logo
УИХ-ын дарга З.Энхболд Хятадын шинэ тэргүүнтэй уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд Хятадын шинэ тэргүүнтэй уулзлаа

2013/04/08
БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцож буй УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр /2013.04.07/ үдээс хойш БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ноён Син Зиньпинд БНХАУ-ын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ, бодит агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монголын тал хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байдгаа илэрхийлээ. Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал нааштай хандаж байгаад мөн талархаж байгаагаа дурдав.

 

  
Түүнчлэн УИХ-ын дарга “Монголын газар зүйн байрлал нь Евроазийн эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг өрсөлдөх чадвар сайтай, үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа. Үүнтэй холбогдуулан манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хооронд барих газрын тос, байгалийн хий, цахилгаан дамжуулах шугамын төслүүд зэрэг хэрэгжүүлэхээр ярилцаж буй төслүүдэд Монгол Улс оролцох сонирхолтой байна” гэдгээ илэрхийлсэн юм.

   БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголтой харилцах харилцаанд урьдын адил өндөр ач холбогдол өгөхөө илэрхийлээд хоёр талын стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

  Ноён Си Зиньпин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан ХКН-ын 18 дугаар их хурлаас намын Ерөнхий нарийн бичгийн даргаар, энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр болсон БХАТИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдоод байгаа юм.

   УИХ-ын дарга З.Энхболд мөн өдөр “Гонконгийн Phoenix”, Хятадын төв телевиз CCTV2-т ярилцлага өглөө. Телевизийн сэтгүүлчид манай улсын хөрш орнуудтайгаа харилцах харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, парламентын тэргүүний АНУ, Канадад хийсэн айлчлал, УИХ-ын сонгуулийн систем зэргийг сонирхож байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш