logo

Эдийн засаг

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив

Огноо:

,

Засгийн газрын хуралдаанаар  “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм. 

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.
Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

С.Бямбацогт: 2024 он авто замын салбарт түүхэн шинэ сэргэлт авчирсан жил болно

Огноо:

,

-Танай нутагт хаваржаа сайхан уу?

-Энэ жил Ховд аймаг өвөлжилт харьцангуй дажгүй боллоо. Баруун гурван сум Алтай, Үенч, Булганд цастай, бусад суманд цас багатай өвөл болсон. Хавар сунаж, ус багатай, ногоо гараагүй зүдрүүхэн л болж байна.

-Уламжлал ёсоор манай телевизийн үзэгчдэд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Сандагийн Бямбацогт гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Долоон хүүхэдтэй айлын том хүүхэд. Одоо ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань гадаадад сургуульд сурч байна. Хоёр хүү маань дунд сургуульд сурдаг. Байдаг л нэг жирийн гэр бүл байна.

-Таны аав нэгдлийн дарга байсан. Таны хүүхэд нас нэгдлийн даргын 69-ийн кабинаас л нэлээн олон түүх явах болов уу гэж би бодож байна. Та энэ дурсамжаасаа хуваалцаач?

-Миний аав Ховд аймгийн их олон сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан. Одоогийн сумын Засаг даргаас өөр, сум нэгдэл гэж аж ахуй хариуцдаг дарга хийж байсан. Би 4 дүгээр ангиа Мянгад суманд төгсөөд, 8 дугаар ангиа Чандмань суманд төгсөж, хөдөө мал маллаж, хонь хариулж, зуныхаа амралтаар аргал түүж, хавар мал төллүүлж өссөн.

Завсар чөлөөндөө хичээл эхэлсэн үед аавыгаа дагаад, 69-ийн хонины хонхорт нуугдаж суугаад, дүүтэйгээ хоёулаа өвөл, хавар хүнд хэцүү цаг үед малчдаа эргээд, малчдадаа тусалж дэмжих гээд явахад нь нүцгэн зудад дулаан хувцасгүй суугаад, дагаад аль болох л аавтайгаа хамт байхыг хүсдэг байсан. Ирэхэд нь нууцаар хонины хонхорт нь сууна. Бид малчдын амьдрал дунд өссөн. Ингэж л хүүхэд нас маань өнгөрсөн.

-Одоогийн хүүхдүүдийг ямар тоглоомоор тоглох вэ гэхэд голцуу л гар утас, интернэт орчин энээ тэрээ гэх байх л даа. За миний хүүхэд байх үеийн тоглоом арай ондоо байх. Таных тэр тусмаа хөдөө төрж өссөн хүүхдийн тоглодог, чөлөөт цагаа өнгөрүүлдэг тоглоом гэж чухам юу байсан бол?

-Бага сургуулийн хүүхэд, цэцэрлэгийн хүүхэд байхдаа анчин ба гөрөөс гэж тоглоно. Чоно ба гөрөөс гэж бас тоглоно. Тэгээд л нөгөө маатаг, шүүтэг тоглодог. Дунд ангидаа орж ирээд сагс, волейбол тоглодог, дугуй унадаг тийм л байсан даа. Дээрээс нь морь унана.

-Манайхан ярьдаг шүү дээ. Айлын нэг том хүнийг аятайхан явчихвал нэг дүү нараа аваад аятайхан явчихдаг даа гэж яриад байдаг?

-Айлын том хүүхэд болж төрсөн хүний хувьд хэдэн дүү нараа гарыг нь ганзагад, хөлийг нь дөрөөнд хүргэхэд дэм тус болох үүрэгтэй. Угаасаа ч аав, ээж маань “Айлын том хүүхэд шүү. Дүү нараа харж, хандаж явах ёстой шүү” гэж хэлнэ. Тиймээс байнга анхаарч хувцаслах, хооллох, асрах, хүмүүжүүлэх гээд багаасаа яг л айлын том хүүхдийн ачааг үүрч өссөн.

Ээж маань намайг хүүхэд байхад эчнээгээр дээд сургуульд сурах гээд явчихдаг. Том дүүтэйгээ бид хоёр бага байхдаа гэрээ хараад үлддэг байсан. Тэгэхэд аав маань ажилдаа явчихдаг. Бид хоёр чинь цэцэрлэгийн хүүхэд. Сургуульд ороогүй, цэцэрлэгт байхдаа гурил зуураад илдчихдэг, мах хөшиглөөд, ногоо арилгаж, сонгино хальсалдаг байсан. Сүүлд аав, ээжийнхээ хоол хийж байгааг харж, нэгдүгээр ангидаа анх удаа аавдаа хоол хийж өгч байсан. Аав маань оройхон ирээд, дүү бид хоёрыг хоол хийчихсэн байхыг хараад нулимс нь гараад, баярлаж байсан. Ингэж л бага нас маань айлын том хүүхдийн үүрдэг ачааг үүрч эхэлсэн.

Харамсалтай нь, намайг 10 дугаар анги төгсдөг жил аав маань өвчний улмаас бурхны оронд очсон. Ээж маань 39 настай, өрх толгойлсон эмэгтэй болж хоцорч байсан.

-10 дугаар ангийн хүүхэд гэдэг чинь нэг талаараа том сайхан залуу ч юм шиг, нөгөө талаараа нялхаараа л байж байдаг. Тэр үед танд яг ямар бодол төрж байв?

-Яг аавыгаа оршуулаад, шарил дээр нь өөртөө “Айлын том хүүхдийн хувьд зургаан дүүгээ их, дээд сургуулийн бараа харуулчихвал том хүүхдийн хувьд аавынхаа хүлээсэн үүргээ би биелүүлчихлээ гэж бодно. Таныхаа өмнөөс зүтгэж хичээнэ ээ” гэж амалж байсан. Түүнийхээ төлөө ч зүтгэсэн.

Аав маань гэнэт зуурдаар өнгөрч хөөгүй. Хоёр жил гаруй өвдсөн. Тэр хооронд ээжийн цалингаар бид амьдрахад хэцүү. Тийм болохоор ээждээ хань болж, ээждээ хэдэн дүү нартаа хоолных нь гурил, махыг авахад дэм болох юмсан.

Аавынхаа өвчин зовлонг эмчлэх эм тарианых нь мөнгийг олоход ээждээ тус болох юмсан гэж бодож, 7-9 дүгээр ангидаа зуныхаа амралтаар тоосго цохидог байсан. Өвөл нь гэрийн цагаан бүрээс, цаваг оёж, шүүр хийдэг байсан.

Зөвхөн манай дүү бид хоёр биш манайхан бүгдээрээ л хөдөлмөрлөдөг байсан. Байнга зуныхаа амралтаа дүүтэйгээ тоосго цохиж, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, одоогийнхоор бол 69 машины 60, 70 сая төгрөгийн цалин орлогыг дүүтэйгээ хоёулаа зуныхаа амралтаар гурван сарын турш өглөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж олдог байсан.

Ингэж хөдөлмөрийн үр шимийг хүртэж, ачаа үүрч, тодорхой хэмжээгээр амьдралд бэлтгэгдсэн байсан маань аавыгаа талийгаач болоод, бурхны оронд явахад аавынхаа орыг дааж, айлын том хүүхэд ачаа үүрч явахад нэлээн ачаа даах тэнхээг надад суулгасан юм болов уу л гэж боддог.

-Тоосго тэр үед байшин барих гол бүтээгдэхүүн байсан байх. Одоо бол цемент. Хүний амьдрал гэж сонин юм л даа. Тэр олон жилийн өмнө тэнд дүүтэйгээ хоёулаа тоосго цохиж байсан бол өнөөдөр Ховдод “Ховд Эко цемент” гээд баруун бүсийг тэр чигт нь хангах чадалтай том үйлдвэр баригдсан байна лээ. Баруун бүсийг бол тэр чигт нь хангачих юм шиг байгаа юм. Гэхдээ энэ үйлдвэр босохдоо шулуун замаар босчихсонгүй ээ. Бас л хэл ам дагуулж нэлээн юм болж байж энэ үйлдвэр босчээ. Энэ үйлдвэрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ? Баруун бүсийн хөгжил энэ үйлдвэр дээр хэр уялдаа холбоотой байх бол?

-Цемент бол барилгын талх л юм. Талх хамгийн гол хүнсний бүтээгдэхүүний нэг болдог. Түүнтэй адилхан барилга байшин барихад, бүтээн байгуулалт хийхэд гол талх орц нь бол цемент. Тэр үүднээсээ цементийг аль ч улс орон хөгжлийнхөө гол түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн гэж үздэг. Баруун бүс нутаг Улаанбаатараас алслагдсан. Улаанбаатар олон цементийн үйлдвэртэй. 1000, 1500, 1700 км-т цемент буюу түгээмэл тархсан ашигт малтмал. Манайхны энгийн үгээр хэлэх юм бол шороо. Шороо 1500 км-т тээвэрлээд очиход тээврийн зардал маш өндөр гардаг. Тийм ч учраас баруун бүс нутгаа хөгжүүлэхийн тулд цемент гэдгийг нь үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэдэг санаа Их хурлын гишүүн хүн болсон цагаас төрсөн. Энийг ажил болгох гэж олон хүнтэй санал бодлоо солилцож, ард түмнээ уриалж олон жил явсан.

Харамсалтай нь, зориглоод орчих хүмүүс олдохгүй явж байгаад, “Ерөөсөө энэ бүтээн байгуулалтын ажлыг бид хийе ээ. Ард иргэддээ ч өгөөжтэй, баруун бүс нутгийн хөгжилд ч хэрэгтэй. Бидний бизнест ч гэсэн дэм болох юм байна. Тийм болохоор бид санаачилга гаргаад үзье” гээд, бага байхдаа надтай тоосго цохидог байсан дүү С.Балжинням маань зориглож, зүтгэж орсон. Тэгээд л сайн муугаар хэлүүлж, олон бэрхшээл зовлон дундуур туулж байж өнөөдөр бүтээн байгуулалт маань ашиглалтад орж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа анх дэмжиж шавыг нь тавьж байсан.

Мөн Ерөнхийлөгч болсныхоо дараа өнгөрсөн жил туузыг нь хайчилж, анхных нь зуухыг асааж байсан. Одоо цементийн үйлдвэр маань ашиглалтад орсон. Баруун бүс нутгийн барилгын талх болсон цементийг бүрэн хангах ийм хүчин чадалтай үйлдвэр болсон. Улаанбаатарын үнээр баруун бүс нутгийнхаа цементийг худалдаж авдаг.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас хоёр дахин үнэтэй цемент хэрэглэдэг байсан бол одоо Улаанбаатарын үнээр цементээ худалдан авч барилга байшингаа барих, барилгын материалаа үйлдвэрлэх хямд үнэтэй орон сууц, хашаа байшинд амьдрах бололцоо бүрдэж байгаа.

Энийг анх 30-аад жилийн өмнө тоосго цохиж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч хөдөлмөрлөх юм бол хөлс хүчийг нь хүртдэг юм байна гэж мэдэрч байсан. Дүү маань ингэж хэрэгжүүлсэнд би их баярлаж явдаг. Дүүгийн маань бодитой ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлээд, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан олгосон.

Ингэж баруун бүс нутгийн хөгжилд маш том хувь нэмрээ оруулах, түлхэц болох хөгжлийн зүтгүүр, тулгуур нь болох  ийм том бүтээн байгуулалт 2020 оноос хойш Монгол Улсын хэмжээнд хийгдээгүй.

Ардын хувьсгал ялснаас хойш, баруун бүс нутгийн түүхэнд ийм том бүтээн байгуулалт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, баруун бүс нутгийн хэдэн 100 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт болсон, хамгийн буянтай ард иргэдэд өгөөжтэй, хүний амьдардаг, ажилладаг орон сууц байр сууцыг барихад гол талх нь болсон. Энэ бүтээгдэхүүнийг санаачлаад, дүү маань хэрэгжүүлээд баруун бүс нутгийн ард иргэдийн амьдралд алга таших тийм сайхан үйл явдал болж байгаад баярлаж байна.

-Таныг анзаараад байхад малчдаа нэлээн өмөөрөнгүй дуугараад байх шиг байдаг. Энэ нь малын захад өссөнтэй холбоотой байдаг уу?

-Тийм. Хот суурин газар өссөн хүмүүс хөдөөгийн ард иргэдийн зовлон жаргалыг ойлгохгүй, мэддэггүй, мэдэрдэггүй. Яагаад гэвэл тэр зовлон жаргал дунд өсөж торниж, тэр шороог нь долоож өсөөгүй учраас. Тийм болохоор малчид гэхээр нэг л бэлэнчилсэн, төр засгаар ивээн тэтгүүлж, халамжлуулсан хүмүүс гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл үгүй. Малчид өдөр шөнөгүй, цаг наргүй, өвөл зунгүй, өглөө үдэшгүй, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, амралтгүй ажилладаг хүмүүс.

Төв суурин газар ажиллаж байгаа хүмүүс чинь ажлын 5 өдөр ажлын 8 цагаар ажилладаг шүү дээ. Хагас, бүтэн сайнд сайхан амарчихна. Өглөө ажлын 8 цагаар ажиллачихна. Бусад үед нь гэр бүлтэйгээ сайхан байж байдаг. Тэгээд ээлжийн амралттай, бороо ороход хамгаалагдсан, цас орвол цаснаас хамгаалаад, дулаан байшин дотор дулаан машиндаа байж байна.

Тэгвэл малчид цас орж байсан ч, бороо орж байсан ч, цасан шуурга болж байсан ч хэдэн малаа дагаад л өвөл ч байсан, зун ч байсан, шөнө ч байсан, өдөр ч байсан хагас бүтэн сайныг тоохгүйгээр хэдэн малынхаа төлөө амьдардаг ийм хүмүүс. Тэндээсээ орлого олж амьжиргаагаа залгуулдаг. Энэ үүднээсээ маш хүнд хүчир хөдөлмөр хийдэг хүмүүс. Иймд хүндэтгэж, тэр хүмүүсийг төр засаг харж анхаарах ёстой гэдэг.

Нөгөө талаасаа малчид маань дэлхийд ганцхан нүүдэлчин соёл, иргэншил, өв соёлыг тээж яваа хүмүүс. Тийм болохоор Монгол өв соёлыг тээж явж байгаа энэ хүмүүсийг бид цааш нь хойч үедээ залгамжлуулах ёстой. Хэдэн зуунаар Монгол Улс оршин тогтоноход малчид байх ёстой. Тэр үүднээс өв соёл тээж байгаа хүмүүс бид хэд дэмжих ёстой, төр засаг анхаарах ёстой.

Мөн нөгөө талаасаа Монгол Улс асар өргөн уудам газар нутагтай. Түүний тал нь Улаанбаатарт амьдарч байна. Тал нь аймгийн төвд, суманд, сумаас цаашаа малчид гээд, эзгүйрч байгаа хязгаар нутгийг сахиж, хамгаалж, эзэн нь болж байгаа хүмүүс бол малчид. Тийм болохоор тэр эх орныхоо хамгийн алслагдсан, хамгийн бөглүү, хамгийн хязгаар нутгийн эзэн нь болж сахиж хамгаалж байгаа хүмүүсээ аятай тухтай ажиллах, амьдрах, амьжиргаагаа залгуулах бололцоо боломжид нь төр анхаарах ёстой. Энэ үүднээсээ олон талын юм байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл мал сүрэг төрийн хамгаалалтад байна аа гэж оруулсан заалт тохиолдлынх биш ээ. Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байх ёстой. Тэгвэл тэр малыг маллаж, хариулж, ашиг шимийг нь хүртэж, эзэн нь болж байгаа малчид давхар бүр илүү төрийн хамгаалалтад байх ёстой. Энэ агуулгаараа бид өв соёлыг тээж явдаг, хязгаар нутагтаа эзэн болж, хамгийн хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа малчдаа төр засгийн бодлогоор хамгаалах ёстой. Энэ ч үүднээсээ шийдвэрүүдийг УИХ-аас санаачилж, батлуулж ажиллаж байна.

-Үүрч, хамгаалж дуугарах нэг талын юм. Би энэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа малчдынхаа төлөө ийм юм хийсэн шүү гээд ам бардам хэлэх зүйл байна уу?

-Тийм ам бардам хэлэх зүйл бол малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан. Энэ бол гадаа гандаж, халуунд халж, хүйтэнд хөрж, цаг наргүй ажилладаг малчид маш хүнд хөдөлмөр эрхэлдэг. Тийм учраас эрэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг байсан бол 55 настай, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гардаг байсан бол 50 настай. Ингэж 5 жилээр эрт тэтгэвэрт гарах энэ хуулийг санаачилж, Их хурлаар батлуулж, энэ хуулийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлж байна. Хэрэгжих боломжгүй болчихсон НДШ-ээ төлж чадаагүй малчид маань тэтгэвэрт гарах шаардлага болзол хангадаггүй байсан бол НДШ-ийг нь нэг удаа хөнгөлөлттэй нөхцөлөөр нөхөн төлүүлж, тэтгэвэрт гарах бололцоог бүрдүүлж өгсөн. Энэ бол маш том амжилт. Өөрөөр хэлбэл,  тэтгэвэрт гарсан малчин болгон маань баярлах, санаа зовохгүй тэтгэвэр авах ийм бололцоо боломжийг бүрдүүлж өгч чадсандаа Их хурлын гишүүн болсон хүний хувьд, дээрээс нь хөдөө орон нутагт төрж өсөж, малчдын амьдралд ойр хүний хувьд нэг хийсэн том ажил гэж боддог.

Үүний нэг ажил “Монгол мал” хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг санаачилж, Их хурлаар батлуулж, малчдын талаар төр засаг анхаарах ёстой юм байна шүү гэж төр засгийн анхаарлыг хандуулж чадсанд их баярладаг. Цаашаа яривал Монголын төр засаг малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцдаг боллоо. Мөн ЭМД-ын шимтгэлийг хоёр дахин буурууллаа. Малчдын хүүхэд 6 настай сургуульд орох ёстой байсан бол 8 настай оруулах ийм уян хатан улс боллоо гэх мэтчилэн үнэхээр Төрөөс малчдын талаар баримтлах бодлого хэрэгжиж, төр засгийн анхааралд малчид маань хүрсний үр дүнд тодорхой үр дүнгүүд гарч байна.

-Энэ өвөл нэлээн хатуу өвөл боллоо. Хавар ч яггүй болсон л доо. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувьд зуд турхантай байлаа. Малчид маань ч малаа нэлээн алдлаа. Хот нь харласан малчид зөндөө байлаа. Гэр бараагаа зараад, хот руу нүүж байна гэж зөндөө сонсогдож байсан. Манай хотын зарим нэг иргэд сайн ойлголтгүй байгаад байгаа юм. Тэгээд л зуд бурхан болохоор хэдэн малчдадаа туслаач ээ, бид чинь хэцүү байна шүү гэх юм. Ер нь энэ хөдөөгийнхөн хотын биднийг юугаараа гийгүүлдэг юм бэ. Махаа аймаар үнэтэй зардаг байж зовж зүдрэхээрээ хотынхонд туслаач ээ гэсэн хэсэг бүлэг хүмүүс гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ дээр таны бодол?

-Малчдын гар дээрээс малын гаралтай түүхий эд, мал, мах харьцангуй хямд үнэтэй гардаг. Дунд нь дундын зуучлагч нарт очиж, тээвэрлэх, борлуулах шат дамжлагаа дамжсаар байгаад,  Улаанбаатарт нэлээн өндөр үнэтэй ирдэг. Дээрээс нь малчдын амьжиргааны гол орлого нь мах, ноолуур хоёр байна. Мах, ноолуураас бусад малын гаралтай түүхий эд дайвар бүтээгдэхүүн бүгд хаягдаж байна. Тийм болохоор мах өндөр үнэтэй зарагдах нөхцөл болж байна. Тийм болохоор бид малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд илүү өөр бодлого явуулах шаардлагатай болж байгаа юм. Хэрвээ махны нийлүүлэлтийг нэмэгдүүлээд, малын гаралтай түүхий эд болон байнга бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн малчид маань орлогоо олдог бололцоотой болговол ганцхан орлогын эх үүсвэртэй биш, олон төрлийн орлогын эх үүсвэртэй болчихвол тэр хэмжээгээр махны үнэ хямдрах, буурах бололцоотой. талдаа малчдын орлого нэмэгдэнэ. Энэ рүү л чиглэсэн бодлого бид хийх цаг нь болжээ.

Урьд нь бид аль болох малчдыг төрөөс ингээд зуд болоход нь өвс тэжээлээр туслаад, ЭМД-ын шимтгэлийг нь даатгал нь хоёр дахин хөнгөлөөд, НДШ нь 50 хувь төр хариуцсан тэтгэвэрт гарах насыг нь наашлуулаад явсан. Яг үнэндээ малчдын амьдрал сайжрахгүй, орлого нэмэгдэхгүй байна. Тэгтэл Улаанбаатарын төв суурин газрынхныг хэтэрхий их харж үзэж байна. Мах, сүүгээ хэтэрхий их үнэтэй махаа зардаг шүү дээ. Ингэх заавал хэрэг байдаг юм уу бидний төлж байгаа татварын мөнгийг үр ашиггүй, малчдад зарцуулаад гэж шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл аль аль талд нь шийдэх маш зөв шийдэл бол ерөөсөө л малчдын орлогыг нэмэгдүүлье ээ. Ганцхан махнаас, ганцхан ноолуураас орлоготой байх биш арьснаасаа орлого олдог, ширнээсээ орлого олдог, ноосноос орлого олдог болъё.

Толгой шийрээ, гэдэс цувдайгаа, өөх тосоо, ясаа, адууны дэл сүүлээ,  сарлагийн хөөвөр хялгасаа борлуулаад, орлого олох бололцоотой болгоё оо. Ийм болгож чадвал сайн. Өнөөдөр малчид нэг хонио 120-150 мянган төгрөгөөр  зарж байгаа шүү дээ. Тэр нь Улаанбаатарт ирэхээрээ нэлээн үнэтэй болчихдог. Хэрвээ махнаасаа олдог орлого нь хэвээрээ, бусад малын гаралтай дайвар бүтээгдэхүүнээсээ орлого олох бололцоог бүрдүүлээд өгчихвөл ийм боломжийг бүрдүүлэхийн тулд бид малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулъя аа.

-Энэ үйлдвэрүүдийг бариад байгуулчихвал?

-Тийм тийм. Тэр үйлдвэрүүд барьж явуулахын тулд Үйлдвэр технологийн паркын тухай хууль Их хурлаас санаачилж батлуулсан. Энэ батлуулсан хууль маань үйлдвэрүүдийг дэмжсэн, бизнес эрхлэгчийг дэмжсэн хууль. Та нар үйлдвэр байгуулаач ээ. Үйлдвэр байгуулахын тулд дэд бүтцийг нь төр үнэгүй хийж өгье өө. Цахилгааны шугам, дулааны шугам, цэвэр усны шугам, бохир усны шугам, хашаа, зам талбай, газар бүх юмыг нь үнэ төлбөргүй өгье өө төрөөс. Ингээд та бүхэнд энэ дээр бүх юмыг хийгээд өгье. Тэнд үйлдвэрээ байгуулаач ээ. Үйлдвэрээ байгуулаад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, борлуулаад эхэлвэл 10 жилийн хугацаанд татвараас төр хөнгөлье, чөлөөлье. Эхний 5 жилд нь 100 хувь чөлөөлье. Бүх төрлийн татвараас газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, ААН-ийн орлогын, хүн амын орлогын татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар энэ бүгдээс нь 100 хувь чөлөөлье. 6-10 дахь жилд нь 50 хувь чөлөөлье. Ингээд та бүгдийн үйлдвэрийг чинь би дэмжье, та бүхэн ганцхан тэр малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг л бариадхаач. Бид дэд бүтцийн мөнгийг шийдэж өгье, татвар авахгүй байя. Ийм хуулийг би санаачилж батлуулсан. Энэ хуулиа амьдрал дээр бодитой ажиллуулахад 21 аймгаас хамгийн анхны жишиг загвар үйлдвэр технологийн парк Ховд аймагт баригдаад эхэлсэн байна.

Энэ үйлдвэр баригдвал тэр хаяж байгаа хонины толгой, шийрээ боловсруулна. Хятадад хонины толгой ширхэг нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Малын бой нядалгаа хийхдээ бид малынхаа цусыг бүгдийг нь асгадаг. Асгаж байгаа 1 литр цус нь 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Малын тархи 1 кг нь 200 мянган төгрөг, малын нугас 1 кг нь 120 мянган төгрөг. Малын бөөр 70 мянган төгрөг, гүзээ 40 мянган төгрөгийн үнэтэй байна.

Хэрвээ боловсруулах үйлдвэр барьчихвал хамгийн их хаягдаж байгаа, хамгийн үнэ цэнгүй хаяж байгаа дайвар бүтээгдэхүүнийг ийм үнэтэй болгох бололцоо байж байна. Яагаад энэ дайвар бүтээгдэхүүн махнаасаа илүү үнэтэй байдаг юм бэ гэхээр тэр дайвар бүтээгдэхүүнд хүний биед хамгийн хэрэгтэй амин дэмүүд, эрдэс бодисууд, төмөр, кали, кальциас авхуулаад бүгд байдаг юм байна.

Малын өлөн гэдэснээс гарч байгаа баасыг боловсруулаад, цус шингэлдэг гипарин гэдэгт ордог бодис 1 гр-ыг гаргаж авдаг. 1 гр нь 1 гр алтны үнэтэй тэнцдэг. Тийм хүртэл боломжтой байдаг юм байна л даа. Тийм болохоор малын дайвар бүтээгдэхүүн тэр чигээрээ маш үнэ цэнтэй баялаг юм байна аа. Үхрийн ширийг 5000-аар манай монголчууд зарж байхад Хятадад боловсруулаад, 500 мянгаар зарж байна. Нэг үхрийн шир 5000 төгрөгийн үнэтэй байгаа бол үйлдвэрт боловсруулвал 500 мянган төгрөгийн үнэтэй болчихно. Ийм байдалтай л малын гаралтай түүхий эдийг ясыг нь боловсруулаад, тэжээл хийчих, тосыг нь боловсруулаад саван хийчих. Арьсаар нь савхин куртка, савхин малгай хийчихдэг юм уу, ширээр нь суудлын машины суудлын бүрээс хийчих гэх мэт. Адууны дал, дэл сүүлээр шүүр сам, шётка хийчих гэх мэтийн үйлдвэрүүдийг л бариад байвал энэ хэмжээгээр малын гаралтай түүхий эд маань үнэ цэнтэй болох нь.

Малын гаралтай түүхий эд үнэ цэнтэй болохоор малчдын орлого нэмэгдэнэ ээ. Малчид орлоготой болчихвол хэр баргийн зудад зутрахгүй ээ. Өвс, тэжээлээ өөрсдөө худалдаад авчихна. Төр засгаас дэмжээсэй, туслаач ээ гэж гуйгаад байхгүй. Заавал махаа үнэтэй зарах гээд байхгүй. Бусад бүтээгдэхүүнтэй болчихсон учраас хангалттай орлоготой болчихно. Ийм байдлаар малчдыг эрсдэлгүй амьдрах, илүү орлоготой, төрж өссөн нутагтаа эзэн болоод нутаг орноо манаад, эзэн нь суугаад, аятай тухтай амьдрах бололцоо боломжийг бүрдүүлэх ийм л хуулийг санаачлаад, Их хурлаар батлуулаад, Ховд аймагт анхных нь загвар жишиг үйлдвэр барьж байгуулах ажил хийгдээд эхэлж байна.

-Хуучин жишээ нь хилээр малын гаралтай түүхий эд чинь чөлөөтэй гардаг байсан шүү дээ. Тэгэхэд одоогийнх шиг ингэж жалганд хонины арьс нэхий хаягддаггүй. Ер нь түүхий эдүүдийг бүгдийг нь ченж гэж хэлэгдээд байдаг нөхдүүд тойроод аваад, урагшаа хил гаргаад өгчихдөг байсан. Тэгэхэд овоо ч хөөрхөн үнэтэй байдаг байсан байхгүй юу. Тэгээд л гэнэтхэн хилээр малын гаралтай түүхий эд гаргахаа болиод л. Дотоодод байгаа үйлдвэрүүд нь олон биш болохоор нөгөөдөх багаханыг аваад л хангамж нь болчихно гэх юм уу даа, даац нь болчихож байгаа учраас бусад нь тэгээд хаягдаад байдаг юм уу гэж анзаарагдаад байдаг. Тэгэхээр дотооддоо үйлдвэрүүд хангалттай биш байсан байж яагаад заавал тэгээд хорио хийчихдэг юм бол?

-Дотоодын үйлдвэр босчих байх, хорьчих юм бол түүхий эд нь хямдарчихаар нь олон үйлдвэр баригдчих байх гэдэг агуулгаар л 2013 онд хаасан юм байна лээ. 2013 онд малын гаралтай түүхий эд хилээр чөлөөтэй гардаг байх үед бол харьцангуй үнэ цэнтэй байсан. Гэтэл энийг хаагаад л, үйлдвэрүүдээ сэргээнэ гэсэн. Харамсалтай нь, үйлдвэрүүд сэргэсэнгүй, боссонгүй. Үйлдвэрүүд яагаад босохгүй байгаа юм бэ. Хувийн хэвшлийнхэн тэр үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр хэчнээн түүхий эд нь хямд байгаад байгаад тодорхой хэмжээнд төрийн дэмжлэг байхгүй бол өөрсдөө хөрөнгө оруулаад, өөрсдөө татвараа төлөөд, өөрсдөө газраа худалдаж аваад, цахилгаан дулаан, цэвэр бохирын шугамаа өөрсдөө тавиад үйлдвэрлэхэд санхүүгийн хувьд тэдэнд бололцоо боломж байхгүй байна. Өөрсдөө биеэ даагаад явчих. Тийм учраас төрөөс тодорхой хэмжээнд дэмжиж байж дэд бүтцийнх нь асуудлыг үнэ төлбөргүй шийдэж өгөөд, дээрээс нь татвараас хөнгөлөлт чөлөөлж байж хувийн хэвшлийнхэн маань үйлдвэрүүд барих сонирхол бий болно. Хямд, хаягдаж байгаа тэр түүхий эдийг үнэ цэнтэй болгох сонирхол бий болно. Тэгэхгүй болохоор тооцоо хийгээд үзнэ. Эд аливаа төсөл бизнес хийхэд эдийн засгийн үр өгөөж хэрэгтэй, үр ашигтай байх ёстой. Өөрсдөө бүх юмаа зардлаа гаргаад, газраа худалдаж аваад, ингээд дэд бүтэц шугам сүлжээ бүгдийг нь өөрөө хийгээд, татвараа төлөөд явахаар үр ашиггүй учраас хэчнээн хямд, түүхий эд нь үнэгүй байсан ч хэрэггүй л байна. Үйлдвэр байгуулах сонирхол төрөхгүй байна. Тэгвэл дэд бүтцийг чинь төр хариуцаад хийгээд, газрыг чинь үнэгүй өгчихье. Татвараас 10 жилийн хугацаанд хөнгөлье, чөлөөлье одоо үз дээ гэхээр үр ашигтай болж байна. Тиймээс энэ олон малын гаралтай түүхий эдийг боловсруулах энэ олон үйлдвэр барихдаа хүсэл сонирхлоос гадна дотоодын хөрөнгө оруулагч нарт бизнес эрхэлж байгаа хүмүүс төрж эхэлж байна. Энэ хэмжээгээр асуудалгүй болсны дараа бид хилээр гаргахыг хорьж болно. Тэр болтол нэг их хорихгүй, хилээрээ ч гарч байг. Дотооддоо ч, үйлдвэрүүддээ мөн чөлөөтэй хэрэглэж байг.

