logo
Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ

Өндөр барилгуудад шалгалт хийж эхэллээ

2014/01/24

Улаанбаатар хотод баригдаж буй барилгын тоо нэмэгдэж байгаа хэдий ч барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол гарсаар байна. Энэ он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж дөрвөн хүн нас баржээ. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүй зэрэгтэй холбоотой юм. Тиймээс МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар Дэд бүтцийн болон байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан шалгаж эхэллээ. Ажлын хэсгийг МХЕГ-ын ХНХХХ-ийн дарга Б.Буяннэмэх удирдан ажиллаж байна.

Шалгалтанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулах юм.  

Шалгалтын эхний өдөр Шангрилла Улаанбаатар ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Шангри-ла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилга байгууламжид хяналт шалгалт хийгдлээ. Цаашид бусад байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлнэ.

Хяналт шалгалтын явцад тухайн барилгын компанийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ, сургалтыг газар дээр нь зохион байгуулах юм. Сургалтыг  БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн агентлагаас  МХЕГ-т бэлэглэсэн иж бүрэн тоноглогдсон автобусыг түшиглэн явуулах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш