logo
МАН мэргэшсэн багаа Алтайд илгээжээ

МАН мэргэшсэн багаа Алтайд илгээжээ

2014/01/15
Говь-Алтай аймагт энэ сарын 19-нд орон нутгийн дахин сонгууль болох билээ. Дахин сонгууль явуулах болсон шалтгаан нь тус аймгийн сонгуулийн тойргийн хороо нь МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөнтэй холбоотой юм. Тус аймагт 17 тойрогт сонгууль явуулахаас таван тойрогт нь нэр дэвшигчийг, 12 тойрогт нь намыг дугуйлах ёстой юм.

Сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан МАН-ын зүгээс сонгуулийн компанит ажлаа эрчимжүүлсэн сураг дуулдаж байна. Ингэхдээ орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч мөнгө тараахдаа мэргэшсэн, мөнгө тараах өөр өөрийн өвөрмөц дахин давтагдашгүй арга эзэмшсэн УИХ-ын гишүүдээ сумдыг хариуцуулахаар илгээжээ. Үүнд, Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан, Увсын Б.Чойжилсүрэн, Дарханы Д.Хаянхярваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нарыг томилсон байна.

Увс аймгийн Б.Чойжилсүрэн гишүүний хувьд 2008 оны сонгуулиар бэлэн мөнгө хэрхэн яаж тултал нь тарааж болдогийг үзүүлж УИХ-ын гишүүн болсон нэгэн. Түүнчлэн 2012 оны сонгуулиар Увсын сонгогчдод 100 мянган төгрөг тарааж, баригдсанаар өмнөөс нь долоон хүн ял шийтгэл авсан. Гэвч гишүүний суудлаас мултраагүй л яваа. Нэг үгээр хэлбэл, мөнгөөр хэрхэн сонгууль хийж, хэрхэн ялж болдог, дараа нь суудалтайгаа хэрхэн үлдэж чаддагын тод жишээ болсон нөхөр.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд орон нутгийн сонгуулиар санал хураалт болохын өмнөх өдрүүдэд айлуудын хашаанд түлээ буулгасан гэх нь бий. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат нарын хувьд ч дутахгүй, Дархан, Сэлэнгэдээ алдартай. Д.Хаянхярваа гишүүн нь Хордсон Хонгорыг хордоогүй болгож чадсан зайтай эр бол Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа иргэдийнхээ хүсэлтээр Авлигатай тэмцэх газраар шалгуулсан ч мултараад л гараад ирсэн сүйхээтэй нэгэн.

Харин МАН ийн мэргэшсэн ялагчдаа Алтай руу илгээснийг бодоход их л ач холбогдол өгч байх шиг байна шүү. Ардчилсан нам тэгэхэд ганцхан намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг л илгээсэн байгаа юм. Аягүй бол "Зоос тараах нь хууль бус үйлдэл" гэж чичирч сууж байгаад ялагдана даа.

Г.ШАРХҮҮ

Сэтгэгдэлүүд

Дээш