-Одоо хилээр гарч байгаа юм уу?

-Тийм, хилээр гаргадаг болчихсон. Өнгөрсөн 2022 онд шийдвэр гаргаад, олон түүхий эдийг хилээр гаргадаг болчихсон. Харамсалтай нь, хангалттай сайн гарахгүй байна.

-Уг нь малын чанар гэдэг нэг юм байх шүү дээ. Сүүлийн үед аятайхан, гайгүй болоод байна. Манай малчид тоонд илүү анхаараад байх шиг байгаа юм. Жилд хэдэн мянган мянгат малчин төрдөг юм бэ. Энэ малын тоо чанарын тал дээр ер нь та юу гэж боддог вэ?

-Нэг хонийг 120-150 мянгаар борлуулаад, жилдээ 100 хонь борлуулахад 12 сая төгрөг. 12 сая төгрөгөөр 100 хонь борловол амьдралд нь хүрэхгүй. Хэрвээ малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, үйлдвэрээ сайжруулаад, малын гаралтай түүхий эдийг боловсруулаад эхэлвэл нэг хонь 400-500 мянга болно. Тэгвэл 100 хонь борлуулахад 40-50 сая төгрөгийн орлого олдог болно. Тийм болохоор олон мал маллах шаардлагагүй болж байгаа юм. Одоо мянган малтай байж байгаа мянган малаас 300-г нь борлуулж байж 30 хэдэн сая төгрөгийн орлоготой байж, ажил амьдралаа авч явж байна. Үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, бусад зардлаа ингээд болгож байна. Тэгвэл 500 малтай байгаад малын гаралтай түүхий эдээ, малаа 400-500 мянгаар зардаг байх юм бол, 100 малаа зарахад 40-50 сая төгрөгийн орлого олдог болчихвол тэр орлого амьдралд нь хангалттай хүрдэг болчихно. Тэгэхээр 1000 мал маллаад түүнээс 300-г нь зараад, тасралтгүй 1000 малтай байх гэж маш их хөдөлмөр зарцуулдаг шүү дээ. Тэрний оронд малын гаралтай түүхий эдийг боловсруулаад, мал нь үнэтэй болчихвол 500 мал маллаад л, 100-г нь борлуулаад л хангалттай орлоготой би сайхан амьдрах боломжтой. Тооны араас хөөцөлдөхгүй байх. Эцсийн үр дүн бол энэ. Малчид ингээд эхлэхээр, хангалттай орлоготой болчихоор хэр баргийн цасан шуурганд өвс, тэжээл хангалттай бэлдчихсэн учраас санаа зовохгүй. Олон мал хөөцөлдөөд, зунжингаа отор нүүдэл хийгээд, хэдэн малынхаа хойноос малынхаа боол болоод, турж эцэтлээ хөдөлмөрлөөд, зүтгэж, зүдэрч амьдрахгүй.

Тэтгэврийн насыг наашлуулаад эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нь төлж, өвс тэжээлээр дэмжээд байсны үр дүн гарахгүй байна. Үр дүн гарах шийдэл бол ерөөсөө л малчдын орлогыг нэмэгдүүлэх. Орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэхээр малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүд барих. Тэр үйлдвэрүүдэд малын гаралтай түүхий эд их хэмжээгээр нийлүүлэгдээд, хоорондоо өрсөлдөөд эхлэхээр малчдын орлого нэмэгдэнэ. Хог дээр, жалганд хаягдаж байгаа түүхий эд үнэ цэнтэй болно.

Жил бүр арьс, ноос, ноолуур, толгой шийр гарч байдаг. Нөхөн сэргээгдэх баялгийг жил бүр боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгож хагас боловсруулахад Монгол Улсын валютын орлого ч нэмэгдэнэ. Малчид маань ч зөвхөн ноос ноолуураасаа орлого олох биш, малын амьсгаанаас бусдыг нь борлуулаад, хангалттай өвс, тэжээл, хашаа хороогоо бариад авчихна.

Залуу малчдын асуудал бас үүсч байна. Эмэгтэй хүүхдээ сургууль соёлын бараа харуулчихъя гээд явуулдаг. Буцаад хөдөө явдаггүй. Ингээд хөдөө үлдсэн залуучуудад хань ижил олддоггүй.  Тэгээд зудад хэдэн мал нь байхгүй болчихоор хорогдох зүйлгүй болоход больё, аймгийн төв орж,хар ажил хийе гээд явдаг. Ингээд малчид маань алга болоод байгаа юм.

-Таны хувьд уулын, волейбол гээд хоёр спорт сонирхдог. Энэ спортыг хэрхэн сонирхож эхэлсэн бэ?

-Манай баруун Алтайн нутаг мөнх цастай уулуудын орон. 4000 м-ээс дээш хамгийн олон оргилтой. Өөрийгөө ялж, оргил дээр гарах нь маш хүнд хөдөлмөр, тэмцэл байдаг. Энэ ч үүднээс уулын спортыг сонирхдог. Волейбол бол хүүхэд байхаас тоглож, наймдугаар ангидаа сумаас аймгийн шигшээд орж тоглож эхэлсэн. Багаараа нэг зүйлийн төлөө хурд, хүч, авхаалж самбаа, ухаан шаарддаг аль ч насныхан тоглож болдог спорт юм.

Волейболоороо амжилт хэр үзүүлсэн бэ?

Дунд сургуульд байхдаа олон тэмцээнд оролцож байсан. Харин улсын аваргаас медаль авч үзээгүй. 20 гаруй жил хичээллэсний дараа анх удаа 2007 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас анхныхаа медалийг авч байсан. Үүнээс хойш манай баг жил бүр улсын аваргаас медаль авдаг болсон. Монголд олон клуб бий. Манай “Алтайн барс” клуб бүх насны ангиллын эрэгтэй, эмэгтэй багтай. Тийм болохоор волейболын спортод өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж байгаа гэж боддог.

-Монгол Улс энэ жилийг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Үүний амин сүнс нь юу юм бэ?

-Монгол Улс ганцхан таталцлын төвтэй. Социализмын үед бүс нутгийг тэнцүү хөгжүүлэх бодлого байсан. Ховдод, Дорнодод, Хэнтийд, Хөвсгөлд, Өмнөговьд гэх мэт Монгол Улсын газар нутаг дээр төв суурин газрыг жигд байгуулаад амьдрах орчныг бүрдүүлж байсан. Гэвч тэр үед Улаанбаатар хотод 400 гаруй мянган хүн амьдардаг байсан. Зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаар хүн амьдрах таатай орчин руу тэмүүлсэн. Хөдөө бензин, даавуу, элсэн чихэр, тог нь үнэтэй, зардал өндөр. Тэгсэн түүхий эд, төмс, хүнсний ногоо нь хямд болохоор орлогогүй. Ажилтай, орлоготой байхын тулд бүгд Улаанбаатар хот руу шавсан.

