logo
Уул уурхайн сайд Тайланд, Индонезын сайд нартай уулзлаа

Уул уурхайн сайд Тайланд, Индонезын сайд нартай уулзлаа

2013/04/30
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын үеэр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон сайдууд тусгай уулзалт хийж, салбар салбарын төлөөлөгчидтэй уулзалт хийж байгаа билээ. Уул уурхайн сайд өнөөдөр Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд болоод Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзлаа. Уул уурхайн сайд Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд нартай уулзах үеэр хэлсэн үгэндээ “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд Тайланд Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархаж байна. Тайландын “Банпу” компани Монголын нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаад таатай байна” гэв. Уулзалтанд оролцсон Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд Понгсак Рактапонгпайсал хэлэхдээ “Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсад эрчим хүч экспортлох боломж бий гэж үзэж байна. Энэ тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.
Энэхүү уулзалтын дараа Уул уурхайн сайд Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Марти Наталегаватай Төрийн ордонд уулзлаа. Уул уурхайн сайд энэ үеэр Монгол Улс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ онцлов.
Уулзалтаар хоёр тал ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн талаар баримтлах бодлогын талаар туршлага судлах, мөн газрын тосны салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш