logo
Никола Йокич дэлхийн аваргад тоглоно

Никола Йокич дэлхийн аваргад тоглоно

2019/05/30

Дэнвэр Наггетс багийн лидер 2019 оны Бүх NBA 1-р багт нэрлэгдсэн Никола Йокич энэ намар болох Сагсан бөмбөгийн ДАШТ-нд Сербийн шигшээ багаа төлөөлөн оролцохоор болсноо мэдэгдлээ.

“Би энэ улиралд маш их хичээж тоглосон, байгаа бүхнээ ч зориулж гайхалтай нэгэн улирлыг үдлээ. Бүх одод болж, Бүх NBA багт ч нэрлэгдлээ. Харин одоо Сербийн шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нээс медаль хүртмээр байна. Энэ бол яг одоо өөрт тавиад буй зорилго.” хэмээн хэлсэн байна.

Никола Йокичийн хувьд шигшээ багийн хамтаар хоёр ч медалийг хүртэж байсан бөгөөд 2013 онд 19 нас хүртэлх насны ДАШТ-нд мөнгөн медаль, 2016 онд Риогийн Олимпод аваргын алтан медалийн  төлөө тоглолтод АНУ-тай таарч 96:66 харьцаатай хожигдон мөн мөнгөн медалийг хүртэж байсан юм.

Энэ улиралд 80 тоглолтод оролцохдоо Никола Йокич 20.1 оноо 10.8 самбар 7.3 оновчтой дамжуулалт дунджилж 51.1%-тай довтолсон бол плэйоффт 14 тоглолтод 25.1 оноо 13.0 самбар 8.4 оновчтой дамжуулалт дунджилж 50.6%-тай довтлон 39.3%-тай холын зайнаас шиджээ. Мөн Дэнвэр Наггетс баг бүсийн шигшээ цувралд шалгарахад ганцхан хожил дутсан билээ.

2019 оны Сагсан бөмбөгийн ДАШТ БНХАУ-д 08 сарын 31-наас эхлэх хуваарьтай.

Сэтгэгдэлүүд

Дээш