Уулзалтын эхэнд УИХ-ын дарга VII Бага хуралд Канадын тал өндөр түвшинд оролцож буйд талархал илэрхийлээд Монгол-Канадын харилцаа "Өргөн хүрээтэй түншлэл"-ийн түвшинд хүрсэнд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв. Тэрбээр саяхан өөрийнх нь Канад Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд “Энэ жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа тул уг ойг хамтран тэмдэглэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирэх 11 дүгээр сард Канадын Амбан захирагч Монголд айлчилна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. "Канад Улсын Ерөнхий сайд, Парламентын Спикерүүд, Гадаад харилцааны болон Хөдөө аж ахуйн сайд нар Монгол Улсад айлчлах урилгатай байгаа, эдгээр айлчлалыг хэрэгжүүлэх нь хоёр орны өндөр, дээд хэмжээний айлчлалын урсгалыг хоёр талтай болгоход хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа"-гаа парламентын тэргүүн илэрхийлэв.
“Монголын тал хоёр орны харилцааг ирэх 3 жилийн хугацаанд "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэхийг зорьж буй”-г УИХ-ын дарга онцлоод “Хоёр орны хоорондын зөвлөлдөх механизм болох Дугуй ширээний уулзалт 5 удаа амжилттай болж өнгөрсөн, энэ намар Улаанбаатар хотноо ээлжит хуралдаан зохион байгуулахад бэлэн байгаа”-г дурдлаа. Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэнтэй холбогдуулан уг сонгуульд дэмжлэг үзүүлэхийг Канадын талаас хүсэхийн сацуу Улаанбаатарт суугаа Канадын ЭСЯ-наас Канадын тал монгол иргэдэд АНУ-ын адил 10 жилийн хугацаатай виз олгохоор шийдвэрлэж байгаагаа мэдээлсний дагуу Канадын Засгийн газар Монголын иргэдэд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх болсонд талархал илэрхийлсэн юм.
Ноён Дийпэк Обрайт Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаагаа дурдангаа Канад-Монголын харилцаа өргөжин тэлж, ялангуяа уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд Канадын Засгийн газраас Монголын иргэдэд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх болсонд мөн адил баярлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр ирэх 11 дүгээр сард манай хоёр орны дипломат харилцааны 40 жилийн ойг тохиолдуулан хэрэгжих өндөр түвшний айлчлалууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр тал олон улсын байдал, цаг үеийн асуудлаар товч санал солилцсон бөгөөд Канад улс манай уул уурхайн том хөрөнгө оруулагчийн хувьд өнөө үүсээд байгаа нөхцөл байдал, Рио-Тинто компанитай холбоотой асуудал хөндөгдөх үеэр УИХ-ын дарга “Хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн асуудал бол хоёр тусдаа асуудал. Анхны хөрөнгө оруулалт өссөн тухай маргаан, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудал хоёрыг тус тусад нь шийдвэрлэх нь зүйтэй. Үйлдвэрлэлийг нэг өдрийн өмнө ч болов эхлүүлэх нь Рио-Тинтод ч, Монголын талд ч аль алинд нь ашигтай” хэмээн тэмдэглэсэн юм.