logo
АН-ын бүлэг 2013 оны ажлаа дүгнэж, 2014 онд хийх ажлаа тодорхойллоо

АН-ын бүлэг 2013 оны ажлаа дүгнэж, 2014 онд хийх ажлаа тодорхойллоо

2014/01/07

УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны анхны хуралдаанаараа 2013 онд “Шударга ёс” эвсэл болон бусад гишүүдтэйгээ хамтран эдийн засгийн эрх зүйн суурь орчныг өөрчлөх чиглэлээр мөн хууль, шүүх, хяналтын эрхзүйн орчны шинэчлэлийн чиглэлд нилээд бүтээлч, бодлогын шинжтэй хуулиудыг баталж чадлаа гэж дүгнэж байна.

Мэдээллийн эхэнд Бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэж, энэ онд хийх гол ажлаа тодорхойлохдоо “Монгол Улс хэрэглээ талыг шүтсэн, импортын хэт хараат байдалд байсан он цагийг 2013 онтой хамт үдэж байна. Тийм учраас бид 2013 ондоо сургамж аваад, ололтоо бататган, 2014 онд эдийн засгийн өсөлтийг тэлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, валютын тогтвортой байдлыг хангах, шинээр батлагдсан шүүх, хууль хяналтынхаа эрхзүйн орчны шийдлийн үр дүнг үзэхээр хүлээж байна. Шүүхийн шинэчлэлээс гадна төрийн тогтолцооны реформыг хийхээр зорьж байна. Бид төрийн тогтолцоо, Үндсэн хууль, Улс төрийн намууд, Сонгуулийн нэгдсэн хуулийн асуудлаар ойрын хугацаанд бусад нам, улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөж, үр дүнтэй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн мэдэгдсэн юм. 

Ардчилсан намын бүлэг энэ удаагийн хуралдаанаар 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас ямар хуулийн төслүүд үлдсэн бэ гэдгийг эргэн харж, ярилцлаа. Нийт 30 хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 7 хууль нь батлагдаж, 11 хуулийн төсөл хэлэлцэх шатандаа, 12 хуулийн төсөл өргөн баригдаад, хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа юм байна. Эдгээр хуулиудаас нэн түрүүнд улс төрийн шинэчлэлийн хуулиудаа хэлэлцэж, энэ хаврын чуулганаар баталж дуусгах хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ.  Олонхийн бүлэг цөөнхийн бүлэгтэй улс орныхоо эдийн засгийг тэлэх чиглэлд, улс төрийнхөө тогтолцооны шинэчлэлийн чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хэрэв цөөнх бодлогын шинжтэй, улс орныхоо хөгжлийн шинжтэй асуудлууд болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, улс орондоо шударга ёс тогтоох асуудал дээр популист хэв маяггүйгээр идэвх санаачилгатай хамтарч ажиллана гэвэл УИХ-ын болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш