logo
Радиаци хэмээх үл үзэгдэх “Хадны мангаа”

Радиаци хэмээх үл үзэгдэх “Хадны мангаа”

2011/05/11
2009 оны 1-р сарын 19, “Өнөөдөр” сонин
 
Хорин гурван жилийн өмнө дөрөвдүгээр сарын 26-ны шөнө асар хүчтэй гамшиг болсон юм. Тэрхүү дэлхий нийтийг айлган цочоосон дэлбэрэлтээс үүссэн харанхуй хар утаа, улаан гал Украйны тэнгэр газрыг бүрхжээ. Энэ бол Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын дөнгөж анхны, өнгөн талын дүр зураг байлаа. 
 
Салхи хүчтэй дэгдэж, утаа май тоймоо алдаж, гал түймрийг ямар ч хүчтэй хэрэгсэл унтрааж дийлэхээргүй болсон байна. Жирийн нэг галыг бүү хэл, цөмийн урвалыг барьж тогтоох зориулалттай бал чулуун шургаагууд хуурай мод шиг дүрэлзэн шатаж “чулуунд асч байгаа галыг яаж унтраадаг юм бэ, хэлж өгөөч” гэж Украйны гал унтраах албаныхан Зөвлөлтийн нарийн мэргэжлийн эрдэмтдээс асууж шаардан тэдний тархийг гашилгаж хонов. Гал түймрээс хорвоо дэлхийг аврахаар тангараг өргөсөн олон зуун орос, украйн эрчүүд өмссөн хувцастайгаа, улаан машинаа унан Чернобылийн зүг дайчлагджээ. 
 
Тэд байгаа бүх ус, хөөсөө шавхан ноцолдоод галыг унтрааж дийлэлгүй өөрсдөө сульджээ. 
 
Эхлээд сульдаж доройтсоныгоо тэд шөнөжин нойр хоолгүй ажилласнаас ядарч гэж бодож. Гэтэл дөнгөж саяхан дайчлагдан ирсэн хорин хэдхэнтэй чийрэг залуус ч галын талбарт очоогүй байхдаа туйлдаж эхэлснээ анзаарчээ. Чернобылийн эхний хар шөнө ийнхүү энгийн шахуу хувцастай галын албаныхныг Засгийн газраас дайчлан явуулсныг барууны хэвлэл мэдээллийнхэн өглөө гэхэд л буруутгаж эхэлжээ. Барууны хэвлэл мэдээллийн шүүмжлэлд эмзэгхэн ханддаг байсан Зөвлөлтийн албаны хүмүүс Чернобылийн гамшгийн талаар олон улсын хэмжээнд хэлэлгүй нуун дарагдуулсан хэдий ч гал сөнөөгч эрчүүдэд хамгаалалтын хувцас ч өмсгөлгүй Чернобыль руу явуулж, буруу тушаал өгснөө сая ухамсарласан байна. Гэвч бүх зүйл оройтсон байлаа. 
 
Дэлбэрэлт болсноос хойш арван долоо хоногийн дараа Михайл Горбачев олон улсын хэвлэл мэдээллээр Чернобылийн ослын талаар сая мэдэгдэж, гадаад орнуудын тусламж дэмжлэгийг албан ёсоор хүсч эхлэх тэр мөчид гал сөнөөгчид хэдийн хорвоог орхисон байлаа. Гал сөнөөгч залуусын арьсыг түг түмэн нейтрон хэмээх нүдэнд үл үзэгдэгч жижиг сум нэвтлэн орж, эд эрхтэн, яс, судас, шөрмөс, мэдрэлийн судсыг нь нэвт сийчэн гараад цаашид өчнөөн олон махбод, ургамлын биеийг шүүр шанага мэт болгохоор нисэн одсон байлаа. Уран хэмээх бодисын цөмөөс өндөр хурдтайгаар нисэн гардаг тэрбумаар тоологдох тэрхүү суман шүршүүрийг нейтроны радиаци буюу цацраг туяа гэх бөлгөө. 
 
Нейтронон “суман” туяанд мэдрэлийн судсаа нэвтлүүлсэн гал сөнөөгчид барьж байсан галын хошуугаа өөрийн мэдэлгүй алдаж байв. Бас артер, венийн гол судаснууд төдийгүй хялгасан судаснуудыг нь ч үлдээлгүй марль мэт болгож, сийчээд гарсан нейтроноос болж эрчүүд туйлдан унаж байлаа. Бие дотор нь цус нуур далай мэт алдагдаж, тэртээ тэргүй тамтаг болтлоо шүршүүлж орхисон уушиг, зүрх, элэг гээд амин чухал эрхтэнүүд нь цусанд живэх үед гал сөнөөгчид бөөлжин ухаан алдаж байв. Тэднийг эмнэлэгт нэг бүрчлэн хүргэсэн боловч хэн нь ч олон хоног насалж чадаагүй юм. Коммунист ертөнцөд олон нийтэд мэдэгдэлгүйгээр сэмхэн дараад өнгөрсөн энэ үйл явдал чөлөөт ертөнцийнхнийг айлган цочирдуулж, цөмийн болон атомын цахилгаан станцуудад тавих шаардлага, радиацтай орон зайд ажиллах хүмүүсийн хувцас, аюулгүй байдалд тавих стандартыг эрс өндөр байлгахад хүрсэн билээ. 
 
Хорвоо дэлхийд олон янзын радиаци байдаг
 
Атомын цахилгаан станцын дэлбэрэлт, Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтүүдээс хүн төрөлхтөн хамгийн аймшигтай хэлбэрийн радиацийн хохиролыг амссан юм. Энэ бол нейтроны радиаци. Хүний арьс махыг түлдэг, үсийг унагаадаг, гажигтай хүүхэд төрүүлдэг, цус алдуулдаг гээд энэ радиацаас үүссэн туяаны өвчний хор хохирол барагдашгүйг хүмүүс амссан.
 
Нейтрон бол асар хурдтайгаар нэвтрэх чадалтай өчүүхэн жижиг сум бөгөөд цаас, арьс, яс, бетонон хавтанг нэвтэлж чадна. Байгальд оршдог уран зэрэг хүнд элементүүд хуваагдан хөнгөн элемент болон хувирч тэр процессийн үед нейтрон байнга алдагдаж байдаг. Ингэснээр уран нь “элэгдэл хорогдол”-д ордог. 
 
Уран элэгдсээр цөм нь хөнгөрч, хар тугалга болох жишээтэй. Нэг ширхэг ураны атом дахь цөмд 141-146 ширхэг нейтрон байх ба ураны масс 50 хувийн “элэгдэлд” орохын тулд 4,5 тэрбум жилийг зарцуулдаг. Эндээс хоёр дүгнэлт хийж болох юм. Нэгдүгээрт, хаана  уран байна, тэндээс нейтрон алдагдах явдал эцэс төгсгөлгүй удаан үргэлжлэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, байгалийн зөнгөөрөө алдагдаж байгаа нейтронууд тийм ч “идэвхитэй” биш харин бүр “залхуу” юм уу гэмээр удаан цөөнөөр алдагддаг байх нь.
 
Гэхдээ уранаас цацардаг өөр нэгэн хэлбэрийн радиаци байдаг. Энэ нь ганц нэгээр салан гарсан нейтрон бус, харин хоёр нейтрон, хоёр протон хэмээн хосолсон дөрвөлсөн бүтэцтэй байх ажээ.  Ураны атомд байгаа 146 нейтрон, 92 протоноос хоёр хоёроороо “бүлэг” болоод байгаль дээр алдагдаж байдаг энэ сумыг “альфа туяа” хэмээнэ. Альфа туяа нь хол явж шальдаггүй сум юм. Тэр ердөө л цаас нэвтлэх чадваргүй гээд л бодчих. Иймээс түүнээс хамгаалахын тулд жирийн чигжүү материалаар хийсэн хувцас өмссөн байхад л хангалттай байдаг. Альфа радиаци буюу альфа туяа хүний арьс руу орохдоо өнгөн талд нь л очоод зогсдог. Гэхдээ альфа цацраг шингэсэн хоол унд идэх, ус уух, агаар амьсгалах зэргээр бид түүнээс хордож болно. Учир нь “альфа нөхөр” биед нэгэнт ормогцоо эд эрхтэнийг маань зүгээр байлгадаггүй. Тэднийг маань “ионжуулж” элдэв ааштай болгодог байна.
 
Ийн бие дотор орсон хойноо эд эсүүдийг ионжуулаад байдаг цацраг идэвхит туяа буюу радиациудыг физикчид “ионжуулдаг” радиаци гэж нэрлэдэг. Чухамхүү ионжуулдаг радиацууд л орчин үед хүний гол дайснуудын нэг болоод байгаа юм. Ионжуулдаг радиацуудыг “номын санд орж ирээд агсам тавьж байгаа согтуу эр” гэж ч хочилдог. Учир нь хүний бие хэмээх өөрийн гэсэн дүрэм журамтай орчинд тэд орж ирэхээрээ урьдчилан таамаглахын аргагүй учир зүггүй үйлдлүүдийг эд эсээр маань хийлгэдэг байна. Жишээ нь жирэмсэн эмэгтэйн урагт орсон ийм радиаци хүүхдийн хөгжлийг шал өөр гажигтай болгоод байдаг аж.
 
Ионжуулдаг радиацуудын бусад олон төрөл бий. Үүнд “бета” хэмээх туяа, “гамма” хэмээх туяа орох ба мэдээж хэрэг нейтрон нөхөр бас хамт “тууж явдаг”. Мөн хэмжээ хэтэрсэн нарны хэт ягаан туяа, рентген туяанууд ч бас эд эсийг маань ионжуулдаг байна. 
 
Харин бидний орчин тойронд байнга байдаг өөр олон радиацуудаас бид айх хэрэггүй. Тэд бие дотор орж “согтуурдаггүй” учраас “ионждуулдаггүй туяанууд” гэсэн бүлэгт багтана. Энэхүү томоотой туяанууд бол радио долгион, өрөөний гэрэл чийдэнгээс гарах туяа, микропейчний туяа, индүү гал зуухнаас гарах дулаан илчлэг туяа, хэт улаан туяа, тодорхой хэмжээгээр биед ногдвол зохих нарны туяа гээд олон янз байдаг. Гэм зэмгүй эдгээр туяанууд болон өнөөх “ионжуулдаг” сүрхий цацраг туяанууд бүгд нийлээд “радиаци” хэмээх нэгэн том гэр бүлийг үүсгэдэг.
 
Гэхдээ радиацаас хамгаалах, радиацийн аюулыг багасгах, радио идэвхит бодисоос сэргийлэх, цацраг туяанаас хамгаалах зэрэг олон янзаар яригддаг аюулгүй байдлын яриа маань бүгд өнөөх “ионжуулдаг” радиацийг л яриад байгаа юм.
 
Уран олборлолт, атомын цахилгаан станц барих гэдэг мэдээлэлгүй 
ард түмний дийлэх ажил биш
 
Монголын геологичдын хэдэн хувь нь хорт хавдраар нас барсныг бид мэдэхгүй. Бидэнд тийм мэдээлэл байхгүй. Хорт хавдааар нас барсан геологичдын хэдэн хувь нь Дорнод, Хөвсгөлийн урантай ордуудад өрөмдлөг хийж, урантай агаараар амьсгалж явсныг бид мэдэхгүй. Бидэнд бас л ийм мэдээлэл байхгүй юм. 
 
Бид өдгөө “Дэлхий дахинаа цөмийн энергийг хөгжүүлэх боллоо, уранаа ашиглая” хэмээн хөөрөлдөж эхэлж байдаг. Гэтэл өмнөх сайн, муу туршлагаа ярилцаагүй байж цоо шинэ цөмийн эрин рүү орох гэж яарах нь сайн зүйл биш санагдана. Цөмийн эрчим хүчийг ярьж байгаа, ашиглаж чадаж байгаа улс орнуудыг харахад тэд ард түмэндээ маш их мэдээлэл өгч байна (Мэдээж ардчилсан орнуудад шүү дээ). Тэдгээр орнуудад захын хүүхэд радиацийн тухай мэддэг, аюулаас хамгаалах мэдлэгтэй, бүр хэрхэн нейтрон сумнаас өөрийгөө хамгаалах талаар геометрийн томъёогоор зураг зураад сууж байна. Гэтэл манайд нейтроны явах замын геометрийг зурах нь байтугай, ураны ордод ажиллаж үзсэн тухайгаа, түүнээс үүдэж өвчилсөн эсэхийгээ хүмүүстэй хуваалцаж явсан нэг ч геологич алга. Геологичид хэл ам хийдэггүй болохоороо бид энэ тухай мэдэхгүй байна уу, эсвэл тэднийг яриулахгүй байна уу, эсвэл тэд маань ярихаасаа өмнө бурхан болчихоод байна уу гэдэг асуудал ч байх шиг.
 
