logo
“Бөхийн сануулга”-аар цангасан үндэсний бөхийн дампуурал

“Бөхийн сануулга”-аар цангасан үндэсний бөхийн дампуурал

2013/07/18

Монгол түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Нар хур тэгширсэн, зуншлага сайтай налгар өдрүүд шинэ аварга, шинэ мэргэн, хурдан хүлгийн тоосонд даруулж өнжлөө. Сайны хажуугаар саар бас дагалдаж ирдэг хойно өнөөх хурдан морины будлиан, бөхчүүдийн танхайрал улам гаарсан наадам болов уу даа.

Өнгөрсөн жилийн наадмаар хурдан морины уралдаан нэлээд хэдэн хүлгийн гарзтай, нэжгээд бяцхан үриийнхээ амийг зольсноор өндөрлөсөн бол бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос аварга, арслангууд дөрвийн даваанд өвдөг шороодож байв. Зургаагийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Аймгийн арслан Б.Пүрэвсайхан Монгол Улсын харцага Л.Пүрэвжавд амлуулан барилдаж, зодоон цохион болох шахан, харцага Л.Пүрэвжавын даваагаар өндөрлөж байлаа. Тухайн үед наадамчин олон дургүйцлээ илэрхийлж, “ноёны бөхийн нохой өшиглөлт “мода” болчих вий” гэж халаглаж байсан. Ноёны бөх гэхийн учир нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нутгийн бөх болохоор “толгойг нь илээд өнгөрөөчих биз” гэж егөөдөж байсан нь тэр бололтой. Үнэндээ Үндэсний бөхийн холбоо ч, зарлигдаж цол олгодог ерөнхийлөгч ч тэрхүү асуудлаар ямар нэг арга хэмжээ авалгүй тэгсгээд намжаасан түүх бий.

Муу юм модон улаатай гэдэг үнэн аж. Энэ жилийн наадмаар, эрүүдэх, шанаадах, далайж байгаад нүүрэнд нь буулгах зэргээр бөхчүүдийн балмад ааль төрөл зүйл нэмж, ил цагаандаа хэтэрхий гарсан хэрэг болов.
Өнгөрсөн жилийн танхайрлын учиг нь Л.Пүрэвжав харцагыг Б.Пүрэвсайхан барьц задарсан хойно хаясанд шаралхсандаа өрц рүү нь тийрсэн явдал. Тухайн үед Хөлийн цэц тэднийг дахин барилдуулсан ч, хаялцахдаа хайнцсан гэж үзэн дахин барилдуулж, Л.Пүрэвжав харцага улсын цолтой бөхийн ид хавыг үзүүлж, даацтай мэхээр далаар нь цэвэр тавьсан юм. Энэ бол тухайн үед болсон барилдааны үйл явц.

Монгол бөхөөрөө дэлхийд омогшдог ард түмэн баяр наадмын сайхан уур амьсгалыг эвдэж, цол эрэмбээр илүү бөхийн өөдөөс өшиглөсөн Б.Пүрэвсайхан начинг тухайн үед ихэд буруушааж байв.
Тиймээс ч наадамчин олон “Б.Пүрэвсайхан гэгчийг бойтгоо танихгүй мөлхөж явахад улсын цолонд эр бяраараа хүрсэн харцагыг тэр хэн гэж бодов? Монгол бөхийн босоо цагаан хийморь тэтгэсэн зүлэг ногоон дэвжээг тэр хаанах гэж бодов?” хэмээн халаглаж байсан цаг ганцхан жилийн өмнөхөн.

Тэгвэл энэ жилийн наадмаар Монгол улсын их баяр наадамд өнгөрсөн жил  үзүүрлэсэн, МУ-ын гарьд Д.Рагчаа дөрвийн даваанд оноолтоор таарсан аймгийн арслан Адъяабаттай барилдан, унах шахсан уурандаа түүний баруун шанаанд зүүн гараараа тун хүчтэй шанаадан эр бяраа гаргав. 

Төд удалгүй хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт амлуулан барилдсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд учраа бөхөө цохиод авав.
Энэ цагийн түүхэнд үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч монгол даяар нь гайхшруулж байсан ч аварга хүний зангараг гарган ард түмэн, бөх андаасаа уучлалт хүсэж байсан базаахгүй түүх бий. Харин Б.Пүрэвсайхан гэгч залуу харцага Л.Пүрэвжавыг өшиглөчихөөд хээв нэг “сайхан барилдсан” гэж хэлээд зогсож байсан юм даг. Харин энэ жил Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Б.Соронзонболд нар буухиаг үргэлжлүүлэх нь тэр.

Өнгөрсөнд хэдийгээр Л.Пүрэвжав харцага барьц задарсан хойно мэх хийсэн нь буруутай ч шинэ начин харцагын буруутай үйлдлийг хөлийн цэцэд хандан шийдвэрлүүлж болох л байсан. Гэтэл борвины өтгөө арчиж дөнгөхгүй нялзрай хүүхэд юун түрүүнд хөл гараа сарвагануулсан. 

Учраа бөхөө сайн барилдаж, барьц алдуулсны төлөө Д.Рагчаа гарьд шанаа хүртээн омогдох нь юуны учир вэ. Өвдөг шороодсон бүхэн Б.Соронзонболд шиг цохиж жанчих үйлийг хийх ёстой билүү?  Мөхөс бид чинь Монгол бөхдөө хорхойсч баяр наадмаа хүндэтгэж, баярлаж цэнгэж дадсан. Төдийлөн дүрэм журам, энэ тэрийг нь ухаж мэдэхгүй ч энгийн ойлголтоор бодоод үзэхэд эдгээр танхайрагчдын толгойг илээд өнгөрүүлж болохгүй мэт.

Угтаа бол олны нүдэн дээр ахмад цолтой бөхийг өшиглөж байгаа шинэ начингийн цолыг тэр дор нь хурааж, барилдах эрхийг нь нэг жилээс доошгүй хугацаагаар хасвал таарах, Унах шахсандаа цолоор дүү хүүхдэд гар хүрсэн, Д.Рагчаа гарьдыг бусдад дуурайл болохуйцээр гэсгээх учиртай юм шиг. Б.Соронзонболд шиг жудаггүй бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнд зодоглуулахгүй байхад яадаг байсан дүрэм журам байдаг хэрэг вэ.

Төрийн тэргүүн шударга сайхан наадаж, эр бяраараа даваа ахисан бөхчүүдэд зарлиг гарган цол олгодог. Тэгвэл шударга бус үйлдэл гаргаж, түмний нүдэн дээр монгол бөхийн дэвжээг “бузар”-ласан үл бүтэх нөхдөөс зарлиг гаргаад цолоо буцааж авч болдоггүй юм болов уу гэж гайхаж сууна.
Ерөнхийлөгч өршөөгөөд л, Бөхийн холбоо үл ойшоогоод өнгөрлөө гэхэд энэ цагийг эзэлсэн их хүчтнүүд сануулгаа өгөх нь дамжиггүй гэж тайтгарахаас.

“Гарьд магнай” гэж уран сайхны кинон дээр ааг омогтой жудгаар тааруу, залуу халаадаа халгаатай Жигмидэд “молиго” Очир хэрхэн сануулга өгч байсныг Монгол даяараа цээжээр шахуу мэднэ дээ. “Залуу бөхчүүдэд дээрэнгүй хандаж, шанаа өгдөг гарьдыг амлаж аваад барилдаж үзье. Улсын арсланг цохидог бөх аваргын өөдөөс хэрхэн далайхыг нь харъя” гэх л байх. Зүлэг ногоон дэвжээндээ “цээжинд нь цус амтагдтал” далаар нь хаях л байлгүй яав гэж.

Ер нь Монгол бөхийн ёс зүй ихээхэн доройтож, элдэв хэл ам, хэрэг төвгийг ердийн үзэгдэл шиг үйлддэг болсон гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Улсын цолтой бөхчүүд хүчин, танхай, зодоон, дээрэм, хар тамхины хэрэгт холбогдож Монгол бөхийн нэр хүндэд хар тамга дарсаар байгаа нь бодит үнэн. Ийм ч учраас ёс заншил, эрэмбэ жудгаа хамгийн их дээдлэх учиртай.

Монгол бөхийн нэр хүндийг өөд татахын төлөө, бусармаг бүхэнтэй хэрхэн тэмцэж байгаагаа Монголын бөхийн холбоо ард түмэндээ тайлагнах цаг ирсэн санагдана. Бөхөөр бизнес хийхийн тулд Японы сумо шиг нэр цэвэр, үнэ цэнэтэй авч явах нь зүйн хэрэг байх. Тэгээд ч Монгол бөхийн хөгжилд допингоос илүү аюул заналхийлж буй ёс жудгийг дээшлүүлэх тал дээр даацтай “мэх”, хатуу “гар” үгүйлэгдээд байна. Ардчиллын өнгө тунарсан энэ цаг үед Монголын бөхийн холбоонд бас шинэчлэлийн хур буулгаж орхивол яасан юм бол.

Үүнийг харин бөхөө дээдэлдэг, эрх мэдэлтэй эрхмүүд оюун санаа, ажил хэрэгтээ болгоогоосой.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдлөн дэвжиж, зүлэг ногоон дэвжээ ариун байх болтугай.

 

Сэтгэгдэлүүд

Дээш