Улаанбаатар руу шаваад яасан эргээд Улаанбаатарт нь дахиад бөөн асуудал үүсэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, замын түгжрэл, хөрсний бохирдол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээгүй байдал, гэмт хэрэг зөрчил гээд л. Энийг шийдэхийн тулд ганцхан Улаанбаатар чинь таталцлын төвийг задлах юм байна аа. Задлахын тулд бүс нутаг бүртээ таталцлын төвтэй болох ёстой. Бүсчилж Монгол Улсынхаа иргэдийнхээ өссөн төрсөн газартаа аятай, тухтай амьдрах бололцоо, боломжийг бүрдүүлье. Ингэхийн тулд бүс нутаг бүртээ таталцлын төвтэй болоод, бүс нутгийн хөгжлийг анхааръя. Ингэх юм бол нөгөө төвлөрчихсөн байгаа Улаанбаатарт шавчихсан байгаа улаанбаатарчууд чинь тарна аа. Ингэхээр Улаанбаатарт түгжрэл, хөрсний бохирдол, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал алга болно гээд Улаанбаатарын иргэд итгэлтэй хэлнэ. Эргээд хөдөө орон нутаг чинь цөөхөн хүнтэй байсан, тэнд үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц нь хөгжөөд, ажилтай, орлоготой байх бололцоо боломж бий болно. Зарлагаасаа илүү орлоготой болоод эхлэхээр өссөн төрсөн нутагтаа амьдрах сайхан байна, нутагтаа амьдаръя гэдэг болно. Тэгэхээр ийм байдлаар л энэ өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ л ард иргэдээ тэгш тэнцүүтархаж суурьшиж амьдрах бололцоо боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Ингээд тэр хөдөөд, бүс нутагтаа шийдэгдэхгүй байгаа асуудлыг шийдэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжье. Бүсчилж хөгжүүлэх нь зөв юм байна гэдэг бодлогыг Монгол Улсын Засгийн газраас сая 2024 онд бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Зөвхөн жалга, довоороо, сумаараа, аймгаараа хуваагдах биш бүс нутгийн хөгжлийн төлөө төрийн түшээд харж анхаарах цаг болсон байна.

-Зам дагаж хөгжил гэж ярьдаг даа,тийм ээ. Энэ нь зүгээр ч нэг үг биш юм шиг байгаа юм. Баруун тийшээ миний хувьд нэлээд хэд явсан. Ховдын зам бусад аймгийнхыг ёстой атаархмаар сайхан зам байна шүү. Эндээс тийм хол бараг 1500 км орчмын цаана яаж тийм сайхан замтай болов?

-Ховд нутгаас Их хурлын гишүүн болоод замтай болох юмсан гэж бодож, санаачилж ажил хэрэг болгох гэж хөдөлмөрлөж, их анхаарал тавьж эхэлсэн. Улсын төсөв мөнгө байхгүй. 1990-2010 он хүртэл 20 жилийн хугацаанд Ховд аймгийн нутаг дээр 1 км зам баригдаагүй байсан. УИХ-ын дарга асан Дэмбэрэл дарга бид санаачилга гаргаад, ер нь зам барья, улсын төсөвт ч суухгүй юм гээд, миний хамаарал бүхий компани анх 100 км-т замыг өөрийнхөө хөрөнгөөр тавьж, Ховд аймагт 20 жилийн дараа 100 км-т зам тавьж эхэлж байсан. Түүнээс хойш Алтайн замаас хойш сайн, муу хэлэгдээд л, үе үеийнхээ Их хурлын гишүүдтэй хамтраад зүтгэсэн. Үүний үр дүнд өнөөдөр Ховд аймаг Монгол Улсын 21 аймгаас хамгийн олон километр замтай аймаг болсон. 1300 гаруй километр зам 2010 оноос хойших хугацаанд Ховд аймгийн нутаг дээр баригдсан байна. Ховд аймгийн 17 сум бүгд холбогдоод дуусаж байна. Ганцхан Дуут сум холбогдоогүй. Бусад сумын хөрөнгө нь шийдэгдээд, 17 сумаар хатуу хучилттай замаар холбогдох бүрэн бололцоотой болсон. Хамгийн сүүлд энэ жил би гурван сумтай холбох хөрөнгийг нэхэмжилж тавьсан. Хамгийн түрүүнд Мөнххайрхан сумын 70 км замыг 70 км хатуу хучилттай замаар холбох эх үүсвэр тавьж байна. Мянганы зам Улиастай-Ховдтой холбож байж дуусах ёстой. Ховд аймгийн Мянгад сумаас Дөргөн сумыг холбох чиглэлд Дөргөн сумын хатуу хучилттай замаар холбох чиглэл мөн эхэлж байна. Ийм байдлаар 21 аймгаас хамгийн анхны, бүх сумаа хатуу хучилттай замаар холбосон аймаг болно гэсэн зорилт тавиад, санаачилсан ажил маань бодитой ажил болж байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан хаана ч, хэнд ч би санаачилсан юм, би хийсэн юм, би ард нь гарч чадлаа гэж ам бардам хэлэх үгтэй. Бусад аймгийнхан атаархаж байна. Одоо нэг ч сумаа хатуу хучилттай замаар холбоогүй аймгууд байна6

-Таны нэг бичлэгийг би харсан. Ховд аймгийн төвд бичлэг хийгээд байх шиг байсан. Хашаандаа сайхан амьдаръя аа гээд. “Манай энэ Ховд аймгийн чинь утаа Улаанбаатарын утаанаас дутуугүй болчихсон байна. Энийг дарахын тулд хашаандаа хэдүүлээ сайхан амьдраад, дэд бүтцээ холбоё” гээд. Тэр нэг төсөл яваад байх шиг байна уу?

-Тийм. Миний санаачилсан нэг төслүүдийн нэг. Их хурлын гишүүд чинь өөр өөрсдийнхөө тойрогтоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхийг боддог. Аль болох сум бүртээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын, төв барья гэдэг. Үе үеийн Их Хурлын гишүүдтэйгээ хамтраад манай аймаг ч гэсэн сургууль, цэцэрлэг, нийгэм, соёлын төв бүгдийг нь шийдсэн. Үүний хажуугаар би хэд хэдэн томоохон төслүүдэд анхаарч ажилласан. Түүний өмнө “Хашаандаа сайхан амьдарцгаая, ховдчууд аа” төсөл. Зөвхөн Улаанбаатарын утааг бид 20 жил ярьсан. Гэтэл бусад аймгийн утаа ялгаагүй адилхан болсон. Ховд аймагт шахмал түлш, утаагүй зуух, нүүдэлчин зуух, өлзий зуух гээд бүгдийг нь туршиж үзээд болохгүй байсан. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол зөв шийдэл гал түлэхгүй байх ёстой юм байна. Гал түлэхгүй байх юм бол утаа гаргахгүй юм байна. Ерөөсөө гэр хороолол руугаа гал түлдэг, яндантай айлууд руугаа цэвэр, бохир усны шугам тавья. Инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэцтэй болгоё. Ингэчих юм бол айлууд маань хашаандаа амины орон сууцаа бариад, гал түлж утаа гаргахгүй, гадаа гарч бие засаж, жорлон ухаж хөрс бохирдуулахгүй. Халуун, хүйтэнд цэвэр, бохир устай. Хүүхдүүд нь худгаас ус зөөхгүй. Эхнэрүүд нь өглөө үүрээр босож үнс аваад, хүйтэнд гал түлэх гэж зутрахгүй амьдрахад хашаандаа хаустай, халуун хүйтэн цэвэр, бохир устай, хүлэмжтэй, хүүхдийн тоглоомтой амьдрах бололцоог ингэж л бүрдүүлэх юм байна гэж эхлүүлсэн.

Эхэндээ жаахан зориг муутай, бага эхлүүлээд туршиж үзье, үр ашиггүй болчихвол улсын төсвийн хөрөнгө буруу гэж үзсэн. Ийнхүү туршаад өнөөдөр Ховд аймгийн 5700 гал түлдэг, яндан гаргадаг өрхүүдээс 3000 айл нь холбогдох бололцоотой болсон байна. 500 гаруй айл холбогдсон. Үүгээрээ бид 21 аймгаас хамгийн анхны утаанаасаа салсан, агаарын бохирдолгүй, хөрсний бохирдолгүй аймаг болох зорилт маань амжилттай хэрэгжиж байна. Яг энэ санаачилсан ажлыг маань Хэнтий, Баянхонгор, Дархан-Уул, Эрдэнэт, Өвөрхангай, Хөвсгөл дуурайж хийж байна.

-Таны амнаас эрчим хүчний тусгаар тогтнол гэдэг л үг гараад байгаа шүү дээ. Өнгөрсөн өвөл хотын бид чинь ёстой тогоо таслуулаад хэцүү л өвөлжсөн дөө. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих тухайд сумынхантайгаа ойлголцсон уу?

-Тог байхгүй гээд төсөөлөөд үз дээ. Улаанбаатарчууд бид чинь харьцангуй байнга л тогтой байдаг. Хааяа нэг тог тасрахаар юу болчихов гэдэг. Баруун аймгийнхан чинь тоггүй социализмын үед мотор асаагаад хангадаг байсан. Сүүлдээ нөгөө мотор асаахаа больсон тэгэнгүүтээ тоггүй болсон. Тэгээд тоггүй арваад жил амьдарсан. Увс, Ховд, Баянөлгий, Завхан, Говь-Алтай гэсэн аймгууд. 1990 оны сүүлээр ОХУ-аас тог татаж оруулж ирээд, бид Оросоос тог авдаг болсон. Гэтэл оросууд тогийг чинь тасална шүү гэдэг. Энэ өвөл хүртэл Монголын тогийг тасална гэхэд улс даяараа айлаа шүү дээ. Ерөнхий сайд гуйгаад, утсаар яриад л, Эрчим хүчний сайд Орос руу очиж “Битгий таслаач ээ, ёстой өвөл бид балрах гээд байна аа” гэж гуйгаад л. Эрчим хүчнээс хараат байх хэцүү. Хүний амьдралд идэх, өмсөх, унтах гэсэн хүний анхдагч хэрэгцээ байдаг. Түүнтэй адилхан тог нэг хэрэгцээ болчихсон. Гар утас байхгүй бол сонин болдогтой адилхан тог байхгүй бол бүр хэцүү. Тийм болохоор тог хүний амьдралын нэг салшгүй нэг хэрэгцээ болчихсон байна. Тэр салшгүй хэрэгцээ болсон тогоо, эрчим хүчээ бид гаднаас ингээд дарамтлаад тасалчих вий, хязгаарлачих вий гэж айж явах хэцүү юм байна. Дээрээс нь хязгаарлуулахгүйн тулд хүссэн мөнгөө төлдөг. “Тогтой л болгоод өгөөч, бензинтэй л болгоод өгөөч, төл гэсэн мөнгийг чинь төлье гээд л гуйгаад сууж байгаа шүү дээ, монголчууд. Тийм болохоор л эрчим хүч, шатахууны хувьд хараат бус, бие даасан байх, ёстой. Энэ агуулгаараа Эрдэнэбүрэнгийн УЦС барих санаачилгыг 2012 онд гаргасан. Надаас өмнө 1968 онд санаачилга гарсан байдаг юм. Миний хувьд 2012 оноос хойш энэ ажлыг хөөцөлдөж олон жил явж байж, энэ жил барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаад баяртай байна. Яагаад гэвэл Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал бид эрчим хүчний хувьд Орос, Хятадаас хараат бус болно. Бие даасан, өөрийн гэсэн тогтой болно. Хэнээс ч айж ичихгүй өөрийн гэсэн тогоо хэрэглэнэ. Дээрээс нь Оросоос өнөөдөр бид 1квт эрчим 400 төгрөгөөр, Хятадаас 500 төгрөгөөр тог худалдаж авч байна. Хэрвээ энэ станц ашиглалтад орчихвол ядаж 100 төгрөгийн үнэтэй тог хэрэглэнэ. Ховдод байгаа УЦС-ын хүчин чадал бага л даа. Тэр гэхэд 50 төгрөгийн үнэтэй тог үйлдвэрлэж байна. Тэгтэл тогонд жилдээ 200-300 сая ам.доллар буюу жилдээ 200-300 цэцэрлэг барих мөнгийг төлж байна. Хэрвээ эрчим хүчний хувьд хараат бус болчихвол гадагшаа урсах валют байхгүй болчихно. Энэ үүднээсээ Эрдэнэбүрэн УЦС-ыг 2012 оноос хойш хөөцөлдөж явж байж 10 гаруй жилийн дараа ийнхүү бодитой ажил болж байна. Баруун бүс нутгийнхан хямд үнэтэй, найдвартай, бие даасан, хараат бус эрчим хүчтэй болох гэж байгаад их баяртай байна.

-Зам, тээврийн салбарт өнгөрсөн онд нислэгийн чиглэлүүд, нислэгийн тоо, орон нутгийн нислэг нэмэгдлээ. Үнийг нь хямдруулж ажиллаж чадлаа. Энэ бол амжилт юм. Цаашдаа энэ амжилтаа бататгаад, юунд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн 2023 онд бид түүхэн дээд амжилтуудыг тогтоосон. Монгол Улсын эдийн засаг долоон хувь өсөж байхад манай салбар 73 хувь өссөн. Бид 60 сая тонн ачаа 2020 онд тээвэрлэж байсан бол 107 сая тонн ачаа тээвэрлэсэн. Орон нутагт 15 жилийн хугацаанд МИАТ компани нисдэггүй байсан бол нисдэг болсон. Гуравхан аймагт онгоц нисдэг байсан бол есөн аймагт онгоц нисдэг боллоо. Билетийн үнэ орон нутгийн билетийн үнэ 2-3 дахин хямдарсан. Сөүл Улаанбаатарын хооронд долоон хоногт 10 нисдэг байсан бол 7 хоногт 80 нисдэг болсон. Билетийн үнэ гурван сая төгрөг байсан бол нэг сая төгрөг болсон гэх мэтийн олон сайхан амжилт гаргасан жил болж өнгөрсөн. Энэ жил ч гэсэн бид хийснээсээ илүү их хийнэ. Бүтээснээсээ илүүг бүтээнэ. Томоохон зорилтоо тавьсан. Ялангуяа 2024 он авто замын салбарт түүхэн шинэ сэргэлтийг авчирсан жил болно. Бид Ази, Европ, Орос, Хятадыг холбосон авто замын ганцхан коридортой байсан. Энэ нь Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд. Одоо Баян-Өлгий, Цагааннуур, Ховд, Ховдын Булган гэсэн хоёрдахь коридор нээсэн. Үүнтэй адилхан таван коридор нээнэ. Завханы Улиастайг Арц суварга боомтыг Оростой холбоно. Орос руу заавал усаар дамжиж Завханыхан явахгүй. Шууд өөрсдийнхөө Арц суваргын боомтоор давхидаг болно. Говь-Алтайг Бургастайн боомтоор Хятадтай холбоно. Говь-Алтайнхан Ховдоор дамжих Хятад руу явахгүй, Говь-Алтайгаас шууд Бургастайн боомтоор Хятад руу засмал замаар давхидаг болчихно. Мөн Алтай Улиастайг засмал замаар холбосноор гурав дахь босоо зам болно. Ийм байдлаар Булган аймгийг Хятадтай холбох, Өвөрхангай аймаг, Өмнөговь аймгийг Оростой холбох, Хэнтий аймгийг Хятадтай холбох, Сүхбаатар аймгийг Оростой холбох, Дорнод аймгийг Хятадтай холбох гэх мэтийн энэ таван коридор, босоо замууд барьж, Ази, Европ, Орос, Хятадыг холбосон аймгуудыг боомтуудтай холбосон замуудыг барьж байгуулна. Үүнээс гадна Эрээн орчихоод заавал Сайншанд-Улаанбаатар гээд Өвөрхангай, Говь-Алтай явдаг биш шууд Сайншанд-Чойр, Дундговь-Өвөрхангай гээд Улаанбаатараар дайрахгүй явдаг замууд барьж байгуулна. Өөрөөр хэлбэл аймаг хооронд холбосон замууд байна. Монгол Улсыг зүүнээсээ баруун тийшээ, баруунаасаа зүүн тийшээ Дорнодын Халх голоос Ховдын Булган боомтоор Хятад руу хүртэл хэвтээ чиглэлтэй засмал замаар Улаанбаатар дайрахгүй явах бололцоо бүрдүүлнэ.

Монгол Улсын нутаг хэвтээ чиглэлдээ хоёр замтай, босоо чиглэлдээ өмнө хэлсэн таван замтай. Ийм байдлаар үндсэндээ энэ авто замаа барьж байгуулах том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн жил болно. Монгол Улсад ардын хувьсгал ялаад 103 жил болж байгаа шүү дээ. Энэ хугацаанд үндсэндээ 104 сумыг хатуу хучилттай замаар холбосон байдаг юм байна лээ. Сүүлийн жилүүдэд түлхүү холбосон. Гэхдээ 103 жилийн хугацаанд 104 сум гэхээр 100 жилдээ аваад үзвэл нэг жилд нэг сум гэж хэлж болохоор. Тэгвэл 2024 онд 40 сумыг хатуужилтай замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл 104 сум холбогдсон байсан бол 2025, 2026 оны өдийд 144 сум холбосон байх. Жилд 40, 40 сум холбох ажлыг эхлүүлж байгаа юм. Урьд нь замын компаниуд нь ажилгүй, цөөхөн ажил гардаг байсан. Иймд төсвийн хөрөнгө оруулалтын ажил дээр булаацалддаг байсан. Гэтэл одоо төслүүд нь их, замын компаниуд нь цөөхөн болж, төслүүдээ яаж хийж хэрэгжүүлэх вэ гэдэг тийм л хэмжээнд бүтээн байгуулалт хийх гэж байна.

-МИАТ-ийн хувьд уг нь нислэгийн чиглэлүүд, тоо, онгоцоо нэмээд, дарга удирдлагуудынх нь ярьж байгаагаар түүхэнд байгаагүй борлуулалт хийлээ гэдэг. Уг нь тэдний өгсөн мэдээллээр тийм байгаад байгаа юм. Гэвч нөгөө талдаа МИАТ-ийг онцгүй, муухай харагдуулж байгаад хувьчлаад авчих санаархалтай ч юм уу хэсэг бүлэг хүмүүс байгаа юм шиг санагддаг. Тусгаар тогтносон улс гэдэг чинь үндэсний өөрийн гэсэн агаарын тээврийн компанитай байх ёстой. Энийг та хэрхэн харж байна вэ?

-МИАТ-ийг гоочилж байгаад хувьчлах маш том боломж, маш том ашиг байгаа гэж хүмүүс харсан байна. Тийм учраас харлуулж байгаад хувьчилж авах санаа гаргаж байна. Яагаад ийм болсон бэ гэж. МИАТ компани 2023 онд 800 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Түүхэндээ ийм борлуулалт хийж байгаагүй. 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Урьд нь яадаг байсан юм гэхээр МИАТ компанийг төрийн өмчит ганц компани гээд бөөцийлдөг, нялх хүүхдийг асардагтай адилхан асраад л өрсөлдөөнд оруулж болохгүй, байнга л халамжилж байх ёстой байнга давуу эрхтэй монопол байлгах ёстой гэж ханддаг байсан. Миний хувьд тэгээгүй өрсөлдөөнд ор, бүгдэд нь тэгш боломж олгоно. Төрийн компани, хувийн компани гэхгүй бүгд өрсөлдөөнд ор. Гаднын компани, дотоодын компани гэхгүй. Гэхдээ дотоодын компанийг илүү дэмжинэ гээд өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгсөн. Ингээд тэгш боломж олгоод, өрсөлдөөнд оруулсан. Үүний үр дүнд түүхэндээ байхгүй орлого олсон. Түүхэндээ байхгүй ашигтай ажилласан.

-Хямдруулсан хэрнээ л үнэтэй байна гээд байгаа шүү дээ. Хүний шунал хязгааргүй ч гэх юм уу. Онгоцны тийзийг илүү хямдруулж болно гээд манайхан хэлээд байгаа?

-МИАТ-аас доошоо үнэтэй нисэх тийм боломжтой компаниуд нисэх л байх. Солонгосын дөрвөн компани нисэж байна шүү дээ. Тэгвэл МИАТ өрсөлдөөд л нисэж байна. МИАТ болохоор гоочлоод байдаг. Тэгсэн мөртөө Солонгосын онгоцонд суугаад явдаг, гоочилдоггүй. Турк, Станбул, Туркишир гэж авиа компани Станбул-Улаанбаатарт ганцаараа 5 саяар нисдэг байсан. Тэр үед үнэтэй гэж хэн ч дуугардаггүй байсан. МИАТ компанийг оруулж, өрсөлдүүлсэн. Билет нь 2.5 сая болж, хоёр дахин буурсан. 2.5 сая төгрөгөөр нисэж байхад л үнэтэй гэж МИАТ-ийг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л энэ. Гоочлох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн л явуулга гэдэг юм уу. Үндэсний компаниудаа дэмжээд туслаад, элэгтэй сэтгэл гаргах ёстой л доо.

-Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чаддаг боллоо шүү. Энэ ахиц дэвшил юм. Төмөр замын салбарын цаашдын ирээдүй ямар байна. Өшөө цаашдаа ямар зам байгууламж хийх вэ?

-УБТЗ компани 1949 онд байгуулагдсан энэ жил 75 жилийн ой болох гэж байна. Монгол ганцхан төмөр замын компанитай Монгол Улс ийм цаг үе байсан. Тэрнийх нь 50 хувийг оросууд, 50 хувийг монголчууд эзэмшдэг байсан. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбараа хөгжүүлье. Ганцхан Оростой хамтарсан төмөр замтай байх биш Үндэсний төмөр замын компаниуд байгуулъя гэдэг бодлого, зорилт тавьж, Сайншанд-Тавантолгойн төмөр зам амжилттай барьж байгууллаа. Тавантолгойгоос Гашуунсухайтынх шиг л төмөр замтай боллоо. Зүүнбаян-Санги Мандалын шиг төмөр замтай боллоо. Энийг дагаад Тавантолгой төмөр зам, Монголын төмөр зам, Монголиан Транслайн төмөр зам гээд олон компани байгуулагдлаа. Гол төмөр замын урт 1100 км байсан бол 2400 км боллоо. Нийт төмөр зам нь 3300-аад км төмөр замтай боллоо. Цаашдаа баруун босоо төмөр зам, зүүн босоо төмөр зам барьж байгуулах, мөн Сайншандыг Баруун-Урт Хөөтөөр Бичигттэй холбох, хэвтээ төмөр зам барьж байгуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлсний үндсэн дээр Монгол Улс ганцхан төмөр замтай биш нийтдээ 5000 гаруй км төмөр замтай болох том бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд эхлүүлж байна. Ингэснээр төмөр зам авто тээврээс хэдэн 10 дахин бага зардлаар тээвэр хийх бололцоотой болдог. Тээврийн зардал бага тусмаа бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах бололцоо боломж бүрдэнэ. Эдийн засгийн хөгжлийн гол судас нь төмөр зам байна.

-Агаарын тээврийг нь асуучихлаа, замыг нь асуучихлаа, төмөр замыг нь асуучихлаа, далай руу орно. Манай далбаатай онгоц явдаг юм гэсэн. Энэ үнэн байдаг юм уу, худлаа байдаг юм уу. Хэрвээ үнэн байдаг юм бол ямар учраас, яагаад явдаг юм бэ?

-НҮБ-ын далайд гарцгүй орнуудыг дэмжсэн нэг конвенц байдаг. Далай зөвхөн тэр улсынх биш ээ. Далай бүх улс орных. Тийм болохоор далайд гарцгүй орнуудад далайг ашиглах боломж олгоё гэдэг. Далайг ашиглахын тулд тэрэн дээр усан онгоц явуулж болно гэсэн. Энэний дагуу Монгол улс 200 гаруй хөлөг онгоцтой.

-200 гаруй хөлөг онгоц уу?

-Монгол Улсын далбааг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс далай дээр явах хөлөг онгоцууд шиг өөрсдийн зөвшөөрөл авах ёстой. Монголын квот дээр Монголын далбааг ашиглах зөвшөөрлөөр 200 гаруй 290-ээд хөлөг онгоц үйл ажиллагаа явуулдаг. Бид далбаагаа ашиглуулсны төлбөрийг тэндээс авдаг. Ийм байдлаар үндсэндээ далайн тээвэрт бид оролцож байна. Цаашдаа Монгол Улс өөрийн гэсэн хөлөг онгоцтой болоод тодорхой тээвэр хийх ийм бодлого зорилт бид тавьж байна. Боломж байгаад байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох

Дээш