мэдээ намайг цочирдууллаа. “Эмэгтэйчүүдийн хорих ангид 131 ялтан хоригдож байгаагаас 101 нь хүн амины хэрэгт ял эдэлж байгаа” гэсэн тоо баримт миний сэтгэлийг хямраав.

Цочрол
Эмэгтэйчүүд авилга авах, хөрөнгө шамшигдуулах, дээрэм хүчирхийлэл хийх нь нэн ховор. Энэ нь ийм төрлийн хэрэгт шийтгэгдсэн эмэгтэй бараг байхгүйгээс тодорхой харагдаж байна. Харин нөхөртөө зодуулж доромжлуулж тав, арван жил хүчирхийлүүлсний эцэст нэг л өдөр тэвчээр нь барагдаж хариуг нь өгснөөр ялтан болдог. Санаатай үйлдсэн, хүнд ялтай гэдгээр нь эдгээр эмэгтэйчүүдийг Өршөөлийн хуулинд хамруулдаггүй. Шударга биш л санагдана. Тэд гэмт хэрэгтэн хэмээх нэрийг зүүхдээ өөрсдийгөө бодсон гэж үү? Орой бүр гэртээ ирэхдээ өөрийнхөө бүтэлгүй, арчаагүй яваагийнхаа бухимдлыг ээжийнх нь турьхан биед гаргах эцгийгээ хараад бөмбөгнөтөл чичрэх үрсээ бодохдоо л тэвчээрийнх нь аранга тасарсан байх.
Магадгүй арчаагүй нөхөр нь ажилгүй байсан биз. Эсвэл ажил хийх чадваргүйгээсээ, мэдлэг боловсрол багатайгаасаа даргадаа байнга дух руугаа няслуулж, малаараа дуудуулж өөртөө бус өрөөлд буруугаа чихэн, амьдралдаа гутахдаа архи гудардаг нэгэн байх. Хамаг бухимдлаа эхнэртээ л гаргана. Чадах, дийлэх хүн нь л тэр юм. Иймэрхүү дүр зураг бидэнд харь санагдахаа байж дээ. Монголын жирийн нэгэн амьдрал, тэр нэг өдөр. Нийгэм нь ядуу, иргэд нь оюуны хоосролтой байхад бурхан бумбын орныг мөрөөдөөд ч яахын,санааны л гарз.
Өнөөдөр нөхрийнхөө ширүүн гарт өртөөгүй эмэгтэй Монголд бараг байхгүй гэнэ. Хүчирхийллээс зугтахдаа очих ганц газар нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр Энэ төвд улсаас өнгөрсөн жил 20 хүрэхгүй сая төгрөг өгчээ. Энэ жилийн хувьд одоо болтол санхүүжүүлэх гэрээг хийгээгүй л байна. Ийм ядуу орон юмуу гэхээр зугаа цэнгэл, найр наадмын бай шагналд олон өрөө байр, жипүүдийг бөөнөөр нь өгч байх юм. Гадаад дотоодын тусламж, хандив, гуйлган дээр тогтдог болохоор тэнд очсон эмэгтэйг сараас лүү хонуулах ямар ч боломж байдаггүй гэнэ. Гэртээ хариад хатуу нударгаа ахиад л амсана.
Саяхан гэгээн цагаан өдөр гудамжинд нөхөртөө 9 удаа хутгалуулж, амиа алдсан 23 настай залуу бүсгүйн хувь заяа эмгэнэлтэй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр ямар нэг шийдвэртэй, тууштай арга хэмжээ авах хэрэгтэй гэж би үүнээс хойш хатуу бодох болсон. Тэр бүсгүй шүүхэд салах өргөдлөө өгсөн боловч шүүгч тоогоогүй, хохирогч бүсгүй нөхөртөө зодуулах бүртээ цагдаад ханддаг байж. Ямар сайндаа л дуудлага өгөхөөр залгахад утас нь яриад байхаар нь хар шөнөөр цагдаагийн хэлтэс дээр гүйж очихвээдээ. Тэгсэн ч балмад нөхөрт нь ямар ч арга хэмжээ авсангүй. Үүний өмнө цагдаад хандахад хэсгийн төлөөлөгч нөхрийг нь 10 мянган төгрөгөөр торгоод л явуулжээ. Угаасаа хуулинд нь дутуу дулимаг асуудал цөөнгүй байгаа ч юмуу даа. “Салъя” гэхнээ шүүх нь ч, цагдаа нь ч, хууль нь ч, магадгүй аав, ээж, анд нөхөд, нийгэм нь зовлонг нь ойлгохгүй, бурууг өөрт нь өгч, эвлэр, нягтар хэмээн ухуулж хөөрхий бүсгүй яалтай. Бүсгүй хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлээд гурав хоноод гарсан тэр үедээ нөхөртэйгээ тааралдан алуулжээ. Нөхрөөсөө өрссөн бол тэр эхэнд дурдсан эмэгтэйчүүд шиг ялтан болох байсан бизээ.
Өнгөрсөн зун наадмын дараа Говь-Алтайн Дэлгэр суманд эхнэрээ шатааж алсан Д.Амартүвшин гэгч саяхан шүүхээс ял авчээ. Хүчирхийллийн эсрэг төвд он гарснаас хойш 1700 гаруй эмэгтэйчүүд, хүүхэд хандсаны 437нь хамгаалах байранд байрлажээ. Энэ бүхний шалтгааныг эхнэрийн тааруу хүмүүжил, ааш араншингаар тайлбарлавал хэт өрөөсгөл юм. Бүхий л төрлийн хоосролд автсан бидний амьдран буй орчин, эрүүл бус нийгмийн сэтгэл зүй иргэдийг гэмт хэрэг рүү эрхгүй түлхэж байна.
УИХ-ын гишүүн найз маань энэ аллагын талаар сонсоод балмагдсанаа ярьж байсан. Хоёр охиндоо аль болох удаан түшиг болохыг хичээж, эрүүл мэнддээ илүү анхаарах болсон тухайгаа ярьж байна. “Охид минь ямар ч хүнтэй суугаа билээ”хэмээн түгшиж байгааг нь сонсохоор зөвхөн архичид, ядуу давхаргад л хүчирхийлэл байдаг гэж ойлгож болохгүй нь.
Нийгмийг сэртхийлгэсэн хэрэг олон гарч байгааг шуугиан болгоод өнгөрөөх биш, өгч байгаа дохиог нь зөв тайлж, монголын нийгмийн өвчин болж, бугласаар байгаа гэр бүлийн нуралтыг асуудал болгон тавьж, төрийн бодлогоор шийдэх хэрэгтэй байна.
Үнэндээ гэр бүлийн нэр хүнд, сайн сайхны талаарх ойлголт Монголд өдөр бүр унаж байна. Хүчирхийллээс болоод өнчирч хоцорсон хүүхдүүд монголын л ирээдүй. Тоглох, эрхлэхээс өөрийг бодохгүй, дэгэж дэрвэж явах насан дээрээ ээжээсээ ч дутахгүй хүчирхийлэлд өртөж, бяцхан зүрхэндээ арилшгүй шархтай үлдсэн тэр хүүхдүүдийг яах вэ?
Эдийн засагт нөөцийг нийлүүлэгч нь гэр бүл байдаг. Мөнгөний эх үүсвэр, хүний нөөцийг өрх айл нийлүүлж байж зах зээл ажилладаг. Гэр бүл зах зээлд хүний болон санхүүгийн нөөцийг нийлүүлж, хариуд нь зах зээлээс цалин, ашиг хэлбэрээр орлого олж, амь зуудаг.
Манай ДНБ 10.8 триллион төгрөгт хүрч өссөн ч Засгийн газрын шударга бус, оновчгүй бодлогын үр дүнд нийт гэр бүл олигтой орлого ч олсонгүй, амьжиргаа ньчөссөнгүй. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл гаарах үндсэн шалтгаан болж байгаа юм. Ядуурал, ажилгүйдэл нь нийгмийн сэтгэл зүйг доройтуулах, ёс зүйн уналт, хүчирхийллийн уг үндэс нь болж байдаг. Товчхондоо бол гэр бүл өөрөө хэчнээн сайн сайхан байх гэж хичээгээд, гэр бүлийн эрүүл уур амьсгалыг хадгалахгэжзүтгээд ч нийгмийн сэтгэл зүй эрүүл бус байгаагаас эрсдэлд байнга өртөж байна.
Засгийн газрын олхиогүй байдлаас болж Mонголд амьдралхатуу, хүмүүс өрөвдөх сэтгэлгүй болж байна. Машинд дайруулсан бяцхан хүүгийн цогцсыг нохой мэт өшигчих хүнийг хараад сайн сайхан нийгэмд байна гэж төсөөлөх ямар ч аргагүй. Өсөж хүмүүжиж байгаа орчин нь эрүүл бус болохоор яалтай билээ.

Төгсгөлийн оронд
Нийгмийн сэтгэл зүй эрүүл байгааг үнэлэх хэмжүүр нь Монгол гэр бүл юм. Эрдэс биш эрүүл гэр бүл Монголын гол баялаг билээ.
Эмэгтэй хүн цаг үргэлж үр хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдал, учрах эрсдэлийг эхэлж боддог учраас мөнгөнд улайрсан хийрхэл, сэтгэл зүйн хүчирхийлэл, байгаль экологийг нөмөрсөн сүйрлийн эсрэг, хүнд суртлаар цэнэглэсэн төрийн төмөр машины эсрэг бат зогсож чадна. Нийгмээ эрүүлжүүлж чадна.
Бид шударга, ардчилсан нийгмийг тоосго тоосгоор нь барьж байна. Нэг тоосго нь нэг гэр бүл гэж үзвэл тоосгыг сугалж, хагалж хаядаг эрүүл бус тогтолцоог солих цаг болсон. Шударга ёсны бороо л хэрэгтэй байна даа.
Эдийн засагч С.Одонтуяа 

Миний байнга оролцдог TV9 телевизийн “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Хүчирх...

Уншсан: 2239 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Бидэнд итгэл хэрэгтэй
2012.06.27
Тамхи татдаггүй, архи уудаггүй иргэнд Эрүүл мэндийн даатгалаас урамшуулал өгье
2012.06.27
Эрдэс биш эрүүл монгол хүн баялаг
2012.05.02
Эдийн засгийн алуурчин
2012.04.17
АНУ яагаад Иракаас гарсан бэ?
2012.01.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011