Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Сонгогчдод ч хатуу хяналт тавих сонгууль болно
[ Нийтлэлч: Оюунцэцэг ]
2012.06.27
 УИХ-ын сонгуулийн шинэ хууль сонгуульд өрсөлдөх нам, эвслээс гадна сонгогчдод олон нөхцөл, болзол тулгаж байна. Юуны өмнө өөрийнх нь оршин суудаг хаяг дээр “танихгүй ам бүл” нэмэгдсэн эсэхийг сонгогч шалгаж үзэх үүрэгтэй. Хэрэв анзаарахгүй сууж байхад тань таны хаяг дээр зүсийг нь харж нэрийг нь дуулагүй баахан олон эчнээ “хүүхэд шуухад” бүртгүүлээд сонгуульдчихсан нь баригдвал гэрийн эзэн Эрүүгийн хуулийн 82’ гэдэг зүйл ангиар шийтгүүлнэ гэж байгаа. Энэ нь зүгээр нэг 24 цаг саатуулаад ч юм уу, аль эсвэл цагдаа дуудаж аваачаад хэдэн юм асууж тэмдэглээд явуулна гэсэн үг биш. Өмнө нь энэ зүйл ангиар “төрийн эрхийг хууль бусаар зэвсэглэн авах” гэсэн том ял оноодог байжээ. 
 
Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар санаачлан Эрүүгийн хуульд оруулсан 82’ гэдэг шинэ заалтаар  “Сонгуулийн аргаар Төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн ноцтой агуулгатай болсон байна. Зүгээр сууж байгаад “амьгүй албат” ам бүлд тань шургалж санал будилуулсны төлөө авах ял нь ч хатуу. 
 
Хаяг дээрээ ам бүлээсээ гадна олон хүний нэр бичүүлж санал өгүүлсэн, хаяг будилуулж сонгууль луйвардсан тохиолдлууд үүнд хамаарна.  Доод тал нь гурван сар баривчлагдахаас өгсүүлээд ноцтой бол таваас 10 жил хорих ялаар шийтгүүлнэ. Хэрэв хэргийн улмаас хүний амь нас хохирч их хэмжээний эд материалын болоод бусад гарз хохирол учирсан бол 16-25 жилийн ял онооно гэжээ. Намдаа ч юм уу, танил талдаа тус болох гэж байгаад ингэж ял эдэлж, насан туршдаа “Эрүүгийн ял эдэлж байсан” гэсэн хар толбо өөртөө наахыг хүсэхгүй л бол иймэрхүү тоглоомоос хол байсан нь дээр болж байна.
 
Санал хураалтын өдөр энд тэнд давхардуулж санал өгч, үүнийхээ төлөө хэд гурван төгрөг саагаад сурчихсан “царцаанууд” байдаг. Энэ удаа сонгуулийг автомат санал тоолох машинаар явуулж, хурууны хээ, иргэний үнэмлэхээр сонгогчийг давхар давхар шалгана. Олон мянган хүн энгийн, цахим хоёр иргэний үнэмлэхтэй болчихсон байж мэдэхээр байна. Түүнийгээ бариад хоёр газар “царцаадаж” аз нь гийлээ ч сайн юм болохгүй.  Сонгуулийн саналын дүнг тоолсны дараа машинуудыг өөр хооронд нь холбож шалгахад илэрвэл шүүхийн хаалга татах ялтай.  Саналаа өөр өөр газар давхардуулж өгөөд баригдвал  3-6 сар хорих ял эдлэнэ. Харин  улс төрийн нам иймэрхүү будилаан хутгасан бол сонгуульд оролцох эрхээ хасуулах, эсвэл бүр намаа татан буулгуулах, төрийн албан хаагч үүнийг зохион байгуулсан бол ажлаас нь халах, гурван сарын баривчлах ял оноох гээд овоо хатуу ялтай. Ингэж хэдэн төгрөгний төлөө ганц хоёр санал үржүүлэх гэж яваад баригдаж “хар гэр”-ийн хаалга татаад юу хийх вэ. 
 
Зарим нэр дэвшигч сонгогчид хэдэн төгрөг атгуулчихаад “Миний төлөө үнэхээр саналаа өгсөн юм бол саналын хуудасныхаа зургийг авч баталгаажуулж авчир”, “Гаднаас бэлэн тэмдэглэсэн саналын хуудас авч орж сонгуулийн хайрцагт хийгээд хоосон хуудас авч гарч ир ” гэх зэрэг эрэлхэг тагнуулч Рихард Зоргед тушаал өгч байгаа юм шиг даалгавар өгдөг гэж байгаа. Ингэсэн тохиолдолд даалгавар гүйцэтгэгч этгээд хүнд тус болохоосоо илүү өөрөө эрүүгийн хэрэгтэн болж хоцорно. 
 
