logo
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэнэ

Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэнэ

2013/05/25
Метрополис хот болон хөгжиж байгаа манай орны хувьд сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа нэг асуудал бол яахын аргагүй залуучуудын дунд архидан согтууралт ихсэж, түүнийг өөгшүүлж байна гэж яригддаг баар, паб, шөнийн клуб, цэнгээний газрууд байдаг. Тэгвэл архидан согтууралтын эсрэг тэмцэхээр МЗХ-ны дэргэд “Шөний клубуудын зөвлөл” байгуулагдсан байна. Тус зөвлөлд манай томоохон River Sounds, Stella, Vegas, Strings, Max, iLoft, Lux Club, Mass, Edition Ocean зэрэг шөнийн клубууд нэгдэж, зөвлөлийг удирдан ажиллах даргаараа Max клубын гүйцэтгэх захирал Б.Мөнхсүхийг сонгосон гэнэ. МЗХ-ны дэргэд Шөнийн клубуудын зөвлөлийг байгуулах болсон гол зорилго нь залуучуудын дунд стандартын шаардлага хангасан, зохистой үйлчилгээ хэрэглээг төлөвшүүлэх, шөнийн клубыг ажиллуулах стандартыг батлуулах, мөн зохистой хэрэглээ, үйлчилгээ үзүүлдэг шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийг уртасгах, одоогийн мөрдөгдөж буй цагийн хяналтыг стандарт шаардлагын хяналтаар солиж, тодорхой үр дүнг гаргах зорилготойгоор байгуулагдсан гэнэ. Түүнчлэн цаашдаа залуучуудад аль нэг орон сууц, хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг баар, пабуудаар үйлчлүүлж, архидан согтуурах бус харин соёлтой, зохистой хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлсэн томоохон шөнийн клубуудаар үйлчлүүлж, найз нөхөдтэйгээ бүжиглэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх сэтгэлгээг төрүүлэхийн тулд баар, паб, цэнгээний газруудад стандарт тогтоож, тэмдэгжүүлэх арга хэмжээ авна гэдгээ илэрхийлж байгаа юм. Дашрамд дурдахад шөнийн цэнгээний газруудыг цэгцлэх, стандарт аюулгүй байдлыг хангах, холбогдох тодорхой журам дүрмийг хэрэгжүүлэхэд МЗХ-ныхон оролцож, хариуцан ажиллахыг хууль зүйн сайдад санал болгож, Х.Тэмүүжин сайд дэмжсэн гэнэ. Манай улсад архи зарах зөвшөөрөлтэй 3500 гаруй үйлчилгээний газрууд ажилладаг хэдий ч үүнээс цөөхөн тооных нь стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг юм. 


 

Сэтгэгдэлүүд

Дээш