logo
Дээгий “Ормаанчик” хайрын сарнайндаа даруулах шахжээ

Дээгий “Ормаанчик” хайрын сарнайндаа даруулах шахжээ

2012/10/04
“Номин Талст” хамтлагийн 15 жилийн ой нижгэр болов янз нь. Санасныг бодоход өнөөх хэлээд байсан сүр дуулиан, содон сайхан нь төдийлөн мэлмий гийлгэж, сонор мялаасангүй. Тэгэхээр “бид л цөм авна, бут ниргэнэ, дүүрэн сюрприз барина” гэх хэллэг нь тоглолт, шоу хийх гэж тэмүүлдэг хэн бүхний жижүүрийн яриа болж таарч байна. Ямар ч байсан “Номин Талст” хамтлагийн залуус 15 жилийн ойн баяраа тэмдэглэж өнгөрүүллээ. Ойн тоглолтын хамгийн их содон хэсэг нь  хамтлагийн дуучин С.Дэлгэрмөрөн эхнэртээ хайртай, дуртайгаа илэрхийлэх гэж 100 сарнай бэлэглэсэн үе байв. Том бие, махлаг, тэр чинээгээрээ бяр тэнхээтэй Дээгий өнөөх “ормаанчик” хайрынхаа бэлгэнд чамгүй түүртэж байгаа нь илт харагдсан. Яг үнэндээ 100 ширхэг сарнайг багцлахад өндрөөрөө 70 орчим, тойргоороо бол 100-ын торх шиг харагддаг аж. Дээгий өнөөх үнэнч хайрынхаа илэрхийлэл багц сарнайгаа дааж ядан үүрээд эхнэр рүүгээ очоод гарт нь хүргэсэн болоод газар тавив. Дээгий өөрөө дарагдчих гээд байгаа юм чинь турьхан жижигхэн эхнэр нь доор нь ороод нам болох нь ойлгомжтой учир хөөрхий сарнай цэцэгс шаланд заларч хайрын бэлгэ тэмдэг болов. Үнэндээ “онгироо” хүний бодлогогүй алхам гэлтэй байсныг гэрчүүд хэлж байна.
Сарнай амьд цэцэг дундаа хамгийн чамин, үзэсгэлэнтэй, бас хайрыг бэлгэддэгээрээ эмэгтэй хүн бүрийн авахыг хүсдэг цэцэгсийг тэргүүлдэг. Нялх, гангамсаг байх тусмаа үнэ, цэнэтэй сайхан харагдаж, өгсөн, авсан хоёрыгоо жаргалтай болгодог шидтэй. Харин Дээгий хэмжээ нормоос нь хэтрүүлсэн хэлбэрт оруулаад утгыг нь алдуулаад шалан дээр шидэхэд хүргэчихдэг байгаа. Уг нь сайхан сарнайг нь сайхан эхнэр нь энгэртээ тэвэрч, мутраараа таалж, үнэртэн цэнгэсэн бол хамгийн төгс хайрын баталгаа болох байсан санагдана. Дуучин Дээгий хайрынхаа хүчийг харуулахын тулд 100 сарнайгаа 10, 10-аар нь багцлаад сагсанд хийгээд бяцхан хүүхдүүдээр, сайхан залуучуудаар өгүүлчихээд өөрөө хамгийн чамин өнгөлөг нэгийгээ бариад очсон бол жинхэнэ романтик болж магадгүй байж. Гэсэн ч өнөөх хүнд жингийн сарнай өгсөн авсан, харсан гэрч бүрт эерэг энерги хүртсээсэн нь сайшаалтай хэрэг. Цаашдаа иймэрхүү бэлэг барих гэж буй хүмүүс сайтар бодож, найруулгаа тохируулахгүй бол адаглаад дарагдаж үхэх дээрээ тулах нь.
Э.Гэрэл   
 

Сэтгэгдэлүүд

Дээш