logo
МАН-ын хүсэн хүлээсэн өдөр нь маргааш

МАН-ын хүсэн хүлээсэн өдөр нь маргааш

2012/11/28

Ууган хүчнийхны хүсэн хүлээсэн өдөр маргааш тохиож мэдэх нь. УИХ дахь МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг энэ өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Ах намынхны гишүүдийг аавгүй айлын хүүхдүүд шиг байлгах сонирхол АН-ынханд бий. Энэ тухайгаа ч эрх баригчид цухалзуулж байсан удаатай. Үгээрээ гэхээсээ илүүтэй үйлдлээрээ энэ бүхнээ улам ч баталгаажуулах болсон юм. 

Сөрөг хүчингүй болсон Ардчилсан хүчнийхэн дэр нэгтгэсэн намуудаа хавчуулан аливаа асуудлыг хүссэнээрээ хүч түрэмгийлсэн байдлаар шийдвэрлэх болсон билээ. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, 2013 оны төсвийн төслийг сөрөг хүчний оролцоогүйгээр кноптсон гэхэд болно. Эцэстээ ах намынхан буйдантай суулт хийснээр ардчилсан Ерөнхийлөгчийг хуулийн төсөл боловсруулан өргөн барихад хүргэсэн удаатай.

Төрийн тэргүүнээс өргөн барьсан хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх тухай тухайн үед хоёр нам тохиролцсон гэх боловч өнөөдрийг хүртэл асуудлыг цэглээгүй. Хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар долоо хоногийг аргацааж дөнгөсөн бол дараагаар нь Орон нутгийн сонгуультай хутгалдуулан мөн л хойш тавьсан. 

Энэ талаар МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд “Улс төрийн л шалтгаан байх шиг байна. МАН-ын бүлгийг албажуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр зориуд хойшлуулж бүлэггүй байлгаж, энэ хооронд олон асуудлыг дангаараа шийдэх гэж байгаа биз. Тэрнээс бүлгийн асуудлыг зориуд хойшлуулж, хэлэлцүүлэхгүй байх шалтгаан харагдахгүй байна” хэмээсэн. 

Уг нь  ах намынхны өөрсдийнх нь гараар хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхийг хүсч байв. Энэ тухай С.Эрдэнэ гишүүнээс эхлэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэж байсан нь ч бий. Гэсэн ч асуудал ийнхүү буйдантай суултаар үргэлжилж, Төрийн тэргүүндээ хүртэл хурцадсан юм.

Уг нь эрх баригчид хүсвэл нэг өдрийн дотор хууль боловсруулж хэлэлцээд, маргааш нь баталдаг үзэгдлийг хэдхэн сарын хугацаанд харуулсан. Тэр ч бүү хэл, баталсан хуулийнхаа араас нь маргааш засварлаж байхыг ч олон нийт үзсэн. Ийн атал ах намынханд хатуу хандаж байгаа нь 16 жил хуримтлуулсан хорслоо тайлж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэхэд хүргэсэн юм. 

Маргааш болох чуулганы хуралдаанаар бүлгийн асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргавал ах нам албан ёсны бүлэгтэй болох юм.

Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн Толь"

Сэтгэгдэлүүд

Дээш