logo
АСЕМ-аар амьсгалсан Маркетеруудын чуулган

АСЕМ-аар амьсгалсан Маркетеруудын чуулган

2015/11/02

Маркетингийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих, маркетингийн салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, Монгол Улсаа сурталчлах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих эрхэм зорилготой Монголын Үндэсний Маркетингийн Холбооны /МҮМХ/ санаачилгаар 10 сарын 20-23-ны хооронд Монгол маркетеруудын өдрийг гурав дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Маркетеруудын өдрийн хүрээнд маркетингийн салбарынхны хүсэн хүлээдэг Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус чуулганы үндсэн хэлэлцүүлэг “АСЕМ-ыг дэмжих маркетеруудын оролцоо” сэдвээр өрнөсөн юм. Чуулган зохион байгуулах ажлын хэсгийнхэн “АСЕМ бол Монгол улсын хамгийн том маркетинггэж онцлон, энэ маркетингийн кампанит ажилд маркетерууд бид оролцохгүй бол өөр хэн оролцох вэ” гэсэн үзэл санаагаар чуулганыхаа үндсэн үйл ажиллагааг АСЕМ руу чиглүүлжээ.

Монголын Үндэсний Маркетингийн Холбооны санаачилгыг үнэлж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, АСЕМ-ын ахлах албан тушаалтан, бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, орлогч дарга Б.Баясгалан нарын албан тушаалтнууд чуулганд оролцож, АСЕМ-ын талаар бодит мэдээллийг өгч, бизнесийн байгууллагууд, маркетеруудтай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Энэ үеэр МҮМХ, Монголын Сайтын Холбооны удирдлагууд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.

Өнгөрөгч жил Маркетеруудын чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Төрийн ордонд зохион байгуулж, 800 гаруй маркетер нэгэн дээвэр доор чуулсан бол энэ жил чуулганд оролцогчдын тоо 850 гаруй зочид төлөөлөгчид оролцож, зохион байгуулах ажлын хэсэгт нийт 40 хүн ажиллажаа.

Мөн Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулганы дэд хэлэлцүүлэг “Маркетингийн салбар дахь оюуны өмчийн асуудал” сэдвээр өрнөж, оюуны өмчийг дээдлэх “Маркетеруудын ёс зүйн кодтой болох” уриалгыг нийт маркетерууддаа дэвшүүлсэн юм. Эдгээр үйл ажиллагаа, бодлого шийдвэр нь тус холбоо нь аль талаараа салбартаа жин дарж эхэлснийг гэрчилж байна.

Дашрамд дурьдахад МҮМХ-ны их хурлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Тус холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал бөгөөд 135 хүний төлөөлөгчтэй. Удирдах зөвлөл 15, Эрдмийн зөвлөл 10, Бодлогын зөвлөл 10, Бизнесийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5 хүн нийлээд нийт 65 хүний сонгуульт албан тушаалтантай аж. Холбооны Ерөнхийлөгч нь өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүгийн асуудалд оролцохгүй бөгөөд зөвхөн холбооны зөв бодлого, эв нэгдлийн илэрхийлэл байна гэж дүрмэндээ заажээ. Үүний зэрэгцээ ажлын албанд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Сургалт судалгаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Хууль эрхзүй хариуцсан Дэд ерөнхийлөгч, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Хэвлэл мэдээлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, чиглэл хариуцсан дөрвөн хорооны ахлагч, гурван ажилтан нийт 14 хүний томоохон байнгын баг ажилладаг юм байна.

Үндэсний Маркетингийн Холбооны алсын харааг “Дэлхийн Монгол”, харин үнэт зүйлийг “Эв нэгдэл Зөв хөгжил” хэмээн тодорхойлсон нь энэ байгууллагын холыг туулах шандсыг илтгэх мэт санагдлаа.

Р.Зоригт

Сэтгэгдэлүүд

Дээш