logo
“Тарбозавр батаар”-ыг худалдсан Эрик Прокопиг баривчилжээ

“Тарбозавр батаар”-ыг худалдсан Эрик Прокопиг баривчилжээ

2012/10/19
“Тарбозавр батаар” үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан хэрэгт холбогдсон Эрик Пропокиг АНУ-ын цагдаагийн ажилтнууд энэ сарын 17-нд буюу өчигдөр өглөө баривчилсан байна.

АНУ-ын Нью-Йорк хотын “Heritage Auctions”-ын 2012 оны тавдугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдаагаар 1.052.500 ам.доллараар зарагдсан уг үлэг гүрвэлийн яс нь Монгол орны Хожуу Цэрдийн Нэмэгтийн цаг үеийн “Тарбозавр батаар” болохыг манай болон олон улсын эрдэмтэд тогтоосон.

Уг олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэгт Улсын Мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад үлэг гүрвэлийн ясыг эзэмшигч АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч холбоотой болох нь илэрсэн юм.

Тэрбээр Монгол Улсад удаа дараа ирж Монгол Улсын иргэн сэжигтэн Т, Б, О, Ө нартай бүлэглэн хууль бусаар палентолиогийн хайгуул хийж байжээ. Энэ хэргийн сэжигтэн Т, Б нар нь үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтлага хийж, олборлож байсан АНУ-ын иргэн Эрик Прокопитой холбоотой болохыг нотлох баримтаар тогтоон сэжигтэн Б, Ө нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж эхэлсэн.

Харин хууль бусаар малтлага хийж, “Тарбозавр батаар” үлэг гүрвэлийн араг ясыг хил дамнуулан оруулж ирсэн гэх хэрэгт буруутган Эрик Прокопиг АНУ-ын Флорида мужийн Гайнесвил дахь гэрээс нь Манхеттений цагдаагийнхан баривчилжээ. Энэ тухай гадаадын хэвлэлүүдээр гарч байгаа бөгөөд www.livescience.com цахим хуудаст “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үлэг гүрвэлийн араг ясыг нутгаас нь хууль бусаар гарсан тухай мэдэгдсэн. Үүнийг палеонтлогичид ч нотолж, нэхэмжлэл гаргасан” гэж бичжээ.

АНУ-ын хуулийн байгууллагынхан Эрик Прокопиг “Тарбозавр батаар”-ын араг ясыг хууль бусаар хил давуулж, дуудлага худалдаанд оруулсан, эртний эдлэл, олдворыг наймаалсан, шүүхэд худал мэдээлэл өгсөн үйлдлээр нь буруутган баривчилжээ.

Түүний хэрэг “Тарбозавр батаар”-аар дуусахгүй, өөр олон удаагийн энэ төрлийн хууль бус үйлдэл илэрч байгаа аж. 

Сэтгэгдэлүүд

Дээш