logo
МАХН-ынхан ахмадуудаа хүлээн авч, Ц.Шаравдорж гишүүнчлэлээ сэргээлээ

МАХН-ынхан ахмадуудаа хүлээн авч, Ц.Шаравдорж гишүүнчлэлээ сэргээлээ

2014/01/24

Удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан МАХН-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Монголын Хүүхдийн ордонд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын 700 гаруй ахмад гишүүд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, нарийн бичгийн дарга нар оролцлоо.

    Ахмадуудаа хүндэтгэн хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр хуулийн чиглэлээр мэргэшсэн цөөн улстөрчдийн нэг, УИХ-д дөрвөн удаа сонгогдож байсан, Батлан хамгаалахын сайд асан Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж Д.Тэрбишдагваас батлахаа гардан авлаа. Батлахаа гардан авахдаа Ц.Шаравдорж “Би МАХН-д 1984 онд элсэж, харин өнөөдөр гишүүнчлэлээ сэргээж байна. Энэ нь МАХН-ын гишүүнийхээ үүргийг л биелүүлж байгаа хэрэг.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуулийн дагуу намын гишүүнчлэлээс татгалзсан байсан юм. Намайг явахад бүтэн байсан нам, эргээд ирэхэд бутархай болжээ. Намын гишүүнчлэлээ сэргээх эсэх, МАХН хэмээх их мөрнөөс эх авсан 2 урсгалын алиныг нь дагах вэ гэдэг нь хүнд шийдэл байлаа. Би монгол хүн. Өнөөгийн нийгэмд бидний хамгийн ихээр хүсч байгаа зүйл бол шударга ёс.

Тэгвэл хууль ёс, шударга байдлын төлөө хамгийн ихээр тэмцэж, зорьж байгаа улстөрийн хүчин бол гарцаа байхгүй МАХН” хэмээн хэллээ. Харин Д.Тэрбишдагва “Бид өнөөдөр МАХН-ын ахмад гишүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Бид ахмад гишүүдийнхээ сургамж, зааж зөвлөсний ачаар өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа учир та бүхэндээ талархал илэрхийлье. Өнөөдөр бас нэгэн билэгтэй сайхан зүйл болж байгаа нь Ц.Шаравдорж гишүүнчлэлээ сэргээж батлахаа гардан авлаа. Бид хамдаа хүн бүрийн хүсэн хүлээж байгаа тэр шударга, хууль ёсны нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэлүүд

Дээш