logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал барилгын асуудлаар хэлэлцүүлэг хийв

Эрүүл мэндийн сайд Н.Удвал барилгын асуудлаар хэлэлцүүлэг хийв

2013/03/29
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын гүйцэтгэл дутуу байгаа барилгын асуудлаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, улсын хэмжээнд 2010-2013 онуудад баригдаж буй нийт 36 барилгын одоогийн үйл явцтай нэг бүрчлэн танилцав.

Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд сүүлийн жилүүдэд өмнөх жилүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч гүйцэтгэгч компаниуд гэрээгээ биелүүлэхгүй, авсан санхүүжилттэйгээ дүйцэх хэмжээний барилга ашиглалтад өгөхгүй, өгсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хатуу шүүмжиллээ. Тухайлбал, шинээр ашиглалтад орсон зарим нэг эмнэлэг агааржуулалтын систем, шугам сүлжээ буруу холболттой, доошоо суусан, хагарсан цуурсан, эхнээсээ мөөгөнцөртөөд эхэлчихсэн, эмч ажиллагсад нь өвдсөн, эмнэлгийн байгууллага нь өөрөө халдвар тараах орчин нөхцөл бүрдсэн байна. Ийм байдлаар бид яаж үр дүнтэй ажиллах, ухаад хаясан нүхнүүдээ дуусгах, энэ хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох зэрэг асуудлууд эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудал болоод байна гээд эрүүл мэндийн салбар дахь барилга байгууламжтай холбоотой олон бугшсан асуудлуудын эсрэг хатуу байр суурьтай зогсохоо илэрхийллээ.

Мөн уулзалтад орсон гүйцэтгэгч компаний төлөөлөгчид барилгын угсралтын ажлын явцад тулгамддаг асуудлуудын тухай санал бодлоо илэрхийлсэн юм. Төлөөлөгчдийн зүгээс олон санал гомдол ирснээс барилгын материалын үнийн өсөлт, цалингийн өсөлт, барилга байгууламжийн гадна орчны тохижилт, орчин үеийн стандартад нийцсэн барилга барихын тулд шаардагддаг хөрөнгө мөнгөний асуудал, үер усны аюулаас болоод тооцоолоогүй нэмэлт зардлууд гардаг тухай асуудлууд олон давтагдаж байлаа.

Эрүүл мэндийн сайд тэдний санал болгосон асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно гээд цаашид аль аль талдаа хариуцлагатай, хэлсэн үгэндээ хүрдэг, хийсэн ажил нь чанартай хамтарч ажиллацгаая хэмээн уриалав.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл, БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, СЭЗХ-ийн дарга Д.Дамдиндорж болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэлүүд

Дээш