Уран олборлох үед уранаас дутуугүй их радиаци гаргадаг радий хэмээх элемент дэлбэрэлтээр гарч ирдэг ба, радийг хэн ч тоож олборлохгүй учир тэрхүү цацраг идэвхит бодис орчныг хордуулан ус, ургамалд үлддэг. Мөн уранаас хар аяндаа “аятайхан” гарч байсан альфа туяа нь урантай чулуулгийг нунтаглах үед “чанаржин” бета, гамма туяа болон хүчээ авдаг. 
 
Бета туяа гэдэг нь элементийн цөмийг тойрон эргэлдэж байгаа электрон тасран гарч байгаа хэрэг бөгөөд электрон хасах цэнэгтэй учир хүний биенд ороод тун ч амархан орчноо ионжуулдаг байна. Бета туяа нь цаасыг төвөггүй нэвтлэн гараад хуванцар материалыг хараахан нэвтэлж чаддаггүй. Хүний биед шууд нэвтрэн орж дотоод эрхтэнд нөлөөлөх чадвартай. Харин гамма бол бетагаасаа хэд дахин хүчтэй цацраг бөгөөд атомаас ялгаран гарч байгаа их энергит цахилгаан соронзон долгион юм. 
 
Гамма туяа хүний биеийг өлхөн нэвтэлж гардаг. Энэ чанараараа тэд рентгэн туяатай төстэй.  Гамма цацраг хүний бие дундуур нэвтлэн гарах явцдаа эд эсэд маань “багагүй агсам тавьдаг” юм. Тэд замд тааралдсан эс эдийг ионжуулж үймүүлүүлээд биеийн хөгжлийн дүрэм журмыг алдуулдаг. Иймдээ ч тэднээс болж хорт хавдар тусах нь олонтой гэнэ. 
 
Уран олборлох тухай ярьж байгаа ямар ч хүмүүнлэг оронд ураныг дагалдан гарах бүх үр дагаварын тухай ард түмнийг мэдээлэлжүүлдэг. Мэдээлэлгүй хүмүүс өөртөө төдийгүй эргэн тойрныхондоо, олон нийтэд ямар эрсдэл учирч байгааг мэдэхгүй. Зөвхөн өнөөдрийн ураны борлуулалтаас орж ирэх хэдэн “бор юм”-ыг тоолж суутал үр удам нь аймшигтай үр дагавартай хоцордог нь гашуун үнэн ажээ. Харин мэдээлэлтэй ард түмэн баялгийг жинхэнэ баялаг, баяр баясгалантай нь хамт эдэлдэг баялаг болгож болох юм. Гашуун нулимстай баялагийг ямар баялаг гэх билээ.
 
Радиациас яаж хамгаалах вэ
 
Огт радиацигүй орчин гэж хорвоо дээр үгүй. Иймээс хамгийн найдвартай хамгаалалт бол хүний биед муугаар нөлөөлөхөөргүй бага түвшний радиацитай орчинд амьдрах явдал юм. 
 
Бид орчин тойрондоо байгаа радиацийн хэмжээний тухай мэдээллийг байнга авч байх хэрэгтэй ба радиацид нэрвэгдсэн газар нутгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ёстой.
 
Радиацийн хог хаягдалтай уурхайн ойр орчим амьдардаг бол радиацаас хамгаалах хувцастай байх хэрэгтэй ба радиацийн хэмжээ хэр зэрэг түвшинд байгаа талаар байнга мэдээлэлтэй байх ёстой. Хэрэв радиацийн хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс хэтэрвэл хувцасгүйгээр гадуур явах, нүцгэн хөл, арьс гаргах, ялангуяа ил шархтай биеийн хэсгүүдийг гаргаж явах нь радиацийн нөлөөлөл, хорыг нэмэгдүүлнэ. Бороо цасанд толгой нүцгэн явахгүйг хичээж, аль болох шүхэртэй явах ёстой.
 
Радиацид нэрвэгдсэн бол хамгийн түрүүнд бушуухан усанд орж биедээ байгаа, байж болох бүхий л тоосонцорыг урсгаж алга болгохыг яарах хэрэгтэй гэнэ.
 
Мөн хоол хүнсэндээ “хоолны пирамидын доод давхрагын” бүтээгдэхүүнийг хэрэглэх аж. Хоолны пирамид гэдэг нь атом, цөмийн эрин зуунд гарч ирсэн шинэ нэр томъёо юм. Жишээ авъя.  Нэгэн нутагт радиаци ихээхэн тархжээ гэе. Тэндхийн ус, өвс ургамал дээр тоосонцор ихээр унажээ. Өвсийг ямаа иднэ. Ямааг чоно иднэ. Энэ утгаараа чоно бол хоолны пирамидын оройд сууж байгаа амьтан бөгөөд чонын маханд ямаа, өвс, усанд байгаа бүхий л хүнд металл, радиацийн хор хуримтлагдсан байдаг. Харин ямаа пирамидын дунд шатанд байгаа ба түүний маханд өвс, усанд байгаа радиацийн хэмжээ нийлбэрээрээ хуримтлагдсан байдаг. Гэтэл өвс ба ус нь тус тусдаа “хоол хүнсний пирамидын” хамгийн доод шатанд байгаа учир тэдгээрт өөр дээр нь туссан радиацаас өөр хуримтлагдсан зүйл үгүй байдаг ажээ. Ийм учраас үнэхээр л идэхээс өөр аргагүй орчинд хордлогоо хамгийн бага байлгая гэвэл өвс ургамал, үр тариа зэрэг “доод эгнээний” зүйлсийг идэх нь аминд аюул багатай ажээ. Ялангуяа хүчиллэг бус, шүлтлэг ч бус харин саармаг pH-тэйгээр (усны тухай түрүүчийн нийтлэлд pH-ийн талаар тайлбарласныг олж уншиж болно. Ц.О.) шингэдэг хоол хүнс радиацийг эсэргүүцэх чадвартай байдаг ба үүний гол төлөөлөгч нь улаан буудай байдаг байна. 
 
Дорнод, Хэнтийн талд ураны орд орчмоос алсан чоно хамгийн их радиацитай байх магадлалтай ба, бас тэр хавийн уснаас барьсан загас ч чононоосоо дугуугүй “пирамидын оройд” байх юм.  Учир нь том загас жижиг загасаар, жижиг загас жараахайгаар, жараахай нь усны бяцхан амьтдаар хооллосноор том загаснууд хамгийн их радиацийг хуримтлуулах магадлалтай ажээ.  Тэгэхээр радиацийн хордлоготой байх магадлалтай гол нуураас том загас барих гэж шунах хэрэггүй байх нь. 
 
Чернобылийн тухайд эргэн сөхөхөд, тэндхийн дэлбэрэлтийн дараа радиацитай үүлс хаашаа чиглэн нисч, ямар ямар газар нутгаар дайран өнгөрсөн талаар барууны хэвлэлүүд “а бэ”-гүй мэдээлсэн гэдэг. Дэлбэрэлтийн дараах цаг агаарын мэдээ бол жирийн нэг цаг агаарын мэдээ биш харин “шүүхийн тогтоол уншсан” мэдээлэл байлаа. Энэхүү салхи, хур тунадасны зам хэмээх “шүүхийн шийдвэрээр” аль хот, тосгоны хүмүүс айж сэрэмжлэх ёстой вэ, аль нутгийн талх тариа, мах сүүг худалдан авах ёсгүй вэ, аль нутгийн бизнес хэдий хугацаанд зогсох, аль нутгийн хүүхдүүд шороо, усаар тоглох эрхгүй болохыг “тогтоож өгчээ”. Ингээд долоо хоног үргэлжилсэн гал түймэр, дэлбэрэлтийн хорыг тэнгэрийн үүлс  хэдэн долоо хоногийн турш дааж ядан тээж хойт зүгийг чиглэн аялж, Скандиновт бороо болон унасан, хойт туйл хүрэх замын дагуу цас болон бударсан гэдгийг чөлөөт ертөнцийн олон нийт сайтар сонсчээ. Тийм ч учраас  чухамхүү Чернобылиэс мянга найман зуу гаруй километрийн хол орших Норвегийн нэгэн тосгонд иргэд нь цаа бугаа хоёр жилийн турш саагаагүй гэдэг. Цаа бугын уусан ус, идсэн өвс бүгд радиацитай болсон учраас, цаа буга өвс идэх бүртээ радиаци улам хуримтлуулж, энэ нь түүний сүү болон боловсорч байгаа учраас, цаа бугын сүүгээр дамжин хүний биед хор орж ирэх учраас тэр. 
 
