logo
Хөдөө нутагт маань хятадууд эзэн сууж, Засаг дарга нь цагдаатайгаа тэдэнд үйлчилж байна

Хөдөө нутагт маань хятадууд эзэн сууж, Засаг дарга нь цагдаатайгаа тэдэнд үйлчилж байна

2012/11/05
Хорин гурван настай монгол залууг дөрвөн хятад бүлэглэн зодсон нь Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийг дарга нарынхаа эсрэг босох шалтгаан болжээ. Өнгөрсөн бямба гарагт Жаргалант сумын Улаан толгойн тоосгоны үйлдвэрийн дөрвөн хятад А.Эрдэнэпүрэв гэдэг залууг өрөөндөө чирч оруулаад нүүрийг нь авах юмгүй болтол нь маажиж, цээжин дээр нь дэвсэж доромжилжээ.
Тоосгоны үйлдвэрийн ажилчдын дарга гэх хятад, түүний эхнэр, эхнэрийнх нь хоёр дүү гээд дөрвөн хятадын зарим нь согтуу байсан аж. Хамгийн харамсалтай нь энэ  монгол залууг тэд зөвхөн гялгар уут урлаа гэж нүүрийг нь насан туршийн сорвитой болтол нь маажижээ. Өглөө эрт далангийн гялгар уутыг хуулах гэхэд газартай наалдаад урагдаад байгаа учрыг хятад даргадаа хэлэхэд өнөөх нь уурсаж газар унатал нь өшиглөж.  Харин орой нь сар орчим аваагүй хор тайлах сүүний мөнгөө авахаар очиход нь хөлчүү хятадууд А.Эрдэнэпүрэвийг мөнгийг нь өгөхгүй гэж өрөөндөө оруулан зодсон байх юм.
 А.Эрдэнэпүрэв гар, хөл муутай тул группт хүний асаргаанд байдаг. Ээжтэйгээ хоёулханаа байдаг тэрбээр сард гар дээрээ 210 мянган төгрөг авдаг.

Тэндхийн монгол ажилчид ч цагдаа дуудаж, цагдаа нар монгол залууг бүлэглэн зодсон хятадуудад арга хэмжээ авах саналаа сумын засаг даргын шуурхай хурал дээр хэлсэн аж. Гэтэл дарга нар нь цагдааг “Яах гэж ийм дуудлаганд очсон юм, дуугүй байж байхгүй шуурхай хурал дээр орж ирлээ. Ажлаас чинь халуулна” хэмээн загнасныг аргаа барсан хэсгийн цагдаа монгол ажилчдад хэлж байжээ. Хэсгийн цагдаа нь энэ зун сургуулиа төгссөн тул дээд удирдлагуудын өмнөөс юу ч хэлэлгүй гарч ирсэн байна. Дөрвөн хятадыг тагнуулынхан хэдхэн цаг саатуулаад суллахад тэд нь цагдаад барьж өгсөн монгол ажилчдыг хараад хоорондоо чанга чанга ярьж, инээж байсан аж. Тэгээд амьсгалахад цээж нь хөндүүрлэж, нүүр нь мэнчийтлээ хавдаж, элгээ дарсаар зодуулсныхаа маргааш өглөө нь ажилдаа ирсэн А.Эрдэнэпүрэвийг “Ажил байхгүй, яв” гээд зүгээр л хөөгөөд явуулж. Харин дарга төдийгүй, цагдаа нарын амыг хүртэл хааж чадсан тэр хэдэн хятадыг, өчүүхэн хэргээс болж зодуулсан ч ажлаасаа хөөгдсөн монгол залууг хараад тэсээгүй бусад монгол ажилчид нь хэвлэлийнхэнд хандсан юм.

Эрдэнэтийн “Хөх Монгол” мотоциклчдын бүлгэмийн залуустай Улаан толгойн тоосгоны үйлдвэрт очиход дөрвөн хятадыг монгол ажилчид зааж өглөө. Эмэгтэй хүн байж яагаад ингэж хэрцгийгээр хүн зодсон тухай асуухад тэрбээр юу ч дуугарч чадахгүй хий дэмий газар ширтэж байв.

