logo
Хүүхэд тань өөртөө итгэлгүй байна уу?

Хүүхэд тань өөртөө итгэлгүй байна уу?

2011/07/25
Хүүхэд гэнэтхэн л цэцэрлэг юм уу сургуулиасаа сэтгэл санаагаар унасан, уйлсан эсвэл хавдаж хөхөрсөн байдалтай ирэх нь бий. Үе тэнгийнхэн түүнийг шоглож зодож байгаагийн шинж. Мэдээж эцэг эх хамгийн түрүүнд хүүхдээ цээжээр хамгаалах хүсэлд автана. Гэтэл ингэлээ гээд асуудлыг улам дордуулах юм биш биз.

Яагаад?
Хүүхэд болгон давтагдашгүй бөгөөд өөрийн гэсэн сайн талуудтай. Гэвч бяцхан хүүхэд энэ сайн талуудыг харуулахдаа муу байдаг. Гэтэл үе тэнгийнхэн сул муу талыг нь адтай олж харна. Ямар муу талууд байж болох вэ? Бие бялдарын хувьд сул дорой, бохир, заваан, эсвэл хувцас нь навсархай, муу сурдаг, тарган гэх мэт. Эсвэл ойр ойрхон өвдөж сургууль цэцэрлэг завсардсан хүүхдүүд зожигдуу болдог. Зарим хүүхэд зан араншингийн хувьд бусадтай тохирдоггүй. Хэт болхи хойлог, өөртөө итгэлгүй, аймхай хулчгар, эсвэл хэт гомдомтгой гэх мэт. Ямар ч шалтгаанаар байлаа ч гэсэн үе тэнгийнхэндээ ад үзэгдсэн хүүхэд тэдэнд гомдож, ганцаардаж, атаархаж эхэлдэг. Тэгээд улам зожигорч, бусдыг хуурч, худлаа онгироо ярьж, эсвэл чимээгүй бусдыг хорломтгой болдог.

Яах вэ?
Ихэнх тохиолдолд хүүхдүүдийн хоорондох харьцаанд оролцох хэрэггүй юм. Гэхдээ энэ тохиолдолд бол оролцохгүй байж болохгүй. Хамгийн түрүүнд хүүхдийнхээ ад үзэгдэж буй шалтгааныг олж арилгахыг хичээ. Түүний гадаад төрх цаг үеэ дагаагүй байж болно. Тэгвэл хувцас хунар төрхийг нь өөрчил. Бие бялдар нь сул дорой бол заавал спорт хөөлгө. Муу сурч байвал өөрөө хамт хичээллэх буюу багш хөлсөл. Өөртөө итгэлгүй бол чадвартаа итгэхэд нь тусал. Боломж гарах бүрт сайн талыг нь магт. Магтаалд гар бүү тат. Хүүхдээрээ бахарх. Үүний дараа хүүхдийг бусадтай зөв харьцахад сургахын зэрэгцээ идэвхтэй байх, найрсаг зан, өөрийгөө хамгаалах чадвар, биеэ барих, ухралт хийх гэх мэт. Хүүхэд өөртөө итгэлтэй байх тусам эдгээрт сайн суралцдаг. Ангийн багштай нь ярилцаж хүүхдээ дэмжүүлэх, бусдын нүдэнд хүүхдийнхээ байр суурийг нь өсгөх зүйл хийлгэх хэрэгтэй. Гэхдээ энэ хамт олны дунд нэг буюу нэг хэсэг хулигаан хүүхдүүд байхыг үгүйсгэж болохгүй бөгөөд тийм тохиолдолд хүүхдээ яаралтай шилжүүлээрэй.

Сэтгэгдэлүүд

Дээш