logo
ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар эхэллээ

2019/05/29

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлын эхний шат буюу төслийг хүлээн авах ажил орон даяар явагдаж байна. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн өргөдөл, тэдгээрийн боловсруулсан төслийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа орон даяар тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ны 17 цаг 30 минут хүртэл явагдана.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод ЖДҮХСан, ХУД-н ЖДҮДТөв, СХД-н ЖДҮДТөв гэсэн гурван байршилд төсөл хүлээн авч байгаа бөгөөд төсөл хүлээн авч эхэлснээс хойш 2 хоногт 26 төсөл хүлээн авч, 240 орчим иргэдэд төсөлд тавигдах шаардлага, жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх, төслийн иж бүрдэл хангах, төсөл хэрхэн боловсруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.

Цаашид төсөл ирүүлэгч иргэн, аж ахуйн нэгж нь ирүүлж буй төслийн иж бүрдэлийг нэг бүрчлэн хангах, төсөл боловсруулахдаа шинээр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан, Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг дунд үйлдвэрийн дэмжих тэргүүлэх салбар, чиглэлд нийцсэн төслийг битүүмжилэн ирүүлэхэд сайтар анхаарах нь зүйтэй байна.

Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэлүүд

Дээш