Харин сэтгүүлчид ирсэн сургаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын засаг даргын орлогч нар ирж Улаан толгойн тоосгоны үйлдвэрийг хаах болсныг мэдэгдэв. Бүтэн арван жил юу ч дуугараагүй, монгол хүнийг бүлэглэн зодсон байхад чимээгүй байсан хэрнээ гэв гэнэт нэг өдөр ирээд хаачихаж байгаа нь хачирхалтай. Хааж байгаа шалтгаан нь бүр сонин. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэж. Энэ тоосгоны үйлдвэр өнгөрсөн 10 жилд ийм л байсан. Гэтэл сэтгүүлчид ирсэн сургаар ганцхан өдрийн дотор энэ бүх зөрчлийг илрүүлээд, хаах шийдвэр гаргачихаж чадаж л байна. “Ер нь энэ дөрвөн хятад баталгаатай ар талтай тул ингэж монголчуудыг зоригтойгоор дарамталж чадаж байгаа юм” гэж Улаан толгойн тоосгоны үйлдвэрт тоосго зөөдөг А.Саранчимэг хэлж байна.

- Манайхан дундаа орсноос л ийм зүйл боллоо. Энэ сумын засаг дарга гэж хүн бидний төлөө юу ч хийдэггүй. Жаргалант сумын засаг дарга Б.Пүрэвээ асуудал гарахаар бантсандаа ирчихээд эд нартай ярьж байгаад л гараад явчихдаг. Шийдсэн юм байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд иргэдийнхээ төлөө юу хийснийг би лав мэдэхгүй. Харин энэ үйлдвэрийн хятадуудтай байн байн уулздаг. 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхэн үеэр бид нар Пүрэвээ даргын тоосгыг ачиж өгөөд гаргасан. Би тоосго ачиж байгаа болохоор хэн, юу авч байгааг сайн мэднэ. Пүрэвээ дарга бол нэлээн олон удаа авсан. ИТХ-ын дарга Б.Лхагважав гэхэд “Би өмнө нь тэдэн төгрөгөөр тоосго авсан, өнөөдөр тэдэн төгрөгөөр авна гээд намайг эд нарт хэл гэж дарамталж байсан түүх байгаа. Би гэрч болно” гэлээ.

МАН-аас сонгогдож дөрвөн жил сумын засаг дарга байсан Б.Пүрэвээ, ИТХ-ын дарга Б.Лхагважав нарыг дөрвөн хятад иргэний хэрэг шалгаж ийм дүн тавьлаа. Сэтгүүлчдийн нүдэн дээр хятадуудад эрүүгийн хэрэг үүсгэж, шаардлагатай бол Монгол улсаас албадан гаргана гэдгийг албаныхан мэдэгдсэн. Хятадууд явж, А.Эрдэнпүрэв хүү насан туршийн сорвитой үлдэх нь. Харин орон нутгийн иргэдийн мэдлэггүй, дарга нарын өмнөөс үг дуугарч чаддаггүйг далимдуулан хятадуудыг өмөөрсөн гэх Жаргалант сумын засаг даргад ямар хариуцлага ирэх бол?
1921 онд Барон Унгернд хөөгдөж гарсан гамингуудын намыг гоминдан гэдэг. Монголоор Ардын нам гэсэн үг. Харин үүнээс 90 жилийн дараа Эрдэнэтийн гамин намынхан 21 оны гамингийн үр садтай нийлэн монголчуудыг дарлахыг үздэг юм байжээ.

 Тэр Улаан толгойн тоосгоны үйлдвэрт 16 настайгаасаа эхлэн бүтэн 7 жил ажилласныхаа эцэст гялгар уут урсныхаа төлөө ажлаасаа халагдаж, нүүрэндээ насан туршийн сорвитой боллоо.
Б.Баяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш