logo
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал Монголд болно

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал Монголд болно

2013/04/29

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаев гурав дахь өдрөө үргэлжилж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг өнөөдөр уншиж танилцуулах юм. К.Ж.Токаев Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2006 онд Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байжээ. 

Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролд анхаарч ажилласан. Даргын  халаагаа өнөөдөр Эль Сальвадор улсад хүлээлгэж өгнө. Гэсэн ч хамтын ажиллагаагаа сааруулахгүй, улам идэвхтэй оролцоно. Ардчилал, энх тайвны төлөөх үйлсэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гээд манай улс Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгааг хэллээ. 

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг ирэх онд Монгол улсад зохион байгуулна. Бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад НҮБ-аас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд 929 албан хаагч илгээж, хүнд нөхцөлд ажиллуулж байгаад ноён Токаев талархаж байлаа. Дэлхийн хэмжээд 120 мянган албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүнд 70 тэрбум доллар зарцуулж байгаа нь энэхүү ажиллагаанд НҮБ ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл гэлээ. 

НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ ихэсгэх, олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах болно гэж ноён Токаев хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш