logo
Хаягдал гялгар уут боловсруулж замын хашлага хийж байна

Хаягдал гялгар уут боловсруулж замын хашлага хийж байна

2013/12/06
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор “Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксиг явуулах”, мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамласан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад  шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.
Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь хаягдал гялгар уутаар  сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг. Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялагийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг.
Нийслэлээс шинээр ажлын байр бий болгож, дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсвийн бодлогоор дэмжих зарчим баримтлан ажиллаж байгаа юм. Энэ дагуу нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилт, соёл урлагийн аливаа арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг жишиг тогтоогоод байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш