logo
“Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо

“Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо

2012/12/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, Мерси Кор олон улсын байгууллага хамтран “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Энэ хэлэлцүүлгийг орон даяар үндэсний телевизээр дамжуулж байгаа бөгөөд 15 аймгийн “Иргэний танхим”-д орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагынхан бас шууд үзэж байгаа. Нэвтрүүлгийн дараа тэд орон нутагтаа үргэлжлүүлэн хэлэлцүүлэг хийх юм. Өнөөдөр бид Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны гол чиглэл иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих, шууд ардчиллыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ярилцах болно.
Ерөнхийлөгч энэ зорилтынхоо хүрээнд “Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төвлөрлийг сааруулах стратегийг зарлигаараа баталсан байгаа. Мөн Иргэдийн оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Төсвийн тухай шинэ хуулийн дагуу иргэдийн оролцоотой орон нутгийн төсөв хэлэлцэн батлах үйл ажиллагаа эхлэх гэж байна. Эдгээртэй холбоотойгоор олон хууль, журамд өөрчлөлт орж байна. Одоо бидний өмнө энэ бүгдийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал тулгарч байна.
Хоёр жилийн өмнө “Иргэний танхим” зөвхөн төрийн ордонд байсан бол одоо Увс, Баян-Өлгийгөөс бусад бүх аймаг, нийслэлд бий болсон гэсэн мэдээлэл бий. “Иргэний танхим”-ууд нь сайн, бас саар ажиллаж буй аймаг байна. Саар ажиллаж байгаа газарт иргэд “Иргэний танхим”-д үг хэлэх боломж олдохгүй байна гэж гомдоллодог. Мөн тэд “Орон нутгийн удирдлага шийдвэрээ гаргачихаад олон нийтээр дэмжүүлэхийн тулд хэлэлцүүлэг зохиож, иргэдийн оролцоог хангаж буй дүр үзүүлж байна. Ялангуяа газрын, тендерийн, төсвийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байна” гэж гомдол гаргадаг. Энэ юуг харуулж байна вэ. Бидэнд иргэдтэйгээ ажиллаж сурах аргачлал хэрэгтэй байна. Энэ бол шинэ менежмент юм байна. Үүнд орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид цөм суралцах ёстой юм байна гэдгийг харуулж байна.
Мерси Кор байгууллагаас хэрэгжүүлэх гэж буй төслийн гол хамтрагч нь “Иргэний танхим”. Энэ төслийн хүрээнд маш чухал дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Орон нутагт “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг бэхжүүлнэ. “Иргэний танхим” байгуулна. Хэлэлцүүлгийг үр дүнтэй болгох, багийн иргэдийн нийтийн хуралтай үйл ажиллагаагаа уялдуулах аргачлалаар шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарыг хангана. Энэ маягаар орон нутгийн засаг захиргааны ажилтан бэлтгэнэ. Авлигын эсрэг төлөвлөгөөтэй болох, орон нутгийг хөгжүүлэх санд иргэдийн тавьдаг хяналтыг идэвхжүүлэх, хариуцлага тооцох аргачлалыг бий болгох зорилт тавьж байгаа. Орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээнд иргэд хяналт тавина. Төрийн үйлчилгээг үнэлүүлдэг аргачлал бий болгоно.
Мерси Кор нь орон нутгийн иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулахад анхаарч ажилладаг, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг. Мөн орон нутагт бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад иргэдийн оролцоо, хяналтыг бий болгож ажиллаж байгаа. “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл, иргэдийн оролцоо” төсөл нь 2.5 жил үргэлжилнэ. Бид үр дүнгий нь хүртэх болно” гэв.
Ингээд Мерси Кор олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Батц товч үг хэлж, тус байгууллагын Засаглал ба тэнцвэртэй хөгжил хэлтсийн захирал О.Мөнхзаяа 16 аймагт хийсэн “Засаглалын төлөв байдалд иргэдийн өгсөн үнэлгээ” судалгаа, аймгуудад хийж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Уул уурхай, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой болон ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт зэрэг эдийн засгийн асуудал үндэсний түвшинд ч, орон нутгийн түвшинд ч иргэдийн сэтгэлийг зовоож байна. Харин засаглалтай холбоотой төрийн алдаатай бодлого, авлига, шударга бус байдал, хүнд суртал, орон нутгийн эрх мэдэлгүй байдалд тэд бас санаа зовнидог.
Төрийн бодлого, үйл ажиллагааны мэдээллийн хүртээмжид Засгийн газар, аймаг сумын удирдлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж иргэдийн олонх үзэж байна хэмээн судалгааныхаа тухай тэрээр ярихдаа дурдлаа.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж оролцож, шууд ардчиллыг орон нутагт хэрэгжүүлэх асуудлыг Төсвийн тухай шинэ хуультай холбон тайлбар хийв.
Дараа нь Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид “Сайн засаглалыг орон нутагт хөгжүүлэх төсөл”-үүдээ танилцуулж, өөрсдийн саналыг хэллээ. Мөн оролцогчдоос хэлэлцсэн асуудлаар саналаа хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа сайн засаглалыг дэмжих загвар дүрэм, журмуудыг танилцуулж, үүн дээр өөр өөрийн орон нутгийн онцлогийг тусган сайжруулж саналаа ирүүлэхийг оролцогчдоос хүсэв.

Сэтгэгдэлүүд

Дээш