Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтанд Дэд сайдын хамт Бодлого төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд, ЖАЙКА байгууллагын Токио дахь төвийн Хүний хөгжлийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн Дэд захирал Аоки Цүненори, Эрүүл мэндийн ахлах зөвлөх Исоно Мицүо нар оролцов.
Уулзалтын үеэр Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхи, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл /2013-2018/-ийн талаар ярилцаж, санал солилцов.
2011  онд Монгол улсын Засгийн газраас Япон улсын Засгийн газарт хандан тус  төслийн саналыг тавьсан бөгөөд төслийн үр дүнд өрхийн болон аймаг,  дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхи,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын албаны чадавхи  сайжирч, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдэд төгсөлтийн дараах  сургалтын төв байгуулагдана гэж үзэж байгаа. Төслийг 2014 оны эхний  улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба одоогоор төслийн баримт  бичгээ боловсруулах ажлыг хоёр тал хамтран хийж байна.

 
         
                                        