Мөн Итали, Баруун Герман, Англи, Япон, Америк, Канадын хотуудад Чернобылийн ослын дараахан орсон бороо цаснаас шинжилгээ авч өдөр тутам иргэддээ цацраг идэвхи өсч буурч байгаа талаар мэдээлэл өгч байжээ. Харин Монгол зэрэг тухайн үеийн соц орнуудад энэ тухай мэдээлэл хомс байснаар барахгүй хаанаас гаралтай нь үл мэдэгдэх хямд үнэтэй жимс, жимсгэнэ, варень, консервууд их л элбэгшсэн билээ.
 
Хар цагааны дэнс
 
Радиаци гэдэг чинь ийм аюултай  “хадны мангаа” юм бол энэхүү аймшигтай “тоглоом”-оор хүн яах гэж “оролддог” юм бол гэж уншигч та бодсон байх. 
 
Аюул нь ирэхээр асар их гамшиг дагуулдаг энэ зүйл хорвоо дэлхийд өдөр бүр өч төчнөөн буян хийж чаддаг асар хүчтэй, юугаар ч орлуулж барамгүй их чадал гаргаж чадах “сайн мангаа” билээ бас. Чухамхуу радиаци хэмээх энергийн илүүдлээс үүссэн эрч хүч, халуун дулаан, уур омгийг зөвөөр ашиглах гэж улс орнууд атомын цахилгаан станц байгуулдаг. Манай гариг дээр нийт 400 гаруй атомын цахилгаан станц байх бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 17 хувийг хангаж байна. Радиацийн үүсгэж байгаа эрчим хүчээр Нью-Йорк, Парис, Токио, Москва гээд дэлхийн хэдэн зуун том хотууд гэрэл цахилгаанаа залгуулж, хүмүүсээ нүүрсний хорт утаагаар амьсгалах аюулаас аварч байна. 
 
Мөн хорт хавдар үүсгэх буруутан гэгддэг өнөөх радиаци маань бас хорт хавдрыг “буудаж сөнөөдөг” зэвсэг болон ашиглагдаж, олон хүний амь насыг өдөр бүр аварч байдаг. 
 
Хар цагаан нь тэнцүүхэн энэхүү радиаци гээчийн тухай хүмүүс мэдэж, зөв ашиглаж, түүний осол аюулаас хамгаалахад гардаг зардлыг харамгүй гаргаж чадах юм бол агаар бохирдох, цахилгаан тасрахын зовлонгүй амьдрах нөхцөл бий. Харин Чернобылийг байгуулах, ашиглахад гарсан шиг хялбарчлал, алдаа гаргаж, мөнгөө хэмнэх нэрийн дор аюулгүй байдлыг орхигдуулах юм бол ийм станц огт байгаагүй нь дээр болж хувирдаг. 
 
Мөн цөмийн станцуудын хог хаягдал хэмээх радио идэвхит шороог агуулж далдлах газар орон, тээвэрлэх зам харгуй, унаа хөсөг олох нь улам л төвөгтэй асуудал болсоор байна. Радиацитай хог хаягдлыг “маллахад” ямархуу хэмжээний нарийн мэргэжлийн ажилчид хэрэгтэй болдог, цөмийн энергийг дагаад ямар ямар чиглэлээр хүмүүсийг мэдээлэлжүүлж, сургаж, дадлагажуулах шаардлагатай байдаг талаар дараа жич өгүүлэх болно.
 
Жич: Энэхүү нийтлэлийг бичихэд санал зөвлөгөө нэмэрлэсэн Вена хотноо байрладаг Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагт цөмийн аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж буй, их энергийн физикийн ухааны доктор, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдүгээр дунд сургуулийн 1982 оны төгсөгч Доржхайдавын Орлоход талархал илэрхийлье. 
Ц.Оюунгэрэл

Сэтгэгдэлүүд

Дээш