Харин хэн нэг этгээд элдэв даалгавар гүйцэтгүүлэхээр мөнгө төгрөгөөр хахуульдвал тухайн иргэн сонгуулийн хороон дээрээ хүргэж өгөөд 10 дахин өсгөж шагнуулах боломжтой. Гэхдээ тэр нь баримт нотолгоотой байх ёстой. Зүгээр л гэмгүй хүний нэр хэлж мөнгөө арвижуулах гэвэл эргээд хүн гүтгэж гүжирдсэн хэргээр эрүүгийн ял хүлээнэ. 
 
За тэгээд шинэ Сонгуулийн хуулиар сонгогчид сонгуулийн босгон дээр өвдөх, тулгар эхчүүд нярайлах эрхгүй болчихоод байна. Өвдөх, амаржих хүн байх аваас санал хураалтаас таваас доошгүй хоногийн өмнө эмчийн магадлагаа авч хэсгийн хороон дээрээ бүртгүүлэн зөөврийн хайрцагны захиалга өгөхөөр болсон. Жирэмсэн эхчүүд амаржих өдрөө барагцаалаад эмчийн магадлагаа авч зөөврийн хайрцгийн захиалгад орж болдог юм гэхэд хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин тусвал, бас гай газар дороос гэгчээр маргааш нөгөөдөргүй сонгууль болох гэж байхад бэртэж гэмтээд хэвтэрт орвол сонгуулийн эрхээ хасуулж санал өгөх эрхгүй болно. Зөөврийн хайрцгийг байнгын хэвтрийн өвчтөнүүдэд л хамаатай болгосноос ийм байдал үүссэн юм. 
 
Сонгогчдын саналын эрхийг зөрчсөн ийм заалт яагаад Сонгуулийн хуульд оров гэдэг өөрөө сонин түүхтэй. Хөдөө орон нутагт яг санал хураах өдөр болохоор хэсгийн хороон дээрээ очиж саналаа өгөхөөр явж байх замдаа мориноос уналаа, мотоциклоос ойчлоо, бэртчихээд гэртээ хэвтэж байна. Зөөврийн хайрцаг явуулаарай гэсэн дуудлага өмнөх сонгуулиудын үеэр олон олноороо гардаг байжээ. Нэг хэсгээс л гэхэд арав, хориороо морь, мотоциклоос уналаа гэж хуурамчаар зөөврийн хайрцаг дууддаг, тэр нь сонгууль будилуулах хамгийн найдвартай арга болдог байснаас ийнхүү сонгуулийн босгон дээр хэвтэрт орогсдод хатуурхах болсон хэрэг. Одоо ингэж аргалах гэвэл сонгуулийн өдрөөс даруй долоогоос доошгүй өдөр чин үнэнээсээ мориноос унаж жинхнээсээ бэртээд, эмч дуудаж магадлагаа авч хэсгийн хороондоо хүргүүлж бүртгүүлж байж зөөврийн хайрцаг авах эрхтэй болох нь. 
 
Энэ удаа энхийг сахиулагч дайчид саналын эрхгүй болсон. Тэд сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө гадагш явж, бас ирж болох тул сарын өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсооно гэсэн Сонгуулийн хуулийн заалтад харшилж байгаа юм. Харин  Монголдоо суурин алба хааж байгаа цэрэг дайчид ангийнхаа байршлын харьяа хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад орж саналаа өгнө. 
 
Таслан шийтгэгдээгүй байгаа, сэжигтнээр баривчлагдсан, саатуулагдсан иргэд санал өгөх эрхтэй. Тэдний нэрсийн жагсаалтыг хорих ангийн байршилд ойр хэсгийн хорооны сонгогчдын жагсаалтад хамруулах боловч биеэр очиж саналаа өгөхгүй. Хоригдогсдыг гадагш гаргах нь эрсдэлтэй тул мөнөөх зөөврийн хайрцаг чухам тэдэнд хамаатай. 
 
Сонгогчдод ч хатуу хяналт тавих ийм нэг сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. 
 
Д.ОЮУНЦЭЦЭГ
 

 УИХ-ын сонгуулийн шинэ хууль сонгуульд өрсөлдөх нам, эвслээс гадна сонгогч...

Уншсан: 2178 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
"Тринозавор Батаар" нь баялгаа буцаан авч болдгийг харуулсан анхны тохиолдол”
2012.07.20
Шүүх шүүх шиг ажиллаж эхэллээ
2012.06.27
Хос тэргүүнт бүргэдийн “эзэн”
2012.02.14
Кимийн шинэ эрин
2012.02.11
Дөнгө болсон дөчин сая мал
2012.02.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011