logo
Оюутны “Универсиад” III их наадамд Сингапурын баг амжилттай оролцов

Оюутны “Универсиад” III их наадамд Сингапурын баг амжилттай оролцов

2013/05/02
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу Монголын оюутны спортын "Универсиад" III их наадам спортын 15 төрлөөр эх орон даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн бүсийн тоглолт БНХАУ-ын Бээжин хотноо 4 дүгээр сарын 27-28-ны өдөр гурван төрлөөр амжилттай болж өндөрлөв.

Тус “Универсиад” III их наадмын анхан шатны тэмцээнийг Сингапур дахь ЭСЯ-аас санаачлан 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сингапурт суралцаж буй оюутан, залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж улмаар түрүүлсэн эрэгтэй багийг Бээжин хотноо болох тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Элчин сайд Б.Дэлгэрмаагийн хүсэлтээр тэмцээнд оролцох багийн тээврийн зардлыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хариуцаж ивээн тэтгэсэн нь спортыг дэмжсэн, оюутан залуусыг баярлуулсан явдал байлаа. ЭСЯ-ны зүгээс тэмцээний зохион байгуулалт, тамирчдын аюулгүй байдал зэрэгт анхааран, тэмцээнд амжилттай оролцон ирлээ.

Тэмцээнд багаа амжилттай зохион байгуулан оролцуулсан явдлыг өндөрөөр үнэлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Монгол Улсаас Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг шагнасан юм. Бээжин хотноо болсон Азийн бүсийн тэмцээнд оролцсон Сингапурын баг хамгийн залуу байсан бөгөөд багийн ахлагч Пүрэвжанцан овогтой Цолмонбаатарыг Монголын оюутны холбооны дээд шагнал “Манлайлагч оюутан” алтан медалиар шагнасан болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш