logo
УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцов

УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцов

2015/06/23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтуудын нээлтэд оролцож байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Алтай чуулгыг  аймгийн  чуулгын хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын ганц чуулга гэдгээрээ онцлог юм. Тус чуулгаас Л.Гочоосүрэн, М.Норсонжав, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг нарын гавьяатууд төржээ. Олон жилийн түүхтэй Алтай чуулгын шинэ ордон өнөөдөр үүд хаалгаа нээж байгаад баяртай байна” гэв. Мөн тэрээр тус чуулгын хамт олонд уран бүтээлийн өндөр  амжилт хүслээ.

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулга 1966 онд  50 гаруй уран бүтээлч, 10 гаруй ажилтантай байгуулагджээ. Баруун хязгаарын ард түмэнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг тус чуулгын уран бүтээлчид жүжиг, дуулалт жүжиг, концерт болон урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ БНБАУ, БНХАУ-д айлчлан тоглолт хийж, Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт тайлан тоглолтуудаа хийж байжээ. Өнөөгийн байдлаар Алтай чуулгад нийт 69 хүн ажиллаж байгаа юм байна. Ийнхүү өнөөдөр 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 500 хүний суудалтай шинэ байр нээлтээ хийснээр Алтай чуулгын хамт олон цаашид эрч хүч, урам зоригтойгоор уран бүтээлээ туурвиж, баруун хязгаарын ард түмэнд үйлчлэх боломж бүрдэж байна хэмээн хэлж байлаа.

Үүний дараа УИХ-ын дарга Алтай хотын I дүгээр сургуульд зочилсон юм. Тус сургууль нь 1940 онд 37 хүүхэдтэйгээр анхны хичээлээ эхэлсэн. 2008 оноос 12 жилийн сургууль болон өргөжиж, 2014-2015 оны хичээлийн жилд нийт 61 бүлэгт 1849 суралцагч, 96 багш, удирдах ажилтан, 42 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болохыг тус сургуулийн захирал Ш.Болдбаатар УИХ-ын даргад танилцуулав.

Тус сургуулийн багш нарын 78 хувь нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд 2012 оноос шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Алтай хотын Үндэсний лаборатори сургууль нь туршилтын хугацаанд боловсролын чанарын шинэчлэлд анхаарч, үндэсний ухамсартай, өөртөө итгэлтэй, бүтээлч, уламжлал, зан заншлаа дээдэлдэг, зөв дадал хэвшилтэй, эрдэм мэдлэгтэй “ЗӨВ МОНГОЛ ХҮН” төлөвшүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн багш, ажилчид, суралцагчдыг сурч, ажиллах сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэхэд бүхий л үйл ажиллагааг чиглүүлж, хүүхэд нэг бүрийн ялгаатай байдлыг олж нсээн, тэдний эзэмшсэн мэдлэг чадварыг ахицаар нь үнэлэх, сургалтын үйл ажиллагааг явуулах, энэ үйл ажиллагаанд эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна хэмээн бага боловсролын сургалтын менежер Ч.Цагаанцоож УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга мөн тус сургуулийн химийн лаборатори болон ухаалаг самбар ашиглан сургалт явуулж буй анги танхимуудтай танилцсан юм. Ухаалаг самбар нь багшийн зааж буй хичээлийг дуу, дүрсний өндөр чанартай бичлэг хийдэг байна. Одоогоор тус сургуульд иж бүрэн ухаалаг самбар 7 ширхэгийг суурилуулаад байгаа юм байна.

Олон улсын хөтөрбөрөөр сургалт явуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээний 25 сургуульдаа багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, сумдын багш нарыг тодорхой хугацаагаар лаборатори сургуульд ажиллуулах, мэргэшсэн багш нарын баг сумдын сургуулиудад ажилладаг болохыг бага боловсролын сургалтын менежер Ч.Цагаанцоож УИХ-ын даргад танилцууллаа.

Улсын Их Хурлын даргыг Говь-Алтай аймгийн Алтай чуулгын байрны нээлтэд оролцож, лаборатори сургуульд зочлох үеэр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш