Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
"Шуналтай" иргэний шударга гомдол
[ Нийтлэлч: Энхжавхлан ]
2011.05.11

Хэрэв өчигдрийг буцаадаг сан бол иргэн Т.Тодхараа тэр зурагтыг тэр дэлгүүрээс авахгүй байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

            Тэр зурагт нь “Шарп” фирмийн өнгөт “29H-S5A” загвар л даа. 449 900 төгрөгийн үнэтэй энэ гайхал худалдаж авснаас 16 сарын дараа  эзнийхээ орон гэр, эд хогшлыг галдан шатаачихсан гэж байгаа. Баталгаат засварын хугацаа нь ч дуусаагүй, залгуураас нь салгаад унтраачихсан байхад л гэнэт дэлбэрчихсэн энэ зурагт иргэн Т.Тодхарааг “шударга үнэн”-ий эрэлд мордуулчихсан түүхтэй.  

            Харин тэр дэлгүүр гэдэг нь “BSB сервис” компанийн “Элба” дэлгүүр. Гэгээн цагаан өдөр гэрч баримттай дэлбэрчихсэн зурагтыг зарсан мөртлөө “бид буруугүй” хэмээн мэлзсээр өнөөг хүрсэн энэ компани иргэн Т.Тодхараад шинэ зурагт өгөх нь байтугай ганц төгрөг ч хялайлгаагүй. Бүр хохирлоо барагдуулахыг шаардсан хэрэглэгчээ “шуналтай” гэж цоллосон гэж байгаа.

Үнэний эрэлд хатагч, түүнийг хаа ч юм нуугч хоёр, өнөөх гайхлын дэлбэрсэн 2007 оны 4-р сарын 3-наас хойш гурван ч шатны шүүхийг дамжин хоёр жил заргалдсан боловч эцсийн дүнд “шударга” компани ялж, “шуналтай” иргэн ялагджээ. Тэр бүү хэл шинжээчийн зардал, тэмдэгтийн хураамж гээд бүх зардлыг нэхэмжлэгч Т.Тодхараа үүрээд өнгөрч. 

            Харсаар байтал хохирсон мөртлөө “шуналтай” нэр зүүгээд “уучлаарай” ч сонсолгүй салсны хувьд Т.Тодхараад гомдол дүүрэн. Энэ гомдлоо барагдуулахын тулд, орчлон хорвоо дээр шударга үнэн юм гэж байдаг бол түүнийг олохын төлөө биеэ мартан зүтгэхэд ч бэлэн явна. Аргагүй ээ, Т.Тодхараа бол иргэн, үйлчлүүлэгч, хэрэглэгч бас  эзэн. Түүний эрхийг хамгаалах Үндсэн хууль, Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль гээд хууль журам бишгүй л бий. Гэхдээ иргэнтэй, хуультайгаа үзээд барсангүй ээ энэ асуудал дээр. 

            Т.Тодхараагийн авчирсан баримтуудыг үзлээ. Гайхал зурагт дэлбэрэхдээ шатаж хайлаад гоожсон, дэлгэцийн шил нь энд тэндгүй үсэрч, хүрээ төмөр нь хайлж гулзайсныг нотлох зураг өмнө тань байна. /Зураг 1/ Өрөөний вакуум цонх цуурч, ханын цаг үрчийн хайлж, бүх эд юмс зузаан тортогт даруулсныг харвал их хүчтэй дэлбэрэлт болжээ. /Зураг 2/ Дэлбэрэлтийн “ачаар” хивс, приставка, утасны аппарат гээд нэр бүхий 29 төрлийн эд юм сүйдэж, Т.Тодхараагийнх байрандаа засвар хийхээс аргагүйд хүрчээ. 

Ганц зурагт авсныхаа төлөөсөнд ингэж баларна гэж ямар ч хэрэглэгч тооцохгүй нь мэдээж. Гэтэл энэ бүх уршгийг тарьсан эзэн “Манай компани Шарп маркийн телевизорыг 16 жил Монгол улсад борлуулсаар ирлээ. Эдгээр телевизороос унтраастай телевизор шатаж дэлбэрсэн тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй” гэж зүтгэсээр зэмээс мултарчихсан. Эзгүй гэрт дэлбэрсэн тулдаа хүн амьтан шархдаж бэртээгүй нь зэмгүй салах боломж олгосон нь мэдээж.

Хариуцагч шүүх хуралдаан дээр “байрыг нь өөрийнхөө хөрөнгө хүчээр засварлаж, нэг сая төгрөг, телевизор өгөх саналыг тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул бид тохиролцоонд хүрээгүй” гэж тайлбарласан байдаг. Харин хохирогчийн тайлбарыг сонсвол өөр дүр зураг бууна. 

            “БСБ-гээс инженер ирсээн. Гэхдээ тэр хүн шагширч, гайхаж байгаад цаад өрөө рүү ч оролгүй шахам гарсан. Түүнээс хойш засвар хийе гэж нэг ч хүн ирээгүй. Айлын хаяанд хоргодож байсан бид тэднийг өчнөөн хүлээж зуныг бараад арга буюу өөрсдийнхөө хөрөнгөөр байраа зассан. Тэгээд компанийнхантай очиж уулзахад нэг сая төгрөг өгье гэсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй. Зөвхөн байраа зассан хөлс гэхэд 1,5 сая төгрөг гарсан. Тэгээд дээр нь Иргэний хуулийн 510.1-д заасан “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хохирлоо барагдуулна, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр доголдлыг арилгах хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувь тооцно гэсэн үндэслэлээр шүүхэд хандана гэсэн. Гэтэл компанийн хуулийн зөвлөх нь “Тэг тэг, шүүхэд ханд. Юу олж долоохыг чинь харна аа” гэсэн. 

            Эцсийн үр дүнг нь бид түрүүн мэдчихсэн.     

Амьдрал баян. Юу эс тохиолдох вэ дээ. Унтраагаастай зурагт дэлбэрчих битгий хэл үхсэн хүн амилаад босоод ирэхийг үгүйсгэшгүй цаг үе иржээ. Энэ л үед хэрэглэгчээ дээдэлж, үгийг нь сонсож, санал сэтгэгдлийг нь тусгаж, алдаа дутагдал гаргасан бол түүнээ засч ажиллахын оронд өөрийгөө өмгөөлж, бусдыг буруутгах хандлага манай компаниудад, тэр дундаа “БСБ сервис” шиг нэр хүндтэй компанид байгаа нь харамсалтай.

Гал юунаас гарсан нь мэргэжлийнхний маргааны сэдэв. Үйлдвэрлэлийн доголдлоос уу, гадны нөлөөнөөс үү. Цонхны нимгэн хуванцар хөшиг тогтоогч унаснаас уу. Бүр нөгөө өнцгөөс харвал гэрт байдаг хий үзэгдэл, сүнсний хийсэн хэрэг үү. Эсвэл харь гаригийнхан, “Аль кайда”-гийнхны алсын зайнаас хийсэн террор байв уу. 

Алин боловч ганц л юм тодорхой. Тодхараагийнх гэдэг айлд гал гарч, хамаг эд юмс нь тортогт даруулж, шатаж хайлсан уу хайлсан. Аваад удаагүй зурагт нь галын объект байсан нь үнэн, харин субъект байсан эсэхийг хэн ч тогтоож чадахгүй. Тиймээс учирсан хохирлыг хариуцах буруутан олдохгүй. Яагаад гэвэл мөнгөтэй компани, гартаа хуультай иргэн хоёрын маргаан дээр аль тал нь жин дардагийг амьдрал тэртэй тэргүй харуулжээ.

Тэгэхээр монголын хэрэглэгчид яг чоно шиг сэргэг соргог байх хэрэгтэй гэсэн ганц зам л үлдэнэ. Хүн бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ, тэр дундаа зурагтаа унтраасан эсэхээ ахин дахин шалгаж бай. Зар сурталчилгаанд нь хөтлүүлэлгүйгээр очих дэлгүүрээ сонгож бай. Авах бараагаа харж, барьж үзэх нь хангалтгүй, дахин дахин цохиж, тоншиж, үйлдвэрлэлийн доголдолтой эсэхийг нь  үзмэрчээр үзүүлж авч бай. Худалдаж байгаа компани, дэлгүүрээс нь ам өчгийг нь авч.

Мэдээж энэ бол хэтрүүлэгтэй зөвлөгөө. Гэхдээ хэрэглэгч та сонор сэрэмжтэй байхгүй бол иргэн Тодхараад тохиолдсон шиг явдал ахин давтагдвал хэн хохироод өнгөрөх нь дэндүү тодорхой байна.        

Хэрвээ өнгөрснийг буцааж болдог сон бол иргэн Т.Тодхараа “Элба”-гаас биш өөр дэлгүүрээс өөр зурагт авах байлаа. 

            Жич: БСБ-гийнхний үйлчилгээг биеэрээ шалгаж, хэрэглэгчийн хувьд гонсойж хоцорсон нэгэн үйлчлүүлэгч нь үүнийг бичигч миний бие юм. “Самсунг” маркийн хөргөгч маань эвдрээд тус компанийн засварын төвийн утсаар олонтаа залгаж, арайхийн холбогдсоны эцэст 

Хөргөгч маань эвдэрхий хэвээрээ, харин засварчин ирээгүй л байна.   

 2010 он

Нийтлэлч О.Энхжавхлан          

 


Хэрэв өчигдрийг буцаадаг сан бол иргэн Т.Тодхараа тэр зурагтыг тэр дэлгүүрээс ав...

Уншсан: 2185 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Д.Нямхүү захирлын унацтай бизнес ба хуулиар халхавчилсан орон сууцны луйвар
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011