Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн чуулга уулзалтанд оролцож байгаа Дэлхийн Залуучуудын Ассамблийн ерөнхий нарийн бичгийн дарга Идолиа Пашолари /Edolia Pashollari/ өчигдөр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын урилгаар МЗХ-нд айлчилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Тэрээр МЗХ-ны түүхэн замнал, өнгөрсөн онд болоод одоо хийж буй ажлуудтай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Идолиа Пашоларигийн зүгээс энэ оны 06-р сард Малайз улсад цагаачлалын асуудлаар болох залуучуудын чуулга уулзалтад манай орны залуучуудаас төлөөлөл оролцуулах талаар мөн 2013 онд Дэлхийн залуучуудын ассамблей Монгол улстай хамтран залуучуудын томоохон чуулганыг зохион байгуулах талаар санал бодлоо илэрхийлсэн юм байна. Манай улсад зохион байгуулах энэхүү чуулганыг хэдий үед, ямар асуудлаар хийх талаар эргэн санал солилцож шийдэх гэнэ. Дашрамд дурдахад Дэлхийн залуучуудын ассамблей нь Малайз улсад төвтэй, 100 гаруй улс орнуудыг нэгтгэсэн залуучуудад тулгамдаж буй асуудлаар үйл ажиллагаа явуулдаг дэлхийн залуучуудын төв байгууллага бөгөөд 1994 оны 04-р сард манай улс албан ёсоор гишүүн орноор элсэн орж байжээ.