logo
Хараат бус шүүхийн эрин эхэллээ

Хараат бус шүүхийн эрин эхэллээ

2013/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэв. Шинээр мөрдөгдөн эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм.

Шинэ хуулиуд хэрэгжсэнээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт ардчиллын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдлээ.
 
Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлээ. Багц хууль хэрэгжиж эхэлснээр монголчуудын сүүлийн 20-иод жилийн мөрөөдөл болсон шүүхийн шинэтгэл бодит хэрэг болж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд тайлбарлав.
 
Одоогоос яг хоёр жилийн өмнө Төрийн ордонд олон зуун хуульч, шүүгч, иргэд оролцсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган болж шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл, эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар үнэтэй санал, зөвлөмж гаргаж байсан юм. Тэгвэл өчигдрөөс  Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж Монголын бие даасан хараат бус шүүхийн эрин эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцолж байлаа. Шүүх, хуулийн салбарт шинэчлэл нэвтрэхгүй байгаад бухимдаж байсан иргэдийн бухимдал тайлагдаж шүүгч нар ч шинэчлэлийн агаар шингэсэн шинэ хуулиудтай болж, нэг ёсондоо морио юүлж буйг тэрээр хэлсэн юм.
 
Шинэ хуулиуд мөрдөгдөж эхэлснээр шүүгчдийг сонгон шалгаруулах, хэргийг шүүн таслах, шийдвэр гаргах зэрэг бүх үйл ажиллагаа ил тод болж байгаа юм. Одоогийн байдлаар шүүхийн 67 мянган шийдвэрийг ил тод болгожээ. Шүүхийн шийдвэр ийнхүү ил болсноор давхар судалгааны объект болж байна.
 
Шинэ хуулиар Улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үеэр шүүхийн төсвийг хасч, танадаг байдлыг зогсоох үүднээс бие даасан засаглалын хувьд төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлдэг болгожээ. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулж, УДШ-ийн эрүү, иргэн, захиргааны танхимын шүүгчид танхим хооронд сэлгэн ажиллахыг хориглосон байна.
Олон орны мөрөөдөөд ч хийж чадаагүй шүүхйн шинэтгэлийг Монгол Улс эхлүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд онцлон хэлэв. Ирэх зургаан сарын хугацаанд зохион байгуулалтын ажил хийж 2013 оны арванхоёрдугаар сараас Монголын шүүх цоо шинэ шүүх болох гэж байна.
 
УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа “УДШ 25 шүүгчтэй байх зарчим ёсоор найман шинэ шүүгчийг нэмж томилсон” гээд УДШ-ийн шүүгчид энэ дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн танхим хооронд шилжиж ажиллахгүй гэдгийг тайлбарлав. Шүүхийн шийдвэр иргэдэд ил болж CD болгон хэвлэж, видео бичлэг хийдэг болж байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Багц хууль хэрэгжиж эхэлсэн дөрөвдүгээр сарын 15 түүхэн тэмдэглэлт өдөр болж буйг онцлоод Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай болж “BAR” буюу хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоог байгуулахаар болсон нь хуульчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чухал алхам болж байгааг тэмдэглэлээ.
 
Шүүхийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа болох өөр зургаан хуулийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьжээ. Гэрч, хохирогчдыг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулийн төслүүд тэдгээрт багтаж байна.
 
Ийнхүү Монголын шүүх жинхэнэ утгаараа хараат бусаар ажиллах цоо шинэ эрин эхэлж байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид онцлон хэллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш