logo
Б.Бат-Эрдэнэ: Нөхөн сэргээгддэггүй баялгаа ашиглуулсныхаа төлөө бид ердөө 2.5 хувийн татвар авах нь

Б.Бат-Эрдэнэ: Нөхөн сэргээгддэггүй баялгаа ашиглуулсныхаа төлөө бид ердөө 2.5 хувийн татвар авах нь

2014/01/24

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зарим сайтаар цацагдсан өөртэй нь холбоотой мэдээллийн мөрөөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр МАХН-д элсэх гэж байгаа, тус намын дэд даргаар томилогдох гэж байгаа гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр өмнөх парламентын үед байгалийн баялгаа зөв зохистой, ард түмэндээ ээлтэй байдлаар ашиглах талаар хүчтэй дуугарч явсан гишүүд өнөөдөр засгийн эрхэнд гарч, сайдаас эхлээд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа боловч Ц.Даваасүрэн гишүүнээс бусдынх нь байр суурь 180 хэм эргэчихсэнд харамсаж буйгаа хэллээ.

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Байр суурь нь өөрчлөгдсөний тодорхой жишээ бол сая батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оурулах тухай хууль юм. Энэ хууль анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл гэсэн нэрээр УИХ-ын ээлжит бус чуулганд орж ирсэн. Улмаар намрын чуулган руу шилжүүлэн хэлэлцсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хэлэлцэх шаардлагагүй хэмээн төсөл санаачлагчдад буцаасан. Гэтэл хэдхэн хоногийн дараа хуулийн төслийн нэрийг нь өөрчилж оруулж ирээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэйгээр олонхиороо хүч түрэн баталлаа. Энэ хуулиар алтаа ухаж байгаа компаниудад хэт их хөнгөлөлт эдлүүлэх буюу 2.5 хувийн татвар авахаар зохицуулагдлаа.

Монголын ард түмэн нөхөн сэргээгддэггүй баялгаа ашиглуулахдаа 2.5 хувийн татвар л авч үлдэхээр боллоо. Гэтэл иргэд цалингаасаа, ахмадууд тэтгэврээсээ 10 хувийн татвар төлдөг. Аль ч байгууллагаас шагнал урамшуулал авахад мөн л 10 хувийн татвар төлдөг. Гэтэл дахин нөхөн сэргээгддэггүй алтаа олборлуулаад дөнгөж 2.5 хувийн л татвар авах гэж байна. Уг хуулийг "Оюутолгой" компанитай огт хамааралгүй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсад татварын ямар таатай эрх зүйн орчин бий болно, түүнд хамрагдах заалттай. Тийм болохоор Оюутолгойд гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль батлагдлаа.

Өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж байсан бүх хүнийг ард түмэн УИХ-ын гишүүнээр сонгосон. Гэтэл байр суурь нь өөрчлөгдөж байгаад гайхах юм" гэлээ.
Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр түүн рүү чиглэсэн гүтгэлгийн шинжтэй сөрөг мэдээллүүдийг олон нийтэд цацаж байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бүгд ташаа болохыг баталгаажуулсан албан тоотуудыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнийг дэмжигчдийн нээсэн fan page хуудсаа саяхнаас бүрмөсөн хааснаа мэдэгдлээ. Учир нь энэ хуудсанд мэдээлэл оруулах эрх нь дэмжигч залууст байдаг бөгөөд сүүлийн үед бусдад буруу ойлголт төрүүлэхээр мэдээлэл оруулах болсон учраас албан ёсоор хаалгасан аж.

Сэтгэгдэлүүд

Дээш