logo
Танд хөдөлгөөнт интернэт хэрэгтэй бол 4G wimax-ыг сонгохгүй байхыг зөвлөе

Танд хөдөлгөөнт интернэт хэрэгтэй бол 4G wimax-ыг сонгохгүй байхыг зөвлөе

2011/05/07
Хөдөлгөөнт интернэт хэрэгтэй болоо юу хө. Ямар модем авчихвал алдаагүй наймаа болохыг бодоод байна уу. Таны сонголтод тус болъё.
Цаана чинь хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ үзүүлдэг таван компани байна.  Тэдгээрийн дөрөв нь үүрэн холбооны оператор байна лээ. Ухаан алдуулам уярам “сэйл” зарласан нь үнэнд хэр дөхсөнийг сонирхон тандлаа.    
Улуснэт үнэтэй, хязгааргүй нь...
Хамгийн анхны модем үйлчилгээг Мобиком корпорацийн “Улуснэт” компани нэвтрүүлсэн бөгөөд анхдагч утгаараа нэлээд өндөр үнэтэйд тооцогдоно.  Улуснэт сүүлийн үеийн хамгийн жижиг модемыг 69 000 төгрөгийн үнээр зарж, U-500, U-1000, U-2000 гэх ангилалтай үйлчилгээг төлбөр төлөх хугацаанаас хамаараад 25 000-аас 199 000 төгрөгөөр санал болгож байна. Дундаж хэрэглээтэй хүмүүст бол U-1000 нь тохирох юм шиг ээ. Сард 33 000 төгрөг төлөөд хязгааргүй интернэтийг 1000 мб хурдаар хэрэглэнэ гэсэн үг. Мэдээж төлбөрөө бүтэн жилээр нь төлбөл 21 666 төгрөг болтлоо хямдардаг юм билээ. Энэ нь харин бодит хямдрал мөн эсэх нь таны сонголтоос шалтгаалах байх. Харин ямар нэг барьцаа төлбөр авдаггүй. 
 
“NEX 3,75G” хамгийн хямд, хязгаартай нь...
Харин Скайтел компанийн хувьд үүрэн холбооны хоёр дахь оператор боловч яагаад ч юм “скайтелыг борчууд хэрэглэдэг” гэх имиж тогтоочихоод байгаа юм. Интэрнэт үйлчилгээний хувьд хамгийн их хэрэглэгч татаж байгаа нь NEX 3,75G интернэт модем бүхий үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ бүтэн жилийн турш 12G хэрэглээг 21GB хурдаар авахад 150 000 төгрөг бөгөөд үүнд модемын үнэ орсон гээд бод доо. Үнэхээр хямд байгаа биз. Дээр нь хоноггүй, хямд багц картаар цэнэглээд байх боломжтой. Бас л барьцаа энэ тэр байхгүй.
 
“Амьд” барьцаатай...
Үүрэн телефоны гурав дахь “ногоон” оператор Юнител корпораци “LIVE” интернэт модем бүхий үйлчилгээ үзүүлдэг. Өндөр хурдыг хязгаартай хэрэглээгээр барьцаат төлбөрөөр хүргэдэг. Тухайлбал, хурд нь өндөр боловч хэрэглээ нь 1G хэрэглээг 12000 төгрөгөөр авна. Харин барьцаа нь 20 000 төгрөг. 8G хэрэглээг 32 000 төгрөгөөр 40 000-ын барьцаагаар авна. Ихээхэн хэрэглэдэг хүмүүст энэ нь хямд тусч мэднэ. Гэхдээ манайхан шиг хүмүүст бол ер нь хязгаартай хэрэглээ үнэндээ зохисгүй юм шиг ээ. Гэхдээ сонголт бол эрх чөлөө шүү дээ. Хэрэв та хэрэглээгээ хэтрүүлбэл 1МВ нь 0,01 мөнгөөр тооцогдоно шүү. Энэ бол жинхэнэ шаталт. Дээр нь нэмээд НӨАТ тооцно...  
 
“G-mobile” үндэсний, үнэтэй, барьцаатай ... 
Бусад операторуудаас илүүрхэх ганцгүй шалтгаан нь Монгол орон даяар сүлжээтэй, үндэсний хөрөнгө оруулагчтай компани юм.  Хэрэглээгээрээ төлөх тохиолдолд дараа төлбөрт хэрэглэгч Жи 1, Жи 2, Жи 3 багцууд, урьдчилсан төлбөрт хэрэглэгч Жи 10, Жи 20, Жи 30 үйлчилгээг 1КВ-ыг 1-2 мөнгөөр санал болгодог бол модем бүхий үйлчилгээ нь 153 kbps-aac 3,1 mbps хурдыг хязгааргүйгээс 2G хэрэглээ хүртэл 1 сарын 20,000-аас 55,000 төгрөгийн үнээр 20,000-55,000 төгрөгийн барьцаатайгаар танд санал болгож байгаа юм. Энэ үнэд НӨАТ ороогүй шүү та минь.  Дээр нь шинэ хэрэглэгч болохдоо 25,000 төгрөг төлнө. Үндэсний оператор гэдгээр нь дэмжмээр байгаа ч жаахан үнэтэй санагдаад байгаа юм. Шахааны бизнес гэдгээр нь төрийн албаныхан, хийрхлээрээ Гал үндэстэнүүд, хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн тойрон хүрээлэл л хэрэглэж байгаа гэхэд хилсдэхгүй.  
 
Теlemax 4G хамгийн хулхи нь...
МСS электрониксийн охин компани гэгддэг Теlemax соmmunication компани Монголд анх удаа 4G mobile Wimax технологийг нэвтрүүллээ хэмээн сүржин сурталчилж байгаа биз. Үнэн чанартаа тэд чинь таны хулхин дээр чинь сарнай ургуулаад түүгээр чинь амьжиргаагаа залгуулж байгаа шүү. 800 кbs хурдыг 14,900 төгрөгөөр, 2048 кbs хурдыг 24,900 төгрөгөөр, 3072 кbs хурдыг 36,300 төгрөгөөр санал болгоод байна. Харин энэ үнэд НӨАТ орсон гэсэн. Бас л төлбөрийн нөхцлөөс хамаараад 10-15 хувиар хямдардаг гэж байгаа. За тэгээд үнэ, хурд, хэрэглээ таалагдаад рекламанд хулхидууллаа гэхэд хэзээ ч хэлсэн хурдаараа танд үйлчлэхгүй. Хэрэглэгч нь болсон би 2048 кbs хурдаар 1 сарын хугацаатай аваад 380 mb-аас дээш хурдаар үйлчлүүлж үзээгүй. Дээр нь зарим өдөр нам тасраад алга болдог юм байна лээ шүү. 
Хөдөлгөөнт интернэт нэг иймэрхүү өнгө төрхтэй л байна. Одоо та сонголтоо зөв хийгээд дэлхий нийттэй тааваараа холбогдоод байх үлдлээ. Танд аз хүсье!
Зөвлөсөн Э.Хур \www.shuum.mn\ 
 

Сэтгэгдэлүүд

Дээш